Шинэ цагийн дээдсээс сэтгэлийн боловсрол нэхэх нь
Амьдрал баян шүү дээ…гэх сэтгэл уужирмаар сайхан үг олон хүний амнаас унадаг.
Амьдрал сайхан нь ч үнэн. Амьдрал баян нь ч үнэн болохоор тэгдэг биз ээ.
Эдгээр үнэлэмжүүдийг даган гарч ирсэн тэрхүү сайхны хийгээд баяны хэмжүүр гэж бас нэгэн ойлголт бий. Харин хүмүүсийн тархинд өөр өөрөөр орших тэрхүү далд ойлголт дээр суурилсан дүгнэлтүүд сүүлийн үед юунаас болов гэмээр гэнэт сэдрэн гарч ирж, зарим нь захидал бичиж, зарим нь утсаар ярин санал бодлоо нэлээн бухимдуухан илэрхийлэх болов.
Саяхан болж өнгөрсөн сар шинийн баяр барагтай бол асуудал болон шуугиулаад байдаггүй дээрх сэдвийг хүмүүсийн цээжний мухраас өөрийн эрхгүй гаргаад шидчих шиг. Уулзсан учирсан болгон “Үгүй тэр бөхийн барилдааныг харав уу. Харсаан харсан. Хэлэх ч үг алга. Энэ ч дүүрчээ. Үгүй тэр хаад ноёдын өмссөн зүүснийг ээ. Бүгдээрээ л алтадсан улсууд ханхалзлаа шүү. Нөгөө Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ гэдэг л ирлээ дээ” гэлцэн шагширч байх юм. Олон хүнтэй уулзлаа. Бараг л амтай болгон дуугарч байна. Аргагүй хэм хэмжээ нь хэтийдсэн бололтой. Үнэндээ битүүний үдшээс эхлээд шинийн гурван дөрөвнийг дуустал манай ихэс дээдэс ядарсан түмнийхээ нүдийг нь гялбатал илүүрхэж бялуурхсан болохоор чингэх нь зүйн хэрэг. Монголын дээдэс Ерөнхийлөгчөөсөө эхлээд мянга мянган долларын үнэтэй торго хөлдөө өшиглөж, алтан товч энгэртээ эрхлүүлж наадлаа. Тэргүүн хатагтайн бүс алтан, Их хурлын даргын бүс алтан, эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнийн малгай алтан гээд алтгүй юм байсангүй. За тэгээд нөгөө 76-ын гарт гялтганах домбогор домбогор алтан бөгж, хэдэн арван саяын үнэтэй хөөрөг, гаансыг дурьдах нь арай жижгэрсэн хэрэг болох биз. Алттай орны ихэс гэдэг нь андашгүй байлаа, үнэхээр. Ард түмэн тэднийгээ цагаан сар, наадам хоёроор л ингэж нэг сайн харж авдаг болохоор ёстой нэг дураараа хараа бэлчээн суулаа.
Баян цатгалангийн бас нэгэн илэрхийлэл яах аргагүй энэ ажээ.
Алтан хөшиг хаагдаж сар шинийн үзүүлбэр өндөрлөв. Ард түмэн харин ямархуу сэтгэгдэлтэй үлдэв ээ.
Байгаа бүхнээ булаалгасаар байгаа ард түмнийхээ бараг сүүлчийн бахархлыг нь энэ удаа няц гишгэлчихээгүй байгаа ?
Сэтгэл нь баян гэдэс нь өлөн байсан ард түмнийхээ сэтгэлийнх нь баянд дэндүү аймшигтай ихэрхэн халдчихсан юм биш биз?
Юутай ч авгайдаа баярхаж байгаа эр шиг ард түмэндээ аархаж байгаа төр эвгүй харагддаг юм байна. Африк гэж нэг муу муухайгаараа зартай газрын тоотой хэдэн дээдэс нь гэнэт нэг ингэж алтан ваннанд хөлбөрч, алтан жорлонд бие засч, ард түмэн нь элгээрээ хэвтэн унаж сүйд болсон эмгэнэлтэй түүхийг дэлхий шоолон ишилдэг юм билээ. Тэрний л араас манайхан явчихаж байгаа юм биш биз дээ гэлцэн ядуу орны даруу түмэн санааширч суух болжээ.
Цэдэнбалын үе хэмээн түүхэнд үлдсэн 40 жилд ч ард түмэн ийм дүр зураг үзээгүй гэлцэнэ. Улс төрийн товчооныхон ард түмнийхээ өмнө каракул голдуу энгийн малгай, төвхөн пальтотой л харагддагсан. Тэр үед Цэдэнбалын морь түрүүллээ, Самбуугийн морь айрагдлаа гэж ер сонсч байгаагүй гэж улс амьтан хүүрнэх. Бар орны байж ядсан удирдагчид бол бас өөр сөн. Хоногтоо арваар тоологдох хүнээ жам бусаар тэнгэрт өргөж хонодог жирийн нэг ядарсан орны дарга нар байж ард түмнээ алтаар, аархаж баярхсан дүр төрхөөр далайлган сөгдүүлж байгааг хэрхэн яаж тайлахаа олж ядна.
Эрх мэдлийн сэнтийд гэрлийн хурдаар заларч болдгийг тэртээ тэргүй бид мэднэ. Гэвч энгүй олны сэтгэлд гэрлийн хурдаар хүрч болдоггүйг тэд маань харин мэддэггүй. Энэ хоёрын зөрүүн дээр элгээ эвхэн гуниж суугаа хөвүүн шиг эх орон минь даанч өр өвдмөөр харагдана. Ядарсан орны задарсан удирдагчдын заваан дүр төрх орой бүхэн цэнхэр дэлгэцээр малилзана. Тэдэнд юм бүхэн байгаа байх. Алт эрдэнэ, албан тушаал, авгай хүүхэн, машин тэрэг, байшин сав…байхгүй юм үгүй л гэх байх. Үгүй дутуугүй дээдэст маань үнэндээ сэтгэлийн боловсрол гэх нэгэн чухал юм байхгүйг өөрсдөө мэддэггүй нь харамсалтай. Үнэндээ тэдний алтан дээл нь мөнгөн болохын цагт л ард түмнийх нь зовлон зүдүүр тавин хувь дундрах юм шүү дээ