Төр нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэмт хэрэгтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг прокурорын хүсэлтээр мөрдөн байцаагч хэргээс чөлөөлсөн буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан байлаа.

Олон нийтийн дунд өрнөсөн “хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, буруу” гэх хоёр талцсан маргаан дунд талийгаачийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюуны хэлсэн үг нэлээд жин дарах шиг боллоо. Хэвлэлүүд ч гэсэн “Манай гэр бүлийн зүгээс энэ хэрэг илэрдэггүй юм гэхэд ядаж хүн битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна” хэмээсэн С.Оюуны үгийг бүгд иш татжээ.

Тэгвэл энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан С.Оюун гэдэг хүн яагаад шүүх хуралд оролцохоос татгалзсан бэ? гэдэг талаар уг хэрэг дээр хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатын хэлсэн хоёр үгийг эргэн сануулах хэрэгтэй юм шиг байна.

Нэгдүгээрт, прокурор асан 2018 оны тавдугаар сард сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй мэтгэлцээн”-д оролцохдоо “Хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж яагаад гүйцэтгэгч нарыг шүүхээр оруулсан бэ? гэдэг сэтгүүлчийн асуултад “Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хугацаатай. Энэ хугацаа дууссан учраас гүйцэтгэгчийн хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн. Захиалагчийн хэрэг ч гэсэн илрэх шатандаа яваа, мөрдөн шалтгалтын явцад авагдсан баримт материалууд бий. Үүнийг шалгаж тогтооно” гэдэг хариултыг өгсөн байдаг. Чухамдаа үүнээс болж Ц.Нямдорж гэдэг хүн байж суух газраа олохоо больж, хяналтаа алдсан мэт харагддаг.

Уг нь бол уг мэтгэлцээний нэг оролцогч нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан ч ямар нэг шалтгаан хэлэлгүйгээр мэтгэлцээнээс татгалзсан байдаг. С.Зоригийн аллагын хэргийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсний дараа "Захиалагчийг нь олоогүй байж гүйцэтгэгчийг яллалаа. Ингэж хэрэг илрүүлнэ гэж юу байсан юм, зохиомол хэрэг шүү" гэж хамгийн их хашгирсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Тиймээс сэтгүүлч энэ хоёр хүнийг хэргийн талаар халз мэтгэлцээнд дуудсан хэрэг.

Хоёрдугаарт, "энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоод явж байсан (хэрэг үйлдэгдсэнээс хойш 20 гаруй жилийн турш) С.Оюун гэдэг хүн яагаад шүүх хуралд оролцоогүй юм бэ?" гэдэг асуултад Г.Эрдэнэбат прокурор “Хэргийн зүйл ангийг өөрчилсөн цагаас л С.Оюун гэдэг хүн огт өөр болчихсон” гэж хариулсан байдаг юм.  

Өөрөөр хэлбэл, энэ хэргийг шалгаж байсан өмнөх бүх ажлыг хэсгүүд (Ц.Нямдорж сайдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 10 гаруй удаа өөрчилсөн) “төрийн зүтгэлтний амийг хөнөөсөн” гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэ нь Эрүүгийн хуульд бичигдсэн “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т тооцогддог. “Төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтныг алах” гэдэг хуулийн санкцтай. Энэ тухай Г.Эрдэнбат прокурор “Анхнаасаа хэргийг буруу зүйлчилсэн нь хэргийг илрүүлэхэд саад учруулсан байж магадгүй” хэмээн ярьсан байдаг. Тэр нь чухам санаатай, эсвэл санаадгүй үйлдэл байсныг шууд хэлэх боломжгүй. Гэвч ажлын хэсгийг 10 гаруй удаа тараасан, өөрчилсөн гэдэг бол баримт.

Хэргийг шалгасан өмнөх ажлын хэсгүүдээс ялгаатай нь нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгахдаа хэргийг “хүнийг санаатай алах гэмт хэрэг” гэж зүйлчилсэн байдаг юм. Яагаад гэвэл “улс төрийн зорилготой” буюу эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбоотой гэдэг нь тогтоогоогүй учраас. Магадгүй, захиалагчийг нь олж тогтоосны дараа “улс төрийн зорилготой байсан уу, үгүй юу?” гэдэг нь тодорхой болох байсан байх л даа. Гэвч харамсалтай нь өнөөдөр хэргийн гүйцэтгэгч нарыг тавиад явуулчихсан учраас захиалагчид хүрэх боломжгүй болчихлоо. Магадгүй энэ л Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын цаад зорилго байсан байх.

Харин С.Оюуны хувьд шүүх хуралд оролцоогүй шалтгаанаа “Энэ хэрэг шүүх рүү явах гэж байгаа, хэргийн материалтай танилцаж болноо гэхэд анх удаа танилцсан. Анхнаасаа итгэл үнэмшилгүй байсан. Хэргийн бүх материалыг төрийн нууцад авсан, дээрээс нь шүүх хуралдаан хаалттай явагдсан. Манай гэр бүлийн зүгээс үүнийг эсэргүүцээд оролцоогүй” гэж хэлсэн байдаг. Өнгөрөгч долоо хоногт С.Зоригийн төрсөн өдрөөр хөшөөнд цэцэг өргөхөөр ирэхдээ.

Ер нь бол шүүх хурлыг хаалттай явуулна гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Нууц мөрдөн шалгаж ажиллагаа буюу гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан баримтуудыг нийтэд дэлгэх боломжгүй учраас. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль нь тийм байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байх.

Гэтэл хэргийн хохирогч нь өөрөө шүүх хуралд оролцоогүй (оролцуулаагүй биш шүү) мөртлөө “шүүх хурал хаалттай болсон учраас хэлмэгдүүлсэн гэж бодож байна” гэж одоо ярих нь ямар утга учиртай вэ?  

Тэгэхээр үүн дээр Г.Эрдэнэбат прокурорын хэлсэн “Хэргийн зүйл ангийг өөрчилсний дараа С.Оюун огт өөр болчихсон” гэдэг  үг яалт ч үгүй анхаарал татдаг. Яагаад нэг нь “Захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгчийг яллалаа” гэж уурлаад, нөгөө нь “Хэргийн зүйлчлэлийг өөрчиллөө” гэж бухимдахад хүрэв? Магадгүй үүн дээр энэ хоёр хүний эрх ашиг нэгдсэн юм шиг харагддаг.

С.Оюун гэдэг хүн талийгаач ахынхаа нэрээр арав гаруй жил улс төрд амжилттай явсан. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн болон Байгаль орчны сайдаар ажиллаж, ахынхаа нэрээр нам хүртэл байгуулж явсан хүн. Тиймээс энэ хэргийг “улс төрийн зүтгэлтний амь насанд халдах” гэмт хэрэг биш, энгийн нэг захиалгат аллага, хүн амины хэрэг гэж үзсэн явдал нь талийгаачийн, эсвэл гэр бүлийнх нь нэр хүндэд харш гэж үзсэн байж болох юм. Магадгүй, С.Зоригийн аллагын хэрэг ийм байдлаар илэрсэнээс илүү огт илрэхгүй байх нь гэр бүлд нь ашигтай байсан юм болов уу?

iNews.mn