Хугараагүй ноён нуруу – Содномын Аварзэд
“Эр хүний замын хүзүү урт”, “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэх онч үгсийг чухам зохиолын баатартаа өгмөөр санагддаг.
“Эр хүний замын хүзүү урт”, “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэх онч үгсийг чухам зохиолын баатартаа өгмөөр санагддаг. Намтар түүхийг нь судлах тусам хүндэтгэх, хайрлах, өрөвдөх, бахархах, огших сэтгэлийн хөдлөлөө барьж үл чаднам. Алтай нутгийнх нь аугаа их зохиолчийн нэгэн алдарт туужаас эшлээд зохиолынхоо гарчийг авсандаа хүлцэл өчье, бас тэгсэндээ ч буруугүй хэмээн өөрийгөө зөвтгөе.
Тэрхүү туужийн баатар халагдсан офицер замчин Доржийн тамын амьдрал миний алдаршуулж байгаа Аварзэд гуай хоёрын туулсан зам хоёрыг адилтгачихад буруутах юм бараг алга. Тийм ч ураас “Хугараагүй ноён нуруу” хэмээн гарчиглалаа. Нэг нь цайлган сэтгэлээсээ болж өөрөө өөрийгөө тамлаж байгаа түүх, нөгөө нь төр-засаг, энхрий хайрт намаас нь хэргээр тамлаж байгаа түүх.
Намтар судлалын шинжлэх ухаанд Аварзэд гуай өөрийн гэсэн маш өвөрмөц орон зайг үлдээжээ. Хүний хувь заяа гэж яасан ч хэврэг, эмзэг, бас бул хар чулуу шиг юм бэ хэмээн бичих сэтгэх тусам бодмоор. Энэ олон эрээн цоохор энгэртэй, элдэв шагнал алдар цолны эздийн дэргэд Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хоёрхон медаль ёлтойж харагдана. Ганц ч одон төр нь өгчихөөгүйд эргэж харуусмаар. ГХЯ нь Сайд, Элчин сайд асан энэ эрхэмдээ тэрхүү чухал хүндэт цолнуудаасаа дээдхийг нь тодорхойлоод өгүүлчих санаа сэдэл гарч байгаагүй л юм байх даа хэмээн дипломат албаны нөхөддөө харуусч сууна.
Аварзэд гуайн хөдөлмөрийн дэвтрийг сөхөж үзээд харуусах харамсах, бахдаж бахархах яг хосолно. 1960 онд Улсын Прокурорын газраас олгосон 058580 тоот дэвтэр байна. МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийнх нь дугаар юм байна. 1922 онд төрсөн, хууль цаазны мэргэжилтэй гэсэн байх юм. Уг нь Москвагийн ОУХДС-ийг (МГИМО) олон улсын эрх зүйч (олон улсын хуульч) мэргэжлээр төгсгөсөн хүнсэн. “Олон улсын” гэх тодотголыг хэрэглэж болохгүй гэж арай дээрээс үүрэгдээгүй байгаа.
Түүний хань нь одоо үр хүүхэд ач зээ нараа тойруулан суугаа Ламжмаагийн Дугармаа гэж буянтай буурал бий. Нөхрөөсөө 12 насаар дүү, УБДС-ийн (одоогийн МУБИС) монгол хэл-уран зохиолын багшийн 2-р курсын оюутан байхдаа Улсын прокурорын орлогч нөхөртэйгээ ханилан суусан, дараахан нь миний төгсгөсөн нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж байсан тухайгаа надад дурсан ярилаа (Төрөлх сургуулийн маань 95 жилийн ой удахгүй тохионо, энэ буурал багшдаа ойн баяр хүргэхээ мартуузай хэмээн ой зохион байгуулах нөхдөд уламжлая!)
Тэднийх Алимаа (1956), Цогт (1958), Шихихутаг (1962), Мичидмаа (1965) гэсэн 4 хүүхэдтэй. Алимаа бид хоёр чацуу тэрээр надаас хэд хоногийн дараахан төрсөн. Алимаа, Цогт нартай багадаа толгож байсан. Тэднийх 1-р 40 мянгатын69-р байр, манайх 63-р байр, хөрш байрных байсных би багынхаа явдлыг санадаг юм. Аварзэд гэж шатахууны цистерний жолооч хижээлдүү ах 40-р цэцэрлэгийн зүүн өмнө 7-р гуанзны архан талд машинаа тавьчихаад гэр рүүгээ орж байсныг мөн ч олон удаа харсан даа. Тэрээр 77-р байранд амьдардаг хувийн тэрэгтэй Сандагдорж гэж ахмад чекист бууралд конистр авчраад дүүргээд ав хэмээн өгөөмөр загнадаг байсныг Сандагдорж гуайн хүү надад хуучилдагсан...
(Үргэлжлэлийг 2/23-ны энэ сайтаас, дэлгэрэнгүйг "Төрийн захиргаа" сэтгүүлийн тусгай дугаараас сонирхоно уу)