Гарц
Хямралыг давах бас нэг гарц олдсныг зурагтаас мэдлээ... Юм хачин шүү. Бараг л цаг тутамд нэг гарц олдоод байхад хямрал улам гүнзгийрэх төдийгүй улам битүүрээд байх юм.
Хямралыг давах бас нэг гарц олдсныг зурагтаас мэдлээ... Юм хачин шүү. Бараг л цаг тутамд нэг гарц олдоод байхад хямрал улам гүнзгийрэх төдийгүй улам битүүрээд байх юм. Бусад улсууд ямар ч гарц олдохгүй байна гэх мөртлөө хямрал нь саараад... Ер нь манайхан угаасаа хямраагүй байсан ба бидний олоод байгаа нүхнүүд гарц бус харин хямралын орц байсан биш байгаа гэж хүртэл бодох боллоо.
Санаа маш энгийн. Ерөөсөө гадаадын боов(гурилан) оруулахгүй байх. Монгол хүн ерөөсөө монгол боов хайрагчийн гараас хооллож байгаад нэг талдаа багтах ёстой гэдгийг хэлж байна. Тэд ойрын хэдэн жилдээ багтаад монгол хүн бүрт нэг нэг боов хайраад өгч элбэг дөнгөнө гэдгийг харуулсан техник эдийн засгийн үндэслэлээ төр засагтаа өргөн барьжээ.
Үүнтэй зэрэгцээд дээл оёгчдийн үндэсний ассоциацийн тэргүүн сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр хямралаас хохирол багатай гарах 9999999998 дахь гарц олжээ. Түүнийхээр бол гадаадаас хувцас оруулахыг нэгмөсөн цэглэж, монголчуудад тэдний ассоциацын оёсон дээлийг өмсгөвөл хямралаас 72 цагийн дотор гарч болох юм байна. Дээлчдийн лидер саяхан “та хүс, би хангая” нийгэмлэгээс гардаж авсан, “Монголын топ хоёр сая зургаан зуун” иргэний нэг гэсэн бичиг бүхий том дугуй медалиар энгэрээ чимэн ирсэн тул ярьсан хэлсэнд нь үнэмшихгүй байхын аргагүй харагдана.
Энэ өдрийн гурав дахь патентыг халаас ухагчдын үндэсний нийгэмлэг авлаа. Тэд хямралтай хүнд үед гадаадын хармай ухагчдыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг төр засгаасаа хүсчээ. “Монгол хүний ариун халаас монгол хүнийхээ л гараар хоосорч байх учиртайгаас биш харийн хүний бузар савар тиишээ дүрэгдэх учиргүй” гэсэн тэнгэрлэг сайхан уриа тэндээс цуурайтах нь сэтгэл хөдлөм.Тэдний халааг монголын зодооч нар залгаж байна. Зах зээлээс болж олон мянган хүн хилийн цаана харь нутагт дарлагдан зодуулж байна. Бэлээхэн эх нутагт нь зодоод, дарамтлаад, цусыг нь холиод өгөх хүн байсаар байтал харийн нутагт юугээ бэдэрнэм билээ. Бид уртасгасан цагаар гурван ээлжээр ажиллавал гадаадад зодуулж байгаа тэр иргэддээ гурван сарын дотор гар хүрч амжина гэдгээ ч андгайлж, амалж байгаа юм.
Иинхүү эдийн засгийн хямралаас гарах гарцууд нээгдэж, тэр хэрээр боломж хаагдсаар...Хямралаас гарах арга бол юу ч оруулахгүй бас гаргахгүй байх явдал гэж үзсэн зарим судлаач “идэхгүй бас бие засахгүй” хөтөлбөр санал болгож байна.
Эндээс үүдээд улсын дархан хилээр гадны агаар ямарч хяналтгүй нэвтэрч, монголын ариун агаар гадагш ихээр алдагдаж байгаад үндэсний цаг агаарчид сэтгэл дундуур байгаа аж. Юу л бол юу ч байсан ганцдахгүй иим хүнд үед монголын хайран сайхан үнсэн хөх толботой цас, бороо гадагш алдагдаад байгааг төр засаг анзаарахгүй байгаа нь юутай харамсалтай. Дээр нь дотоодын бороо цасаар өөрийгээ хангах бүрэн боломж байхад их төлөв хойд хилээр бороо, цас импортлогдож байгааг журамлууштай аж.
Ингэхэд манайд айлчилж байгаа одооний энэ хавар манай өөрийн хавар мөн үү? Бөмбөрцөгийн өмнөд хагаст зургаан сарын өмнө байсан харийн хавар хилээр ороод ирвүү гэдгийг ч шалгаж тогтоогууштай. Гадаадынх гэдэг нь нотлогдвол “51-ээс доошгүй хувийг нь бид авна” гээд хэвтчихнэ шүү дээ. Үгүй гэвэл зайлна л биз. Өвлөөрөө хэдэн сар болоход яав гэж дээ.Xямрал гараад ирэхээр бүх юм түүний дотор эдийн засагчид дэлхий даяар хомсдож эхэлсэн юм. Байгаагууд нь юманд өртөхөөс болгоомжлон өөрсдийгээ эдийн засагч гэдгийг улаан цайм нуух болжээ. Хүмүүс арга барахаар эдийн засаг унасны гэм бурууг эдийн засагчдаас л эрж, тэднийг гэсгээнэ шүү дээ. Энгүүнээр хэлэхэд иим цаг үед өөрийгээ эдийн засагч гэдгийг илчлэх нь 1930 аад онд намтартаа “өвөө бароны цэрэгт явж, аав эсэргүү бослогод оролцсон” гэхээс дутуугүй осолтой болсон гэнэ. Баруунд “Та чинь эдийн засагч бил үү” гэхэд “Гүйчиш гэм. Би түүхч “ эсвэл “ философи судлаач” , “зүгээр багш хүн” гэхчлэн хариулах аж. Яг л дэлхийн II дайны дараагаар германы нацист намын гишүүд “би хэзээ ч фашист байгаагүй” гэж мэлзэх болсон шиг. Яг л 1990 оноос хойш манай хуучин коммунистууд “би ёстой коммунист байгаагүй” гэж андгайлах болсон шиг. Одоо манай гаригийн эдийн засагчид дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы эзэмшил нутаг дахь еврейчүүд шиг аж төрч байна даа, бараг л.
Харин манай оронд яг эсрэгээрээ. Бүх хүмүүсүүд нар өөрсдийгээ эдийн засагч гэж нэрлэх төдийгүй “хямралаас тэгж, гарна ингэж давна” хэмээн ил цагаан нууж хаалгүй ярих нь “тагнуул” гэсэн пайз зүүгээд дайсны дунд зугаалахаас өөрцгүй хэмээн барууны ажиглагчид хэлж байна. Харж байгаарай, манай энэ хэд нэг л өдөр “би...ёстой, амьдралдаа эдийн засагч байгаагүй, нэр цэвэр хүн” гээд мэлзээд унана даа. Одоо энэ гавъяат эдийн засагч хэн эд нар бол улаан цагаан “Надад нэр андуураад(миний иргэний үнэмлэхийг сэм ашиглаад) гавъяат эдийн засагч цол өгчихсөн байсныг саяхан мэдлээ. Ариун нэрийг минь цэвэрлэж хайрла” гэсээр ирнэ дээ, харж л байгаарай.
Эргээд яриандаа ороход хямралын гарцууд нээгдсээр байгаа аж. Энэхүү хямралаас гаргах патентын даллага авсан урт өдрийн сүүлийг монголын үндэсний меламин холигчдын холбоо отголсон дуулдана. Тэд юу хүсснийг ярих хэрэг байна уу?
2009 оны 4 дүгээр сарын 1.