Ямаалаг гүн ухаан
Сүүлийн үед асуудал их чухал болоод байна... Арай л биш. Нөхөд өө, асуудал нэлээд хурцдаж байгаа нь нууц биш ээ...
Түүнчлэн арай гүн ухааны аястай "Сонгуулийн ерөнхий хороо, чи сонгогчийн зовлонд цадах болоогүй юу", " Сонгогчийн санаа гишүүнд, гишүүний санаа ямаанд" гэхчилэнгийн уран яруу хэллэг зохиож болно. Нарийн ярих юм бол хүмүүс гүн ухааныг илүү сонирхдог. Жирийн ухаантай харьцуулан бодоход хялбар, харин бусад хүн цааш нь үргэлжлүүлэн бодоход ярвигтай, нэр хүндтэй байдгаас болоод олон хүн гүн ухааныг сонгодог.
Жирийн ухаанд тодорхой, ойлгомжтой байх зэрэг хүнд хүнд шалгуур тавигддагаас болоод ихэнх сэтгэгчид зайлсхийдэг гэж байгаа. Ухаандаа би гүн ухааны сэдвээр хагас хуудас юм биччихээд байхад та миний юу ярих гээд байгааг мэдээгүй яваа биз дээ. Энийг л гүн ухаан гээд байгаа юм. Нарийн яривал юуны тухай ярих гэж файл нээснээ би өөрөө мартаад байгааг бодоход гүн ухаан руу ихээхэн гүнзгий оржээ янз нь.
Уул нь "парламентын гишүүд ба сонгогчдын хоорондын харилцааны олон талт тулгамдсан асуудал: түүнийг шийдэх арга замууд. Өөрийн бодсон болон бодож мэдэх туршлага дээр хийсэн судалгаа" сэдвээр л ярих гэсэн юм. Зүгээр л энэ улстөрчид биднийг хачин сайн судалчихаад байхад бид тэднийг дутуу ойлгоод байна. Тэд биднээр сонгуулж чадаад байхад бид тэднээр хүссэнээ хийлгэж чадахгүй байна. Манайханд таагчиг дутаад байна аа. (Дашрамд сонирхуулахад дайсны талын хүн худлаа хэлэхийг "мэхлэх", харин манай талын хүн худлаа ярихыг "таагчигтай байх" гэдэг билээ).
Эрхэм гишүүд үнэн хэрэгтээ "ямаатай асуудалтай" байсан боловч сонгуулийн үеэр хаанаас нь ч харсан "хүүхэнтэй л асуудалтай" юм шиг харагдаж чадсан байдаг. Эндээс нь сурмаар байна. Гишүүд маань саяхан хүүхдийн мөнгийг болиулж, ишгэнд өгөх түүхэн шийдвэр гаргасан. Бид энийг эсэргүүцсэн чинь улам гөжүүдлээд шинээр гэр бүл бологсдод өгөх мөнгийг зогсоож оронд нь хээл авсан ямаанд олгохоор зэхэж байгаа гэнэ ээ. Ингэхээр бид гишүүдийнхээ сонирхлыг дагуулж тонгорохгүй бол юм олж долоохгүй нь тодорхой боллоо. Ингээд дараахь сэдвийг гаргаж байна.
"...УИХ-ын гишүүдийн зөв мэргэн бодлого, МАХН-АН-ын ах дүүгийн ган бат найрамдлын үр шимээр Монголын ард түмний аж амьдрал өдрөөс өдөрт цэцэглэн (намар дуусч цэцэгтэй манатай болсон ч яадгийм) хөгжиж байна. Дээр үед "Два сьезда Одна-цель" буюу хоёр их хурал нэг зорилт гэсэн лоозон их байсан юм. Энэ нь нэг зорилгоор хоёр их хурал дараалан хийсэн гэсэн үг биш Зөвлөлтийн коммунист намын их хурал, манай МАХН-ын их хурал хоёр харахад хоёр хурал боловч угтаа нэг хурал юм гэж бахархсан санаа. Одоо манай хоёр гол нам энэ сайхан уламжлалыг ах дүүгийн найрамдалдаа ашиглах цаг болсон байна.
За цаашаа явъя. Монголын ард түмний удирдан чиглүүлэгч хүч болсон МАХН-АН-ын холч хараа, жолоодлогоор манай орон даян дэлхийн шударга инфляцийн салшгүй хэсэг болон хөгжиж байна. Манай гишүүд саяхан ямаандаа "Эх орны хишиг" хуваарилах болсон нь цаг үеэ олон сайхан ажил боллоо хэмээн манай хамт олон төдийгүй дэлхийн шударга хүн ард үзэж байна. Энэ шийдвэр манай төрийн ямаалаг шинжийг төгөлдөржүүлж, зөөлөн ноолууран бодлогын эхийг тавилаа. Энэ гайхамшигт эхлэлийг төгөлдөршил болгохын тулд олон ажил хийх хэрэгтэй байна. Юуны өмнө ямааны аз жаргал, тавлаг байдлыг хангахын тулд ямаачдын цалинг нэмэх шаардлага гарч байна... (одоо миний ухааныг ойлгож байгаа биз, цаадуулын чинь сэтгэлд ямаагаар дамжихгүй бол хүрэхгүй ээ.). Цаашдаа ямаачдын сэтгэл санааг тогтвортой байлгаж, хамаг анхаарлыг нь ямаан дээр нь байлгахын тулд ямаачдын хүүхдүүдэд тодорхой мөнгө хуваарилах шаардлага гарлаа. Хэрвээ ямаачин айлын хүүхэд бусдад гадуурхагдвал ямаачны сэтгэл үймэрч тэр уураа ямаандаа гаргаж болох талтай. Бусад малчны хүүхдэд адилхан мөнгө хуваарилахгүй бол тэдэнд атаархах, үзэн ядах сэтгэл төрөх магадлалтайг энд хэлж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид, бусдад иргэдийн цалин орлогыг адил нэмэгдүүлэхгүй бол "Энэ муу ямаачин биднээс их орлого олж байхдаа яадгийн" гээд хорлох, ямаанд хараал жатга хийлгэх, ямааны хот руу чулуу шидэх зэрэг түгээмэл зөрчил гарахгүй гэх нигуургүй.(Ямаагаар нь дамжсаар байгаад та нар дээр хүрээд ирж байгаа биз.)
Бас шинээр гэр бүл бологсдод мөнгө өгөхгүй бол тэд хоорондоо ямаанаас болж муудалцан "чамтай суусанд орвол ямаатай.. дээр байж", "хүүхэд гаргахаар ишиг гаргахгүй" гэхчилэнгээр хэрэлдэж, уурандаа ямаагаа мотоциклиор хөөх, шилбүүрдэх зэргээр зовоох аюул гарч мэднэ. Иймэрхүү юмнаас болоод эцсийн эцэст ямаа л хохирдог гэжээнэ шөө. Тэхээр ямаагаа бодоод шинээр гэр бүл бологсдод мөнгө өгсөн хэвээр л байсан нь дээр байх. Мөнгө ямар ямаа биш дээ.
Цаашдаа зөвхөн хөдөөгийн иргэд ямаа халамжлан өсгөдөг явцуу байдлыг арилгах цаг нэгэнт болсон байна. Гэхдээ хотын агаарын бохирдол нь ямаанд хортойг харгалзан тоо толгойг хязгаарлах нь зүй. Иймд нэг айлд гурван ямаа халамжлуулбал зохистой мэт. Хотын ямаа хот маягийн амьдралтай байх нь зүй тул ямаа тус бүр нэг нэг өрөөтэй байх шаардлагатай. Гурван өрөө байранд гурван ямаа суулгаад тэрийгээ нэг айлаар халамжлуулах нь нам засгийн бодлогод нийцсэн шийдэл болох нь дамжиггүй. (Та нарын орон сууцны асуудлыг шийдэх гээд байгааг харж байгаа биз. Ямаа халамжилна гэж байранд ороод ав. Дараа нь ямаагаа Баянхошуунд айлын пинд хийчихнэ биз.)
Хамгийн чухал юмаа орхих гэж байна. Одоо энийг заагаад хичээл дуусна шүү.
УИХ-ын гишүүд ба ямааны харилцаа холбоог улам гүнзгийрүүлэх зорилгоор эрхэм гишүүдийг өдөрт арваас доошгүй ямаатай биечлэн уулзуулах шаардлага байна. Төрийн ордонд ямааг харгалзан зам зааж өгөх хүний хамтаар оруулж гишүүдтэй уулзуулах журам гаргаж мөрдүүлүүштэй.
Ингээд бол оо. Тэр ямаанд газарчлан орох хүн нь Та байх юм, ойсон уу? Харин бүх асуудлаа ямаатай холбож тавина гэдгээ мартав. Өндөр настнууд хөдөө орон нутгаа үзэх, рашаан усанд орох зардал гуйлаа гэхэд "Нутгийн хэдэн ямаагаа нэг харчихаад нүд анихсан гэхээс өөр хүсэл алга", "Бага залуудаа Хужиртын рашаан дээр нэг хөөрхөн ямаа харсан юмсан. Дахиад учрах заяа байгаа ч юм шиг бодогдоод байх боллоо. Та ямар зовлонг нь мэдэхгүй биш дээ" гэхчилэнгээр л яриагаа эхэлнэ шүү дээ.
Амжилт хүсье.
Монгол