”Энэ чинь арабын орон мөн үү?”
Ливанд очоод үзүүштэй түүхэн дурсгалт газар бол эртний библид бичигдсэн Жүбэйлийн чулуун бэхлэлт цайз, байшингийн туурь юм билээ. Бид очиж амжсангүй. Дараа бол үзэх нь гарцаагүй.
Ливан (2)
Ливанд очоод үзүүштэй түүхэн дурсгалт газар бол эртний библид бичигдсэн Жүбэйлийн чулуун бэхлэлт цайз, байшингийн туурь юм билээ. Бид очиж амжсангүй. Дараа бол үзэх нь гарцаагүй. Ливанд жуулчдыг даллан дууддаг, заавал туулж үзэх ёстой нэг юм бол ливаны алдарт хоол байна. Хоолны урлаг ч гэж нэрлэсэн болохоор юм. Махны орц нь их, амтлагч нь салахын аргагүй, төрөл нь олон, бас далайн элдэв амьтан нэмэгдээд, ливан дарстай бол янзын даа. Гэм нь тэд хоолны цагаа уртасгаж ярьж суух нь хэрээс хэтрэв үү гэлтэй, бас оройн хоолоо ёс мэт 21.00 цагаас хойш зооглоод шөнө дунд хүргэх юм. Лалын шашинтай, арабын гэх мөртлөө архи дарсыг чөлөөтэй хэрэглэж болдог арабын цорын ганц орон нь Ливан байх аа. Жишээ нь Кувейтэд бол архи уух нь бүү хэл, ганц шил юм нууж хааж авч очоод хүнд бэлэглэхэд л шорон явах байх шүү. Бас кофе гэж хүндэтгэлийн илэрхийлэл болсон нэг чухал умдаан Ливанд байна. Уг нь туркээс гаралтай, түрэгүүд уулгаж сургасан байх. Тэрийгээ мөн ч их өгөх юм. Уухгүй гэх аргагүй, хамгийн хүндэт зочиндоо барьдаг бэлэг нь, гэм нь хүйтэн устай хольж уудаг тул монгол хүн таалахгүй байж мэдэх. “Энэ чинь арабын орон мөн гэж үү?” гэж гайхах болсон гол шалтгаан бол энэ орны тэр олон шашинтан (цөөхүүлэхнээ атлаа, бүр 18 шашинтай шүү!), тэр олон үндэстэн ястанаас үүдэлтэй. Арабчууд олонхи нь гэх боловч тэд нар нь ч миний мэдэх Булангийн, дээд Египетийн арабчуудаас шал өөр, хэл яриа нь адил боловч арьсны өнгө, соёл, аж төрөл гэвэл төрөл арилжсан мэт. Бас энэ оронд палестин, курд, армян, бүр жүүдүүд хүртэл бий. Ливан аялгатай (диалект) араб хэл гэдэг нь жинхэнэ сонгодог араб хэл бөгөөд хэлний хөгжил хувьслыг энэ л тодорхойлж ирсэн гэж ярьцгаах юм билээ. Манай Египетийн араб хэлийг араб хэлний хөтөч нь хэмээн Кувейтын хунтайж Шейх Насер бидэнд ярьж байсан, гэтэл ливаны араб хэл хөтөч нь болж таарав аа. Мөн франц, англи, армян хэлтэй бол Ливанд гацахгүй гэсэн. Лав миний мэдэх, найзалдаг ливаны сэхээтнүүд бол бүгд л араб, франц, англи хэлийг өв тэгш эзэмшсэн юм уу гэмээр санагдсан.
Тэр олон шашнаас нь шалтгаалаад Ливанд улс төрийн онцгой систем үйлчилж байна гэцгээх юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бид хоёрыг хүлээн авч уулзсан Дэвшилт социалист намын дарга нэрт улс төрч Валид Жумблатт (лалын друз), барууны Катаиб намын лидер тус улсын Ерөнхийлөгч асан Амин Пьер Жмайель (1982-1988 оны Ерөнхийлөгч бөгөөд христосын маронит), Ливаны цэргийн нэрт жанжин тус улсын Ерөнхийлөгч асан Эмиль Лахуд (1998—2007 оны Ерөнхийлөгч, мөн христосын маронит) нар шувтан улс төрийн тэр онцгой тогтолцоогоо тайлбарлан ярьж нотолж байв. Тэдний ярианаас үзвэл Ливанаас өөр хаана ч ийм тогтолцоо байхгүй бололтой.
Эд бол иргэний дайны үед жинхэнэ хат суусан улс төрчид нь гэж нийгэмдээ хүндлэгддэг хүмүүс ажээ. Валид Жумблаттын эцэг Камаль Жумблатт нь иргэний дайнд амиа зольсон, Амин Жмайелийн хүү нь (төрийн сайд) буудуулж алуулсан, генерал Лахуд нь ливаны тарж бутарсан, нам шашнуудад хуваагдсан армийг нэгтгэж Үндэсний нэг зэвсэгт хүчин болгосон түүхэн гавьяатай гээд ярьвал их баялаг намтар өрнөнө. Бас нэгэн сонин санааг Амин Жмайель гуай ноён Н.Энхбаярт хэлээдхэнэ лээ. Юу гэвээс “Зөвхөн Ливан, Монгол хоёрт л асан Ерөнхийлөгч гэж байдаг байх, манай арабын ертөнцөд чинь асан Ерөнхийлөгч гэж ерөөсөө байдаггүй юм. Нэг бол үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч, эсвэл үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан Ерөнхийлөгч л гэж байдаг юм” гэж хэлнэ лээ. Энэ нь зөвхөн Ливанд л Төрийн тэргүүнийг хугацаатай сонгодог, улируулж сонгогдоггүй (парламентаасаа 6 жилээр сонгох ба улирахаар нэр дэвшихгүй, нэр дэвших бол дахин 6 жилийг өнгөрөөж байж нэр дэвшинэ), энэ нь ардчиллын илэрхийлэл гэсэн санаа байв. “Монгол” гэж онцолсон нь хоёр орны харилцаан дээр авч үзэн, Н.Энхбаярт хандаж хэлсэн болохоос дэлхийн нийт ардчилсан улс орнуудыг хэлсэн хэрэг биш гэдэг нь тодорхой.
Ямар нэг эрх зүйн баримт бичигт хуульчлан зааж өгөөгүй атлаа тус орны Ерөнхийлөгч нь заавал христосын шашинтан, Ерөнхий сайд нь лалын суннит, парламентын спикер нь лалын шиит байх ёстой ба тэр нь ч мөрдөгдөж иржээ. Төрийн гурван өндөрлөгийг ингэж хуваадаг юм байж гэтэл цаашаа бүр нарийсгасан шашны хуваарилалт хийжээ. Парламент буюу Ассамблей нь 128 гишүүнтэй, 5 жилээр ард түмнээсээ шууд сонгогддог ба яг тэнцүү 64:64 байхаар лал ба христос гэж хуваажээ. Тэр 64 дотроо бас эхийг нь эцээхгүй байхаар тооцсон байна. Лалын 64 суудлыг дотор нь: 27 суннит, 27 шиит, 8 друз, 2 алавит гэж хуваарилсан ба загалмайн шашны 64 нь: 34 маронит, 14 грек үнэн алдартан, 8 грек католик, 5 армян үнэн алдартан, нэг армян католик, нэг протестант, цаана нь нэг христосын шашинт хэн ч байж болохоор зохицуулжээ. Энд улс төрийн карьер, ардчилалд оруулсан хувь нэмэр, хувь хүний нэр хүнд гол бус ямар шашны төлөөлөл вэ гэдгээрээ сонгогдох тул ардчиллын зарчмын эсрэг ч юм шиг. Гэхдээ үүнээс өөр гарц байхгүй гэцгээж байна. Манайд МАХН, АН-аараа солбиод яамдаа удирддаг шиг тэнд мөн лал христосоороо Засгийн газрын яамдыг хуваан авч захирч байна. Хэрэв сайд нь христос байвал дэд сайд нь заавал мусульман байна.
Надад нэгэн сонин зүйл бас ажиглагдлаа. Юу гэвэл энэ олон шашинтнууд нь өөр хоорондоо гэр бүл, ах дүүсийн огтын холбоогүй, ерөөсөө харь үндсэнтэн лугаа хөндийвтөр байна уу даа гэмээр. Бидний найзалдаг ливанчууд бол бүгд л христосын шашинтнууд бөгөөд тэдний яриагаар бол тэд өөрсдөө суннит шиитүүдтэй нэг их сүжрээд байдаггүй, үр хүүхдээ хамт нэг сургуульд суулгадаггүй, ураг барилддаггүй гэнэ. Харин лалын друзуудтэйгээ бол гэмгүй, тэд нь ч үндсэндээ европжсон тал харагдав. Лав Валид Жумблатт гуайг мусульман гэдгийг гаднаас нь хараад таньсангүй. Дарс, шар айргийг хоолон дээрээ даруулж уудаг, мөргөл гэж тусгайлан цаг зарахгүй гэхлээр ерөөсөө лал биш ч юм шиг. Гаднаас нь хөндлөнгийн хүний нүдээр харсан бас нэг ажиглалт байна. Бейрут дэх христосын хороолол нь цэвэр цэмцгэр, ерөөсөө л европын хот гэхээр, харин лалын хорооллууд нь дорнын шинжээ хадгалсан, шашны мөргөлийн дуу орчноор нэг хадсан, манай Каирын боргил хороолол мэт санагдсан шүү.
Бидэнтэй уулзсан Валид Жумблатт, Амин Жмайель, Эмиль Лахуд нар Монголын түүх, соёл, шашин, өнөөгийн хөгжлийн тухай ихэд сонирхож байсан нь хавсран суух Элчин сайдын хувьд надад нэн дотно санагдсан. Ялангуяа Монгол-Ливаны харилцааг боломжийн салбарт урагшлуулан хөгжүүлэх, олон улсын тавцанд жижиг улс жижиг улсаа дэмжиж ажиллах талаар тэд санал нэгтэй байв. Монгол, Ливан нь хоёул хоёр том хөрштэй, геополитикийн адил нөхцөл байршилтай, хоёул ардчиллын зам сонгосон, хоёул парламентын засаглалтай, хүн амын тоо нь адилавтар байгаа нь хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэмээн тэд тэмдэглэж байлаа.
(Үргэлжлэл бий)
unshigch