Сэтгүүлчид удахгүй болох МАХН-ын XXVI Их хуралтай холбоотой дөрвөн асуулт тавьж хариулт хүссэн юм.

Нэг дэх асуулт нь: МАХН-ын XXVI Их хурал Монгол Улсын өнгөрсөн 20 жилийн хөгжлийн үйл явцыг дүгнэж, улс орны цаашдын зорилтыг бодлогын хүрээнд тодорхойлох талаар миний санаа бодлыг сонсъё гэсэн юм.


Урсаад өнгөрсөн хорин жилийн түүхэн үйл явцын оноо, алдааг намын ээлжит Их хурлаар дүгнэхээр шийдвэрлэсэн нь сайн хэрэг. Өнгөрснөө магтах гэсэн хүнд гэрэл нь, муулах гэсэн хүнд сүүдэр нь харагддаг. Өнгөрсөн хорин жилд гэрэл, сүүдэр хоёулаа л байсан. Тиймээс хорин жилийн түүхийн гэрэл, сүүдэр хоёуланг нь билгийн нүдээр олж харан, онож дүгнэх нь чухал. Гэрлийг олж харахын учир нь сайн бүхнээ уламжлан үргэлжлүүлэхийн тусын тулд билээ. Сүүдрийг олж үзэхийн учир нь өнгөрснөөсөө сургамж авч, алдаагаа давтахгүйн тулд билээ. Түүхийн сайн нь бидний багш, сайн бус нь ч бас бидний багш. Хорин жилийн түүх бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билигт хүний ухааны гайхамшиг. Хойшдын зорилтоо оновчтой тодорхойлохын тулд өнгөрснөө үнэнд ойртуулан дүгнэх учиртай. Манай намын Их хурал энэ зорилтоо зохих ёсоор шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Миний бодлоор өнгөрсөн хорин жил нь алдагдсан түүхэн хугацаа биш, асар ихийг олж авсан, олон зүйлийн суурийг зөв тавьсан он жилүүд.

Хоёр дахь нь: МАХН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгээс хамтран гаргасан тунхаглалын талаархи байр сууриа илэрхийлнэ үү гэж хүссэн юм.


Зарим үйл хэргийн аугаа их болох нь түүний хэмжээнд биш, цагаа олсонд байдаг. МАХН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАХН-ын бүлгээс хамтран гаргасан тунхаглал цагаа олж гарчээ. Тиймээс аугаа их үйл хэргийн эхлэл болно гэж итгэн, эцсийн шийдвэрийг хүлээж байна. Цаг үеийн дуудлага, намаа шинэчлэх хүсэл эрмэлзэлийн дуудлага, эр зоригийн дуудлага нэгдэн нийлж энэхүү зоримог тунхаглал мэндэлсэн байх учиртай. Хэрэв их зам, том үйлс хүлээж байгаа бол алгуурлах нь гэмт хэрэг мөн гэх үг бий. Алгуурлаагүйд нь олзуурхана. Тунхаглалд МАХН-ын шинэчлэлийн зарчмын асуудлуудыг сэдэн дэвшүүлж, намын хамт олноороо шүүн хэлэлцэх дэнсэн дээр тавьсан. Хэлэлцүүлгийн явцад намын нэр, үзэл баримтлал хамгийн их анхаарал татсан асуудал байв. МАХН ер шахам жилийнхээ түүхийн явцад дээдэлж ирсэн үнэт зүйлс нь үзэл баримтлалынх нь тулгын чулуу байхаар томъёолж хэлэлцүүлснийг гишүүд зарчмын хувьд дэмжиж байх шиг байна. Товчдоо: Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Ардчилсан зарчим. Зүүн төвийн чиглэл. Эдгээр тулгуур асуудлууд ямар тодотголтой, хэрхэн томъёологдон батлагдах нь Их хурлын бүрэн эрхэд үлдэнэ. МАХН Социнтернийн гишүүн нам. Олон улсын энэ том байгууллагын гишүүн байх нь зөвхөн МАХН-ын дотоод хэрэг төдий биш, Монгол Улсын олон улсын нэр хүндийн асуудал. Намын гишүүд тунхаглалд дэвшүүлсэн зарчмын асуудал бүрийг нухацтай хэлэлцэж, олонхоороо шийдвэрээ гаргасан нь ардчиллын зарчимд бүрнээ нийцэж байна. МАХН-ын гишүүдийн үнэмлэхүй олонхи нь тунхаглалын үзэл санааг дэмжиж байгаа нь уг баримт бичигт дэвшүүлсэн шинэчлэлийн зорилтууд нийгмийн захиалга, намын хамт олны хүлээлт байжээ гэдгийг ил тод илтгэнэ. Миний хувьд, намын үүрийн хуралдаа оролцож, тунхаглалын үзэл санааг зарим нэг тодотголтойгоор дэмжсэн гишүүдийн нэг нь билээ.

Гуравдугаарт, МАХН уугуул нэрээ сэргээх тухайд ямар санаа бодолтой байгааг сонирхсон юм.

МАХН уугуул нэрээ сэргээх тухай асуудал нь цоо шинэ зүйл биш, сүүлийн хорин жил ямар нэг хэмжээгээр яригдаж ирсний гэрч нь бид бүгдээрээ. МАХН-ын нэрийг солих, уугуул нэрээ сэргээх тухай хоёр өөр асуудлыг мэдэн будилж, хольж хутгаад байгаа нь ажиглагдаж байна. МАХН-ын нэрийг төрөл арилжуулан солихыг би дэмжиж байгаагүй. “МАХН гэдэг нэр унасан газар, угаасан ус, ачлалт эцэг эхийнх нь ариун нэр алдартай адилаар бие сэтгэлд нь нэвт шингэсэн гишүүдээс нь энэ нэрийг хуулиар ховх цохин авч хаях санаа яаж төрж чадаж байна аа? Эвэр ургалаа, ээж хэрэггүй гэдгийн адилаар энэ намын нэрийг тоос шороо шиг арчин хаяж булшлах бусармаг бодлыг ямар гээч буг хорлолын орчноос Монголын парламент руу илгээдэг байна аа?” гэж хэдэн жилийн өмнө хэлж байсан. Харин нам уугуул нэрээ сэргээн хэрэглэх нь өөр асуудал. МАН нэрээ сэргээхэд сүйдтэй биш ч гэсэн зарим нэг сөрөг үр дагавар гарч магад гэж хаширлан болгоомжилсон хандлага юмыг тал талаас нь бодож тунгаадаг, олон оймс илээсэн манай ахмадуудын дунд мэр сэр бий. Хамгийн гол нь уугуул нэрээ сэргээхэд эрх зүйн ямар нэг зөрчил маргаангүй байх хэрэгтэй. Нойтон хамуу шиг салж болдоггүй юмтай зууралдчихвал төвгийн нэмэр. Юм бүхэн өөрийн гэсэн цагтай. Хорин жил дуншсан яриа намын хамт олны саналаар эцэслэн шийдэгдэх цаг нь ирсэн бол юу ч түүнийг зогсоож чадахгүй.

Дөрөвдүгээрт. Улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар ямар байр суурьтай байдгийг асуусан юм.

Цаг үе түргэн хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гарман дээр ирлээ. Цаг үе өөрчлөгдөхөд улс төрийн нам түүнтэй хамт өөрчлөгдөн шинэчлэгдэж байх учиртай. Нам цаг үетэйгээ хамт шинэчлэгдэхдээ үндсэн зарчмаасаа хазайх учиргүй. Хүний түлхүүрээр өөрийн гэрийг онгойлгож болохгүйтэй адил шинэ зорилтыг хуучин аргаар хэрэгжүүлэх боломжгүй. Үзэл баримтлал, сэтгэлгээ, арга барил, үйл ажиллагаагаа цогцоор нь шинэчилж байж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана. Намд шинэчлэл хийхэд удирдлага хийгээд гишүүд аль алинд нь улс төрийн эр зориг хэрэгтэй. Шинэчлэлийг эрч хүчтэй, эр зоригтой баг удирдаж, гардан хэрэгжүүлж чадна. Тийм баг зөвхөн тодорхой үзэл санаа тойрч буй болж бүрдэнэ. Мөнгө, хувийн харьцаа энэ бүхэн хавсралт, дагалдах зүйл. Үзэл санааныхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн дайчин эрсийн сэтгэлтэй хүмүүс намын туган дор нэгдэж, шинэчлэлийн гал дөлөн дундуур намаа удирдан, туучин гарах үүрэг хүлээнэ. Ийнхүү гал дөлөн дундуур туучин гарахад олз ашиг хайгчид зугатан одож, шалтаг хайгчид сугаран үлдэж, өвс сүрлэн хүмүүсийг шатааж, ган төмөр мэт хүмүүсийг хайлуулан нэг цуг болгоно. Ийм төмөр мэт цул хүчирхэг хүмүүс нэгэн зорилго дор нэгдсэн байгууллагын эсрэг юу ч зогсч чадахгүй.