-фельетон-

Өнгөрсөн оны ариун явдал төгсгөлдөө тохиов. Ер нь тэгдэг гэнэ, төгсгөлд нь л ганц нэг ариун явдал үйлдчихвэл бүтэн жилийн бузар явдал хүчингүй болчихдог учиртай юм байна. Гэнэн мөчид хүмүүс жилийн турш ариун явдал хийх гэж биеэ зовоодог бол ухаантай хүмүүс их өөр. Тэд жилийн 364 хоногт нь бузраар явж байгаад нэг өдөр л ганц ариун явдал үйлдэлтээр тэрийгээ үгүйсгээд хаядаг гэж байна.

Энэ бүгдийн хамгийн чухал нь төрийн ариун гал болой. Гал олон янз байдаг билээ. Уурын зуухны, пэлээтэгний, жожгоолокны, чүдэнзний гэх мэт.  Мөн өмчлөлийн байдлаараа хувийн, олон нийтийн, төрийн гэх мэт гал байна.  Зуухны гал гэр бүлийн өмч байхад, тамхины гал хувийн шинжтэй байх жишээний. Харин үйлдвэрчний эвлэлийн болон түймрийн галыг олон нийтийн галд тоолдог юм билээ.

     Гал  ер нь ариун байдаг боловч бузардах нь их амархан аж. Эм хүйснээс бузартаад эр хүйснээс ариусаад явдаг аж.  Эрдэмтэд  боошигтой бензин рүү эр, эм хүнээр чүдэнз зуруулан шидэж сонирхолтой туршилт хийсэн байна. Эр хүний зурсан чүдэнзнээс ариун гал бадарч байхад, эм хүнийхээс бузар түймэр дэгдэж байжээ.

Манай онцгой байдлынхан ч гэсэн түймрийг хараад л эр, эм аль хүний тавьсан галаас үүдэлтэйг шууд мэдэж аваад мөрдлөг явуулдаг гэж байна. Андашгүй, бузар гал асаж байвал эм хүнээс үүдэлтэй гэсэн үг

Та бүхэнд анхан шатны  ойлголт өгсөн учраас одоо гол юм руугаа орж төрийн галаа яръя. Гэрийн гал айлын авгайгаас бузартсаар байгаад дархлаа суучихсан байдаг бол төрийнх их эмзэг. Эмэгтэй хүнтэй холбоотой юм ойртвол бузардаад унтрах ба бензин цацаад ч нэмэргүй.  Унтраад гэснээс  дан эмэгтэй ажилчдаас бүрдсэн гал камаанд байгуулаад ой хээрийн түймрийг бузардуулан доройтуулах замаар дарах төсөл ч яригдаж байгаа юм билээ шүү.

Төрийн галыг асаах ариун эр хүн олох нь амаргүй ажил байсан гэнэ. Манай эрчүүдийн ихэнх нь эхнэр аван замаа алдсан байжээ. Цөөн хэдэн хүн эхнэр аваагүй боловч тэдний олонхи нь эхээс төрсөн нь баримтаар нотлогдон хөөгдөв. Тендэр маш хатуу явагдсан байна. Шалгаруулалтад оролцсон цөөн эрд 108 боодол виагра уулгаад 108  тайчигчтай 108 сприптийз бааранд 108 хонуулан тэнсчээ. 

Дараа нь тэдэнд өмнөх дүрийн ариун эрчүүдийн  хатаасан эрхтэн, занданшуулсан юм зэргийг үзүүлэхэд шууд “минийх” хэмээн заасан 64 оролцогч шалгаран Хайнанд амрах эрхийн бичиг....бишээ, гал асаах ажилд тэнхцэх эсэхээ үзүүлэх боломж олжээ.

Ингээд сонгогдсон эрсийн нэрийг алтан “Трааст”-нд хийгээд үлээсээр байгаад буудуулахад дээшээ харж унасан хэдийг шүүжээ. Тэдгээр нэр бүхий цаасаа хамгийн сүүлд Ногоон нууранд асгаад, салхи сөрж хөвсөн арван нэрийг сонгон үлдээжээ. Ийм нарийн тендэр болсон байна.

Төрийн гал үнэхээр сайхан аслаа.  Хүнд хэцүү цаг үед, улс орныхоо голомтийг бадраах цагт хэрэг болно хэмээн ариун онгоноо огооролгүй хүчир бэрхийг туулсан тэдний  “...нэгэнт өнгөрсөн намтрыг бодохоор хүрэл зүрх ч хайлна”.

Харин энэ хүмүүс колонийн арга гарахаас өмнө яаж  дан эцгээсээ төрөв? Гэртээ  эхнэрээсээ бузартахгүйгээр хэрхэн оршиж байна? Хүүхдүүдийнх нь эцэг хэн бэ гэхчлэнгийн гал гал асуулт  ариун оньсого болж үлдэв.

Төрийн гал мөнхөд дүрэлзэнэ. Мөнхөд дүрэлзэх төдийгүй хойтонгийн өдийд төрийн тогоо бүтээн,  тэндээ төрийн хоол хийх юм байна. Мэдээж, төрийн хоолыг бузарлахгүйн тулд эмэгтэй хүнд үл амсуулах бөлгөө.