-МАН-ЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, БИЧГИЙН ИХ ХҮН Д.БОДООГИЙН ДОРОМЖЛОГДСОН НЭР ТӨРИЙГ ЯАЖ СЭРГЭЭХ ВЭ-

МАХН нэрээ солих гэнэ, үзэл баримтлалаа солих гэнэ. Хувьсгалт (ком­мунист гэж дэлхийд ойлгогддог) гэсэн үгнээсээ  татгалзаж байгаа юм бай­­х аа. Яамай даа, хо­риод жилийн дараа ч гэ­сэн ойлгодоггүй юмаа гэхэд ичиж байгаа хэрэг. Гэтэл бүүр зуугаад жи­лийн өм­нө анх үүссэн МАН (Мон­гол Ардын Нам) нэрийг авна гээд шаагицгааж байна. МАН гэсэн энэ нэрийг МАХН-тай хэн ч булаацал­дах­гүй. Харин Монголын ком­му­нис­туудын үүр уурхай МАХН энэ нэрийг авах ёс сур­та­хууны эрхтэй билүү. Энэ бол түүхийн томоо­хон асуудал юм. МАХН-ын өнөөгийн удирдлага МАН нэрийг авахдаа хүүх­дийн төрсний гэр­чил­гээ авах гэж байгаа юм шиг тун гэнэхнээр ойлгож байна. МАХН-ын орон нутгаас ирсэн их хурлын төлөө­лөг­чид цуглаад л МАХН гэдэг нэрийнхээ Х үсгийг авч хаяад л нижиг­нэтэл алга ташаад тарна гэж бодож байж болох юм. Үгүй бол МАН-ын анхны дарга бөгөөд Ерөн­хий сайд Сүх­баа­тарын Бат­бол­дод МАН-ын тамгыг гардуулаад л  амжилт хүсч ура хаш­гираад хун­дага тулгаж бэлэг аваад л тарна гэж бодож болох юм. Үгүй ээ. МАХН, МАН болох юм бол эдүгээ хүртэл ком­мунист үзэл сурт­лын золиос болсон Монгол орны ХХ зууны түүхийг бүүр эхнээс нь үнэнээр нь бичиж МАН-ыг анхлан байгуулагч на­раас уучлал гуйж байж, тэднийг эзлэх ёстой байр сууринд нь хүндэтгэн залж байж МАХН, МАН болох ёстой. Үүнийг зөв­шөөрч чадаж байж МАХН, МАН болохгүй бол ёстой алдас болно. Ядаж МАХН-ын буудсан, хэлмэг­дүүлсэн өвөг дээд­сийн ариун сүнс өршөөх­гүй. МАН-ын анх­ны Ерөн­хий сайд бичгийн их хүн (одоог хүртэл хэл­мэгд­сээр яваа) Догсомын Бо­доо­гийн эмгэнэлт түүхээр товч тайлбарлая.

Д.Бодоогийн товч түүх гэвэл одоогийн Төв айм­гийн Сэргэлэн суманд "панз Догсом"-ынд 1885 онд төрсөн, МАН-ын дэд дар­га бөгөөд анхны Ерөн­хий сайд тэрээр дөнгөж 37 насандаа Оросын боль­шеви­куудад тамлуулан алуулсан улс төрийн том зүтгэлтэн юм. Ардын ху­вьсгал, үндэс­ний тусгаар тогт­нолын үзэл санаан дээр бий бол­сон МАН-ын нөхөд дундаа тэрбээр хам­гийн өндөр боловсролтой, улстөрч, дипломатч, орос, хятад, манж, түвд хэл­тэй, бичгийн өндөр бо­ловс­ролтой, орос сургуулийн багш, сэтгүүлч зохиолч хүн байсан. "Нам нийлж сэм хуйвалдсан" жур­мын нөхөдтэйгээ улс төрийн бүл­гэм байгуулж консу­лын бүлгэмийг толгойлж, өөрийн байгуулсан улс төрийн бүлгэмдээ (МАН) гэсэн нэрийг хайрлаж, хайрласан нэрээ Богд хаанаар аравнайлуулж, жур­мын нөхөр Данзан­гийн­хаа зандан ширээг эвдэн хөлөөр нь ардын намынхаа модон тамгыг сийлсэн гэдэг нь түүхэн баримтаар тогтоогд­сон байдаг юм. Тэгтэл өнөө­дөр МАХН-ын их хурлын төлөөлөгч­дөөс ч юм уу, иргэдээс Бодоо гэж хэн байсан бэ гэвэл "Хувьс­галын эсэргүү, охид хүүх­нүүдийн гэзэг үс тайрсан, Манзуширын хийд хүрээ хоёрын хооронд гүйсэн өвгөжөөр асман лам гэнэ биз дээ. Харин Х.Чойбал­сан, Д.Сүхбаатар, Ю.Цэ­дэн­бал, Н.Энхбаяр нар гэж хэн байсан бэ гэвэл захын хүн МАХН төрийг үндэслэгч,МАХН-ыг ялуулагч, үндэсний их удирдагч, хөшөө дурсгал, дуу хуур, шүлэг найраг, магтаалд мөнхөрсөн их  удирдагч нар гэнэ байх. Түүхийг үнэнээр биш үзэл суртлаар бичнэ гэдэг ийм л гайтай.

МАХН-ынхан улаан оросуудтай хавсран МАН-ыг үүсгэн байгуулагч нартай нь хамт цааш нь харуулаад зог­соогүй, Бо­доо нарын ту­хай худлаа түүх зохион наян жил тэдний нэр тө­рийг гутаан доромжил­сон. Маш олон уран сайх­ны болон түүхэн кино, зохиол бүтээлийг дурдаж болно. Ийм хо­гийн юм хийсэн зохиолч нараа бүгдийг нь ардын болон, гавьяат цолоор шагнасан байгаа. Гэтэл одоо МАХН энэ бүгдээсээ татгалзаж МАН-ын  Д.Бо­доог эзлэх ёстой байр сууринд нь эргүүлэн тавьж чадна гэж үү дээ. Нэгэнт Бодоо­гийн тухай ам нээснийх  түүний ажил амьд­ралын түүхээс жаа­хан лавшруу­лъя. Бодоо Бог­дын Зас­гийн газрын үед хам­гийн анхны чө­лөөт сонинг гар­гасан. Түүний гаргасан "Нийс­лэл хүрээ­ний сонин би­чигт" бич­лэгийн төрөл бүрээр бич­сэн өгүүлэл байдаг ба Бодоогийн нэртэй 46 ду­гаар гарсан байдаг хэмээн доктор Г.Дэлэгийн су­далгаанд бичсэн байдаг юм. Бодоог үгүйсгэхийн тулд МАН-ыг Х.Чойбал­сан үндэслэн байгуул­сан гэж  коммунис­туудын сур­тал­чилж бай­сан Консу­лын дэнжийн бүлгэмийг яах аргагүй Бодоо бай­гуулсан нь мар­­гаангүй үнэнд гүй­цэтгэн тогтоогд­соноор барахгүй гэр оронгүй Х.Чой­­балсан Бо­доо­­гийнд амьдарч байс­ныг ч одоо нуухын аргагүй болжээ.     

Бодоо сайд Богд хаанаас эхлээд Жал­ханз хутагт зэрэг ту­хайн нийг­мийн томчууд­тай нөхөр­лөсөн улс төрийн барим­жаа, нас, төлөвшилт, бич­гийн чадвараар ардын намын нөхдийн сор нь байсан учир МАН-ын эхэн үеийн чухал баримт бичгийг гардан боловс­руулж эхийг зохиосон байдаг. МАН-ын нэрийн өмнөөс Коминтерний дор­но дахины  улс түмний асуудал эрхэлсэн тов­чооны монгол түвдийн  хэлтэст гардуулсан на­мын мөрийн хөтөлбөр,  тангаргийн бичгийн арван зүйлийн эх,  Оросын Зас­гийн газарт явуулсан  тусламжийн бичгийн эх,  одоо Д.Сүхбаатарын хө­шөөн дээр байгаа үгийн эх, АНУ-ын  элчин консу­лын газар илгээсэн нот бичгийн эх зэрэг олон түүхэн баримт бичиг бо­ловсруулсныг судлаа­чид тогтоосон ч одоо хүр­тэл гарган тавиа­гүй  бай­на. Ардын намын нөхөд тусламжийн аж­лаар Зөв­лөлт Орос яваад Эрхүүд үлдсэн Д.Сүхбаа­тар Х.Чойбалсан нар  "Бид хоёр хэрхэх учрыг олохгүй  дэмий алмайран сууна, хэрхэх явдлыг даруй хариу ирүүлж зөв­лөхийг хүсье" гэсэн за­хидлыг  Бодоод ирүүлсэн байдаг нь  бүх зүйл дээр түүний амыг харж байсныг гэр­чилдэг юм.  Монголын төлөөлөгч­дийн тухай Борис Шу­мяцкий 1921 оны арав­дугаар сарын 19-нд  Эл­бэгдорж  Рэн­чинод илгээ­сэн цахил­гаан мэдээн­дээ "МАН, Засгийн газрын нөхдөөс  авч хэрэглэх гол хүн нь  Бодоо, япон Дан­зан  хоёр шүү гэж бичсэн түүх байна. Тийм ч учраас Хиагтад байгуулсан  түр Засгийн газрын бүрэлдэ­хүүнд Хүрээнд байгаа Бодоог эчнээгээр  оруулж  улмаар Гадаад яамны сайдаар томил­жээ. Ар­дын намын анхны дар­гаар Данзан тавигдахдаа "Би ямар Бодоо шиг та­ван хэлтэй биш амжихгүй дээ" гэж татгалзаж бай­сан. Түр Засгийн газрын Ерөн­хий сайдаар Чаг­даржав тохоогдохдоо "За би Бодоог иртэл түр за­саглаж байх хэрэг үү" гэсэн түүхийн протокол МАН-ын архивт үлдсэн бий. Удалгүй Д.Бодоо  Монгол Улсын анхны Ерөн­хий сайд болсон юм. Шинэ төрийн анхны Ерөн­­хий сайд Бодоогийн гол алдаа нь Оросын бо­льшевикууд Монгол ор­ныг эзлэн авч тоглоомын Засгийн газар байгуулж байгааг мэдээгүй өөрий­гөө тусгаар тогтносон Мон­­гол Улсын анхны Ерөнхий сайд мөн гэж бат ойлгосондоо тамлуулан алуулахад хүрсэн гэж болно. Түүнд тулгасан ял бол Улаан цэргүүдийг хөөсөн, Зөвлөлт Оро­соос  салж, Англи тө­рийн тогтолцоог авах гэсэн, Дамбийжанцанд  захидал бичсэн, Егүзэр хутагт, Дилав хутагт, Жал­ханз хутагт Дамдинбазар нарт хувийн захидал бичсэн, Хятадын тагнуул болсон Богд Жавзан­дам­ба хутагт, эх дагина Дон­догдулам нар Бодоогийн гэрт айлчлан ирж хувийн бэлэг өгсөн, Богдын багш  Ёнзонхамба Бодоогийн гэрт нь морилж хадаг ба­рьсан, Зуугийн хувил­гаан, саж лам Жамьян­данзан, Цэвээн тэргүүн нартай ха­рилцаатай байсан зэрэг баримтыг цуглуулан  Бо­доод хувьсгалын хэргээс урвасан гэсэн ял тулга­жээ.  Нөгөө талаар  хувьс­галт төрийн дээд удирд­ла­гад  лам феодал гарал­тай хүн байж болохгүй гэсэн  Коминтерн болоод  Оросын большевикуу­дын тулгалт шахалт ихэсч түүнийг гишгэх газаргүй болгосон байна.   Бодоод тулгасан дараа­гийн ял хэмээвээс  АНУ-ын Гадаад яаманд нот бичиг илгээсэн,  Бүгд най­рамдах засаг байгуулах  асуудлаар санал зө­рөлд­сөн зэрэг нь Ардын намын анхны Ерөнхий сайдын аминд хүрсэн юм. Бодоо "Оросын улаан намын муу нохойнууд"-д бариулахаа мэдээд на­мын нөхдөөсөө ганц­хан зүйлийг хүссэн бай­даг. Миний дараа шинэ засаг төрийг удирдах хүн нь эрдэм бо­ловс­­рол­той, ядаж нэрээ тавьж чаддаг бичиг үсэгт тайлагдсан байгаасай  гэсэн бод­лоо бичиж үлдээсэн. Харин МАН-ын  нөхөд нь Бодоо­гийн энэ хүсэлтийг бие­лүүлж Ерөнхий сай­даар Д.Бодоогийн номын багш Жалханз хутагт Дамдин­базарыг тохоон томилж Ерөнхий сайдын тамгыг шилжүүлсэн бай­на.  Бодоо сайд  НТХ, Засгийн газарт хоёр удаа өргөдөл бичиг айлтгаж байж,  "Бо­доо сайд эрдэм хичээ­лээрээ боож тунир­хаж байна" гэсэн хэл амтай­гаар ажлаа өгчээ.  Бодоог Орост суух Элчин сай­даар томилсон НТХ, Засгийн газрын 1922 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоо­лыг ч, мөн  Ховдын хяз­гаарыг тохинуулах сай­даар то­мил­сон шийдвэ­рийг ч аль алиныг нь хүлээж авсан­гүй. Төрийн ажлаас хол­дож төрж өс­сөн Бөхөг түргэний гол­доо эхнэр Янжингийн хамт амар жимэр амь­даръя гэж хө­дөө гарсан ажээ. Гэвч Зөвлөлт Оро­сын чекис­түүдийн зохио­мол хэр­гээс мултарч чадсангүй. Яг "Өглөө" кинон дээр гардаг шиг тийм хэрэг зохион ба­ривчилсан бай­на. МАН-ын анхны Ерөн­хий сайд Бодоог сургагч Со­рокин танигдахгүй болтол нь зодож эрүү шүүлт тул­ган, нутгийн анд Чагдар­жавтай нүү­рэл­дүүлсэн хамгийн сүүл­чийн мэдүү­лэг дээр нь гарын үсэг зуруулахын оронд хуруу­ны хээг даруулсан баримт бай­даг. Сургагч Сорокин  Ерөн­хий сайд байсан, би­чиг үсэгтэй хүнийг га­рын үсгийг нь зуруулахгүй  эцсийн мэдүүлэг дээр  хурууны хээг нь даруулав.     Ийнхүү Монгол Улсын анхны Ерөнхий сайд, МАН-ын дэд дарга үн­дэсний ардчилсан хувьс­галын хамгийн том зүт­гэлтэн Бодоог 1922 оны найм­дугаар сарын 4-ний шөнө Дотоодыг хамгаа­лах га­зар баривчлан  КГБ-ын  чекист  Баторун, Матрон, Сорокин нар тарчлаан тамлажээ. Хувьсгалын эсэргүү гэж зохиомлоор ял тулгасан Бодоо нарын ялын тог­тоолыг үйлдсэн бүх цэр­гийн зөвлөлийн тэргүү­лэгч Элбэгдорж, зөвлө­лийн гишүүн сайд жан­жин Сүхбаатар, шта­бын дарга Хува, дарга орло­сон нарийн бичгийн дар­га Буяннэмэх нарын га­рын үсэгтэй баримт МАХН-ын архивт бий.

Д.Бодоо хэдийгээр 1921-1922 онд ердөө ганцхан жил МАН-ын анхны ерөн­хий сайдаар ажил­сан ч гэсэн Монгол Улсын үндсэн хуулийг зохиох ажлын хэсгийг томилхоос эхлээд засаг захиргааны нэгжийг өөрчлөх хүртэл нэг хүн нэг жилд яагаад ч амжууламгүй тийм их ажлыг хийн гүйцэтгэж чадсан юм. Ардын намын анхны гишүүдээс хам­гийн том улс төрийн зүт­гэлтэн их бичгийн хүн байснаас тэр юм уу, бич­сэн зүйл, Ерөнхий сайд байхдаа гаргасан эрх зүйн баримт бичиг, ха­рилц­сан захидал зэрэг судалгааны материа­луу­даараа Бодоо хамгийн баялаг их өвийг үлдээсэн юм.  МАН-ын журмын нөх­дөөс Д.Сүхбаатар, Х.Чой­балсан нарыг унасан морь, өмссөн маршил хувцасаар нь  магтан дуулна уу гэхээс ийм юм хийж ингэж бичжээ гэж бариад үзэх цаас байдаггүй юм. Харин Бодоогийн түүхнээ  Монгол улс ямар засаглалыг авах вэ гэдгээс эхлээд намыг төрийн хэрэгт оролцуулахгүй байхыг хүртэл маш баялаг огт судлагдаагүй баримт байдаг юм билээ. Тэр бүхнээс ганцхан баримтыг уншигч танаа толилуулъя. Энэ баримтыг сэтгүүлч агсан Навагчамба гуай надад өгсөн юм. Бодоо сайдыг ял тулгуулхад эд мөрийн баримт болсон баримт юм.

Бодоо сайдын Зуугийн хувилгаан цорж ламд бичсэн захидлаас.

Доорхи захидлын гол утга нь шашны тэргүүн  эзэн хаантай парламентийн засаглалыг сонгосон байв. Харин Оросын улаан намын засаглалаас татгалзаж  Англи улсыг үлгэр болгохыг зорьжээ. .............манай монгол улс их бүдүүлэг бөгөөд боловсорсон олон улсын адил их, бага улаан үзэлт улс огт тохирохгүй, хурлын эрхт бүгд найрамдах улс бас хэцүү , хуучин ёсоор хэмжээгүй эрхт эзэнт улс байгуулбал, эзний дэргэд агчид элдэв зүйлийн гуйлтаар улс төрийн эвдрэл үүсгэх ба засаг ноёд эзэрхэг түрэмгийгээр албадан татаж боолчлон үйлдхээс дээд доорд хоёр анги болж үлэмжхэн хувьсгал гаран зовлон зүдүүр, үхэл зовлонг эдэлсээр, эцэст урьдын автономйин эвдрэлт лүгээ дахин учрах болхул бидний ядуу ард түмэн яахин тэсвэрлэж чадах аж. Иймийн учир хэмжээт эрхт эзэнт улс байгуулсан нь буюу. Юун хэмээвээс, бүгд Богд блам, бурхан шашин хэмээн итгэх бөгөөд энэхүү хэмжээт хэмээсэн үг нь төрийн хэргийг сайд хийгээд яам, олны төлөөлөгчдийн хурлааар юу гэж тогтосныг эзэн эвдэхгүй, шашины багшийн хэрэгт төр албаны газраас хамаарахгүй, олноор дуртай болоод багшийн зарилгийг дагавал дагана, дуртай болоод зөрчих буюу эс хүлээх аваас, мөнхүү бурхны номолсон ёсоор нүгэл хилэнцээ өөр өөрөө хүлээх тул хэрхэвч багшийн зарлигийг дагатугай хэмээн албадаж үл болно.ийм болхуул багшид ч сүжиг итгэмж алдагдах зүйл гарахгүй, багш богд хаан ч төрийн хэрэгт Богд ингэв, эзэн ч ингэв хэмээх үг будлийн хүлээх ч үгүй болно. Иймээс эрэгцүүлбэл, эзэн хэмжээтэй эрх хэрэглэсэн тул бусад ноёд засаг, хувилгаан хутагт мөн хэмжээгүй эрхтэй аж төрөх нь хасагдана. Тэдний хэмжээлэхэд гагцхүү албадан гагаж, мөлжин хохируулахыг зогсоохоос бус харшлах зүйлгүй болох дээр хэмжээт эзэнт улсыг бат лут хэмээн баримтлах нь дэлхий дээр самуун будлиангүй, амар тайван суугаа Англи улсыг өмнөх толь болгож болно.

Үүний тул Ерөнхий сайд хэмээгдэх нэр үүрэг лүгээ хүлээсэн өчүүхэн Бодоо алс дорноос ёслов. гэжээ          

(Үйлс бүтэх өдөр. МАХН-ын төв архив. Ф-4, д-1, хн-27)

МАН-  гэсэн нэрийн түүхийн тухай бичих гээд МАН-ын анхны ерөнхий сайд асан Д.Бодоогийн тухай баахан нуршин уншигч олноо чилээлээ. МАН гэдэг энэ эрхэм нэрийг Д.Бодоо намдаа хайрлаж,бас шинэ төрийн тамга хэмээн эзэн хаан богд ламаар аравнайлуулж, журмын нөхөр Данзангийнхаа зандан ширээний хөлөөр МАН-ын анхны тамгыг сийлсэн нь түүхийн баримт бий.Оросын большевикууд харгис дэглэмээ Монголд тулгахдаа МАН-ыг 1925 онд  МАХН  болгосон.Тэд тоглоомын БНУлсаа жолоодхын тулд анхдугаар үндсэн хууль гэдэг харгис хуулийг хэрэгжүүлхийн тулд  ийм нэр өгсөн гэж зарим судлаачид үздэг юм.Тэр хуулиар лам ноёд, хутагт хувилгаадын  сонгох сонгогдох эрхийг хасаж байгаад тэднийг хүний тооноос хасаж байгаад их хядлагыг эхлүүлсэн юм билээ.МАХН-ынхан өөрийнхөө коммунист нэрэнд хайртай ч гэсэн дэлхий дахинд коммунист, ярагчингаараа цоллуулж явахаа ингэж төгсөгхөөс өөр зам үлдээгүй . Тэд МАН нэрийг авахаас яая гэхэв. Ингэж л МАХН гэдэг нэрнээс хоёр яс салахаас. Ядаж шинэ болсон МАН-ын дарга бөгөөд МАН-ын хоёр дахь ерөнхий сайд Бодоо сайдын зургийг өрөөнийхөө хананд байрлуулж чадах болов уу. МАХН-ын энэ их хурлыг харж л байя.