Сүүлийн зуун жилд нүүдэлчин үндэстэн дэлхийд хөгжлөөрөө цойлж гарсан нь бараг үгүй бөгөөд төв болон дундад азийн Монгол, Киргиз, Узбек, Тажик, Туркмен, Афганистан улсууд хөгжлөөрөө дэлхийд эхний тавьд ч орж чадаагүй юм. Гэтэл дундад азийн Казахстан улс сүүлийн гучин гурван жилд хурдан хөгжиж дэлхийд эдийн засгийн чадавхиар 48 дугаар байрт орж чаджээ. Казахстан улсын түүх болон хөгжлийн нууцаас товчхон өгүүлье. 

Нэг. Казах үндэстэн бүрэлдэн тогтсон нь

Казак буюу “quzzak” гэдэг түрэг үг нь “чөлөөт хүн” гэсэн утгатай эртний түрэг үг юм. “Стан” гэдэг нь “газар орон” гэсэн утгатай эртний перс үг юм. Казахууд бол түрэг хэлтний ард түмэн. Казах үндэстний гарал үүсэл нь түрэг гэж үздэг. Түрэг, Монгол үндэстэн бол эрт дээр үед монголын Алтай, Орхон нутагт мөр зэрэгцэн оршиж байсан нүүдэлчин үндэстэн мөн юм. Казах үндэстэн анх үүсэхдээ монгол түрэг үндэстний овог аймагуудыг нэгтгэсэн Их Монгол гүрний хөрсөн дээр Эзэн Богд Чингис хааны ивээл дор бүрэлдэж эхэлсэн юм. Их Монгол улс 13 дугаар зуунд байгуулагдаж байх үедказахуудын өвөг дээдэс кыпчакийн овог аймаг гэж байсан. Энэхүү Кыпчакийн хаан Хотантой Сүбээдэй баатар болон Бат хааны монгол цэргүүд байлдаж хөөж явсаар Калк голын дэргэд орос кипчакийн нэгдсэн 150 000 хүнтэй цэргийг монголын Сүбээдэй баатарын удирдсан 2 түмэн / 20 000 / монгол цэрэг ялсан түүхтэй байдаг юм.

Дундад зууны үед казах үндэстэн, казахын хант улс хэрхэн буй болсныг дурдвал: Их Хүннү гүрэн мөхөсний дараа евроазийн уудам нутагт 6-р зуунаас эхлэн Түрэг улс гарч ирсэн. Казахын өвөг дээдэс эрт дээр үед Түрэг улсын бүрэлдэхүүнд байсан юм. 534 онд Буман хаан Жужан улсыг мөхөөж гарч ирсэн. 603 онд Түрэгийн хаант улс Баруун түрэгийн хаант улс болон Зүүн түрэгийн хаант улс хэмээн хоёр хуваагдсан. Баруун Түрэгийн хаант улсын нутагт одооны Казахстан, Кавказ, Дундад ази, Крым, Уралын нутаг орж байлаа.Зүүн Түрэг нь монголын нутагт оршиж байв. Энэ үед Исламын шашин соёл Түрэг улсад түрэн ирж түрэг бичгийг араб бичгээр сольж байлаа. 8-р зууны эхэнд Түрэгийн хаант улс мөхөж оронд нь Огузын гүрэн, Карлук,Китакийн хаант улс тогтов. 8-р зууны дунд үед Огуз болон Карлук улсын хооронд дайн болж Огуз нь ялагдаж Сырдарье мөрний зүг ухарч тэндээ Огуз улс оршин тогтнох болов. Харин Карлук улс Долоон мөрний орчим оршиж арабуудтай дайн хийдэг байлаа. Энэ хоёр улсад казахуудын өвөг дээдэс амьдарч байсан юм. 940 онд Карлукийн хаант улс мөхөж, Сатук Богра хаан болж шинэ Караханидийн улс байгуулагдав. Энэ үеэс Түрэгийн улс Исламын шашинд орж Сатук Богра хаан Абд ал Карим гэсэн ислам нэртэй болов. 9 дүгээр зууны үеэс куманчууд казахын нутагт ирж кыпчакуудтай нийлж амьдарч байв.11 дүгээр зуунаас эхлэн кыпчакууд Днепр мөрнийг гатлан Дунай мөрөнд тулж ирэв. Казахуудын өвөг дээдсийг тэр үед кыпчакууд гэдэг байлаа. Кипчакуудын нутаг Иртыш мөрнөөс Дунай мөрөн хүртэл уудам их талыг эзэлж байв. 1061 оноос эхлэн кипчакууд / казахын өвөг дээдэс/ өмнөд Оросын нутгийг довтолж дайн хийдэг байлаа.

Дараа нь 13-р зуунд дэлхийд монголчуудын эрин үе эхлэв. Монголчууд бол дэлхийн хамгийн том эзэнт улсыг байгуулж,их бага 40 улсыг эзлэн номхотгож , газар нутаг нь 33.0 сая квадрат км болж тэлсэн агуу гүрэн байлаа. Чингис хаан дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт улс, хүчирхэг морьт армийг байгуулж,шуудан өртөө, Их Засаг хууль, албан татвар, гэрэгэ, гадаад оронд элч явуулах ёс, хааны сангаас ардуудад тэтгэмж олгох ажлуудыг анх зохион байгуулж байлаа. Чингис хааны хөвгүүд ач гуч нар нь дэлхийд хүчирхэг том гүрнүүдийг өрнө дахин болон дорно дахинд байгуулж байв. Чингис хааны өрнө дорныг холбосон их гүрэн, торгоны зам нь хүн төрөлхтөний ирээдүйд даяарчлалын хөгжлийн чухал үндсийг тавьсан юм. Өрнө зүг довтолсон Чингис хааны ач хөвгүүн Бат хаан 1236-1242 онуудад Адриатын тэнгис хүртэл довтлон зүүн европыг эзэлж дайны дараакипчакууд Бат хааны байгуулсан Алтан орд улсын иргэд болцгоов. Монголчуудын байгуулсан Алтан орд улс бол казах үндэстэн бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн улс юм. Орос үндэстэн ч гэсэн Алтан улсаас эхэлж их гүрэн болох замаа эхэлсэн түүхтэй юм. 

Нэгэн удаа Казахстаны телевизээр  Кукушкин гэдэг нэртэй эрдэмтэн залуу “Орос гүрний эцэг нь Чингис хаан, эх нь Византийн соёл юм” хэмээн хэлсэн нь надад ихэд таалагдаж билээ. Үүн лугаа адил “ Казахстан улсын эцэг нь Чингис хаан, эх нь Түрэгийн соёл юм” хэмээн хэлчихвэл нэг их буруудахгүй биз. Тэр үед казах гэдэг нэр XV зууны эхээр тэмдэглэгдэх болсон бөгөөд Алтан-Орд улс бутрах болсон үетэй таарсан юм. Зүчи ханы отгон хүү Тугайтөмөрын удмын Жанибек хан болон Керей хан нар Зүчийн улсын мэдэлд байсан түрэг, түрэгжсэн монгол угсаатныг нэгтгэсэнээр Хөх орд, Цагаан ордны улсуудын нутаг орныг хамарсан хүн амын зонхилох огуз түрэгүүд өнөөгийн казах үндэстэнг буй болгожээ . Казахын ноёд нь монголын Хиад Боржигон овгоос салбарласан Тугайтөмөрийн Төре овгийнхон / эдүгээ Торе овогийнхон гэж бичдэг болжээ / болж байжээ. 

Хоёр. Казахын хаант улс буй болсон нь

1218 онд монголын хонгирод, найман, мэргэд, хэрэид аймгууд Чингис хааны ууган хүү Зүчийн цэргийн бүрэлдэхүүнд орж Дундад азийгдовтолсон юм. Кыпчакууд эхлээд Чингис хааны армийг эсэргүүцсэн боловч сүүлдээ Эзэн Богд Чингис хааны талд орж монголын их цэргийн бүрэлдэхүүн хэсэг болсон. Ийнхүү кыпчакийн ноёд Их Монгол улсын төрийн албыг хашиж кипчак иргэд нь Их Монгол улсын цэрэг болсон юм. Бат хаан 1237 онд Их Монгол гүрний хүчирхэг армийнхаа хамт зүүн европыг буулгаж авав. Түрэгийн их тал нутаг ийнхүү Чингис хааны гурван хөвгүүний эзэмшил нутаг болсон юм. Чингис хааны ач хөвгүүн Бат хаан Алтан улсыг Ижил мөрний хөвөөнд байгуулж энэ улсад түрэг угсаатнууд болон оросуудхүчин зүтгэж байлаа. Алтан Ордын хүн амын дийлэнхийг түрэг угсаатан тэр дотроо кыпчак, хангал угсаатнууд эзэлж байв. Ромын Папынэлч Гийм де Рубрук номондоо тэднийг бүгдийг нь “татарууд” хэмээн нэрлэсэн байдаг. Тэр үеийн Алтан орд улсын хууль цааз бол Чингис хааны “Их Засаг” хууль байлаа. Монголын Их Засаг хуулийг Алтан Орд улс олон жил мөрдөж байлаа. Хожим нь казахуудын хууль болох “Жеты Жаргы”-д монголын Их Засаг хуулийн олон заалтууд орж байлаа. 

Алтан улс мөхөсний дараа 15,16-р зуунд Казахын хант улс байгуулагдав. Алтан ордын Узбек хан /1313-1341/, түүний хүү Жанибек/1342-1357/ хааны үед Алтан орд улс хамгийн өндөр хөгжил цэцэглэлтийн үедээ байлаа. 1459 онд Алтан ордын Кичи Мухаммед хаан таалал төгссөний дараа Алтан орд улс мөхсөн юм. 1391 онд Төмөр хаан Алтан орд улсыг мөхөөсний дараа Алтан орд улс хоёр хуваагдаж баруун хэсэг нь Ак Орд / цагаан Орд /, нөгөө зүүн хэсэг нь Кок Орд / зүүн орд / болсон юм.  1458 онд Узбек ханы буруу бодлогонд дургүйцсэн Жанибек болон Керей хан Сырдарье мөрнөөс нүүж Долоон мөрний эрэгт нүүдэллэн ирж Могулистан улсын нутагт буудаллаж 1465 онд Казахын хант улсыг байгуулав.Энэ үеэс л казах үндэстэнбуй болсон хэмээн түүхчид үздэг юм. Казахын Касым хан /1445-1521/ Зүүн Дешт и Кипчакийн тал нутгийн овог аймгуудыг нэгтгэж Мавераннахрын шейбанидын эсрэг тэмцэж газар нутгаа Иртыш мөрнөөс Яик хүртэл тэлэв. Ногай ордын нийслэл Сарайчик хотыг эзлэв. Касым хааны үед казахын хүн ам нэг саяд хүрэв. Тэр үед казахын хант улс хүч чадлынхааоргил үед хүрч байв. Харин 16 дугаар зууны гучаад онд Казахын хаант улсын Жанибек ханы хоёр ач хөвгүүний хооронд иргэний дайн болж Касым ханы хүү Хак Назар хаан ялжээ. Хак Назар хаан /1538-1580/ Казахын хаант улсаа улам бэхжүүлж Могулистаны Долоон мөрнийг эзэлж Ногай Ордын Сары Аркийг эзэлж авав. Есим хаан 1580 онд Ташкентыг эзэлж Казахын хаант улсын нийслэл болгов. Есим хаан Казахын хант улсад улс төрийн шинэчлэлт хийв. Удалгүй 1635 онд монголын Алтай болон Тянь шан уулын хооронд монголын шинэ Зүүнгарын хаант улс байгуулагдав. Зүүнгар улс гэдэг нь ойрд монголчуудын байгуулсан шинэ улс байлаа. Зүүнгар улс ньулмаар хүчээ авч3.0 сая квадрат км газар нутагтай, зүүн хил нь монголын Алтайгаас эхлээд баруун хил нь Бухар, Ташкент хүрсэн том гүрэн байлаа. Удалгүй Казах - Зүүнгарын 100 жилийн дайн эхэлсэн юм. Энэ дайнд казахын хүн амын гуравны нэг нь хөнөөгдөж казахууд дундад Ази руу нүүдэллэн дайнаас дайжсан юм. 1741-1742 онуудын дайны ажиллагааны дүнд казахын дунд жуз Зүүнгар улсын харьяат болсноо хүлээн зөвшөөрч байв. Казахын хаан Абылай Зүүнгарын хаанд олзлогдов. Абылай хаан ойрд монголчуудад олзлогдоод Зүүнгарын хааны хонь хариулж байсан гэдэг. Удалгүй их Жузын султанууд Зүүнгар улсын талд орж барьцааны хүн тэдэнд өгч тэдэнд алба гувчуур төлдөг болжээ. Дунд Жузын хаан Абдулмамбек Зүүнгар улсад отгон хүү султан Абулфезийг барьцааны хүн болгон өгч татвар төлж байв. Ийнхүү казахын их ба дунд жуз монголын Зүүнгар улсын хараат болоод байв.Харин бага жузын хаан Абулхаир бие даасан байдлаа хадгалж Зүүнгарын эсрэг тэмцсээр байв. Тэр үед казахууд орос болон ойрдуудын эсрэг хоёр фронт дээр зэрэг байлдах нь үнэхээр хүнд хэцүү байв.

Гурав. Казахын хаант улс Оросын эзэнт гүрний харьяанд орсон нь

Оросын эх сурвалжид казак гэдэг нэрний тухайтад өгүүлэхдээ оросын эзэнт улсын үед буюу 1734 оноос1925 он хүртэлказакуудыг“киргиз “ хэмээн нэрийддэг байжээ.Улсыг нь “Казак орд” гэдэг байв. 1925 оноос Зөвлөлт засгийн тогтоолоор “казак” хэмээн нэрлэдэг болов. 1936 оноос Зөвлөлтийн Казах улс болж казах гэдэг болжээ. 18 дугаар зууны эхээр Оросын эзэнт улс хилээ дундад ази руу тэлж хойд Казахын нутагт Иртышийн шугам байгуулж 46 бэхлэлтийг казахын довтолгооноос хамгаалж байгуулав. Оросууд Омскийг 1716 онд, Павлодарыг 1720 онд, Оренбургийг 1743 онд, Петрозаводскийг 1752 онд байгуулж нүүдэлчин казахын довтолгооноос хамгаалж байв. Тэр үед ойрд монголын Зүүнгар улсын довтолгоонд өртдөг Казах улсын бага Жузын хаан Абулхаир хүнд байдлаас улсаа гаргахын тулд гадаад бодлогондоо өөрчлөлт оруулж 1730 онд Орос улс руу казахын элч Койбагарыг явуулав. Гэвч амжилт олсонгүй. Абулхаир хаан дахин Орос руу элч явуулж оросын хатан хаан Аннад Казах улсыг Орос улсын харьяанд оруулахыг хүсчээ. 1731 онд Оросын хатан хаан Анна энэ хүсэлтийг нь зөвшөөрчээ. Казах улсыг Орост нэгтгэх асуудлыг харин бусад жузын султанууд эрс эсэргүүцэв. Тэр дотроо Султан Барак Оросын харьяанд орохыг эрс эсэргүүцэж байлаа.1733 онд Казахын бага жузыг оросын харьяанд оруулах асуудал эцэстээ шийдэгдэв. Зүүнгарын аюул хэвээр байсан тул Казахын жузыг Оросын харьяанд оруулах асуудал их чухал байлаа. Энэ асуудлыг шийдэхэд Абылай хаан ч гол үүрэг гүйцэтгэв. Абылай хаан гэрээ хэлэлцээр хийхдээ маш сайн байв. 1740 онд дунд жузын хаан Абылай Оросын харьяанд орохыг зөвшөөрөв. 1818 онд их жузын хаан Суюк Оросын харьяанд орохыг зөвшөөрлөө. 

Казахууд Оросын харьяанд орсны дараа бүх зүйл сайхан болсонгүй. 19-р зууны эхээр Оросын эзэнт улс Казахад шахалт үзүүлж эхлэв. 1818 оноос эхэлж Оросын хааны зарлиг гарч казахын жузын хаан цолыг устгав. 18 дугаар зууны дунд үеэс 1916 он хүртэл Казахд оросыг эсэргүүцсэн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөжнийтдээ 300 гаруй бослого хөдөлгөөн гарч байлаа. Хамгийн том бослого бол 1836-1838 онд гарсан Исат Таймановын бослого, 1783-1797 онд гарсан бага жузын баатар Сырым Датовын бослого, 1802-1847 онд гарсан дунд жузын хаан Кенесарын бослого байлаа.1890 оноос оросын колоничлогчид Казахстаныг эзэлж улс орныг нь түйвээж эхлэв. Оросын колоничлогчид Казахын билчээр газар, ус голыг булаан авч байв. 19 дүгээр зуунд 400 000 оросын цагаачид Казахстанд нүүж иржээ. Оросын Николай хаан 1917 оноос хаан ширээнээсээ татгалзаж Түр засгийн газар байгуулагдах үед Казахд үндэсний хөдөлгөөн идэвхжив. 1917 оны 11-р сард Оренбург хотод Бүх Казахын их хурал болж Алашийн автономит улс байгуулж “Алаш Орд” хэмээх Ардын Зөвлөл байгуулав.

Дөрөв. Казахууд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон нь

1920 онд шинээр байгуулагдсан Зөвлөлт улсын тэргүүн Владимир Ленин гарын үсэг зурж Оренбург нийслэлтэй Киргизийн автономит улсыг байгуулав. 1925 онд Казахын АССР байгуулав. 1936 онд Казахын бүгд найрамдах Зөвлөлт улс буюу Казах ССР байгуулагдав. 1920, 1930 онуудад Казахстанд нударган баячуудын эсрэг үйл ажиллагаа явагдаж баян чинээлэг казахуудын мал сүрэг, хөрөнгийг хурааж олон хамтралыг хүчээр байгуулав. Ямар ч хувийн өмчгүй үлдсэн казахууд амь зуухад бэрх болов. Казахстанд хоёр удаа аймшигт өлсгөлөн болжээ. Эхний өлсгөлөн 1919-1922 онд, удаах өлсгөлөн 1932-1933 онуудад болов. Энэ өлсгөлөнгөөс болж нэг сая казах хүн үхэж үрэгдэв. Амьд үлдэхийн тулд ихэнхи казахууд Хятадын Шинжаан Уйгур руу, бусад нь Иран, Турк руу  дүрвэцгээв.

1937-1938 онд Казахстанд Сталины их аллага болж казахын шилдэг сэхээтнүүд большевикуудын бууны аманд үй олноороо үхэж үрэгдэв. 1941-1945 онд болсон эх орны дайны үед 450 000 казах эр фронтод дайчлагдаж, 125 000 казах иргэн дайнд үрэгдэв. Казахын ард түмэн энэ дайнд зөвлөлтийн армид зориулж хамаг мал сүрэг, мах, ноос ноолуураа хамж өгөв. Казахстаны газар нутаг дээр зөвлөлтийн коммунистууд олон хорих лагерь, шорон байгуулав. “АЛЖИР” гэдэг оросын телевизийн олон ангит кино байдаг даа. “Алжир” хэмээн Казахстанд байрладаг тэрхүү шоронд зөвлөлтийн шоронд хоригдсон олон сэхээтнүүдийн эхнэрүүд, бүсгүйчүүд хоригддог байв. 1947 онд Зөвлөлт Холбоот улс Казахстаны Семипалатинскт цөмийн зэвсгийн туршилтын полигон байгуулж 1949 онд зөвлөлтийн анхны атомын бөмбөгийг туршив. Дөчин жилийн турш атомын бөмбөг туршсан тэрхүү казахын газар нутагт аймшигт  гамшиг болж байлаа. Үүнээс болж казахын ард түмэн ямар их хохирол учирсныг ихэд нууцалдаг байв. Удалгүй Байконурт зөвлөлтийн сансрын хөлөг хөөргөх хотхон байгуулав. 1930-1950 онуудад Сталины харгис дэглэмийн үед зөвлөлтийн олон зуун мянган иргэдийг нутгаас нь нүүлгэж Сибирь болон Казахстанд цөлж байлаа. Энэ байдлаас болж уугуул казахын хүн амын бүтцэд өөрчлөлт орж Казахстаны хүн амын дөнгөж 30.0 хувийг нутгийн уугуул казахууд эзэлдэг болов.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Казахстанд олон үйлдвэрүүд байгуулагдаж байгалийн ашигт малтмалыг боловсруулдаг болов. Дайны дараа Казахстанд зөвлөлтийн олон мянган инженер мэргэжилтнүүд тус улсад үйлдвэр завод барихаар хүрэлцэн ирэв. Олон фабрик завод байгуулагдаж атар газрыг эзэмшиж, дэд бүтэж хөгжиж, төмөр зам, усан зам, агаарын замын тээвэр хөгжив. Олон их дээд сургуулиуд , техник мэргэжлийн сургуулиуд байгуулагдав. Нефтийн үйлдвэр, химийн үйлдвэр, металлургийн үйлдвэр, цахилгаан станцууд баригдав. Казахстаны үр тариа Зөвлөлт гүрнийг хангаад зогосхгүй гадаадад экспорт хийдэг байв. 

Тав. Казахстан улс тусгаар тогтносон нь

Хорьдугаар зуунд 74 жил оршин тогтносон улаантан коммунистуудын харгис дэглэм Зөвлөлт улсад мөхөж 1991 оны 11-р сарын 25-ны өдөр Зөвлөлт Холбоот улс задарч зөвлөлтийн 15 бүгд найрамдах улс бүгдээрээ бие даасан  тусгаар улс болов. Казахстан улс ч гэсэн бусад улсуудын адил туурга тусгаар улс болов. Казахстан улс зах зээлийн гучин гурван жилд ихэд үсрэнгүй хөгжиж дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 48 дахь улс болтлоо хөгжжээ. Ерөнхийлөгчийн тогтолцоотой бүгд найрамдах улс болж хууль ёс,дэг журмыг тогтоов. Казахстан гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадав. Ялангуяа АНУ, Хятад, Нидерланд, Британи, Орос зэрэг улстай эдийн засгийн салбарт нягтран хамтарч ажиллав.Казахстан улс үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хувийн секторыг хөгжүүлж чадав. Казахстан эдүгээ дундад азийн эдийн засгийн 60.0 хувийг эзэлж байна. Машины үйлдвэр, төмөрлөг, өнгөт төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн, хүнсний үйлдвэр, химийн үйлдвэр, шатахууны үйлдвэр ихэд хөгжив. Жижиг дунд үйлдвэрлэгчид 1.6 сая хүн ажиллаж байна. Гадаад харилцаагаа өргөтгөж чадав. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадав. Казахстанд нэг жилд 8.5 сая гадаадын жуулчид ирж байна. Энэ бол том амжлт. 

Казахстаныг орчин үеийн хөгжилтэй хүчирхэг улс болгоход Нурсултан Назарбаев гол үүрэг гүйцэтгэсэн юм. Би Казахстаны удирдагч Нурсултан Назарбаевын тухай ”Путь лидера - Удирдагчийн зам”  хэмээх таван ангит баримтат уран сайхны кино үзсэн юм. Тэр кинонд Нурсултаны бага нас, өсвөр залуу нас, үйлдвэрийн ажилчнаас улсын ерөнхийлөгч хүртэлхи замд  ямар их бэрхшээл хүнд байдлыг даван туулж улс орноо хэрхэн ядуурлаас гаргаж эдийн засгийн хүчирхэг орон болгож байгаа тухай гардаг юм. Нурсултан хүүхэд байхаасаа л тодорчихсон хүүхэд байлаа. Тэр хүүхэд байхдаа морин уралдаанд оролцож унаж явсан морь нь түрүүлж, сургуульд онц сайн сурч, Украинд техник мэргэжлийн сургуульд металлургийн мэргэжлээр онц сайн дүнтэй сурч, спортын тэмцээнд чөлөөт бөхөөр мастер болж түрүүлж, дараа нь Казахстаны металлургийн үйлдвэрийн шилдэг ажилчин болж, дараа нь Карагандын политехникийн дээд сургууль төгсөж үйлдвэрийнхээ сайн инженер болж дараа нь улсынхаа Сайд нарын Зөвлөлийн дарга болтлоо дэвшиж байв. Тэр хийсэн ажил бүртээ амжилт гаргаж байлаа. Тэр бээр 1984 оноос эхэлж Казахстаны Сайд нарын Зөвлөлийн дарга, 1991 оноос эхэлж улсынхаа анхны Ерөнхийлөгч болж тасралтгүй 36 жил улсаа удирдаж дэлхийн тавцанд гаргаж чадсан юм. 1994 оноос эхлэн өвлийн хүйтэнд Астана гэдэг шинэ хотыг түүний санаачлагаар хэрхэн барьж байгуулсан тухай хүртэл тэр кинонд өгүүлж байлаа. Тэр бол үнэхээр баатар эр,шилдэг сайн удирдагч байлаа. 

Би Назарбаөевын түүхийг үзээд тэр эх орныхоо өмнө гурван том гавьяа байгуулжээ хэмээн ойлгосон юм. Нэгд, Зөвлөлт улс задрах үед нэг хүнд ногдох ДНБ нь 700 ам.доллар байсан ядуу экс коммунист улсыг хүлээн авч гучхан жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ нь 10980 ам доллар болгож Казахстан улсыг эдийн засгийн хөгжлөөр дэлхийд 48 дугаарт жагссан улс болгосон. Хоёрт, Казахстан улсын хүн амын гучин хувийг эзэлдэг байсан казах хүмүүсийн тоог 13.0 саяд хүргэж улсынхаа хүн амын 70.4 хувийг казах хүн эзэлдэг болгосон. Гуравт, 1994-1997 онд Астана хэмээх гайхамшигтай шинэ хот байгуулж нийслэлээ болгосон юм. Казахууд азтай ард түмэн. Хүнд бэрх үед ийм чадварлаг удирдагч гарч ирээд улс орноо гучин зургаан жил удирдаж хүчирхэг болгосон нь нь азтай, хийморьтой явдал байлаа.

Эдүгээ Казахстан улс 2.7 сая квадрат км газар нутагтай, 19.8 сая хүн амтай, үүнээс 13.0 сая нь казах хүн байна. Дэлхийд нийтдээ 16.0 сая казах хүн байдаг. Эдүгээ Казахстанд 13.5 сая казах, Хятадад 1.5 сая казах, Узбекистанд 821 мянган казах , Орост 647 мянган казах, Монголд 121 мянган казах, Туркменид 100 мянган казах, Киргизд 36,7 мянган казах, Туркт 20 000 казах, Иранд 12 000 казах амьдарч байна. КазахстаныАлма- Ата хотод2.1 сая хүн, Астана хотод 1.3 сая хүн, Шымкент хотод 1.1 сая хүн амьдарч байна. 

Казахстан улс байгалийн үлэмж их баялагтай улс. Казахын нүүрс, нефть,хий,төмөр, бусад баялаг нь нийтдээ 8.7 триллион /их наяд/ ам.долларын нөөцтэй. Казахстан баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадаж байгаа улс. Казахстан улс нефть, байгалийн хийгээрээ үлэмж их нөөцтэй бөгөөд 40.0 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн 57.0 хувийг нефть, хийн бүтээгдэхүүн эзэлж байна. Казахстан уран, хром, тугалга, цинк, маргацын үлэмж их нөөцтэй. Зэсээрээ дэлхийд 5 дугаар байрт явж байна. Нүүрс, төмөр, алтаараа дэлхийд эхний аравт жагсаж байна. Нефть, байгалийн хийгээр дэлхийд 11 дүгээр байрт байна. 160 ордод 2.7 тэрбум тонн нефтийн нөөц байна. Каспийн тэнгисийн орчим 3.5 тэрбум тонн нефть, 2.5 тэрбум тонн байгалийн хий байдаг.Казахстан улс бол нефтийн нөөц нь 6.1 тэрбум тонн нөөцтэй улс юм. Казахстанд нефть боловсруулах үйлдвэр 3 ажиллаж байна. Казахстаны фосфортын нөөц нь 1.5 тэрбум тонн юм.

Казахстанд дэд бүтэц сайн хөгжсөн. Төмөр зам нь 16 614 км урт, үүнээс 4200 км-ыг нь цахилгаанжуулсан юм. Бүх хотууд нь төмөр замаар холбогдсон. Алма Ата хотод 11.3 км урт Метро ажилладаг. Казахстанд 96 нисэх онгоцны буудал ажилладаг. Казахстанд асфальтан зам нийтдээ 95 400 км урттай байдаг.Казахстан өндөр хөгжсөн хөдөө аж ахуйтай орон. ХАА-н эдэлбэр газар нь 846 000 квадрат км газартай юм. Үүнээс 205 000 квадрат газар нь хагалсан газар, 611 000 квадрат км газар нь малын бэлчээр юм. Казахстан улс нэг жилд 17.4 сая тонн үр тариа хураадаг орон. Казахстан 8.2 сая үхэртэй, 20.9 сая хонь,ямаатай, 3.5 сая адуутай, 243 мянган тэмээтэй, 47 сая 784 мянган шувуутай. Жилд 24.2 сая тонн хадлан өвс авдаг.

Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 1995 онд 20.4 тэрбум ам доллар байсан бол эдүгээ  2023 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 269,9 тэрбум ам доллар болж 16 дахин өсч,  дэлхийд 48 дугаар байрт жагсаж байна. Нэг хүнд ногдох ДНБ 1993 онд 750 ам доллар байсан бол эдүгээ 2023 онд 13232 ам долларт хүрээд байна. 

Казахстан улс сүүлийн гучин жилд 330 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Казахстан өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудаас маш их хөрөнгө татан оруулсан. Нидерланд улсаас 96.6 тэрбум ам.доллар, Франц улсаас 16.7 тэрбум ам.доллар, Бельги улсаас 6.8 тэрбум ам.доллар, Герман улсаас 5.0 тэрбум ам.доллар, Итали улсаас 5.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж чаджээ.“Астана” хэмээх гайхамшигтай үзэсгэлэнт шинэ хотыг байгуулж энэ хотод эдүгээ 1.3 сая хүн тав тухтай аж төрж байна. Казахстан бол олон үндэстний улс. 120 үндэстэн ястан энэ улсад аж төрдөг.Төрөөс ядуурлыг бууруулах арга хэмжээ авсны дүнд эдүгээ Казахтаны хүн амын 4.5 хувь нь ядуу зэрэглэлд амьдарч байна. Казах хүний дундаж наслалт 74,7 болжээ. 

Казахстан улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай болжээ. Инфляц 1992 онд 2960 хувь байсан бол эдүгээ 6.0 хувь болтлоо буурчээ. Казахстан улсын валютын нөөц эдүгээ 57 тэрбум ам.доллар байна. 1993 онд Казахстан 19.5 сая тонн нефть олборлодог байсан бол 2023 онд 90. 0 сая тонн нефть олборложээ.Энэ бол том амжилт.

Өнөөгийн Казахстан улс төрийн системийн хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь Мажилис буюу Доод танхим, Сенат буюу Дээд танхимаас бүрддэг. 

2022 оны 1 дүгээр сард Казахстанд хийн үнэ өссөныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан сүүлдээ үймээн самуун мөргөлдөөн болон хувирч 238 хүн үхэж, 4353 хүн шархдаж, 10 000 хүн баривчлагджээ. Жагсагчид “Шал,кет- Өвгөн зайл” хэмээн хашгиралдаж, иргэдийн болон улсын өмч хөрөнгийг эвдэж шатааж нийгэмд эмх замбараагүй байдал гаргаж байлаа. Ард түмэн авилгал, хүнд суртал, эрх баригчдын хэтэрхий баян тансаг байдалд дургүйцсэн бололтой. Гэхдээ хууль журам зөрчиж болохгүй нь ойлгомжтой. Энэ үймэээн самуун нийтдээ 2-3 тэрбум ам долларын хохирол учруулжээ. Казахстаны төр засаг гарсан үймээнийг намжааж улс орноо тогтвортой болгож чадсан. 

Нурсултан Назарбаев Казахстаныг 36 жил удирдсаны дараа Ерөнхийлөгчийн ажлаа Касым Жомарт Токаевт хүлээлгэн өгч,К.Токаев 2019 оноос эхлэн төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж эхэлсэн билээ. Касым-ЖомартТокаев бол мэдлэг, туршлагатай, улс орондоо болон гадаадад нэр хүндтэй, орчин үеийн чадварлаг удирдагч юм. 

Эдүгээ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс орныхоо улс төр, эдийн засгийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийж байна. Касым-Жомарт Кемелевич Токаевын гол шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. Казахстан улс 2022 онд бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуулиа өөрчилсөн бөгөөд ерөнхийлөгчийн, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, улс төрийн намуудыг бүртгэх журмыг хялбарчлах, хэвлэл мэдээллийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа тусгажээ. Касым-Жомарт Токаев “Хүчтэй Ерөнхийлөгч - Нөлөө бүхий Парламент - Хариуцлагатай Засгийн газар” гэсэн шинэ Казахстаныг байгуулах,эцсийн эцэст улс орноо өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай, тогтвортой, баян чинээлэг улс болгох зорилтыг тавьж хэрэгжүүлж байна.

Казахстан улсын эдийн засаг хөгжихийн хирээр урлаг, спорт нь улам хөгжиж байна. Казахын алдарт зохиолч яруу найрагч,гүн ухаанч Абай Кунанбаев, Мухтар Ауэзов, Габит Мусрепов, Мухтар Шаханов, Олжас Сулейманов зэрэг алдартай хүмүүсийг дэлхий нийт сайн мэднэ. Казахын алдарт дуучин Димашийг дэлхий нийт сайн мэднэ. Казахстанд спортын төрлөөс бокс, хөл бөмбөг, сагс, хөнгөн атлетик, бөх, хоккей ихэдхөгжиж байна. 

Төгсгөлд нь өгүүлэхүй

Би социализмын үед Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуулийн оюутан байхдаа орос хэл сайн сурах гэж орос хэл дээр хэвлэгдсэн Мухтар Ауэзовын бүтээл “Абайн зам” гэдэг хоёр боть номыг орос хэлнээс хөрвүүлж уншдаг байлаа. Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовын бүх номыг уншдаг байлаа. Анх би казахын Казах фильм студийн “Кыз Жибек” гэдэг киног үзэж байсан бол хамгийн сүүлд “Шал - Өвгөн” гэдэг кино, “Казахын хаант улс” гэдэг олон ангит кино үзсэн юм байна. Би казах дуу хөгжимсонсох дуртай. Их сайхан уянгалаг, зөөлөн аялгуутай байдаг юм. Абай Кунанбаевын “Көзимнин карасы” гэдэг дууг сонсох бүр их дуртай. Анх Зөвлөлт улсад оюутан байхдаа Роза Рымбаевагийн дууг сонсдог байсан бол эдүгээ би олон сувагт ТВ-ээр Казахын “Qazaq golden hit” хөгжмийн нэвтрүүлгийг үзэх дуртай. Нүүдэлчинүндэстнүүдэд төстэй зүйл их буй. 

Казах, монгол үндэстэн хоёр бол Их Монгол гүрний үед Эзэн Богд Чингис хааны хар сүлд тугийн дор дэлхийн талыг эзэлж явсан нь үнэн. Казах, монголын ард түмэн адилхан зовлон туулсан. Хоёулаа л хорьдугаар зуунд улаантан коммунистуудын харгис дэглэмийн дор хамаг мал сүрэг, хөрөнгөө хураалгаж, хамаг сайн сэхээтэн олон түмнээ хядуулж ядуурлын туйлд хүрч зовсон. Казахстанд өнгөрсөн зууны гучаад оны эхээр өлсгөлөн болж нэг сая казах хүн үхэж үрэгдсэн. Харин Монголд өлсгөлөн болоогүй. Хоёр орон хоёулаа л ерээд оны эхээр зөвлөлтийн улаантан коммунистуудын харгис дарангуйллаас салж эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олсон.Казах болон монголчуудад төстэй зүйл олон буй. 

Казахууд домбрын аянд уярч амтат айргаа ууж, сайхан морь унаж, бөх барилдаж, нум сум харваж үлгэр домог сонсох дуртай, ахмадаа хүндэлж, зочноо дайлдаг ард түмэн. Монголчууд бид ч гэсэн морин хуурын аянд уярч, амтат айргаа ууж, бөх морио уралдуулж эрийн гурван наадмаа хийж, үлгэр домгоо сонсож, ахмадаа хүндэлж, зочноо дайлж, ардынхаа ёс заншлыг баримталдаг. Бид адилхан л ахмадаа хүндэлж, ач дүү нараа хайрлан өсгөдөг гэр бүлсэг хүмүүс. Монголчууд болон казахуудад нэг ижил зүйл байдаг. Тэр нь нүүдэлчний соёл иргэншил юм. Бидний амьралын хэв маяг ижил юм. Бидний иддэг хоол, амьдардаг эсгий гэр яг адилхан байдаг. Казахууд айргийг кумыс, таргийг айран, аарцыг баурсаки, адууны махыг казы гэдэг, казахууд өтгөн шаргал сүүтэй цай ууж, мах ихтэй бешбармак, амтат плов зооглох дуртай. Монголчууд айргаа ууж цагаан идээгээ зооглож махан хоолоо идэх дуртай. Бидэнд ийм адилхан зүйл байгаа ч гэсэн огт өөр зүйл ч бас байдаг.  Исламын шашинтан казах хүн “Коран” судраа бишрэн уншдаг бол Буддын шашинтан миний бие “Ламрим” судраа бишрэн уншдаг юм. Казахууд жил бүрийн өдөр шөнө тэнцдэг 3-р сарын 22 -ны өдөр Наурызийн баяр тэмдэглэдэг бол монголчууд монгол хуанлийн дагуу жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Цагаан сарыг тэмдэглэдэг юм.

Төгсгөлд нь өгүүлэхэд дэлхийд ганцхан үлдсэн эсгий туургатны нүүдэлчний соёл иргэншилээ монгол, казах түмэн минь нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, улс орноо орчин үеийн өндөр хөгжилтэй хүчирхэг улс болгож, ард түмнээ баян чинээлэг болгож сэргээн мандуулах болтугай хэмээн ерөөе.

                                                                     Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР      2024.10.28