Хүйтний уур орж, шөнөдөө хасах хэм болж, анхны цас унаж зудын гамшигийн тухай яриа эхэлж байна. Яг энэ үеэс л наадам цөөрч найр эхэлнэ. Өнөөдөр намрын дунд сарын 17 буюу албан ёсны их найр хуримын өдөр. Энэ зунжингаа Монгол даяараа нүсэр их наадлаа.Яг л эртний туульсийн ялсан баатрууд наадаж наргиж байгаа юм шиг наадав. Унасан морио гундтал өмссөн дээлээ гандтал,торх торхоор сархад зооглож, үхэр үхэрээр мах чанаж , жар хоног жаргаж нэгэн наадав. Ная хоног наргиж нэгэн наадав. Ер нь цас ороогүй бол наадаад л баймаараа. Ямар ямар наадмууд болоод өнгөрвөө. Тоолохын ч аргагүй дээ. Харин энэ их хөлгүй цэнгэлд үрэгдэж байгаа хөрөнгө мөнгийг мэргэн уншигч нар минь багцаагаар тооцоод үзээрэй. Тоймтойгоос нь : Хамгийн том наадам Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын яруу алдарт ой Улаанбаатарт болов. Нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг гаргав. Засгийн газраас гарсан мөнгийг тооцохын арга үгүй. Дараа нь их хурд наадам боллоо. Ёстой нэг баярхаж өгөв. Зуун сая төгрөгийн ланд машинаар байлав. Дараа нь аймгуудын наадмууд болов. Албан ёсны мэдээгээр бол нэг аймаг 150-280 сая төгрөгөнд наадмаа багтаасан гэж байна. Гэхдээ энэ өчүүхэн бага төсөв хүрэлцэхгүй болхоор ирэх жил нэг аймаг 500 сая төгрөгөөр наадахаа эрхэм гишүүдээрээ дамжуулан төр засагтаа уламжлав. Дараа нь сумуудын наадам боловоо. Төсөв нь 60-100 сая төгрөг гэж байгаа болов ч сумын наадамдаа өгөх хандив тусламж, гуйсан түүсэнтэйгээ нийлээд 200 сая гарсан тухай бүх сумууд мэдээлсэн байна. 21 аймаг,Эрдэнэт ,Дархан хот, хотын дүүргүүд, 360 сумтай гэж тооцохоо мартав. “Эрдэнэт үйлдвэр “ ёстой юмтай газар шиг наадмын зарлагын ханшийг суга өсгөлөө. Дээд адгуусанд 10 сая төгрөг, дунд адгуусанд 5 сая төгрөг, адгийн адгуусанд 1 сая төгрөг шидэж, уулыг тал болтол талыг там болтол хүлэг сайн морио уралдуулж хүчит сайн эрсээ барилдуулж нэгэн наадлаа . Тоонд сайн уншигч нар минь үржүүлээд байгаарай. Баруун ,зүүн, урд, хойд, төвийн бүсийн их хурд наадмууд болов. Бүсийн хурд наадам хэмжээ цараа зарсан хөрөнгө мөнгөөрөө улсын наадмаас агуу гэнэв. Их хурд наадам битгий хэл бүсийн хурд наадмын түрүү морь бөхийн шагнал улсын наадмын шагналыг 100 дахин нэмсэнтэй тэнцдэг ажгуу . Өөр ямар наадмууд боллоо доо. Өө тийм Баруун зүүн Монгол,Ойрд халхаараа хуваагдан өрсөлдөн, тэмцэлдэн, хурд хүчээ сорин тэмцэлдэн наадав. Ястан үндэстэн, овог аймгаараа ялгарч баахан наадав. Буриадууд наадав. Өөлдүүд наадав. Дүрвэдүүд наадав, Баядууд наадав.Хасагууд наадав, Боржигнууд наадав. Баргууд наадав. Зарсан хөрөнгө , зартай томчуудаараа гайхуулан нэгэн наадав. Хүний хүч хүлгийн хурд, мэргэн харваачаараа гайхуулж нэгэн наадав. Архинд халуурсан наадмчдийн цөс нь хөөрөхдөө ойр тойрондоо байгаа овог аймгууд руу дайлаар мордох нь холгүй юм болж наадав. Инээдтэй жишээ ч их гарав гэнэ. Халхын наадамд түрүүлсэн тэр муу өөлдийн бөхийг тэнгэр харуулах юмсан гэж нэгэн монгол баатарын дүртэй дарга агсагнасаныг хэвлэлд тэмдэглэжээ. Өөлдийн наадмд түрүүлсэн тэр муу халхын адсагны шөрмөсийг огтлох юмсан гэж нэг хүлэг баатарын хувцаст гишүүн хутга гарган дүвчигнэсэн гэнэв. Эдгээр хөлгүй их баяр цэнгэл наадмуудаас хамгийн лут нь МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг төрүүлсэн нутаг Хөвсгөл аймаг хотгойдын Чингүнжавын наадам болов. Эл их наадамд Монгол улсын засгийн газраас нэг тэрбум төгрөг гарган өгч баярхав. Оролцсон төлөөлөгчид нь гэвэл улсын Ерөнхийлөгч,ерөнхий сайд, сайдуудаас эхлээд аймгуудын хурлын болон засаг ноёд хаа байгаа газраасаа эрх тушаал ямбаны унаа унаштайгаа морилон очиж өгсөн бэлэг өмссөн зүүснээрээ уралдацгаав. Эрхэм дарга хошуу ноёдууд Хөвсгөлийн наадмаас эргэж нутагтаа ирээд, нутагаасаа төрж гарсан хошуу ноён хийгээд өдгөө УИХ-ын гишүүн болсон томчуудынхаа наадмыг хийцгээв. УИХ-ын гишүүдийн хамгийн жул наадам нь УИХ-ын гишүүн Бямбацогттой хамт Ховд аймгийн Мянгад суманд бага сургуулийн хоёроос дөрөвдүгээр ангид хамт сурч байсан ангийн хүүхдүүдийн нь зохион байгуулсан нэрэмжит наадам болсон байна.Сониноор бичигдсэнгүй, зурагтаар гарсангүй. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас” Бямбацогт гишүүн наадам хийсэн ангийнхандаа баярлалаа” гэсэн цагаан мэдээ тараагаад өнгөрөв. УИХ-ын гишүүн томчуудаас наадмаа хамгийн нүнжигтэй зохион байгуулсан нь их аварга гишүүн Бат-Эрдэнэ болов. УИХ-ын гишүүн хууль зүйн байнгын хороон дарга их аварга Б.Бат-Эрдэнэ манлайлан Хэнтий аймагт 108 суврага босгож морь бөхийн бурхан бүтээж нүсэр их наадам хийж хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи уув гэж албан бусаар мэдээлэв.\ 108 сувраганд орсон хөрөнгө хэмээвээс тус бүр нь нэг сая төгрөгийн суврага 100, тус бүр нь 10 сая төгрөгийн суврага 8-ыг босгож нэг метрийн өндөртэй Дамдинчойжоо нэртэй морины бурхан бүтээж залав гэнэ. Харин бөхийн бурхан залаагүй.Яагаад гэвэл бөхийн амьд бурхан нь Хэнтий нутагийг ивээж, монголын хуулийг даргалж байгаа нь их учиртай гэв. \ Нэг сувраганд дунджаар 1-ээс 25 сая төгрөгийн цемент, туйпуй, ном орно гэж суврагны безнес эрхэлдэг лам ярив Г.Д\ Их аварга гишүүний манлайлан бүтээсэн суврага, наадмаас илүү гарах гэж аархан баярхаж УИХ-ын гишүүн Сангийн сайд Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч асан Чулуунбат , Ашигт малмалын хэрэг эрхлэх газрын дарга Батхуяг, иргэн Далай нар ивээн тэтгэж олон сая доллор хаян Сэлэнгэ аймагт гэрэлт цагаан суврага босгон түүхэн том наадам хийлээ. Төр засгийн хууль, банк, санхүүг атгасан эрхэм гишүүдийн цуглуулж наадсан энэ их хөрөнгө зудад малаа үхүүлсэн сумынхан болон ядмагхан зарим гишүүнээ хөлдөө чирэх нь байна. Саяхан намайг сумандаа очиход манай сумынхан 108 суврага босгож чададгүй юм гэхэд ганц суврага босгож Дондог гишүүнийхээ наадмыг хийе гээд хандив мандив болж байлаа.Тэгээд шүтлэгт Баян уулан дээрээ өнчин суврага босгож морь уралдуулж санаа амрав .Уул овоо, гишүүн, морь бөх, суврага тахилгын наадмууд үргэлжилнэ. Уудам Монгол нутгийн хичнээн овоог ч тахиж наадсан юм бүү мэд. Манай суманд л лав энэ хавар зун намар овоо тахилгын наадам таван удаа болов. Нэг сумын нутагт дунджаар гурван овоо тахисан гэж бодход 2000 наадам болоод өнгөрчдээ. Мартах шахлаа. Энэ бүх наадмуудад түрүүлж айрагдсан морь бөхийн мялаалгын наадмууд зун намрын зургаан сардаа багтах шинжгүй байна. Албан газруудын 30,40,50,60,70,80 жилийн ойн наадмуудыг хэн тоолж барах вэ. Адаглаад л сургуулиудын 80 жилийн ойн нүсэр наадмууд болоод өнгөрөв. Манай сургуулийн 80 жилийн ойн баяр наадам болж 6 настай энэ жил сургуульд орсон хүүхдээс эхлээд 60 гарсан буурлууд уулзаж учирч ангиараа нийлж хонь ямаа боож,айраг архи зооглож морь уралдуулж бөх барилдуулж маш сайхан наадав.Монголчууд даяараа сайхан наадлаа. Манай нийгмийг ерөөсөө л наадам зохицуулдаг юм шиг болжээ. УИХ-аа завсарлуулж байгаад, Засгийн газруудын байгууллагуудаа хааж байгаад, сургуулиудаа амрааж байгаад наадаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн байцааж байгаа хүмүүсээ гурван сар цоожилж байгаад л амарч нааддаг. Эдийн засгийн хохирол хэдэн тэрбум доллор найр наадамд үргэддэгийг хэнч мэдэдгүй. Лав л зудын гамшигаас арай илүү мөнгө эдгээр эх захгүй наадмын гамшигт үрэгдэж байна. Тэхээр өвөл нь зудын гамшиг зун нь наадмын гамшиг хоёр гамшигийн хооронд бид хэзээч дэвжихгүйнээ. Суврага барьснаас сургууль барьсан нь хамаагүй дээр. Бид найр наадам, морь бөх, дуу хуур,хуушуур боодог,бурхан, тахилга, бөө тамлага,айраг архинд хөрөнгөө үрж байдагаа барснаас ганц үйлдвэр барьсан нь илүү гэдгийг хорин хэддүгээр зуунд ойлгох юм бол бүү мэд. Нацагдорж зохиолч үнэн хэлжээ. “Амьд явбал наадам үзнэ” гэж. Иргэд ядуу явах нь хамаагүй наадам үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй юм шив дээ. Анхны цас орлоо. Наадмын гамшиг татарч зудын гамшиг эхэллээ. Амьд явбал ахиад л хойтон жил сонгуулийн урьд жил бүүр хөрөнгө мөнгийг ус шиг цацсан хөлгүй том наадмууд үзнэ.
Одоогоос олон мянган жилийн өмнө, ойрхи дорнодын хавьд хоёр голын сав газарт, давсны их баялагтай, тэр давсыг нь арабууд дарсаар сольж тэмээгээр зөөж авдаг нэг их баян хаант улс байжээ. Хаан эхэлж найр наадам хийгээд жаргаад байжээ. Дараа нь ард олноороо найрлан жаргадаг болжээ. Энэ улс орон одоо түүхэнд ч байхгүй болтлоо мөхсөн байна. Газар хөдлөлт , гадны дайсан довтолгоон,, боолчуудын бослого, эдийн засгийн уналтаар сүйрээгүй харин эх захгүй зугаа цэнгэл, “найр наадамын гамшиг”т сүйрсэн тухай гайхамшигтай номыг би уншиж дууслаа.
2008 он 9 дүгээр сар
байгал
Õîâä àéìàã
gerelee
badman
zochin
Зочин