(СОЛОНГОСЫН ЖИШГЭЭР “1937” ОНЫГ АВЧ ҮЗВЭЛ ЯМАР ВЭ?)
 
                                                            
2007 онд монголчууд, мөн оросууд нэгэн гамшигт үйл явдлын  70 жилийн ойг тэмдэглэсэн билээ. ОХУ-д энэ ойгоо 2007 оны 8 дугаар сараас тэмдэглэсэн,  харин манайд “9 дүгээр сарын 10” гэж тэмдэглэсэн. Ердөө сарын хугацаатайгаар хоёр хөрш улсад өрнөсөн тэр аймшигт үйл явдал тэртээ 70 гаруй жилийн өмнө СССР-т "Зөвлөлт Холбоот Улсын дотоодын дайснуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэх” гэх нэрээр өрнөжээ.  Хэдэн зуун мянгаар нь улс төрийн талаар хэлмэгдүүлсэн тэр үйл явдлыг бид “Хэлмэгдүүлэлт” гэж даруувтар нэрлэдэг бол оросууд маань “Төрийн террор” (эсвэл “Ежовщина”)  гэж оноож нэрлэж эхэлж байна.   

Лениний шадар Свердловын хүргэн Генрих Ягодад даалгасан тэр их аллага нь багадаад, өөрөөр нь сор залаад 1937 оны 8 дугаар сард дараагийн шатны террор эхлүүлснийг  “Төрийн террор” гэж орчин үеийн түүх бичлэгт үздэг болжээ. ГУЛАГ-ыг үндэслэгч Ягода гэгчийн балаг түүхнээс арилахгүй байтал 1936 оны намар Николай Ежов гэгчийг тавьж аллагыг гардуулжээ. “Ардын дайсан” гэгчдийн асуудлыг 1937 оны хоёр, гуравдугаар сарыг дамжин хуралдсан БХК(б)Н-ын Төв Хорооны бүгд хурал нарийвчлан хэлэлцэж “Төрийн террор” явуулах улс төрийн шийдвэр гаргажээ. Чухам  энэ бүгд хурлын “мэргэн” шийдвэр алсын Монголд ирж хэрэгжсэн нь нөгөөх хар дарсан “1937 он” билээ.   

1937 оны 5 дугаар сард маршал М.Тухачевскийг баривчилснаар Улаан арми дахь цэвэрлэгээ эхэлсэн бол манайд яг хуулбар нь тэр зун маршал Дэмидийг хорлож, ардын армийн генералуудаас баривчилгаа эхэлж байжээ. Москвад 8 дугаар сарын 1-нд Зөвлөлтийн До яамны (НКВД) сайдын № 00447 тоот шуурхай нууц тушаал гарч “Төрийн террор”-т хамруулах иргэдийг дараахи байдлаар ангилжээ. Үүнд:

-    "Нударган”
-    "Зөвлөлтийн эсрэг намуудын гишүүд"
-    "Бослогод оролцогчид”
-    “Фашистын болон тагнуулын бүлгийн гишүүд”
-    "Троцкистууд"
-    "Шашин, сүм хийдийнхэн”
-    Эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэхчлэн.  
 
Яг ингэж нарийвчлан ангилсан ангилал Монголд мөрдсөнийг би мэдэхгүй. Лав “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү Ёнзон хамбын”, “Цагаан, Бароны үлдэглэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт-Артурын” гэхчлэн ангилалаар хядлага өрнөсөн гэж үздэг.  

Дээрхи тушаал СССР даяар дороо тарж, Монголд ч заавал даган биелүүлэх хууль болжээ. Илчлэх, илрүүлэх, мөрдөн шалгах, шүүх, гүйцэтгэх  ажиллагаанд тухайн үеийн ханшаар Зөвлөлт төр 75 сая рубль төсөвлөж, түүний зарим нь манай улсын төсөвт сууж байжээ.

Ежовын тушаалаар хойно 8 дугаар сарын 8-нд Москвагийн ойролцоох Бутовын полигон гэдэгт анхны террорыг үйлдсэн ба бараг өдөр бүр шахуу алсаар 12 дугаар сар гэхэд НКВД-ын рапортолсноор 555 641 хүн баривчилж,  тэднээс 553 362-ыг шүүж, тэднээс  239 252-ыг нь цаазаар аваачиж (үүнд нударган тариачин 105 124, эрүүгийнхэн 36 063, хувьсгалын эсэргүү элемент  78 237, бас бус 19 828 хүн), мөн 314 110-ыг гяндан, шоронд хорих болж (нударган  138 588, эрүүгийнхэн 75 950, эсэргүү 83 591, бас бус 16 001) гэхчлэн жагсаж байна.  

Ерөнхий дүнгээр НКВД нь 1937-1938 оны ганцхан жилд улс төрийн сэдлээр 1 сая 345 мянган баривчилж, 681 мянгыг нь буудан алж, 115 мянга нь эрүү шүүлт даалгүй шоронд үхжээ. Муу хэлээд байдаг өмнөх хаант засгийн үетэй нь  харьцуулбал “Коммунист төрийн террор” тоо, чанарын хувьд дэндүү хол давж байна.  Хаант Орост 1825-1905 онд (бүхэл бүтэн 80 жил шүү дээ) 625 хүнд алах ял зааж, түүнээс 191-ийг гүйцэтгэж, 1905-1908 оны хувьсгалыг дарах явцад 2200 хүнд буудан алах ял өгч байжээ. Гэтэл СССР-т социализм ялуулж байсан 1935-1941 онд 6 сая хүнийг . ГУЛАГ ба шоронд илгээж, тэдний 25 хувь нь л ардын дайсан, эрүүгийн гэмт хэрэгтэн байж, үлдэх 75 хувь нь ямар ч гэмгүй иргэд хэлмэгдсэн тооцоо өнөөдөр гарч байна.   

Чухам 1937 оноос шоронгуудад эрүү шүүлт хэрэглэхийг коммунист намын Төв Хорооноос зөвшөөрчээ. Дзержинский, Ягода, Берия нартай харьцуулбал гүйцэтгэгч Ежов нь мэргэжлийн чекист биш,  намын ажилтан, намын томилолтоор очсон атлаа нөгөөдүүлээсээ илүү харгис, чанга, гаргуун гүйцэтгэгч алуурчин байсан тухай эдүгээ дурсах болжээ.

Энэ хүргээд СССР-ийг орхиё. Шал хөндлөнгийн өөр нэг жишээ. “Түүхийг цэвэршүүлэх тусгай комисс” 2005 оноос Өмнөд Солонгост ажиллаж эхэлжээ. Нэрнээс нь сүрдмээр, эсвэл манайхны сэтгэдэгээр бол хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр гэж сүржигнэмээр. Солонгосчууд дэлхийн II дайн дууссаны 60 жилийг ойг тохиолдуулан түүхэн хар сүүдрээ нэг сайн гөвөөд авъя гэсэн бололтой, түүхэн эмгэнэл гашуудлын дундуур төрийн бодлогоо шургуулаад авчээ. 1910-1945 оны 35 жилд Японы эзэгнэлийн дор япончуудад зүтгэж үйлчилсэн гэх үндэслэлээр нэр нүүр сайтай, дэгүүр тушаалын 3090 хүний нэрсийг хэвлэлд жагсааж нийтэд зарласнаа энэ тусгай комисс мэдээлэв. Гэтэл нэрсийн дотор нөгөөх “Бар улс” гэгчийг байгуулсан Ерөнхийлөгч Пак Жөн Хиг японы армийн офицер байсан гэж орсон нь маргааны сэдэв болжээ. Эдүгээ БНСУ-ын төр засагт чухал алба хашиж байгаа зарим нөхдийн эцэг, ах дүүс, ерөөсөө энэ орны эдийн засаг, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйлсэд гавьяатай хүмүүсээс  энэ жагсаалтад  цөөнгүй хүмүүс оржээ. Ийнхүү түүхийг цэвэршүүлэх нь зөв зүйтэй гэдэгт солонгосчууд санал нэгтэй байна. Харин жагсаалтыг ил болгохдоо улс төрийн байр суурьнаас хандах нь буруу, түрүүчээсээ нийгэмд нэлээдгүй үймээн тарьж магадгүй гэдэгт баахан халширч байгаа бололтой.

Энэ бол манайханд тусах нэг туршлага сургамж гэдэг утгаар Монголдоо татаж авчран тайлбар хайя. “Хэлмэгдүүлэлт” хэмээх даруувтар нэр томъёог оросууд шиг  “Төрийн террор” гэж шууд нэрлэе. Учир нь төр оролцож, төрийн машин яргалал үйлдсэн байна. Бага хаадын үе, Манжийн үе, Богд хаант Монгол улс гээд өмнөх түүхийн  бүх үетэй нь 1937 оны “Төрийн террор”-ыг харьцуулсан судалгаа хийж,  тоо, чанарын хувьд дэндүү хол давсан бол тэр баримтыг дэлгэе. Дэндүү цөөхүүлээ монголчуудын хувьд авч үзвэл “1937 он” хол давж гарсан гэдэгт эргэлзээ байхгүй.
 
Монголын төр өөрөө эргээд 1996 онд уучлал гуйсан. Гэвч түүх цэвэрших ёстой гэдгээр мартаж үл болмоор. 1930-1940-өөд оны гавьятан-хүндэт чекистүүд, 1950-1990 оны мэдээлэгч чагнагч, гүйцэтгэгч гээд үе үеэрээ Солонгосын жишгээр нэрсээ жагсаалгах хүн манайд даан ч, дэндүү олон буй. “Цусан гавьяаны одон” хэмээхийг цус урсгаж, цусаа урсгаж байж хүртдэг учраас ч “цусан” гэж 1930-аад онд тодотгосон. Энэ бол шууд утгаараа яг оносон нэр байлаа. 1930, 1940-өөд онд тэр үеийн До яаманд чекистээр орж ажилласан ахмадууд байгаа бол, ялангуяа “ХТАЗ” (хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн), “Ахмад дайчин” хэмээх алдрыг олон жил хүртэж энгэр дүүрэн одон тэмдэг гялалзуулан яваа бол, эсвэл үр сад хоймортоо хүндэтгэлтэй залсан бол түүний нэлээдгүй нь “цус урсгаж” олж авсан байх нь шүү.

Хожим энхийн бүтээн байгуулалтын цагт “Цусан” хэмээх зүрх зүсүүлсэн үгийг “Байлдааны” хэмээх дундаж тодотголтой болсон. Энэчлэн яривал эдүгээ НАХЯ-наас тэтгэвэртээ суусан амьд сэрүүн яваа олон арван ахмадын хэн нь хэн байсан бэ гэдгийг илээр зарлах цаг болсон мэт. “Маахуур Дамба”, “Мангас Дорж”; дипломатч, нам-төрийн зүтгэлтэн, зохиолч Д.Чимэддорж гуайн нотолсноор бол хожмын нэрт зохиолч болцгоосон мөрдөн байцаагч “Ямаан” хэмээх байцаагч Сэнгээ, эмэгтэйчүүдийн мөрдөнгийн байцаагч С.Удвал, мөн 1937 онд алуулж байсан нүхний дэргэд гэрэл тусгаад зогсож асан хожмын генерал С.Даваахүү, бидний хамгийн хайртай зохиолч Давид Кукульдинов гэхчлэн 1937 оны ийм яргачид, тэдний хамсаатнууд Солонгос маягаар илчлэгдэх болоогүй гэж үү? Харин тэдний үр хүүхэд, ач зээ нарт энэ явдлын бурууг өнөөдөр тохох хорон санаа явуургүй. Гэхдээ нэрсийг ил гаргах цаг болсон.

2006 онд 90 насных ой тохиох гэж байгаа Ю.Цэдэнбал гэх нэгэн эрхэм бол Солонгос маягаар илчлэгдэх жагсаалтын эхэнд бичигдэх ёстой бөгөөд түүх уучилж, бас уучлахгүй байж болдог гэдгээр хандвал, мөн посткоммунист ертөнцийг жишгийг дууриавал сүүлчийн сонголт болох мэт. Хойшоо “Алтан Москваг” зорин хэдэн түмээрээ эрдэм боловсролд гэгээрэн ирсэн их гавьяаг нуршилгүй, тэднээс хэн хэн хичнээн нь Зөвлөлтийн До яам, хожмын КГБ-д элсэгдэн тусгай үүрэг даалгавартай болоод цохиж ирснийг магадлах цаг хэдийнэ өнгөрсөн мэт. Энэ хүрээнд л Ю.Цэдэнбалын 1940, 1950-иад оныг авч үзэх болов уу.  

1990 онд энэ хүнд ногдуулсан МАХН-ынх нь шийтгэл багадаагүй, гэвч хожим улс төр хийх популист сэтгэлдээ эргэлтгүй хөтлөгдөгсөд  Цэдэнбалыг мянга амилуулж, нийгмийг залхаатал сурталчилсаар XXI зууны эхэн үеийг туулж байна. “Түүний оронд хэн ч үлдсэн тэгж л ажиллах ёстой байсан”, “цаанаас нь  Москвагаас зориудаар дэмжин тэтгэсэн” гэдэг хууль үйлчилснийг энд мэтгэлцэлгүй, Цэдэнбал нь Зөвлөлтийн НКВД-д элсэгдэн, эрүү шүүлт тулгахыг зөвшөөрсөн гарын үсэг зурж, тэр ч бүү хэл албан тасалгаандаа улс төрчдийг дуудан бариулж байсан   баримтууд нь л XXI  зууны ардчиллаар тэр хүнийг бүр мөсөн мартуулах ёстой бус уу?

“Түүхийг цэвэршүүлэх тусгай комисс” Солонгост ажиллаж эхэлсэн жишгээ байя гэхэд хуучин Ардчилсан Германд хүний (Москвагийн) мэдээлэгч байтугай дотоодын өөрийн мэдээлэгчдээ бүгдийг ажилгүй болгож ("Штази"-ийн 91 000 орон тооны чекист байснаас хоёр Герман нэгдсэний дараа тэднийг эрүүгийн хэрэгт татаж мөрдөн мөшгисөн, мөшгиж ч буй), Чех, Польш, Унгар, Болгар, Румын, Прибалтикт нам-эвлэл, үзэл суртал, хүчний байгууллагын бүх хүмүүст чухам тийм байсных нь төлөө ямар нэгэн цээрлэл үзүүлсэн гашуун түүх нэгийг өгүүлэх бус уу?  

                                   Бид ингэхэд хэн юм бэ? Непко хэвлэлийн газар, 2007
                                                                  номынх нь 84-88 дахь хуудаснаас