(МАХН-ын шинэчлэлийн үйлсэд)
                                      
1991, 1992 оны түүхэн үйл явдлууд руу эргэж нэг аялъя. “БНМАУ” хэмээх улсын нэр “Монгол Улс” болж өөрчлөгдөхийн босгон дээр, тодорхой хэлбэл шинэ Үндсэн хууль ид хэлэлцүүлэгт байх үест Монгол даяар сэтгэл бачуурах, савлах, эсэргүүцэн тэмцмээр болох, боож үхмээр болох үе ч бишгүй тохиолдож байсан билээ.  Эх орныхоо нэрийг зүв зүгээр байж байгаад сольчих сэтгэлийн тэнхээ Монголд  ахимаг, хичжээл насныханд, ялангуяа тэр үеийн МАХН-ын гишүүдэд нэн ихээр дутаж байсансан. Гэвч зориглослоор, зүтгүүлсээр “Монгол Улс” болж чадсанаар үл барим эдүгээ “БНМАУ” гэсэн нэр нэг л эрүүл бус сонсогдохоор болжээ.  Дасаагүй чихэнд бол бүр тэс хөндлөнгийн үг гэмээр. Эх орон маань ийм нэртэй байсан гэхэд лав бидний үр ач нар итгэхгүй.  

1924 онд “Хэмжээт эрхт хаант засгаа” халж БНУ-аа тунхагласантай холбогдоод “БНМАУ” гэсэн нэр томъёог гаргаж ирсэн ба 1992 онд нийгэм-улс төрийн байгууллаа халсантай холбоотойгоор “Бүгд Найрамдах”, “Ард” гэсэн гурван үгийг зэрэг гээжээ. Тэглээ бид БНУ-ын хэлбэрээс татгалзаагүй, гэхдээ коммунизмын тогтолцооноос эгнэгт татгалзсанаа илтгэсэн нь тэр байв.

Энэчлэнгээр эдүгээ намынхаа хүрээнд нэг бус удаа яригдаж, хэрэгжих нь цаг хугацааны асуудал болоод буй МАХН-ын нэрийн тухай өгүүлэх гэсэн юм. Яг үнэндээ түүх сөхвөл доктор Сунь Ятсен “Тунмынхой” буюу “Ардын гурван зарчмын“ үзэл санаа гэгчээ 1914 онд улс төрийн нaм болгосон нь эдүгээ Тайваньд буй үндсэрхэг Гоминдан нам юм. Анхандаа Хятадын Хувьсгалт Нам буюу “Жунхуа Гэминдан” гэж  (манайхны гамин цэрэг гэдэг нь “хувьсгалт цэрэг” гэсэн үг)  нэрлэсэн, яваандаа бүх улсыг хамраад ирмэгц Улс Ардын Нам буюу Гуо Миндан гэх болсон аж. “Хувьсгалт” гэдэг нь хятадуудын сэдэл байх нь.

Харин Монголд Хүрээний хоёр нууц бүлгэм “Нам нийлж сэм хуйвалдсаар” нам болох үест 1920 оны зун “Монгол Ардын Нам” хэмээх цоо шинэ улс төрийн байгууллага бий болжээ. Тэр үед намыг үндэслэгч Данзан, Бодоо, Сүхбаатар, Чагдаржав нар намаа “Хувьсгалт байгууллага” төдийхнөөр ойлгож, Хиагтад хийсэн МАХН-ын анхдугаар их хурлаа зөвлөлгөөн гэж нэрлэж, түүнийг нь 1924 онд намын III их хурлаас “анхдугаар их хурал гэе” хэмээн нөхөж нэрлэсэн ба хожим нь намын нэр дээр “Хувьсгалт” хэмээх тодотгол үг нэмэгдэнэ чинээ тэд огт төсөөлөөгүй юм. Тэд шинэ тодотгол үг бүхий МАХН-тай хувь заяагаар учраагүй. Хэрэв тэд амьд сэрүүн үлдсэнсэн бол “Хувьсгалт” нэрийг намдаа авах байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Эндээс нэг дүгнэлт хийвэл, МАХН-ыг жинхэнээр үндэслэгчид нь “Хувьсгалт” хэмээх тодотголыг сэдэж олоогүй, бий болгоогүй. Иймд энэ үгийг аваад хаячихлаа  гэхэд түүхийн өмнө  хэн ч буруутахгүй болж байна.

“Хувьсгалт” хэмээх үг чухам хэн хаанаас гаргаад ирсэн хэрэг вэ, энэ нь лав монголчуудын оюун санааны бүтээл байсангүй. Намын гол лидерүүд цаг бусаар эрсэдсэн, эрх мэдлийг Коминтернийн томилгоо бүхий буриадууд гартаа барьж байсан үед Рэнчино Элбэгдорж “Хувьсгалт” хэмээх тодотголыг гаргаж иржээ. Намын нэрийг нь сольж, намын түүхийн нэгэн шинэ үе тэгж эхэлжээ. 1920-1924 оноор нэг үе, 1924-1940, 1940-1990, 1990-1997, 1997 оноос өнөө үе гэсэн үечлэл хийсэн байхыг би олж үзээгүй, гэхдээ би түүх судлаачийн хувьд санал болгочихъё. Тодорхой хэлбэл:
 
1920-1924 онд Монгол Ардын Нам буюу тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө нам
1924-1940 онд ангийн үзэл суртлаа төлөвшүүлэхийн төлөөх тэмцлийн үеийн МАХН буюу нам жинхэнэ хэлмэгдэж завхарсан үе
1940-1990 онд социализмын материал-техникийн бааз байгуулахын төлөө жинхэнэ марксист-ленинист МАХН. 1966 онд МАХН-ын XV их хурлаар намын программ батлах гэж байхад “Монголын Коммунист Нам”  хэмээн нэрлэе гэсэн санал хүчтэй түгсэн (Ю.Цэдэнбалын илтгэлийг үз!)     
1990-1997 онд МАХН онол-үзэл суртахууны шилжилтийн үе туулж, онолын төөрөгдөлд (Нагаржунайн философи) орж, зөв гарц хайсан эрлийн үе
1997 оноос социал-демократ, социалист маягийн зүүн-төвийн МАХН шинээр төрөн гарч төлөвшиж эхэлсэн үе гэж дэс дараалж байна. 1997 онд “МАХН (АС)” гэсэн шинэ нэрээр реформ хийх гэж байсныг ч бас энд дурдах нь зүйтэй.

МАХН нь ийм түүхэн 5 үе дамжиж өнөөг хүрсэн бол энэ үеүдэд Монгол нь нийгэм-улс төрийн гурван өөр байгууллын 4 үеийг дамжиж хөгжжээ. Энд би мөн л түүх судлаачийн хувьд үечилж байна. Үүнд:
1.  1924 он хүртэл үндэсний-эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл
2.  1924 оноос капиталист бус хөгжлийн хүчирхийллийн зам
3.  1940 оноос хүчирхийллийг дуусгаж, коммунизмын анхан шатыг байгуулах давшилтын зам
4. 1990 онд коммунизм эргэлтгүйгээр нуран унаж, капитализмын зэрлэг хэлбэр рүү шилжсэн, эдүгээ энэ шилжилт шувтрага руугаа явж байна.

Тэгвэл нийгмийн  гурван өөр байгууллын үед МАХН нь нэрээ 2 янзаар авч яваа ба эдүгээ капиталист шилжилтийг хөтлөлцөн яваа социалист намын хувьд намын нэр солих асуудал яалт ч үгүй тулгагдаж байгаа. “МАН” гэдэг хуучин нэр сэргэх тухай ид ярьж эхэлж байна. “МАХН” гэсэн товчлолыг хэвээр хадгалсан тохиолдолд (Ардчилсан Хөгжлийн, Ардчилсан Хөдөлмөрийн гэх мэт) намын нэр солих тухай түгээмэл ойлголт олон жил яригдсан. Энэ нь дотооддоо зөв байж болох ч орос, англи, хятад хэл рүү орчуулаад дэлхийд гаргаад тавьчихвал юу болохыг төсөөлөл дөө. Уг нь бодууштай юм. “Хувьсгалт” хэмээх тодотголыг хасвал үүнээс үүдэн нийгэм-сэтгэхүйн том хямрал үүсэх мэтээр болгоомжилдог. Гэвч хямрана гэж айлгаад буй ахмад хижээл насны намын гишүүд нь энд бичсэнийг сайтар ухаж ойлговол тийм ч аймаар сүрдмээр юм бас биш. Бид “БНМАУ” гэдэг товчлолыг халж чадсан, түүний хойноос боож үхсэн хүн гараагүй, гэтэл ”МАХН” гэдгийг яагаад чадахгүй гэж, манай эх орны түүх бараг 4000 жил,  гэтэл Монголд буй олон намын зөвхөн нэг нь болчихоод буй МАХН-ын түүх ердөө 89 жил.

Монголчууд бид социализмын замаар 70 жил замнахдаа ямагтаа Алтан Москваг ширтэн, хөгжил дэвшил, үлгэр дууриалаа зөвхөн тэндээс олж хардаг авдаг байсан бус уу. Нэгэнтээ “Хувьсгалт” гэдэг үг МАН дээр Москвагаас шаагдан ирсэн, тэгээд бас хятадууд анх сэдсэн юм бол түүнийг эргүүлээд аваад хаячихаас юундаа бид тэгтлээ эмзэглэх билээ. Зөвлөлтөөс дууриах хуулбарлах юм зөндөө байсан л юм бол намын нэр дээрээ ч туршаад үзэхэд юу болохгүй гэж. Жишээ нь бидний мэдэх Лениний их нам эдүгээ Г.Зюгановоор толгойлуулсан ОХУКН хэмээсээр л байна. Оросууд ухаалаг, уян хатан байхын үлгэрийг чухам энэ намын нэрийн асуудалд ямагт харуулж ирсэнийг бид туршлага сургамж болгож болмоор .  Эхлээд 1902 онд ОАСДН (Оросын Ажилчны Социал-Демократ Нам), дэлхийн дайны үед олонхи (большевик), цөөнхөөрөө (меньшевик) хуваагдан Оросын Коммунист(б)Нам, нэгдмэл СССР-ийг  байгуулмагц БХК(б)Н, дэлхийн II дайны дараа ЗХУКН, СССР задарсны дараа хориглогдож, 1993 онд шинээр бий болохдоо ОХУКН гэж өөрчлөгджээ. Ах нар намын нэрээ 5 удаа сольсон ч хэрэв Төрийн Думын дараагийн  сонгуульд ялагдал хүлээвэл дахин солихоос буцахгүй.

Коммунист ажилчны хөдөлгөөн хэмээх олон улсын намуудын томхон эвсэл Социнтернийг сөрөн зогсож байсан ба 1957, 1960, 1969 оны Москвагийн зөвлөлгөөнүүд түүхнээ мөнхөрсөн. Эдгээр гурван зөвлөлгөөнд дэс дараалан оролцсон намуудаас эдүгээ МАХН ганцаараа эрх барьсаар, барилцсаар шинэ зууныг давжээ. Тэр үеийн коммунист хөдөлгөөний дайчин манлай цуваа- Социалист орнуудын намуудаас эдүгээ МАХН тэр нэртэйгээ торойн хоцорчээ. Коммунист хөдөлгөөний дотор хагарал бутрал хангалттай байсан бөгөөд Хойд Солонгосын Хөдөлмөрийн Нам бүрэн зожгирч, Вьетнамын нам нэрээ сольж, Кубынхыг хувьсгал ялснаас нь бүр хойно зориудаар Москвагаас байгуулж өгсөн гээд ярьвал МАХН яах аргагүй хошуучлан ганцаархнаа хуучин нэртэйгээ үлджээ. МАХН-тай яах аргагүй амин холбоотой явсан, хамтран хошуучилж манлайлж явсан тэр намууд хаачсан бэ, би зөвхөн нэр сольсоныг нь хэлэх гэсэн биш. “ЗХУКН”-ын нэгэн адилаар  “ГНСН”, “ЧКН”, “ПАНН”, “УАСН”, “РКН”, “БКН”, “ЮКХ”, “АХН”, “КАХН” ... бүгд (хөгжиж буй орнуудын намуудыг дурдалтгүй) түүхийн архив руу орчив уу. Учир нь тэд намын нэрээ сольсон төдий бус, намын түүхээ өндөрлөж цоо шинээр шинэ түүх эхлүүлэхийг зорьсон юм.     

МАХН намын гадаад харилцааны түүхээ чухам л цоо шинээр бичиж эхэлж байна. 1997, 1999 (Социнтерн-д бүртгүүлж ажиглагч болсон), 2003 (Социнтерн-д элссэн) онуудаар энэ түүх эхэлж байна. Ийм шинэ үйлсийг эхлэн сэдэхдээ “МАХН” хэмээх ганцаараа сондгойрч үлдсэн түүхээ бас цоо шинээр эхэлж болохгүй гэж үү?


“Өдрийн сонин”,  2004.05.20  № 123 /1625/; “Зууны мэдээ”, 2006.10.04 № 238 /2374/;  “Зууны мэдээ”, 2007.10.12  № 245 /2693/ дугаарт хэвлэгдсэнээс эшлэв