-Таны www.twitter.com-д үлдээсэн “Хувьсгалт нам нүү­рээ угаагаад, нэрээ со­лиод яваад өгдөг. Харин АН тэдний нүүр угаасан угаадас дотор нь халтартаад үлдэх вий дээ” гэсэн өгүүлбэр ан­хаарал татлаа л даа. МАХН-ын нэр, үзэл баримтлалаа шинэчлэх асуудлаас яриа­гаа эхлэх үү?

-МАХН нэрээ яаж солих, дотооддоо үзэл санааны ямар өөрчлөлт хийх нь тэр намын асуудал. Хувьсгалт намын гишүүдийн өөрсдийнх нь эрх мэдлийн хэрэг л дээ. Эндээс орчин үеийн ардчилал, өрсөл­дөөнт улс төр, олон ургалч үзэл санаан дотор амьдарч бай­гаа болохоор би өөрийн­хөө намыг л харж байна. Нэгдүгээрт, МАХН яагаад өөрөө тэвчдэггүй, адгаж эсэргүүцдэг зүйлийнхээ төлөө мөн чанараараа биш дүр эсгэж ярьдаг болов гэдгийг харж байна. Ний нуугүй хэлэхэд, хяналт, хариуцлага, хүний эрх гэхээр л МАХН-ынхан яг өөрсдийгөө шүүмжилж байгаа юм шиг, гэрийг нь бусниулчих­сан мэтээр эсэргүүцэж хүлээж авдаг шүү дээ. Гэтэл одоо тэр адайр аашаа таг мартаад, эсэргүүцэж байсан зүйлсээ өөр рүүгээ нааж эхэлсэн нь гайхал төрүүлж байна.  

-МАХН-ын энэ үйлдэлд АН-ынхан, та яагаад эгдүү­цээд байгаа юм бэ?


-Ардчилал бол Монгол Ул­сын маш том сонголт байсан. Энэ зүйлийг МАХН эсэргүүцэх­гүй, хүний эрх гэхээр зөрж хэвтэх биш, чухал шүү гэж хүлээн зөвшөөрдөг болбол сайн л байна. Тэгвэл үнэхээр дэвшил болно. Гэтэл зүгээр л нүүрээ угаагаад, энэ ойлгол­туу­дын ард буцаад төрийн албыг зардаг, хүний эрхийг үл тоодог, иргэдийг оролцуулах биш, бид гэж дээгүүр нисдэг байвал болохгүй. Ерөөсөө нууж, хаах зүйл мэтээр ойлгож байвал эвгүй асуудал үүснэ. Мэдээж МАХН-ын асуудал тэр намын л асуудал. Эсрэгээрээ ийм боломжийг тэдэнд хэн олгож байна вэ гэдгээ эргээд харах ёстой. Хуучин бол ард түмэн энэ нам л бидний эрхийг хамгаалдаг, эд нар л шударга ажилладаг, өөрчлөлт шинэч­лэ­лийг эд л авчирна гэж хү­лээдэг байлаа, АН-аас. Тэр хүлээлтэд бид хариу өгч чадаж байна уу гэдгийг бодох ёстой. Дээр нь АН-ын мөн чанар, гол үзэл санаа гэж бий. Тэр үзэл санаа, мөн чанараа бид тээгээд явж чадаж байгаа юу гэдгээ хар­маар санагдлаа. Олон хүн энэ сэдвээр шүүмжилдэг. Би ч тэдний шүүмжлэлээс хуваалц­даг. АН өнөөдөр өөрийнхөө буурин дээр гэрээ барихгүй, айлын буурин дээр амьдраад байна. Нөгөө айл нь нүүрээ угаагаад, хувцсаа солиод ява­хад бид нүүрээ угаасан угаа­дас дотор нь үлдэх болж байна уу. Бид эргээд үзэл санааны­хаа хил хязгаарыг харъя л даа. Улс орноо хөгжүүлэх гэж аль аль нам нь л явж байна. Харин хөгжилд хэрхэн хүрэх вэ гэдэг дээр зөрүүтэй үзэл санаа гардаг. Эрхэмлэж байгаа үзэл санаа, барьж байгаа зарчим нь ч ялгаагүй зөрүүтэй. Тэр зүйлээ тодотгож харахгүй бол бид МАХН-аас ялгарахааргүй болчих гээд байна. МАХН-ынхан өнөөдөр төрийн албыг хар зах дээр байгаа юм шиг зардаг. Төрд зарж болох юу л байна бүгдийг нь зардаг. Тэнд ёстой, ёсгүй, ёс зүйн тухай ойлголт гэж үгүй. Гол нь би л зарж байвал хамаагүй гэж ханддаг нь нууц биш. Үүнтэй адилхан төрийн гэсэн бүхнийг зарж чадахгүй юм гэхэд нам доторхио зарж иддэг нь АН-д ч байна. Яахав, зарж байгаа юм нь жижигхэн боловч ерөн­хий зарчим нь ижилхэн болчи­хож. Түүнээс бид яаж салж, өөрчлөгдөх вэ гэдгээ яримаар санагдаад байна. АН-аас олон нийтийн хүлээж байгаа тэр үзэл санааг тээж чадаж байна уу гэдгээ яримаар байна. Үнэ­хээр зөв явж байвал болж байна. Чадахгүй байвал яах вэ. Өөрчилье л дөө. Түүнээс биш хэн нэгэн даргыг солих, хэрэлдэж буй хоёр хүний нэг талд гарах зэргээр хувийн шинжтэй асуудал ярих хэрэг­гүй. Намын шинэчлэлийн талаар ярих цаг нь болсон.
МАХН-ын шинэчлэл эерэг нөлөө нийгэмд авчрах юм бол бид дэмжинэ. 2008 оны дол­дугаар сарын 1-ний асуудлыг ичихгүй, айхгүй ярья гэвэл, таван хүний алтан амьтай холбоотой хэрэгт уучлал гуйя гэж байгаа бол МАХН-ыг дэмжих байна. Үүнийг хийхгүй мөртлөө “Бид хүний эрх ярьдаг нам” гэж өөрсдийгөө цоллож байгаа бол энэ чинь эрүүл бус үйлдэл шүү дээ.

-Таныхаар АН хоосон буурин дээр үлдэх нь үү, эсвэл дагаад нүүх нь үү?

-Би хэлж мэдэхгүй юм. Одоогоор дүгнэхэд ч эрт бай­на. Энэ нийгмийн эрүүл саруул өөрчлөлт, шинэчлэлийн түү­чээ нь АН болж явдаг байлаа. Тэрийгээ л өнөөдөр манайхан хийж чадахгүй байна гэж хэлэх гээд байна. Түүнээс биш МАХН-ыг заавал дагах тухай яриагүй. Ерөөсөө хувьсгалт нам хаашаа явж байгааг ч би мэдэхгүй. Бас явж байгаа чиг нь үнэн гэдэгт эргэлзэж бай­гаа. Харин АН-ын хувьд зам нь тодорхой харагдаж буй. Энэ за­маа­раа явж байна уу, үгүй юү гэдэг л асуудал болоод байна.

-МАХН-ынхан Бага хурлаараа алхах ерөнхий замаа заачих шиг боллоо. Нэрээ солих, үзэл баримтла­лаа шинэчлэх асуудлыг Их хурлаараа хэлэлцэх нь. Ха­рин АН-ынхан яах бол гэсэн хүлээлт нийгэмд байна л даа. ҮЗХ-ноос ямар шийд­вэр гарах бол гээд л…?  


-АН-д явах зам нь тодор­хой байгаа. Энэ данхайсан төрийг бага бүтэцтэй, үр ашигтай болгох, илүү ил тод нээлттэй, дээр нь хариуцлага­тай болгоно гэсэн. Ардчиллыг нэлээд чанаржуулах шаардла­га байна.  Хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл хийх гээд л ярьж болно. Улс төрийг дагаж үйлчилдэг биш, иргэд­дээ үйлчилдэг хуулийн бай­гуул­лагатай болъё л доо. Энэ зорилт руу явсан уу, үгүй юү гэдгээ ҮЗХ хэмжих хэрэгтэй байна. МАХН-ынхан бол явж байгаа замаа сольж, өөрчлөх гэж байх шиг байна. Бид хэдийнэ тэр замаа сонгочих­сон шүү дээ, 1990 онд. Хүсч мөрөөдсөн зүйл гэвэл иргэний нийгмийг илүү хүчтэй болгох, жирийн иргэнийг хангалуун сайхан амьдруулах тухай. Ийм боломжийг бий болгож чадах төр, засагтай болох тухай ярьж ирсэн. Тэр нийгэм нь авлига­гүй, хариуцлагатай, алдаа гарвал хариуцлага тооцсон шиг тооцож чаддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр жирийн иргэн хулгай хийхэд хуулийн хариуц­лага тооцдог хэрнээ, албан ту­шаалтан луйвар хийхэд ядаж л ажлаас нь халж чадахгүй байна шүү дээ. Энэ бүх шудар­га биш байдлыг үгүй болгох гэж Ерөнхийлөгч амлалт өгч, АН мөрийн хөтөлбөртөө тусгачихсан. Үүнийгээ хийж байна уу гэдгээ бид өдөр бүр харж, алхмаа хянах хэрэгтэй байна. Бидний зорилго тодорхой шүү дээ.

-Зорилгодоо хүрэхэд хам­тарсан Засгийн газарт орсон нь саад болж байна уу?

-Хамтарсан Засгийн газарт АН ороход би таатай хандаа­гүй. Дэмжээгүй хүнийх нь нэг. Засгийн газарт орлоо гээд АН-ын мөн чанар руу алхсан бол хүлээн зөвшөөрөх байлаа. Гэтэл бүтээн байгуу­лалт, төмөр зам, үйлдвэржилт гэдэг ч юм уу, АН-ын хэдэн сайдын авч яваа ажлууд дээр л тодорхой ололтууд гарч байна. Нөгөө талаас бол мөнгө, эрх мэдэл, тодорхой төслүүд дээр АН ч тэр, МАХН ч ялгаагүй хүсэл эрмэлзлэлтэй байна шүү дээ. Ийм асуудлыг улстөрчид, бүлэглэлүүд идэвхийлэн дэмждэг. Харин хүний эрх, төрийн байгууллагын шинэч­лэл, хуулийнхний өөрчлөлт дээр яагаад доороо зогсчи­хоод байгаа юм бэ. Уг нь, на­мынх нь өөрийнх нь дэмждэг зүйлс чинь энэ шүү дээ. Жишээ хэлье л дээ. 76 тэрбум дээр АН-ынхан гэдийгээд л зогс­чихсон. Бүр Ерөнхийлөгч хориг тавиад байхад шүү дээ. Анх энэ мөнгийг АН-ынхан Н.Энхбаярын санаачилсан авлигын систем гэж шүүмжилж л байсан. Гэтэл яагаад шүүм­жилж байсан зүйлээ өөрчлөх боломж олдоход гэдийгээд зогсчихов оо. Яагаад хүний эрхийн асуудлаар АН-ын ги­шүүд, тэр дотроо лидерүүд нэгдсэн байр суурьтай байж чаддаггүй юм бэ. Хуулийн ши­нэч­лэлээр Ерөнхийлөгчөөс олон төсөл УИХ-д орж ирсэн. Аль нь ч яагаад явахгүй байгаа юм бэ. Шалтгаан нь гэвэл адайр зантай нэг сайд, эсвэл хуучнаа санагалзсан хэдэн хуульч л байна шүү дээ.
Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө АН нэгдэж дуугарах бай­тал салангид оршоод бай­на. Харин мөнгө төгрөг, албан тушаалтай холбоотой асуудал дээр нэгдээд байгаа нь АН-ын мөн чанар мөн үү. Энд л би шүүмжлэлтэй ханддаг.

-Шинэчлэлийн төлөө гэж Ардчилсан хүчний холбоо­ныхон үйл ажиллагаагаа эр­чимжүүлж байна л даа. Гэ­тэл АН-ыг хоёр хуваах нь гэсэн мэдэгдлийг танай ли­де­рүүд хийгээд эхэлчих­лээ?


-Би нэг л зүйлийг харж яв­на. Монгол Улсыг төрийн бай­гууллагууд хянадаг. Хяналтаар дэвшилттэй, нэг бол буруу зүйлийг л олж харна шүү дээ. Дэвшилттэй зүйлийг дэмжиж чаддаг, бурууд нь хариуцлага тооцдог, өөрчилдөг, хориглож чаддаг болох хэрэгтэй. Хүний эрх харьцангуй хүлээн зөв­шөө­рөгдсөн тийм л нийгмийг би хүсдэг. Ийм нийгэм байгуу­лахын тулд АН хүчтэй байхгүй бол болохгүй. АН-ыг хүчтэй байлгах шалгуур нь нэгдмэл байдал. Гэхдээ нэгдмэл гээд хэн нэгэн дарга, цэргийнхээ ард жагсах биш шүү. Үзэл баримтлал, мөн чанарынхаа ард нэгдмэл зогсохыг хэлж байна. Ийм агуулгаар нь хар­вал, Э.Бат-Үүл гишүүнтэй санал нэг байгаа. АН одоо бүлэг фракцаараа талцаад, хэдэн тийшээ хараад суудаг байж болохгүй. Эцсийн дүндээ хэнд хожил болж байна гэхээр энэ өөрчлөлтийн эсрэг байгаа нөгөө талд л хожил болж байгаа шүү дээ.
 
-Хяналт тавихын тулд заавал Засгийн газраас гарах ёстой юу?

-Мэдээж. Ардчилсан ний­гэм, парламентын засаглалтай улсад олонхи, цөөнхийн зар­чим эвдэгдсэнээс болж олсон зүй­лээсээ илүү алдааг ирээ­дүйд авч магадгүй болоод байна.

-Тухайлбал?

-Парламентад олонхи, цөөн­хийн механизм ажил­лах­гүй байгаагаас болоод ардчи­лалд халгаатай ямар олон шийдвэр гарч байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Зарим зүйлийг нь одоо хараад шүүм­жилж байгаа ч дуу хоолой хүрэхгүй байна. Ялангуяа уул уурхайтай холбоотой асууд­лаар. Ний нуугүй хэлэхэд, засаглалаа сайжруулах хоёр­хон жилийн боломж бидэнд байна. Гурав дахь жилээс нь уул уурхайн их мөнгө ороод ирнэ. Сайжраагүй засаглал руу тэр мөнгө ороод ирвэл ав­лигын, олигархижсан бүлэглэ­лийг л санхүүжүүлээд явчихна. Хэтдээ бид яаж ч чадахгүй болно. Энэ хоёр жилийн хуга­цаанд засаглалыг сайжруулах чиглэлээр хэн санаачилга гаргаж, дуугарч ажиллах ёстой юм бэ гэвэл АН. Гэтэл санаа­чилгатай байх ёстой хүмүүс нь Засгийн газарт орсон гэдгээ­рээ сонирхлын зөрчилд ав­таад байна. Дуугарч ч чадахгүй явна.

-Засгийн газраас гарах хамгийн хялбар арга нь АН-ын даргыг өөрчлөх юм биш үү?


-АН-ын даргыг өөрчиллөө гэхэд дараагийнх нь Засгийн газарт байна гээд хэлчихвэл аюул болно биз дээ. Ийм турш­лага өмнөх парламентад гар­сан ш дээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулаад л хоёрдугаар ээлжийнхэн хоо­лондоо гээд үсрээд орчихсон. Тэгэхээр юуг ч өөрчилж чадах­гүй. Харин дарга солихоос илүүтэй ямар зарчим дээр нэгдэхээ зөв сонгох хэрэгтэй. Сонгосон зарчимд халгаатай гэж үзвэл даргаа солино л биз. Аваад явна гэвэл тэр л биз. Ер нь бол дан ганц дарга биш, нэлээд олон бүтэц өөрчлөг­дөнө. Гэхдээ эхлээд үзэл са­нааныхаа хилийг тодорхойл­чихъё. Дарга бол хоёрдогч асуудал ш дээ. Гэтэл үүнийгээ нэг болгочихоод, даргаа соливол дараагийнх нь дахиад л Засгийн газарт орчихвол яах вэ. Энэ хүмүүс таалагдахгүй байхаар нь өөр хүмүүсээ орууллаа гэх үү.  

-Таны яриад байгаа тэр зарчмыг АН-ын өнөөгийн удирдлагууд хангалттай хэмжээнд биелүүлж чадаж байна уу?

-Шүүмжлээд байгаа зүй­лийн нэлээд хэсэг нь АН-ын удирд­лагад очих байх. Гэхдээ ганц Н.Алтанхуягт хаяглахгүй. Өнөөгийн АН-ын удирдлагыг, шийдвэр гаргагчдад хамаатай. Засгийн газарт орохыг дэмж­сэн ҮЗХ ч энд хамаатай. Хам­тарсан Засгийн газарт орно гэж Н.Алтанхуяг ганцаараа шийдвэр гаргаагүй шүү дээ. ҮЗХ л гаргасан. Тэгэхээр АН-ын бүтцэд бүхэлдээ өөрчлөлт орно гэсэн үг.

-Та АН-ын ҮЗХ-нд ороо­гүй хүн. Хөндлөнгөөс хара­хад, одоогийн ҮЗХ-ны бү­рэл­дэхүүн энэ бүх асуудлыг шийдэж чадах болов уу. Фракцуудын задрал нь яаж нөлөөлөх вэ?

-Фракц гэдэг хүссэн, хүсээ­гүй байдаг л зүйл. АН дотор байн­га өөрийгөө эмчлэх чад­вар, алдаагаа засах боломж хадгалагдаж байдаг. Жишээ нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох явцад АН өөрийнхөө мөн ча­нараар байж чадсан. Биднийг хэн өөрчлөх вэ гэж л тэд сон­голтоо хийсэн. Ямар их мөнгө цацаж, ямар их лоббидож, ямар хүчтэй өрсөлдөөн өрнө­сөн билээ. Гэхдээ ардаа хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй хүний дэмжлэггүй хэрнээ Ц.Оюунгэрэл гараад л ирлээ ш дээ. АН-ын мөн чанар энэ л байхгүй юу. Ийм боломж АН дотор байдаг болоод л Тэмүү­жин энд УИХ-ын гишүүн гээд сууж байна.  

-Тэгвэл МоАХ-ныхон албан ёсны фракц болох гэж байгааг та дэмжих үү?


-АН-д байдаг л зүйл. Амьд организм шүү дээ, энэ нам чинь. Бидний залуус “Нэг ард­чилал” гээд зарлаад л явж байгаа. МоАХ албан ёсны фракц болж байна. АХХ гээд АН-ын тэмдэгтэй хэдэн хүн гараад ирлээ. Энэ бол АН-ын хэвийн амьдрал. Гэхдээ энэ зөрчилдөөн нь нэг зарчим, нэг үзэл санаан дээр нэгдэх ёстой.

-Таны хамаардаг “Нэг ардчилал”-ынхан намын даргын тэргүүлдэг “Алтан гадас”-ыг бараадах уу, эсвэл АХХ-г дагах уу?

-Заавал энэ хоёрыг дагах ёстой гэж хэн хэлэв. Аль нэг фрак­цыг дагах биш, АН-ын мөн чанар, тэр өөрчлөлтийг хийх гээд байгаа хэсгийг л дагана.

-Тэр өөрчлөлтийг хэн нь хийж байгаа юм бэ?


-Би хэлж мэдэхгүй байна. Одоогоор харагдахгүй байна.

-”Алтан гадас”-ынхан бол өнөөгийн намын удирд­лагууд. Тиймээс АН-ын ги­шүү­дээс багагүй хэсэг нь АХХ-ноос тэр өөрчлөлтийг хүсч байгаа юм биш үү?


-Би сандал, ширээний хэрүүлээс нь салгаж хараагүй болохоор хэлж мэдэхгүй нь.

“Үндэсний шуудан” сонин Ч.ГАНГЭРЭЛ