Ажилдаа ирэх ба тарах цагийн Улаанбаатарыг дээрээс харах юм бол машинан шаантагтай, царцаад гацчихсан бөөгнөрөл харагддаг.
Унаа машин улам нэмэгдэж нийслэлчүүд гудмандаа зогсоогоороо хамаг цагаа барж байна. Зарим тохиолдолд нийтийн унаанд сууснаас явган алхах нь илүү түргэн байх үе гарч байна.
Ноднин гарсан судалгаагаар Улаанбаатарын хүн амын зөвхөн арван хувь нь  ажилдаа ойрхон гэртэй байдаг гэжээ. Бусад нь таваас цааш километрийн цаанаас ирж буцдаг гэнэ. Ирэх долоо хоногоос хотын баруун хэсэгт “22-ын товчоо”-ноос цааш Эмээлт дэхь төмөр замын гарамны тэнд иргэдэд газар олгохоор боллоо. Тэнд очиж төвхнөсөн хүмүүс энд ажилдаа ирэхийн тулд талдаа 32 километр зам туулна. Зүгээр нэг тоос татуулаад ороод ирэхгүй нь тодорхой. Бөөн түгжрэл дунд дор хаяж гурван микро дамжиж, нудруулж түлхүүлсээр явна. Өдөр бүр үүрийн таван цагт босч үдшийн бүрийгээр гэр орныхоо барааг харах ба ихэнх цагаа унаа хөсгөн дотор өнгөрөөнө гэхээр амьдрал мөн ч уйтгартай болох нь.
Угийн цөөхүүлээ монголчууд “хүн нэмэгдэхэд хүнс нэмэгддэг” хэмээн ихэд бэлгэшээн тосч авдаг билээ. Манай нийслэлийн хүн ам нэмэгдэж байна. Түрүүлж ирсэн нь сүүлдэж ирсэнээ ад үзэлгүй, тосч угтах нь манай заншил. Зарим хүмүүс нийслэлийн ачаалал дийлдэхээ байлаа. Төвлөрлийг сааруулая, босго тавьж хязгаарлалт хийе гэж их ярьдаг. Тэгж ярьсан мөрөөдсөнийх нь зоргоор больчихдог юм биш. Хүссэн хүсээгүй Улаанбаатар хот таван жилийн дараа гэхэд хоёр сая хүн амтай болно. Тэр үед энэ хэдэн халтар микронууд орлилдоод явж л байх уу? Хүмүүсийг ажилд нь хүргэж барах уу? Энэ “мөнүү”.
Метро өдөр бүр үгүйлэгдэж байна. Өдөрт нэг метр метро өнөөдрөөс ч хамаагүй баримаар байна. Төр нь хөдөлдөггүй юм бол иргэд нь шаардаж, хандив цуглуулж, субботник хийж,  жагсаал цуглаан зохион байгуулж, болохгүй бол өлсгөлөн зарласан ч яадгийм. Тооцоо бодоод байхаар хотын хүн насан туршийнхаа амьдралын хугацааны дөрөвний нэгийг  “нисдэг авсанд” хоригдож өнгөрөөх нь байна ш тээ. Ажил амьдралаа тэр чигээр нь  ял болгохгүйн тулд дээр дооргүй цөмөөрөө дуугарцгааж, бас хувь нэмрээ оруулбал ямар вэ.
Эхний ээлжинд хотын баруун захаас зүүн тийш нэвт сүлбэсэн нүхэн замтай болоод авбал төвлөрөл, түгжрэл, утаа униар, орилоон чарлаан арай намдана. Дэлхийн томоохон хотууд шинжлэх ухаан одоогийнх шиг ийм хөгжөөгүй, хөрөнгө чадал муутай үедээ метрогоо барьсан байдаг. Хэдийбээр гадна дотногүй хямрал гэж ярьж байгаа ч метронд мөнгө хаяахаас айх хэрэггүй юм. Метро барих зээлийн хөрөнгө эзэндээ эргээд ашгаар гоожих нь тодорхой. Улаан гэрэл хүлээж зогсдоггүй унаатай газар хүмүүс машинаа хот дотор унахаа больчихдог юм билээ. Өглөө Дарханаас гэрээсээ гарч “369”-ын гарам дээр машинаа орхиод метронд суугаад хот орчихно. Орой ажлаа тараад буцаж ирээд машинаа унаад харина. Том хотуудын нийтлэг дүр төрх, ирэх харих явц ийм л байдаг. Метроны ашиг тусыг хэлэх нь илүү үг бизээ. Харин хэнээр хэзээ бариулах нь чухал асуудал. Одоо энэ Лүнгийн хар зам шиг хэл ам таталж, чадахгүй байж тендерийг  хэн нэгэн  дангаараа авахаас нийтээрээ хардах нь зөв юм. “Үсэртэл нь панаалддаг” нөхдүүд манайд элбэг. Баахан мөнгө босгож аваад хотын төвөөр дүүрэн нүх ухаад алга болчихвол бүр тэрнээсээ эсэн юм болно. Тэгэхээр маш олон барилгын компануудад ажлыг жигд тараан олгож, бусад бүтээн байгуулалтыг түр зогсоож байгаад  богино хугацаанд метротой болоод авмаар байгаа юм. Мэрэгжлийн хүмүүсийн ярьж байгаагаар Ардчилсан Солонгосын нөхдүүд ийм ажил хийхдээ тун гарамгай байдаг гэсэн. Уул нүхлэх, окоп  ухах, газар доорхи байгууламж төнхөх нь бараг тэдний унаган мэрэгжил гэлцдэг.
Дашрамд дурдахад манай нийслэлээс баруун тийш гардаг ганцхан замтай. Тэр нь ердөө тав зургаахан метр өргөнтөй, нарийхан сүвээр баруун 13 аймгийн сая орчим хүн орж гардаг. Бараг үндэсний аюулгүй байдалд нөлөөлмөөр энэхүү хот төлөвлөлтийг эрх баригчид анзаардаггүй. Хэрэв нийслэлд ямар нэгэн ноцтой юм болвол хүмүүс хотоос гарч чадахгүй. Удахгүй наадам болно. Морь үзэхээр Хүй долоон худаг руу явахдаа жинхэнэ суперь түгжрэлийг цөмөөрөө харцгаана бизээ. Тэгж байтал төмөр замын гарам хаагдах буюу төр засгийн тэргүүнүүд явах үеэр түгжрэлийн сүүлийн оочер баруун дөрвөн зам хүрдэг.
Бид ийм хүнд нөхцөлд амьдарч байгаа учраас метротой болохыг хүсээд байгаа билээ.