-Парламент үнэнийг мэдэх эрхтэй гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Тэгэхээр өнөөдөр манай парламент үнэнийг мэдэж чадаж байна уу?

-Ард түмэн, сонгогчид, олон нийт Засгийн газрыг хянуулахын тулд, явуулж байгаа үйл ажиллагааг зөвшөөрөх үү үгүй юу гэдгээ шийдэхийн тулд л Парламентыг сонгодог. Тийм учраас парламент үнэнийг мэднэ гэдэг бол ард түмэн, олон нийт ч бас үнэнийг мэднэ гэсэн үг. Харамсалтай нь ардчиллын яг энэ зарчим манайд хараахан хэрэгжиж чадахгүй байгаа. Бүр эсрэгээрээ УИХ, Парламент маань Засгийн газартай хамтарч ард түмнийг хуурахад туслаад байна. Энэ байдлыг арилгах ёстой. Үүний тулд хоёр чухал асуудлыг шийдэх ёстой. Нэгдүгээрт, сонирхлын зөрчилдөөн гэдэг зүйлийг алга болгох ёстой юм байна. Хоёрт нь, парламент Засгийн газарт хадгалагдаж байгаа, тэдний нуухыг хүсч байгаа тэр зүйлүүдийг авч чадахуйц хяналттай байх ёстой юм байна. Тэр үүднээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд зүтгэж байна л даа.

-Тэгэхээр өнөөдрийн хувьд манайд парламентын хяналт огт байхгүй байна гэж ойлгож болох уу?


-Байна л даа. Гэхдээ хэтэрхий сонирхлын зөрчилтэй байна. Парламентын хяналт гэдэг өнөөгийн нөхцөлд ердөө нэг ажлын хэсэг гэдэг хэлбэрээр явж байна. Ажлын хэсэг гэдэг хяналт нь ний нуугүй хэлэхэд олон нийтийн санал бодол, тэдний хэрэгцээн дээр түшиглэхээсээ илүү хувь УИХ-ын гишүүд хувийн ажлаа амжуулдаг, шантааж хийдэг нэмэлт арга хэрэгсэл нь болоод хувирчихсан. Үүнийг өөрчлөх ёстой л гэдэг асуудлыг ярьж байгаа юм.   

-Хаврын чуулганы хугацаанд гишүүдээс сайд нарт тавьсан асуулга, хариултын талаарх статистик мэдээ гарсан. Нийт гишүүдийн 30 гаруй хувь нь л асуулгынхаа хариултыг авч чадсан байсан. Энэ бас хяналт муу байгаагийн хэлбэр үү?

-Үнэнийг хэлэхэд, гишүүний асуулга, асуулт гэдэг хяналтын хамгийн анхны хэлбэр. Үүгээр зөвхөн анхан шатны багахан зүйлүүдийг л илрүүлж чадна. Гэтэл тийм анхан шатны жижиг, сажиг зүйлүүдээр оролдохоос илүүтэйгээр тодорхой, бодитой зүйлээр оролдож, ард түмэнд хүлээгдэж байгаа, хэрэгцээтэй мэдээллийг авч чадна шүү дээ. Энэ үүднээс нэгдсэн чуулганд анхаарал тавихаас илүүтэйгээр хяналтын илүү олон хэлбэрийг УИХ-д оруулж ирэх ёстой юм байна гэж үзэж байгаа. Ярьдаг парламент, ажилладаг парламент гэх ойлголтын талаар би ярьсан. Ярьдаг парламентын хамгийн их анхаардаг зүйл нь нэгдсэн чуулган. Ажилладаг парламентын хамгийн их анхаардаг зүйл нь байнгын мэргэшсэн хороод гэж ярьлаа шүү дээ. Асуудлыг нэгдсэн чуулган дээр сонсоно гэдэг угаасаа л үр дүн муутай. Мэргэшсэн байнгын хороон дээр сонсох ёстой. Жишээ нь Хууль зүйн сайдыг хууль зүйн байнгын хороон дээр дуудаад тодорхой асуудлаар нь ярьвал хавьгүй илүү үр дүнтэй. Яагаад гэвэл тэнд илүү мэргэшсэн хүмүүстэй, илүү тодорхой, бодитой төлөвлөсөн сэдвээр ярилцана шүү дээ. Нэгдсэн чуулган дээр ярихаар тэнд хууль мэддэг гишүүн бий, мэддэггүй ч гишүүн бий. Сонирхдог, сонирхдоггүй ч гишүүн бий. Энэ байдал чинь яг үндсэндээ хэлбэрийн төдий хяналтыг бий болгоод байгаа юм. Парламент мэргэшинэ гэдэг бол өөрийнхөө дотоод зохион байгуулалтад орсон мэргэшсэн дэд бүтцүүдээ илүү хүчтэй, эрх мэдэлтэй, үр ашигтай ажиллуулж чадна гэсэн үг.

-Парламентыг мэргэшүүлж, байнгын хороодыг хаалттай хуралдуулах тухай асуудал УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр яригдаж байгаа. Байнгын хороог сэтгүүлчдээс хаалттай болгосноор хяналтыг сайжруулж чадна гэж үү?

-Сэтгүүлчдээс хаалттай болох тухай асуудал биш л дээ. Манайх ер нь гаднаас авсан туршлагаа өөр тийш нь гуйвуулж хэрэглэх гэж оролдоод байх юм. Бусад улс оронд парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байнгын хороо, нэгдсэн чуулганд сэтгүүлчдийг оруулдаггүй. Гэхдээ камер, хэрэгсэл бүгд зоолттой. Сэтгүүлчид болж байгаа үйл явдлын дүрс, дуу хоолойг шууд татаж авах бололцоотой байдаг. Энэ юугаараа давуу талтай вэ. Сэтгүүлчид болж байгаа үйл явдлыг хэлбэрийн төдий үнэлэх биш, түүнд анализ хийж, хөшигний цаана байгаа асуудлыг бичих боломжтой болж байгаа юм. Гэтэл манайх байнгын хороо, дэд хороодоо тэгж бүрэн камержуулж, тоног төхөөрөмжөөр хангаж чадаагүй мөртлөө сэтгүүлчдийг оруулахгүй гэдэг нь хэвлэлийнхнээс ангид байхыг л хүсч байна гэсэн үг. Тийм байж болохгүй.

-Өнөөгийн нөхцөлд парламент ихэнхдээ улс төржсөн шийдвэр гаргадаг гэлцдэг. Ийм байхад өнөөдөр парламентын хяналтын асуудлыг хуульчилж чадах болов уу?

-Улс төржсөн шийдвэр гарч байна уу, энэ нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө байна уу үгүй юу гэдгийг олон нийт хянах ганц арга нь парламентын хяналт. Парламентын хяналтын хамгийн зөв хэлбэр нь нээлттэй сонсгол юм. Иргэд болж байгаа үйл явдлыг харж байгаа болохоор энэ нөхөр намынхаа төлөө ярьж байна, эсвэл өөрийнхөө төлөө, өөрийгөө хамгаалж гээд үнэлчихнэ. Ингэснээрээ парламентын хяналт хамгийн гол нь ил тод болж байгаа юм. Засгийн газар хэзээ ч ингэж ил тод хяналт явуулахгүй шүү дээ. Үүнээс гадна, парламент, байнгын хороо ганцаараа эрх мэдэл авах гээд байгаа хэрэг биш. Байнгын хороо өөрөө мэргэшээд эрх мэдэл энд төвлөрөхөөр үүнийг тойрсон сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагаа хумигдах юм. Хүний эрхийн дэд хороо гэхэд ямар нэгэн гадны нөлөөгүйгээр хүний эрхийн асуудлыг шийдэх чадвартай болно. Ингэснээр хүний эрхийн дэд хороог тойроод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжинэ гэсэн үг. Тэгээд хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаа ч улам нээлттэй, хяналт улам сайжирна шүү дээ. Дэд хорооны даргыг нь хүний эрхийн дэд хорооны удирдлага мэддэг биш, хүний эрхийн дэд хороо тойрсон төрийн бус байгууллагууд саналаа хэлдэг болох ёстой. Тэр хүнийг сонго гэж хэлж чадахгүй. Гэхдээ томилох гэж байгаа хүн чинь ийм ийм шаардлагыг хангах ёстой шүү гэж хэлдэг байх юм. Үүгээрээ парламентын хяналт олон нийтийнх байдаг. Засгийн газрын хяналт бол хэзээ ч олон нийтийнх байж чадахгүй. Энэ бол эрх мэдэлтний хяналт.

-Парламентын хяналтыг сайжруулна гэхээр өнөөгийн парламентад Засгийн газрын сайд гишүүд олон байгаа. Энэ бас асуудал үүсгэх байх даа?

-Засгийн газарт байгаа УИХ-ын гишүүдийг байхгүй болгоно гэхээр бас хэцүү. Энэ бол улс төрийн соёлоор зохицуулагдаж, улс төрийн намууд нь өөрсдийн хуваарилалтаа хийдэг асуудал. Хамгийн гол нь Засгийн газарт байгаа УИХ-ын гишүүдийг ч бас хянах сонирхолтой УИХ-ын гишүүд байдаг шүү дээ. Тэр гишүүдэд л эрх мэдлийг олгох ёстой. Ингэхийн тулд УИХ олонхи, цөөнхөө л зөв тодорхойлдог байх хэрэгтэй. Хэн нь олонхи юм, хэн нь цөөнх юм. Цөөнхөд хяналтыг, олонхид шийдвэр гаргах эрх мэдлийг өг. Тэгэхгүй аль алинд нь шийдвэр гаргах эрх мэдэл, эсвэл хяналт тавих эрх мэдлийг өгөхгүй хэрэлдээд байж болохгүй. Хэрүүлийн парламент болж хувирна. Тэгэхээр олонхи шийдвэрээ гаргадаг. Гарсан шийдвэрийнхээ хариуцлагыг ч хүлээнэ. Энэ шийдвэрийн зөв бурууг цөөнх хянана. Ийм зарчим л байх ёстой.

-Таны сая тавьсан илтгэлд парламентын хяналтыг сайжруулснаар арын эгнээний гишүүдэд карьер хийх боломж олддог гэж байсан. Өнөөдөр арын эгнээний гэгдэх гишүүдэд карьер хийх ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй болохоор л хуулийг өөрчлөх гээд байна шүү дээ. Өнөөдөр арын эгнээний улстөрчдөд өөрийгөө илэрхийлэх, карьер хийх ямар ч боломж алга. Арын эгнээний улстөрч нь нэг юм хэлэнгүүт урд эгнээнийх нь үсэрч ирээд боогоод авч байна шүү дээ. Энэ чинь зөрчилдөөний хамгийн том илэрхийлэл нь байхгүй юу. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрч байж л парламентын засаглал өөрөө эрүүл байна. Энэ хуулийн төсөл байнгын хороон дээр унасан. Харин нэгдсэн чуулган дээр хэлэлцнэ гээд дэмжчихсэн. Тэгэхээр асуудал бас наанатай, цаанатай л байгаа байх. Би бас шууд гутранги үзэлтэйгээр хандахгүй байна. Юмыг яаж мэдэх вэ, батлагдчих ч юм уу. Бүр ядахад зарим санаа нь болов батлагдчихвал сайн л байна. Бүгдээрээ биш юм гэхэд.

-Ардчиллын хамгийн гол үнэ цэнэ нь хяналт гэж та илтгэлдээ дурдсан. Тэгэхээр өнөөдөр манай ардчилал ямар ч үнэ цэнэгүй байна гэж үү?

-Ардчиллын хамгийн гол амин сүнс нь олон нийт Засгийн газрыг хянадаг байх тухай, олон нийт шийдвэр гаргахад оролцдог байх тухай хоёр л асуудал байдаг. Тэгэхээр олон нийт оролцоотой байх ганц боломж нь зөвхөн парламентад л байгаа. Парламент нь олон нийтийн оролцоог хангахын тулд ямар ч байсан нээлттэй сонсголыг хийж эхэлсэн. Өмнөх парламентын үед хохирсон иргэд УИХ-ын чуулганы танхимд ирээд, би ингэж хохирсон гээд ярьдаг байж чадсан юм уу. Үгүй. Гэтэл парламент л үүнийг бий болгож чадах байхгүй юу. Тэгэхээр парламентын хамгийн том дэвшил нь олон нийтийн оролцоо юм байна. Хоёрт нь хяналт. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор хүмүүсийг дуудаад, яагаад дутуу бөглөсөн юм гээд асууж шалгааж байна. Нөгөөдүүл нь мартчихжээ энэ тэр гээд л тийм ээ. Энэ бүхэн хамгийн гол нь олон нийтэд харагдаад байгаа биз дээ. Ийм үйл явц болж байна гэдэг чинь дэвшил байхгүй юу. Үүнийг одоо хуулиар баталгаажуулж авах тухай асуудлыг л ярьж байгаа юм. Дараагийн удаад сонсгол хийе гэхээр, үгүй ээ, хуульд байхгүй гэх ч юм билүү.

-Өмнө нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой сонсголын үеэр зарим албан тушаалтан хууль зөрчсөн болох нь илт мэдэгдсэн. Гэхдээ тэд бүгд өнөөдөр ажлаа хийгээд л явж байгаа. Тэгэхээр парламентын хяналт, тэр дундаа сонсгол зохион байгуулах ямар ч шаардлагаггүй юм шиг?

-Авлигалын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад өргөн барьж байгаа хуулийг баталчих юм бол тэрэнд хариуцлага тооцох бололцоо нээгдэнэ. Одоо хэрэгжиж байгаа хуульд албан тушаалаас нь огцруулна гээд заачихсан байдаг. Гэтэл яавал огцруулах юм бэ гэдэг нь байхгүй болохоор сахилгын арга хэмжээ авчихлаа гээд л албан тушаалтнуудыг хамгаалж, авч үлдээд байна шүү дээ. Тэгэхээр хуульд ямар өөрчлөлт орж байна гэхээр, чи сарын цалингаасаа илүү орлогыг мэдүүлээгүй юм уу, эсвэл худал мэдүүлсэн байвал чамд сануулах арга хэмжээ авна. Гурван сарын цалинагаасаа илүү орлогыг нуун дарагдуулсан байвал сарын цалингийн чинь тэдэн хувиар торгоно, хагас жилийн цалингаас илүү болчихсон байвал албан тушаал бууруулна аа гэж байгаа юм. Жилийн цалингаасаа илүү орлогыг худал мэдүүлсэн, эсвэл нуун дарагдуулсан байвал чамайг төр хөлсөлж байна уу, эсвэл өөр нэг компани хөлсөлж ажиллуулаад байна уу, чи татвар төлөгчдийн мөнгийг яаса нь мэдэгдэхгүй байна. Тиймээс чамайг зайлуулна гэдэг хариуцлагыг бий болж байгаа юм. Үүнийг тодорхой хуульчилбал, ирэх оны сонгсголоор “Өө уучлаарай. Энэ хүн чинь албан тушаалаасаа буух ёстой юм байна. Тэгэхээр зайлуул. Зайлуулж чадахгүй бол та өөрөө зайл” гэж ярих боломж бий болох юм.

-Засгийн газрын бүтэц данхар байгаа тухай та дурьдсан. Гэхдээ УИХ-ын шаардлагаар Засгийн газар бүтээ цөөлөх болов уу?

-Хуулиар уячихвал ямар ч асуудалгүй л дээ. Засгийн газар ямар бүтэцтэй байна, УИХ тийм бүтэцтэй байна аа. Одоогийн нөхцөлд УИХ чинь Засгийн газрын бүтцийг хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. Харин УИХ 15 байнгын хороотой байж чадахгүйгээс хойш Засгийн газрын сайд нарыг цөөлье гэж бодно шүү дээ. Тэгэхээр шийдвэр ч тэгж л гарна. Яагаад гэвэл, УИХ-д байгаа гишүүдийн дийлэнх нь Засгийн газарт орж чадахгүй учраас “та нар ер нь яах гээд байгаа юм” гэдэг байдлаар хандаж эхэлнэ шүү дээ. Мэдээж, нөгөө талаас цөөнхийн асуудлыг албан ёсоор зөв хуульчилчихвал тэд ч бас үүний эсрэг зөв байр суурь илэрхийлнэ. Энэ нь өөрөө төр данхайхгүй байх хамгийн том хүчин зүйл болж хувирна. 

-Хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт хамтраад Засгийн газраа байгуулчихсан болохоор гишүүд Засгийн газрыг хянаж чадах болов уу. Магадгүй хууль батлагдсан ч гэсэн хэрэгжих болов уу гэдэг дээр эргэлзээ төрж байна?

-Түрүүчийн хэлсэн нэг санаа байна. Арын эгнээний улстөрчид гэж. Тэд нар чинь ажиллаад л байна шүү дээ. Намын дарга нар муу хэлэх байх, шахах байх. Дараагийн сонгуульд чамайг дэвшүүлэхгүй гэж сүрдүүлэх байх. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд итгэл үнэмшил байгаа бол тэрүүгээрээ л явна. Зүгээр дуугүй сууж байгаад ирэх сонгуульд даргын суганд хавчуулагдаж нэр дэвших үү, эсвэл би хийх ёстой юмаа хийсэн шиг байдалтай сонгогчид дээрээ очих уу гэдэг чинь тэр хүний л сонголт шүү дээ. Тийм учраас цаана нь бас нэг хөшүүрэг байгаа биз. Тэр нь ажиллана л даа. Ц.Нямдоржид боолгосон ч гэсэн Ж.Сүхбаатар тэр хамаагүй гээд л юм хийгээд байгаа биз дээ. Энэ чинь л тэр хөшүүрэг байхгүй юу.

-Монгол Улс баялагаа түшиглэн хөгжих нь тодорхой гэж судлаачид хэлж байгаа. Гэхдээ тэр хэрээр баялгийн хараалаас ангид байж, сайн засаглалыг бий болгох хэрэгтэй байх. Тэгэхээр Засгийн газарт тавих хяналт төдийлөн хангалтгүй байгаа энэ үед сайн засаглал хөгжих боломжтой юу?

-Боломжгүй. Хяналтгүй газар хэзээ ч сайн засаглал оршин тогтнодоггүй. Хяналтгүй газар бас хэзээ ч хариуцлага тооцъё гэж ярьдаггүй. Тэгэхээр парламент л үүнийг хийх ёстой. Манайх парламентын засаглалтай улс. Парламент сайжирвал Засгийн газар дагаад сайжирна. Засгийн газар сайжирвал ард түмний амьдрал, улс орны хөгжил ч бас сайжрах ёстой. Гэхдээ парламент ч бас “өөрийн толгой дээрх бухлыг олж харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг” гэдэг шиг байж болохгүй. Тийм учраас парламент өөрөө эхлээд цэгцрээд асуудлаа шийдчих хэрэгтэй. Үүний дараа бусад асуудал аяндаа шийдэгднэ.