-Автофельетон-
Би эхээс яг төрж байснаа таг мартчихжээ. Харин хүмүүс намайг 1962 онд төрснийг яг санаад байдаг
Ингээд зогссонгүй. Надад нэр өгөхдөө миний саналыг огт харгалзаагүй явдал гарчээ. Өнөө хүүхдийн эрхийн конвенци энэ тэр нь хаанаа явсан юм бүү мэд. Дараа нь би англи юмуу, хибрай хэлээр хэлд орох маш их хүсэлтэй байсан боловч хүчинд автагдан монголоор хэлд орсон байна. Ингээд зогссон бол ч яамай. Боловсрол эзэмших асуудалд надад өөрийн гэсэн байр суурь уул нь байсан юм. Өөрийгээ гэгээрүүлэх асуудлыг би дедукцийн зарчмаар буюу ерөнхийгээс энгийн рүү шилжих аргаар хийх нь зүйтэй гэж бодоод, хонь хариулан, хомоол түүж явахдаа цасан дээр шилбүүрийнхээ ишээр "To be, or not to be" хэмээн бичиж бодлогширдог байв. Энэ нь эхэлж дээд сургууль дүүргээд улмаар дунд сургууль элсэх, эцэст бага сургуульд суун цагаан толгой үзэх тухай энгийн томъёолол юм.
Гэтэл тухайн үеийн харгис тогтолцоо намайг эхэлж бага сургуульд оруулан , хамгийн сүүлд МУИС төгсгөж хэлмэгдүүлсэн байна. Ингээд миний бичиж сурчихаад дараа нь уншиж сурах тухай суут мөрөөдөл талаар болов. Ингээд уураа гаргахын тулд бусдыг шоолон фельетон бичих аргыг зэвсэг болгон авсан юм. Гэтэл хүн энэ насандаа хийсэн үйлийн үрийг хойт насандаа амсах учиртай гэж лам нар хэлээд байх боллоо. Тэгэхээр нь Лодон гэвшээс "Би энэ насандаа бусдыг элэглэн шоолох ажил эрхэлж байна.
Хойт төрөлдөө яадаг бол" хэмээн асуув. Гэтэл тэр "Тэгвэл чи хойт насандаа хамгийн их элэглэн шоолуулдаг ажил л хийдэг хүн болно доо" гэх нь тэр. Сонин эргүүлээд хартал ерөнхий сайд шиг их шүүмжлүүлж, шоолуулж байгаа хүн алга аа. Хойд насандаа би хэн болох нь тодорхой аж…Олон хүн одооноос надтай сайндаж байх нь зүйтэй юм шигээ.
Гэрэлмаа
Зочин