эхний хэсэгийг уншихыг хүсвэл http://batzaya.niitlelch.mn/content/2165.shtml
 
Анхны ерөнхийлөгч Крүгэрийн хөшөөг үзэж байх үед ахлах сургуулийн хүүхдүүд үндэсний бүжгээ гадны жуулчдад толилуулж байв. Тийм ч сонирхолтой биш. Харин Крүгэрийн хөшөөний өмнө хүн бүрийн үзэх дуртай “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ Г.Ганхүү ивээн тэтгэгч Тайгэрийн малгайгаа өмсчихсөн эхлүүлж байгаа харагдав. Сонирхогчийн гэмээр жижиг камэраа Тайгэрийн азтанаар бариулаад өөрөө ярьж өгнө. Тэндээс хөдлөөд өдрийн цайндаа орохоор болов. Хүн бүр үндэсний хоолыг нь идэхийг хүсэж байгаагаа жолооч Пэдрост хэллээ. Гэхдээ үнэтэй биш, зүгээр жирийн газар орохыг хүссэнээ уламжлав. Пэдрос ч дагуулаад гишгэж өгөв. Хотын ядруухан хороолол руу яваад орлоо. Би ч бага зэрэг айлаа. Совэто гэж дэлхийд хамгийн их гэмт хэрэг болдог дүүрэг байдаг гэж сонсож байсан, тэр нь юм биш байгаа даа гэсэн муу бодол орж өөрийн эрхгүй төрөв. Мэдээж биш байсан. Хотын төвдөө түгжрэлгүй, дүрмээрээ явдаг мөртлөө яг энэ хавьд замын бөглөө нь “тэтрис” тоглож байгаа юм шиг. Дүрэм гэх юм бараг байхгүй аль сул чөлөөтэй гэсэн газар луу машинууд чихнэ. Пэдрос явсаар гадаа ажилладаг цайны газар авчирч хооллохоор боллоо. Хүн бүр биднийг гайхана. Энд хоол идэхээр ирсэн анхны Ази хүмүүс нь бид байж магадгүй юм. Пэдрос өөрийнхөө дүүргийн хүмүүсийг бүгдийг нь таньдаг учраас бидэнд ямар ч аюул байсангүй. Үндэсний хоолыг нь паб гэдэг. Тахиа эсвэл үхрийн мах шараад хажуугаар нь өргөст хэмх, улаан лоольны хачиртай. Хоолны гол юм нь паб гэж нэрлэдэг гурилаар хийсэн каш шиг зүйл. Халбага сэрээ байхгүй болохоор гараар идэв. Махны амт гэж ярилтгүй үнэхээр гоё. Харин  паб нь орохгүйн билээ. Гадагшаа дотогшоо их явж галуу шувууны мах идсэнээрээ Г.Ганхүү ах жоохон явуулсан харагданлээ. Өдрийн хоолоо идсэний дараа вүвүзэла хаанаас авах уу гэж Пэдрост хэлэхэд: Эндээс авий. Хотын төвөөр жуулчдад зориулаад үнэтэй байдаг юм” гэв. Үнэхээр хотын төвөөс нэг вүвүзэла авахад 50-130 ранд буюу манайхаар 10 000-25 000 төгрөг. Онгоцны буудал, Нэлсон Мандэла Скуар, цэнгэлдэхийн гадна 180 ранд (35 000 төгрөг) хүрнэ. Сувдархуу юмаар чимэглэсэн, Өмнөд Африкийн гол түүхий эд алмаазаар шигтгэсэн гээд үнэ нь дээшээ талийж өгнө. Алмаазтай нь 10 000 ам.доллараас дээш. Олон хүн вүвүзэла захисаныг хэлэх үү аравыг аваад явна гэдэг санхүүгийн хувьд тун хүнд тусав. Харин Пэдросын дагуулж явсан газар 30 рандаар зарж байв. Үнэхээр нутгийнхандаа зориулж хийсэн ямар нэгэн чимэг байхгүй энгийн бүрээнүүд. Энэ хорооллын дэлгүүр нь манайхаар бол контэйнэрт байдаг худалдаа шиг гэхүүдээ. Дэлхийн ажилсаг бригад Хятадын бараагаар дүүрэн. Дэлгүүрийн эзэн өөрөө үлээж, бүгдэд нь зааж өгөв. Вүвүзэлаг зүгээр аваад үлээчихдэг биш байна лээ. Бас хөөрхөн техник шаардана. Би лав үлээж сурах гэж нилээн үзээд эрүү, шанаа өвдөөд болсон. Маргааш нь хөндүүр нь гайгүй болохоор сурсан. Бид нар дэлгүүрийн эзэнд зөвхөн вүвүзэлагаар өдрийн орлогыг нь хийж өгсөнд тун чиг баяртай, дагуулж ирсэн Пэдрост хүүхдийн хувцас бэлэглэж бүгд сэтгэл хангалуун үлдэв. Сонирхож байсан бараагаа авсаар Прэтори хотоор (өөрсдөө Цванэ гэдэг) зугаалж байгаад харж амарсан юм.
    Маргааш нь тоглолт үзэх өдөр байлаа. Иоханнэбүргийн Соккэр Сити цэнгэлдэхэд болох Аргентин – Мексикийн тоглолт. Тоглолт эхлэхээс өмнө 4 цагийн өмнө очлоо. Зурагтаар харж байхад хүн бүр өвлийн куртка өмсчихсөн, ороолт малгайтай байсан нь, Африк гэхээр халуун гэж бодогдох болсон бидэнд сонин санагдсан биз. Мэдээж нар мэлхийн зам руу чиглэсэн буюу хойд хэсэгт ирэхэд урд хэсэгтээ өвөл болж, матрын зам руу чиглэхэд хойд хэсэгтээ өвлын улирал нь эхлэж байдаг. Дээр нь чийглэг газар учраас тэдний +10, манай +10 ялгаатай. Хоёр жилийн өмнө Энэтхэгт +13 градус хүрэхэд цочир хүйтэрсэн гэж ахлах сургуулиуд амарч, хүн хөлдөж үхсэн тохиолдол гарч байсан. Хүн хөлрөхөөр даардаг. Тиймээс чийглэг газар хүний хөлс их ялгарч, нүдэнд харагдахааргүй мөстөлт явагдан даарч, харин манайх шиг хуурай нөхцөлд хөлрөлт бага учраас даарах нь бага байдаг. Тийм л учраас бид сонсоход инээдтэй градуст өвлийн курткатай хүмүүс телевизээр харагддаг байсан. Бидний хувьд жилийн дөрвөн улирал эрс тэс уур амьсгалтай болохоор цамцтай байхад даараад сүйд болсонгүй.
    Биднийг Соккэр Ситид очиход тасалбарын худалдаа явагдаж байлаа. Интэрнэтээр захиалсанаас эндээс авбал хамаагүй хямд тусч байв. Миний тасалбар өөрийн үнэ нь 150 ам.доллар байсан боловч, тэнд 100 ам.доллараар зарж байв. Тоглолт дөхөөд ирсэн ч тийм их үнэд хүрсэнгүй. Бразил-Чили, Япон-Парагвайн тоглолтынх бүр 50 ам.доллар болсон гээд боддоо. Гаднаас жуулчид тун бага ирсэн нь илт. Дээр нь зохион байгуулагч улсынхан ард иргэдээ Дэлхийн аваргад уриалж, сурталчилж, тоглолт үзүүлэх талаар арга хэмжээ авсан нь тун хангалтгүй байв. Герман, БНСУ, Япон гээд өмнөх дэлхийн аваргад улсаараа хөдлөж байсан. Ухамсар, боловсрол, хөлбөмбөгийн мэдлэг гээд олон зүйл нөлөөсөн байх л даа. Ер нь гадуур явж байгаа хүмүүстэй ярилцахад Дэлхийн аварга дуусаагүй юм уу гэж асууж байгаа хүнтэй нэлээд тааралдсан. Манай жолооч Пэдрос л гэхэд өөрийн шигшээ багийн хэдэн тамирчинаас өөр мэдээлэл бараг л мэдэхгүй байв. Мөн миний таамагласнаар өмнөх дэлхийн аваргыг бодвол галт тэрэг, автобус, машин, замын унаагаар явж ирэх ямарч нөхцөл байхгүйтэй холбоотой болов уу. Зөвхөн онгоцоор. Усан онгоцоор бол тийм ч их ирээгүй нь ойлгомжтой. Газарзүйн байрлалаараа ч усаар явна гэхэд дэндүү хол. Хөрш Намиби, Ботсвана, Мозамбик, Лэсото, Свазиланд гээд ядруухан улсуудтай. Заримтай нь галт тэрэгний зам гэхээсээ илүү сайжруулсан машины зам ч муутай. Дээр нь харуул хамгаалалт, аюулгүй байдал тал дээр баталгаа муу. Гадуур сул чөлөөтэй явахаар “намнуулчих” гээд байдаг болохоор орой үдэш буудал эсвэл ирсэн айлдаа байхгүй бол болохгүй. Олон ч шалтгаан байлаа.
     Бидний тоглолт үзэх цэнгэлдэхийн гадна 2 давхар хашаагаар хүрээлэгдсэн. Эхний  том хашаагаар тасалбараа үзүүлж ороход том дэлгэцээр Герман – Английн тоглолт гарч байв. Манайхан ихэнх нь Английг дэмждэг  болохоор надаас эхлээд уйлчих гээд л байлаа. Англи хожигдож бидний үзэх Аргентин-Мексикийн хожсон нь Германтай тоглохоор болов. Соккэр Ситид орж ирэхэд үнэхээр гайхамшигтай байв. Тоглолт эхлэхээс 2 цаг хагсын өмнө 1/3 нь дүүрсэн байв. Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх бид гурав юм олж идэхээр цэнгэлдэхийн дотуур явав. Ганц зарж байгаа нь хотдог. Үнэ нь 20 ранд буюу манайхаар 4000 төгрөг. Хоёр төрлийн амтлагч дагалдуулж өгнө. Мэдээж пиво авсан. 0.5-ийн хуванцар нь савтай 25 рандын үнэтэй (5000 төгрөг). Үнийн хувьд тийм ч тасарцан үнэтэй биш. Мөн Кола, зайрмагнаас өөр худалдаалж байгаа хүнсний зүйлс алга байв. Албан ёсны хувцасны дэлгүүр ч гэсэн бараа таваар тун муутай. Аргентин, Мексикийн “ориг” ардаа нэртэй жэрси олдохгүй байлаа. Хэсэг тэнэсэний эцэст тоглолтоо үзэхээр оров. Эхлээд Марадона гарч ирэн ярилцлага өгч баахан шоудаж байгаад оров. Удалгүй Аргентины гурван хаалгач, шүүгч нар бие халаалтаа хийхээр гарч ирлээ. Араас нь Аргентины шигшээ гарч ирэхэд цэнгэлдэх тэр аяараа орилолдон босов. Соккэр Ситигийн 80 хувь нь Аргентинчууд байлаа. Мексикүүд удалгүй багаараа цав цагааан бэлтгэлийн хувцастай нэг эгнээгээр гарч ирээд бие халаалтаа хийж эхлэв. Тоглолт ч эхэлллээ. Эхний аюултай довтолгоон Мексикийн зүүн хамгаалагч Салсидогийн алсын хөндлөвч оносон цохилт. Дараа нь тоглолтын эхний гоол тун эргэлзээтэй байдлаас орлоо. Удаашруулсан бичлэг цэнгэлдэхийн дэлгэцэн дээр гарахад хүн бүр орилолдож Мексикийн тамирчид шүүгч рүү Тийшээ хараач!!! гээд хуруугаараа дэлгэц рүү заав. Үнэхээр отон тоглолт байв. Ахиж дэлгэцэн дээр үзүүлсэнгүй. ОУХБХ-ны ерөнхийлөгч Зэпп Блаттэр цэнгэлдэхэд тоглолтын чухал агшинуудыг удаашруулж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн ч зэмлүүлээд өнгөрсөн. “Хэрвээ шүүгчийн алдаанаас болж гоол орсоныг цэнгэлдэхэд үзүүлвэл үзэгчдийн хооронд хэрүүл маргаан дэгдэнэ” гээд дэмжээгүй юм. Тэр дүрмээр ахиж гаргасангүй. Мексикүүд хажуугийн шүүгч рүү очиж хэсэг маргалдсаны эцэст тоглолт цааш үргэлжилсэн. Үнэхээр харамсалтай. Ер нь энэ жилийн дэлхийн аваргад шүүгчийн алдаанаас болж хэлмэгдэгсэд тун олон байв. Яг өмнө нь үзсэн Английн шугам давсан гоолыг тооцоогүйг болохоор шүүгчид үнэхээр уур хүрэв. Эсвэл техник технологи өндөр хөгжөөд шүүгчдийн алдааг тэгж их харагдуулаад байна уу? Тамирчдын ур чадвар улам өндөр болж байгаа болохоор шүүгч нар харж чадахгүй байна уу? Аль аль нь нөлөө байгаа ч гол хариулт яавч биш. Зөвхөн торгуулийн шугам хянадаг шүүгч, шугам давахаар гэрэл асдаг бөмбөг гээд өөрчлөлт олон байна. Харин камэраар харна гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл. Хөлбөмбөг гол утга учраа алдана. Эхний үе дууссаны дараа сэлгээний тамирчдын хооронд хэрүүл маргаан гарч бөөн бужигнаан болсон ч удалгүй болсон. Ер нь Аргентинчууд хэрүүл маргаан хийхдээ гарамгай улс. Дэлхийн аваргын түүхэндэх хамгийн олон шар, улаан хуудас авсан гэдэг амжилтыг тэд эзэмшдэг нь тохиолдлых биш юм. 2-р үе эхлэж Аргентинчууд илүү тоглолт үзүүлсээр. Аргентины фанатууд юм л бол дуулалдаад үнэхээр сэтгэл хөдөлгөм. Дууг нь мэддэг бол дунд нь ороод дагаад дуулчихмаар байлаа. Тоглолт дуусч бүгд гарах хаалганы зүг чиглэлээ. Бид нар алхсаар автобусанд суухаар очэрлов. Өмнө би зохион байгуулалт муу байсан гэж хэлсэн. Энэ удаа ч тэгж хэлмээр санагдсан. Тоглолт үзэхээр цугласан 84 377 үзэгчийг автобусаар хотын төв рүү зөөсөн. Машинаар олон хүн ирээгүй. Эхний явсан автобусуудыг хүлээгээд л. Хотын төв рүү ордог мэтро ч байхгүй. Нээлт, хаалт гээд голлох тоглолтууд Соккэр Ситид болсон. Бүгд автобусанд очэрлосон. Тэгж явсаар тоглолт дууссанаас бараг 2  цагийн дараа зочид буудалдаа очсон.
      Маргааш нь Иоханнэсбүргийн Эллис Паркад Бразил-Чилийн тоглолт болохоор байв. Цэнгэлдэхийн гадна очиход билэт нь 50 ам.доллар болтлоо хямдарсан байлаа. Эллис парк  ядуусын хорооллын дунд байдаг болохоор  Parking! Parking! Parking! гэж орилсон ядуучууд. Хаана ч явсан машины зогсоол проблэм байдаг хойно. Аргачгүйдээ хэн ч жуулчдын машиныг гэрийнхээ хажууд зогсоогоод хэдэн доллар салгая гэж бодно. Санасаныг бодоход хүн бага байлаа. Миний бие энэ тоглолтыг үзэж чадсангүй. Харин маргааш нь Парагвай-Японы тоглолтыг үзсэн. Прэторид манай буудлын хажууханд болсон учраас алхаад л орчихов. Тасалбар нь 50 доллар гэж байв. Дэлхийн аваргаар зарим цэнгэлдэхүүд нь стандартын шаардлага хангаагүй гэж ярьж байсны нэг цэнгэлдэх нь энэ Лофтус Вэрсфэлд болж таарав. Тоглолтын завсарлага болоход хөл толгой нь олдохгүй. Бие засах газар луу явах гэж удна. Очихоор хэзээ ч дуусахгүй юм шиг урт очэр яраина. Тоглолтоо үзэхийн тулд давсагаа хавчсаар эргэж буцах жишээний. Тоглолтын 2-р үед талбайд хоёр бөмбөг орох тохиолдол гурав гарав. Нэгийг нь би тун сайн ажигласан. Тоглолтоос үзэгчид рүү бөмбөг орлоо. Бөмбөг зөөдөг хүүхэд зөрүүлээд тамирчинд бөмбөгөө өгөөд тоглолтыг үргэлжлүүлэв. Энэ үед үзэгчид рүү орсон бөмбөг талбайг тойрсон хамгаалагчдад ирэхэд бөмбөгөнд гүйдэг хүүхэд Бөмбөгөө наашаа!!! гэж хэлж амжаагүй байхад хамгаалагч хүүхэн инээгээд л бөмбөг аваад талбайруу хойшоо чулуудчихав. Тоглолт зогсож нөгөө бөмбөгийг гаргав. Бөмбөг талбайд оруулсан хүүхэн инээд алдаад ямар чухал зүйл зогсоосноо бодохчгүй хажуу талын хүнтэйгээ инээлдээд л. Хөлбөмбөгийн мэдлэг гэдэг жижигхэн зүйлээс харагдав. Ер нь энэ Дэлхийн аваргаар хоёр бөмбөг талбайд орж ирсэн тохиолдол тун чиг олон байсан нь иймэрхүү явдлаас улбаатай болов уу? Зохион байгуулагчдын алдаа. Хөлбөмбөг мэддэггүй хамгаалагчид их  байлаа.
    Иймэрхүү л дэлхийн аварга үзлээ. “Өмнөд Африкт Дэлхийн аварга өгөх болоогүй байсан юм. Зэпп Блаттэр арай түргэдчихлээ гэж” ярьж байгаа хүмүүстэй санал нийлж байна. Орчин үед үйлчилгээ гэдэг хамгийн чухал зүйл болсон.
    Нөгөөдөр нь бид нутаг буцах болж Иоханнэсбүргийн нисэх онгоцны буудал руу хөдлөв. Иоханнэсбүрг-Бангкок-Бээжин-Улаанбаатар чиглэлээр эргэж нисэв. Эх орондоо ирэхэд дэндүү дотно түгжрэлтэй ч гэсэн зам минь, утаатай ч гэсэн Улаанбаатар минь угтаж авав. Эх орон гэдэг юутай ч зүйрлэшгүй.
    Өмнөд Африкаар хамт аялсан уншигч та бүхэнд баярлалаа. Миний бие та бүхний зурагтаар харж байгаагаас өөр, та бүхний харахгүй байгаа тэр зүйлсийг өгүүлэхийг зорьлоо.