Хөдөлмөрийн гавъяа А.Авирмэд агсны гэгээн дурсгалд
Афганистаны хямралын улмаас барууны орнууд олимпийг бойкотлож,
1980 он. Москвагийн олимп.
Афганистаны хямралын улмаас барууны орнууд олимпийг бойкотлож, харин тэр үеийн социалист хамтын нөхөрлөлийн орнууд өндөр ач холбогдол өгч байлаа. Социалист системийн бүрэлдэхүүнд байсан Монголын хэвлэл мэдээллийнхэн хамгийн шилдэгүүдээ олимпийг сурвалжлах ажилд томилон явуулжээ.
Монголын радио гадаад, дотоод нэвтрүүлгийн гэсэн хоёр ерөнхий редакцтай байв. Мэдээж олон улсын чанартай томоохон арга хэмжээ учраас гадаад нэвтрүүлгийн редакци ажилд ороод удаагүй ч авъяаслаг, сэргэлэн А.Авирмэдийг томилжээ. Тэр үед гадаад сурвалжлагаар явна гэдэг маш хатуу шалгуур давдаг, тэр тусмаа дэлхий нийтийн ач холбогдолтой үйл ажиллагаанд бүрч хатуу шалгуураар хүн томилдог байсан билээ.
Монголын радио Авирмэдийн сурвалжлагуудыг хүлээж байлаа. Гэтэл гайхаж баярлам мэдээнүүд ар араасаа цуварч эхэлжээ. Москвагаас тухайн үеийн ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчдын ярилцлагууд, даацтай тайлбар мэдээнүүд хөвөрч эхэлжээ. Монгол бол жижигхэн орон. Гол том үйл явдлуудад дэлхийн болон социалист лагерийн тэргүүлэгч орнуудын томоохон агентлагууд л оролцоно. Хүйтэн дайны оргил үеийн дэлхий дахины ач холбогдолтой тэр том үйл явдлын эргэн тойрон болж буй бүхий л томоохон арга хэмжээнүүдэд Авирмэд сурвалжлагч яаж тийм шуурхай хүрч, нэвтэрч аваад байгаа нь оньсого болжээ.
Харин түүнийг буцаж ирсний дараа бүх зүйл тодорхой болсон гэдэг. Тэрээр өөрт оногдсон сурвалжлах эрхтэй бүхий л үйл явдлуудыг сурвалжлаад, орой өрөөндөө ирмэгцээ зурагтаа асаагаад бусад өндөр ач холбогдолтой үйл явдлуудын талаарх мэдээлэл, удирдагчдын яриаг телевизээс нэг бүрчлэн бичиж аваад, орчуулж дамжуулаад байсан ажээ. Монголын радио олимпийн эргэн тойрны үйл ажиллагааг орон даяар маш өндөр түвшинд дамжуулсан гэдэг.
Сэтгүүлчийн ажил авъяас, ур чадвараас гадна овсгоо самбаа, ур дүй их шаарддаг. Ийм хүмүүс илүү хурдан тодордог тийм салбар. МУИС-ын Монгол хэл-утга зохиолын ангийг дүүргэсэн юм юмтай залуу ажилд ороод сурвалжлагчаар удсангүй хариуцлагатай редактор, ерөнхий редактор болж гэрлийн хурдаар дэвшжээ.
А.Авирмэдийн “бага үд”.
Ардчилсан холбооны жагсаалын индэр дээр зогсож байгаа хувьсгалын удирдагчдын яриаг бичиж авч байгаа дэгжин залуугийн зураг үлджээ. Олон ургальч үзэл, өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ сэргэн дэгжиж байсан цаг. Тэр үед хүмүүсийн хамгийн их сонсох дуртай радиогийн нэвтрүүлэг бол “Бага үд” хөтөлбөр байсан юм. Бүтэн сайны бага үдэд айл бүр радиогаа чих тавин чагнана. Үндэсний оюун санааны сэргэлт, уламжлал, түүх ёс заншлаа сэргээх эрмэлзлэл энэ нэвтрүүлэгт тусгалаа олж байсан юм. Нэр нь хүртэл уламжлалт Монгол нэр. 10-12 цаг бол монгол цагаар бага үд билээ. Тэр үеийн хүмүүс санаж байгаа бол радиогийн “Бага үд” хөтөлбөр дуусмагц “Орбит”-оор “Аялагчдын клуб” нэвтрүүлгийг залгаад үздэг байсан. Яагаад гэвэл оросууд ердөө 10 минут “Шао лин” киног таслан гаргадаг байсан билээ.
Бүтэн сайн амралтын нэртэй угаалгын өдөр байсан. гэр хорооллын хүүхдүүд “Бага үд” хөтөлбөрийг сонсоод, аялагчдын клуб үзээд ус авахгүй эцэг эхээ уурлуулна. 13 цагт ус түгээх цэгүүд амрах гээд хамаг юмаа угааж буй эзэгтэй нарыг сандаргадаг байлаа. Энэ бол А.Авирмэд агсны уран бүтээл, амжилтын ёстой бага үдийн л үе байсан.
А.Авирмэд сэтгүүлч гэнэт телевизээр гараад ирэв. Монголын телевизийн нэртэй найруулагчдын нэг Бадрах агсан А.Авирмэдийг телевизэд урвуулжээ. “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийн редактор, хөтлөгч нь Авирмэд сэтгүүлч байлаа. 70 жил мартагдсан үндэсний ухамсар, соёл, ёс заншлаа энэ нэвтрүүлгээс буцааж сурч байлаа. МУИС-ын монгол хэл утга зохиолын ангийг дүүргэхдээ мэргэжилдээ гаргуун байгаад зогсохгүй илүү гүнзгий бөгөөд өргөн мэдлэгийг олж авсан байжээ. Тэр олон жил дарагдсан, тийм олон ёс заншил, уламжлалт мэдлэгийг угсаатны дарагдсан сан хөмрөгөөс олж илрүүлж, судлаж, телевизийн нэвтрүүлэг болгоно гэдэг амаргүй ажил билээ. А.Авирмэд сэтгүүлч Монгол бичгээр гаргуун сайхан бичдэг байсан юм. Ц.Балдорж агсан “Манай Авираа ёстой юм юмтай, бүр манжтай гээч…” хэмээн бахархан ярьдаг байлаа. Манж нар Монголын соёлын нөлөөнд байсан ба Монгол бичгийг жаахан өөрчлөөд авсан байдаг ажээ. Манж Монгол бичиг бинт дуслын л ялгаатай гэж эртний үг бий, түүнийг бас сурч авчээ. Бас төвдтэй. Ингээд бодохоор өрнө-дорныг хослуулсан өндөр боловсролтой хүн байсан юм.
Гэхдээ хүн нь дорнын зантай, хэзээ ч мэддэгээрээ гайхуулдаггүй, гэхдээ мэдүүлдэг байсан юм. Тийм нэг заяагдмал сэтгүүлчийн авъяастай хүн байлаа. Радиод ч, телевизэд ч гайхалтай сайн сэтгүүлч болохоо харуулсан. Бичгийн найруулга, хэллэгийн талаар гайхалтай ур чадвартан байсан юм.
“ЖААГ”-ынхны туулсан зааг.
1993 онд тэр гэнэтхэн радиогаасаа гараад телевиз байгуулах гээд дөрвөн нөхрийн хамт үзэж таржээ. Ноолуурын наймаа ч хийж, халаалтын радиатор ч зөөж ер юм юм л хийсэн гэдэг. ”Цаг үе залуучууд” нэвтрүүлгийг хийж олонд алдаршсан сэтгүүлч З.Алтай МРТХЭГ-ийн даргын сайдын эрэмбэтэй өндөр суудлаа хаяад хэсэг нөхдөө уриалсанд тэр хамгийн түрүүнд яваад очжээ. Тэд шинэ үеийн сэтгүүл зүй ямар байх талаар өөрийн гэсэн бодолтой, аль аль нь энэ чиглэлд эрт орж ажилласан туршлагатай хүмүүс байсан түүндээ найдаж ажил алба, байгаа бүхнээ орхиод эрсдэл хийхийг зориглосон хүмүүс билээ.
А.Авирмэд сэтгүүлч багшийгаа уруу татжээ. Д.Галсанжаргал сэтгүүлчийг “багш” гэж нэрийднэ. Яг юуны багш юм бүү мэд. Их учиртай өргөмжлөл байгаа юм гээд “ха ха” хэмээх тачигнатал хөхөрдөгсөн. Бас телевизэд сайн инженер хэрэгтэй учраас Л.Жаргалсайхан инженерийг уруу татжээ. Ингээд нэрсийнхээ эхний үсгийг нийлүүлээд “ЖААГ” ХХК байгуулжээ. Тэд шууд телевиз байгуулчихаагүй юм.
Эхлээд Залуучуудын соёлын төвд өрөө түрээслэж тэндээ “Цагаан шонхор” радиогаа байгуулаад Монголын үндэсний радио дуусмагц залгуулаад нэг цагийн нэвтрүүлэг орон даяар цацаж эхэлсэн юм. Тухайн үед Монголд албан ёсоор зөвшөөрсөн ганцхан радио өргөн нэвтрүүлгийн станц байсан юм. Тэр үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл ондоо, эрт унтдаг байсан боловч “Цагаан шонхор” радиог сонсохын тулд нойроо нэг цаг хугаслахыг тоодоггүй байсан юм.
Дараа нь Соёлын төв өргөөний ариун цэврийн өрөөг тохижуулаад Монголын анхны хэт богино долгионы ФМ-107 радиог байгуулжээ. Тэд радиогоо байгуулж, эфирээ цацаж эхэлсний дараахан нэг их ганган машинтай нөхөр ороод иржээ. Тэгээд “Би германаас ирсэн хүн, миний машин хэт богино долгионы радиотай, монголд дуугардаггүй байсан юм. Гэтэл сай гэнэтхэн танай радио ороод ирлээ, би ч баярласан гэж юүхэв” гэжээ. Тэгээд барууны эстрадын дуутай 30 гаруй СД бэлэглэсэн тэр хүн бол одоогийн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ажээ. Тэр үед дэлхий дахин хүйтэн дайн, үзэл суртлын системийн ялгаанаас болоод радиогийн долгионыг хүртэл хуваасан байсан юм. Урт дунд долгион социализмынх, харин хэт богино долгион капитализмынх байжээ. Монгол хүйтэн дайны энэ ханыг анх цөмлөгчид бол ЖААГ-ийнхан байсан юм.
Ийнхүү А.Авирмэд сэтгүүлч нөхдийн хамт Монголын чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийн салбарын шанг татаж байсан юм. Энэ бол түүхэн гавъяа. Хүмүүс сэтгэлийн дуудлагаар нэгддэг ажээ. ЖААГ-ийнхан радио телевизийн салбарт шинэтгэл хийж байхад Ц.Балдорж сэтгүүлч сонин хэвлэлийн салбарт шинэтгэл хийж байлаа. Удалгүй тэд нэгджээ. Анхны хэт богино долгионы радио улам цаашилж анхны хувийн чөлөөт телевиз болжээ. Хэдхэн үгэнд багтаагаад хэлчихэж болох авч энэ бүхний цаана ямар нөр их ажил, судалгаа, ур дүй, ухаан шаардлагатайг тэр бүр анзаардаггүй билээ.
Монголын жүүд
“Манай Авираа ёстой жүүдийн ухаантай” гэж хүмүүс хэлнэ. Судлаач Ч.Эрдэнэ гуай XX зуун бол жүүдийн зуун байсан, дэлхийн сор болсон эрдэмтэд, дэлхийг өөрчилсөн нээлтүүдийн 70 хувийг жүүдүүд хийсэн гэж ярьдгийг санавал энэ бол асар их ухаан, тэвчээр, ур дүйтэйг нь үнэлсэн хэрэг. Ер нь бол санхүүчийн гойд авъяастай хүн байсан.
Чөлөөт, ардчилсан телевиз бол улсаас санхүүждэггүй, өөрийгөө санхүүжүүлэх хатуу зарчимтай. Анхны чөлөөт телевиз учраас Монголд анх удаа яг энэ зарчмыг оргүй хоосон байсан Монголын нөхцөлд хэрэгжүүлэх ёстой болсон юм. З.Алтай нь нэвтрүүлэг уран бүтээлдээ анхаарч, Л.Жаргалсайхан нь техникийн асуудлаа дааж, Д.Галсанжаргал нь мэдээллийн чиглэлээ хариуцжээ. Харин А.Авирмэд сэтгүүлч санхүүгийн талаа дааж байжээ. Бүр Монголын радиод байхдаа радиог өөрөө санхүүждэг болох, бие даах чиглэлд анхны зоримог санаануудыг дэвшүүлж байсныг нь сэтгүүлч М.Цагааны “Санаа” номондоо оруулсан протоколд үлджээ. А.Авирмэд бол ардчилсан нийгэм дэхь чөлөөт радио, телевизийн маркетингийн салбарын анхны шанг татагч юм. Хорь шахам жилийн өмнөөс шүү дээ. Олон олон анхдагчийн хувьд түүний нэр Монголын хэвлэлийн түүхэнд үлдэх учиртай билээ. Хүмүүс нэгэн үед, нэгэн дор хамт ажиллаж байгаа хүнээ хэн болохыг төдийлөн анзаардаггүй юм. Гэхдээ түүх бүхнийг бичин үлдээж, ой санамжиндаа хадгалсан байгаа.
Аюушийн Авирмэд. Монголын хэвлэл мэдээллийн салбарын түүхэнд тодоор бичигдэн үлдэх түүхтэй, өрнө дорныг хослуулсан өндөр боловсролтой, олон талын авъяастай ховорхон төрөх уран бүтээлч, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг зохион байгуулагч хүн байсан. Бас жинхэнэ үндэсний үзэлтэн байж, түүнийгээ хамгийн тод илэрхийлж чадсан.
Монголын хэвлэлийн гурван үе энэ хүнээр бахархдаг. Ахмад үе нь авъяас чадвар, ухаан, сэтгэлгээний чадварыг нь үнэлэн дэмжиж, дунд үеийнхэн нь нэгэн үед хамтдаа зүтгэж буй сэтгүүл зүйн салбарын манлай, түүчээ хэмээн бахархаж, харин залуу үеийнхэн түүний тухай домог мэт яриануудыг бишрэн сонсож үлгэр дуурайл болгон хардаг байлаа.
Тэрээр салбартаа үнэнч, салбартаа тэргүүлэн манлайгчдын нэг болсон билээ. Тэрээр өөр салбарт ажиллаагүй зөвхөн энэ салбартаа 28 жил тасралтгүй ажиллажээ. Тэр эцсийн мөчөө хүртэл ажилласаар л байсан юм. Түүнийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хугацаанд Монгол улс, Монгол үндэстэн шинэ ардчилсан чөлөөт нийгэмд шилжин орсон бөгөөд ажилласан нийт хугацаа нь хоёр нийгмийн хэвлэлийн түүхийн дамнан байдаг, тэр аль алинд нь шилдэг нь манлайлагч нь байсан юм. Ажлыг зөв зохион байгуулах арга барил, эв дүй, гүйлгээ ухаанаар үнэхээр гайхалтай хүн байсан юм. Цаг үе хэрэгтэй үедээ хэрэгтэй хүнээ төрүүлсэн байдаг гэдэгт дахин итгэнэм.
Тэрээр асуудлын шийдийг маш хурдан бөгөөд зөв олдог, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломжоо шавхан ажилладаг, тэгээд санасандаа хүрч байж салдаг хүн байсан юм. Энэ бол томоохон бизнесмэнүүдэд байдаг чанар, гэхдээ олон хүн асуух байх, хэрэв тийм юм бол яагаад өнөөгийн сүрхий баячуулын зиндаанд хүрээгүй юм бэ? гэж. Тийм ээ, тэр маш их ажилласан юм. Монголд чөлөөт хэвлэлийн бодит туршлага байхгүй, тэр тусмаа телевизийн менежмент маркетинг гэдэг цоо шинэ, огт оргүй байхад энэ салбарт түрүүлэн орж, бэрхшээл саад бүхнийг өөрийн төрөлх хурц ухаанаар даван туулж, өнөөгийн зэрэгт хүргэсэн гавъяа хамгийн түрүүнд түүнд ноогдох учиртай билээ. Тэр шинэ үеийн хүн, гавъяа шагнал одон тэмдэг тоодоггүй байсан, гэхдээ “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон бий. Үнэхээр хөдөлмөрийн гавъяа байгуулсан нь үнэн билээ.
Хоёр. Эгэл хүн
Авираа ах маань тун энгийн байх дуртайсан. Зангиа зүүх дургүй, тэр ч байтугай костюм хосоор нь ховорхон өмсөнө. Үнэтэй машин, элдэв гоёлоор биеэ хулдах дургүй хүн байсан юм. Гэхдээ дорнын маягийн нарийн мэдрэмжтэй, түүндээ тохирсон чамин тансаг юманд бас дуртай. Анх Ниссаны “Террано-2” хэмээх дунд гарын жип авсан. Түүнийгээ нэг л сольсон. Тэгэхдээ “Террано-3” болгосон. Мөн ч тэнгэртэй машин шүү гэж магтана. Их шийдэмгий учраас өвөл нимгэн мөстсөн голоор гарах гээд дайраад орчихсон гэдэг юм. Тэгтэл сэнс нь ус цохиод машин нь унтарчихаж. Машинаа тэр чигт нь орхиод айлд очиж хоноод маргааш нь том машинтай очиж голд зоогдсон машинаа татаж гаргажээ. Айлын гадаа чирч авчираад моторыг нь бүрхсэн мөсийг нь гал түлж хайлуулаад нэг дарахад л асаж байсан гэж ярьдаг.
Гайхалтай уран сэтгэмжтэй шооч хүн байсан. Хүн явуулахдаа гаргуун. Хүн явуулчихаад түүндээ хөөрч нэг их чанга тачигнатал хөхөрдөгсөн. Занг нь мэдэхгүй хүн “төмөр шиг хатуу” гэнэ. Хэрэв таагүй хүнтэй учирвал харин ч нэг түс тас шулуухан хэлчихдэг зантай. Ёстой нөгөө “Харь дайсанд харцага шонхор мэт догшин, ханилсан нөхөртөө алаг бяруу мэт номхон” гэдэг эртний домгийн үг мэт хүн байлаа. ЖААГ-ынхан бүгдээрээ яг ийм шударга зантай учраас телевиз хүртэл үргэлж шудрага, сөрөг талдаа байдаг нь ажиглагддаг гэж хүмүүс ярьдаг. 17 жил “25 дугаар суваг” телевиз сөрөг хүчний дуу хоолой болж явсан, тиймээс Л.Жаргалсайхан, З.Алтай, А.Авирмэд, Д.Галсанжаргал нарыгаа “Дөрвөн бэрх” гэдэг байсан. Гэтэл нэг нь хорвоогоос халив. Гэхдээ Авираа ах маань хэзээд дөрвөн бэрхийн нэг байсаар байх болно. Тэр морь буугаад мөнхөрчээ.
Байнга сөрөг дуу хоолой болдог, араасаа санхүүжүүлэгчгүй телевизийг авч явна гэдэг хүнд ачаа. Хэвлэл мэдээллийн байгуулага хараат бус байж чадах эсэхийг санхүүгийн хувьд хараат бус байж чадаж байна уу, үгүй юу гэдгээр л хэмждэг ийм л нийгэмд тэрээр эрх чөлөөтэй, хараат бус байхын төлөө 20 шахам жил тэмцэж, ачааны хүндийг үүрч явсан билээ. Одоо энэ “морины” ачааг үлдэж хоцорсон хамт олноороо үүрч л таарах нь. Энэ бол эрх чөлөөний гэрээслэл юм.
Авираа ах маань оюуны хүч шавхсан тоглоомонд дуртай, хааяа ан хийнэ, загас гөхиднө. Барьсан тулынхаа арьсыг өвчөөд дэлгэж, шилэн хоргонд хийгээд “Да хүрээ” рестораны хананд чимэг болгон тавьсан нь олны нүдийг хужирладагсан. Хэдэн найзтайгаа нийлээд өөрсдийнхөө нөхөрсөг шог зургийг нэгэн хавтгайд багтааж, дээр нь “Аяа анд минь чи, хаалгыг минь тогшооч…” биччихсэн нь харагдсан. Энэ дуунд их дуртай байжээ.
Галсаа ах маань дурсаж байна. “Бид хоёр хөдөөгүүр Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймгаар телевиз байгуулах гэж баахан юм цуглуулаад буцаж явлаа. Машины хөгжмөөр гавъяат Жаргалсайханы “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуу явж байлаа. Гэнэт Авираа маань жолооч Төмөрөөг замын хажуу руу гаргаж зогсоогоод хэнгэнэтэл уйлж билээ. Тэгж би төмөр шиг Авираагийнхаа нулимсыг анхны бөгөөд эцсийн удаа харсан. Тэгэхэд “Хүн найзтай байх шиг жаргал байхгүй” гээд нулимсаа арчсан. Одоо муу найз минь хэзээ ч муу андынхаа хаалгыг…” Зөөлөн хүн учраас уйлж байгаа. Галсаа ах Москвад байгаа. Наашаа яарч байгаа.
Ерөнхий сайд Санжаагийн Баярын сайн найз. Хоногийн 24 цаг богиноддог төрийн хүнд буулганд зүтгэж яваа найзыгаа хайрлахдаа, миний найз ажлаа өгөөд хүрээд ир, хоёулаа загасанд явъя л даа гэж гуйж, аргадаж бичиж байсан. Гэвч тэр өөрийгөө хайхраагүй юм. Ажлаа хийсээр, ядаж биеэ нэг сайн үзүүлчих ч завгүй явсаар гэв гэнэт аюулт өвчин засал авахаа нэгэнт өнгөрсөн хойно л мэдсэн.
Төрөлхийн хурц ухаантай, бас биеэ авч явахдаа арчаатай хүн атлаа гайтай аюулыг огт анзаараагүй явсан байна. Бүхнийг ухааныхаа хүчээр зохицуулж чадах, холын бодолтой, хашир, хийгүй, алдаггүй хүн гэж боддог байсан. Үргэлж түүний зөв байдаг байсан. Түүнд нь ойр тойрны нь олон хүн найдаад “Биеэ бод, биеэ үзүүл” гэж хэлдэггүй байж дээ. Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан эр гэдэг шиг 55-хан насандаа, хэрэв эрт анзаарсан бол цорын ганц алдаагаа засаад, жаргаж суух насныхаа босгон дээр бурхны оронд одлоо.
Эртний Монгол үгэнд “Эр нэг л алддаг, эрэг нэг л нурдаг” гэсэн юутай үнэн. Тэгээд ганцхан алдаа нь “биеэ боддоггүй нь” ийм айхтар тавилан оноожээ. Ай халаг, Эрэг нурав, их олон юмны хашлага болж явсан хүн их том орон зайгаа үлдээгээд оджээ. Жинхэнэ Монгол эр хүн байсан юм.
мс
мс
zochin
zochin
zochin
зочин
Зочин
зочин
зочин
Наран
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
цагаан
xocoo
xocoo
Ум мани бадми хум
oogii
Haramsal
Сайн мэдээ
And
Ariun
bolioch
zochin
Зочин
dorj
Хариулт
zulzaga
455
Pd13
Зочин
Зочин
koera-goos
Зочин
Зочин
Deeg
zochin
ganaa
RIP
harin tiim
Japanaas
Зочин
Зочин
Ibul
Darisuren
Zochin
bold
Bogi
Зочин
Ангараг Л. Жагар
Зочин
lkhagva
bolor
Бусдын төлөө
Зочин
Зочин
asuult
uuskoo
ulzii
1234
zochin
dash
Анд...
Dondog
Зочин
Э.Жаргал
Зочин
Um mane badme hum
E.Khosbayar.London
b bb
болд
Bilgee
Bilgee
MMMMM
MMMMM
Enhmaa USA
zochin
Зочин
odgii
togoo
Sukhee
enkhee
soyol
Зочин
duu
Зочин
Zochin
Eni
Eni
Бат
нийгэмд хэрэгтэй хүн
dabaa
zochin
G.Namuun
Hyndlegch
dugar
hi usa
horloo
Gantugs
зочин
zochin
Зочин
zochin
evro
P.Batzorig.USA
ulzii
Раяа
Gankhuu
Зочин
Ум мани бадмэ хум
dulguun
Зочин
bayaraa
tubi
Зочин
saikhan mongol er
naraa
ñàéí õ¿íèéã äóðñàÿ
хүндлэгч
hurlee
er hun
ум
haku 8118