Яг сайхан эхлээд явж байтал сонгууль гэсэн дайрлагад дайруулж тасалдсан тэмдэглэлээ сэргээюү гэж. “Үндэстний тойм”-ын андууддаа багахан цагт ихийг багтаасан дүүрэн тулам маягийн юм өгснийгөө дэлгэрүүлэе. Аажуу тайвуу, ухаж төнхөөд л явы даа. Тэнд байсан өдрүүдийн дурсамжийг дотроо хадгалаад мартахад арай л хайран байна.

Аялалын эхлэл  
                               
Улаанбаатараас гарч замдаа Ново-гоор дайрсан нь онгоцонд маань “колонк” хэрэг болсных юм байж. Онгоц газардангуут баахан баярласан хүмүүс тамхи татна, агаар амьсгална, биеийн чилээ гаргана гэж баярлалдаж байтал талаар болов. Цэргийн дарга босч ирээд, “бид 2 цаг болно, хэн ч онгоцноос гарахгүй” гэж лүндэгнэлээ. Новосибирск хот сэрүүхэн байх шиг байсан. Цонхоор пөөнийсөн нөхдүүд явж харагдана лээ. Уйтгарт 2 цагийг арай гэж дуусгаад Тэрмизийг зорив. Замдаа “цагийн байдалтай” танилцсан. Цагийн байдал гэдэг бол цаг уур ямархуу байна гэсэн үг биш, харин халдлага довтолгооныг хэлж байгаа юм. Халдлага гарвал цагийн байдал гарлаа гэнэ. Харин энд л хаашаа явж байгаагаа утгаар нь мэдэрсэн дээ. Цэрэг эрсдээгүй өдөр ч гэж алга. Байнгын халдлага довтолгоонтой. Байнгын халдлага довтолгоонтой юм байна.


Термизэд 2 хүн нэг өрөөнд хоноглов. Харин комиссын гишүүдийн маань нэг  унтахдаа өрөөнийхөө эйр кондишныг унтраахаа мартсанаас хоолой нь өвдөж эмч бараадахаас өөр аргагүй болсон доо.

Термиз бол Афган Узбек хоёрын торгон хил дээр байдаг хот. Биднийг баахан германы цэргийнхэн, пүн хийсэн бөгчим нойтон агаар угтаж авлаа. Нэгэнт шөнө тул болсон зоогийн ширээнд суух асуудалгүй зүгээр босоо ширээ тойрон зогсож сосиск, талххан залгина. Харин зочид буудлын сайхан тохилог өрөөнд хоноглох юм байна. Цэргүүдийг мөн л тохилог боловч илүү олон ортой казарм-д байрлуулжээ. Энэ бол германы цэргийн дамжин өнгөрүүлэх бааз юм.

Генералыг тэдний дарга угтаж авав. Гар барилцлаа.  Орчуулагчийн үүрэг давхар гүйцэтгэх Батчулуун дэд хурандаа ч “ажлын байрандаа” яс зогслоо. Гэвч удалгүй дэд хурандаагийн хэрэг энд үгүй болов. Учир нь баргийн герман офицерүүд оросоор ярьчихдаг болж таарлаа. Германчууд “Зөвлөлт” рүү орос хэлтэй нөхдүүдээ явуулсан нь энэ юм байж.

Газрын байдлыг өглөө л харав. Сайхан нов ногоон юм байна. Бетон хашааны наагууур ганц цэрэг алхана. “Яаая жинхэнэ буутай цэрэг байна шд” гэж бид шагшин, хулгайн нүдээр дагуулж хараад сүр юм боллоо. Узбек цэрэг аж. Гадаадын том мөнгө цаасны ажиллагаа болоод эхлэхээр нутийн иргэд ажилтай болдог нь жам. Бас баахан хар үс, монголжуу нүүртэй хүүхнүүд энд тэндхийн цэвэрлэгээн дээр харагдана лээ. Аа бас сэвхтэй шар “марусянууд” ч байсан.  


Пижигнэсэн олон хүмүүс хашаанд орж ирэх шиг болоод л чимээ тасрах нь манай цэргүүд. Тэднийг харахад, энгийн бяднууд гэж дэл сул холхисон, дуу чимээ ихтэй дэмий нөхдүүд болох нь илэрнэ.

Өглөөний цай нь дориун. Төрөл бүрийн хиам, бяслаг... ер нь Германд юу иддэгэв тэр бүхэн өрөөстэй. Хүссэн хэмжээгээрээ идэж болно. Цэргүүд багталцахаараа ороод урт ширээний хоёр талаар урдаасаа харалцан сууцгаана. Бүр суудал олдохоо больчихгүй л бол герман монголчууд ерөнхийдөө ялгарч сууцгаана. Хооллох дадлын хувьд том ялгаатай. Дадал гэж зөөлрүүлж хэлж байгаа юм. Үүнийг сүүлд өгүүлнэ. Гэвч тэд хоолонд биш дайнд явсан. Харин хооллох соёл зэрэг нь манай залуусын дайвар олзвор юм.

Дараа нь бид хашаан дотуур жоол зугаалсан. Нэг ягаан цэцэг хараад л урд нь зогсож зураг татуулна. Бусад нь дуурайна. Тэгж байтал нэг сүртэй кактус дайралдаадхана. Мөн л ээлжилж зогсоод чиг чаг. Зарим нь хатгууллаа. “Өргөс нь үсэрдэг юм байна” гэлцэв.


Онгоц агаарт гарсан хойноо л “бөгсөө” тагална

Энэ мэт байсаар нисэх цаг боллоо. Онгоц нь харин аймар амьтан байна. Хойгуураа онгойдог. Зорчигчид нь тэрүүгээр нь бууж сууна. Суудал нь зүгээр аяны сандал шиг хэдэн төмөр дээгүүр бэрзээнт татцан. Хэрэг гарвал бүгдийг нь хураагаад ачаа ачна. Ачаа нь танк ч байж болно. Цэргүүд урд урдаасаа харж сууна. Түгшүүр зарлах юм бол пар гэж гараад л байлдах анзааны юм нүдэнд төсөөлөгдөж байна. Энэ онгоцоор дараа нь уйдталаа ниссэн. Яг агаарт гарахад нь бөгснөөс учиргүй хүйтэн агаар үлээж тэр хэсгийг хөлдөөх дөхдөг юм.


Германы цэргийн хоол 9 төрөлтэй. Дотроо хлорын шохойн халаагч, даруулга амттан, шүдний чигчлүүр бүх юмтай. Нэг хүн өлхөн цадна. Би ч нэгийг аваад хавчуулчихлаа.

Бүх хүн суудлаа эзлэж бэхэлгээ хийсний дараа онгоцны хүн анхааруулга өглөө:

-Муухай дуу чимээ гарна, аймар доргино, чих шуугина, бие муудна. Тэнд бөөлжих уут байна. Гэхдээ манай баг сайн нисдэг тул тайван байцгаа. Нислэгийн цаг 20 минут.

Бидэнтэй 40 орчим цэрэг дөрөө нийлсэн. Бусад нь өглөөгүүр очих газруудаа зориод хэдийнэ хил даван оджээ. Тэдний зарим нь Афган дахь Америкийн баазад, зарим нь Германыхад, үлдсэн нь Бельгийнхэд очиж алба хаана. Манай цэргийнхэн сүүлийн жилүүдэд Америк Герман зэрэг орнуудад урт богино олон янзын сургалтад сууж, цэргийн академид суралцсан тул хэл нэвтрэхгүйн зовлон даанч үгүй.

Газрын байдал зүгээр л цөл. Бор шаргал өнгийн нүцгэн уулс, тал. Ийм л газрыг туулж ниссээр бид Исламын бүгд найрамдах Афганистан улсын Бадахшан мужийн Мазари Шариф хотод газардлаа. Энд эвслийн цэргийн Мармал бааз бий. Бид бушуухан гарахаар яаран, юу юугүй өндөлзтөл дор нь командлан буцааж суулгав.


Цэргүүд буугаа хажуудаа тавиад л хоолоо иднэ.

Ерөөсөө ч манай цэргийн дарга нар бидний байх хугацааг “тэсвэр хатуужлаараа л” туулсан. Харахад л бөөн цэрэг, офицерууд алхаж байгаагаас биш жинхэнэ цэргийнхний хажууд яг л цэцэрлэгийн бага ангийнхан мэт ядаргаатай. Асуулт хүсэлтүүд нь хэзээ ч дуусахгүй. Болохгүй гэснийг нь болно гэж дуулна. Бидэн дундаа жинхэнэ цэрэг болох зурагчин Баяраа ах биднийг дэгтэй байлгах гэж их хичээсэн дээ. Яг л гахай хариулагч шиг уураа барсан. Харин гахайнууд нь гэвэл.... :)

Удалгүй, “за ачааны 2 талаар нэгийн цуваагаар гарцгаа” гэхийг дуулахтай зэрэг год үсрэн босов.

...............Вооааа Афганд бууж байнннн...........


Хаашаа ч харсан зузаан гялгар уутны наанаас хараад байгаа юм шиг бүүдгэр байна. Шаварлаг хөрстэй, тэр нь хатсан байх тул агаартаа дэгдээд байнга тэнгэрт тулсан их шороо тоос босгодог юм санж. Шороон дээр нь гишгэхэд гутлын улны тал бүрээс маш нарийн тоос пургин гарна. Асгарсан цемент шиг л.

Баазын хашаа руу ороод л эрүү мулт явах шахсан. Зөвхөн киноноос л харж байсан байлдааны түг түмэн техник хэрэгсэлүд, танк, хуягт бас ...том том буу мөрлөсөн цэргүүд холхиж байлаа. Бараг ганцхан энэ өдөр л урьд нь бүх амьдралдаа авч байснаас их зураг авсан байх. Харсан бүхэн сонин, гайхалтай, бүр агуу гайхамшигтай байснаас тэр. Энэ бяцхан хийрхэл нэгэн герман офицертой таарч зураг авах хориотой тухай ширүүхэн сануулга авснаар намдав. Гэвч ховор сонины өмнө дуран буруугүй тул хулгай зэлгийгээр зураг дарсаар л байлаа.


Өглөөний “сэрүүн”.

Баазад ганцхан монгол цэрэг ажилладаг нь холбогч офицер Уянгасайхан. Ажилдаа гаршсан, чадварлаг залуу. Ерөнхийдөө манай тагнуулч л юмуу даа. Өөрсдийн эрх ашигт нийцсэн элдэв мэдээлэл олзворлож, боловсруулж нааш цааш нь дамжуулж шинэ үүрэг даалгавар авдаг бололтой.

Гэхдээ түүний эйр кондишнтэй машин илүү “гоё”. Анх онгоцны хаалгаар гарах нь зуухны амаар орж байгаа мэт санагдсан юм. 40 градус цельс бол нэг их халаагүй үеийн хэм.

Энэ зуухан дотор л 20 хононо доо....


Томсгож харвал хамгийн доор байгаа тайлбар нь хөгжилтэй.