Улс болгонд өөрийн гэсэн шүтээн бий. Бид Чингис хаанаараа бахархаж, Буддагаа шүтдэг бол Аргентины бурхан нь Диего Марадона. Тэдний бахархал нь хөлбөмбөгчид нь, хөлбөмбөг шашны байр суурь ойролцоо гээд хэлчихэд нээх хол буудахгүй. Марадонаг бурханаас цаанаас нь бэлэглэсэн гэж үзэж, ногоон талбай дээр бүтээсэн гайхамшигийг нь зөвхөн “бурхан”-ы хийж чадах зүйл гэж ярьцгаадаг. Харин дасгалжуулагчийн хувиар Марадона сайн гэхээсээ илүү саар зүйлээрээ хэвлэлийн бай болж байна.


Skytel компанийн 2010 оны Дэлхийн аваргад зориулан гаргаж буй картан дээр тавигдсан, Аргентины шигшээ багийн зураг.

     Урьдчилсан шатны тоглолтуудад Аргентин шиг олон, нийт 92 тоглогч шигшээдээ дуудсан улс алга. Үр дүнг нь бүгд харсан. Урьдчилсан шатнаас санд мэнд гарч ирэн, мөнхийн өрсөлдөгч Бразилд хоёр хожигдож, Боливид 6-1-ээр хожигдон булай болж, нийт зургаан хожигдол авсан нь тун тогтворгүй байсаныг харж болно. Ямарч дасгалжуулагч багийн ерөнхий суурь болсон тамирчид дээрээ тохируулж бүрэлдхүүн, тактикаа сонгодог. 2002 оны Бразил, 2004 оны Грек шиг тактикаар “дээрэлхэж” байгаа юм ч алга. Гэвч Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Хулио Грондона Дэлхийн аварга хүртэл азнахаар шийджээ. Хүн бүр л “Марадонагийн баг алуулна дөө, гэхдээ ийм сонин баг нэг тоглолт нь орвол алж магадгүй” гэсэн ярианууд яригдаж л байна. Ер нь хөлбөмбөгт бүх зүйл болдог ч ийм “замбараагүй” баг хол явсан тохиолдол үгүй. Дээр нь Аргентинчууд цэвэр ур чадвар дээр тулгуурлан тоглодог боловч Рикэлмэ, Камбиассо гэсэн тамирчдыг Марадона шигшээдээ дуудсангүй. Ур чадвар гэхээр заавал хүн хуураад гүйгээд байх биш. Талбайг харах, мэдрэх, байрлал нөхөх, хагас нам, газраар шулуун холын дамжуулалтууд ч ур чадварын нэг хэлбэрт орно. Ялангуяа дээрх хоёр тамирчин энэ тал дээр Аргентин байтугай дэлхийд дээгүүр бичигдэнэ. Камбиассогийн гайхалтай хамгаалалт, хамгаалалтаас бөмбөг аваад төвөөс гаргах санаачлага өндөртэй тоглолт Интэрийн тоглолтоос тодорхой харагдаж байна. Үнэндээ Барсэлонагийн довтолгоог Камбиассо, Моттагийн хослол нураасан. Рикэлмэ бол угаасаа өөрийн байрлал дээр тоглодог хүмүүсийн шүтээн болсон тоглогч. Ганц нэг тамирчинг тактик, зан характэраас нь болоод авахгүй байх тохиолдол байх ч Аргентиных тийм биш. Хагас хамгаалалтын хүмүүсээс болоод Аргентины довтлогчид үнэхээр сүпэр ч, урьдчилсан шатанд цөөхөн гоол оруулсаны шалтгаан ердөө л энэ. Төвөөс санаачлага гаргана гэдэг үнэхээр ур чадварын асуудал. Марадонагийн сонголтоор Вэрон (эсвэл Аимар), Машэрано гэсэн хослол төвд тоглож буй. Машэрано мэдээж үндсэн бүрэлдэхүүний тоглогч. Гэхдээ хэзээ ч баг авч явах лидэр биш. Түүний үүрэг энийг тун сайн тодорхойлж байна. Тэр хамгаалах л үүрэгтэй болохоос довтолгоонд сэдэл гаргадаггүй. Хагас хамгаалалтын дөрвөлийн хоёр талд Хонас Гутиеррэс, Анхэл Ди Мариа нар тоглож байна. Довтолгооны шугаманд Мэсси, Игуаин, Агуэро, Тэвэс гэсэн сонголтууд голчилж Палэрмо, Лавэззи, Д.Милито гэсэн нэр дэвшигчид бий. Хамгаалалтын бүсийн төвд Дэмикэлис, Самуэл гэж Аваргуудын лигийн шигшээд шалгарсан тоглогч, баруун талд нь Отамэнди, Бурдиссо (төвд ч байж болно), Колоччини, зүүнд Хайнц байж болох. Эсвэл ардаа 3 хамгаалагчтай хувилбарыг сонгож болох юм. Хаалгачаар Андухар, Ромэро хоёрын нэг. ­Ер нь гурван хаалгач дээд тал нь 5 тоглолт шигшээ багтаа хийжээ.

    Довтолгооны бүс дээр нэг асуудал гарч ирсэн нь европт гялалзаж буй Диего Милитогийн оронд Палэрмог илүүд үзэж байна. Урьдчилсан тоглолтонд Перуг талбай дээрээ арай гэж хожиход Палэрмо цаг дуусах мөчид гоол оруулсаныг эс тооцвол гавьяа багатай. Олон сайн залуу довтлогчид байгаа болохоор Палэрмогийн туршлага, хожигдож байх үед хэрэглэхээр нөөцөлсөн байж магадгүй.

  Тактикын хувьд олон талт хувьсмал довтолгооны хувилбартай. 4-4-2-оос 3-5-2 руу довтолгооны явцад шилжиж байрласан тоглолтоос хувилбар ихээр хийнэ. Богинын дамжуулалт, хурд, ур чадвар дээр дэндүү тулгуурлаж байсан. Жигүүрийн хамгаалагчид өмнөх дасгалжуулагчдын тактикаас ялгаатай нь эрсдэлд буюу эсрэг багийн сөрөг довтолгооноос хамаарч урагшаа тоглох тодорхой хязгаартай. Төвийн хамгаалагчид арагш сайн татна.

   Одоогоор дэлхийд Аргентин шиг хүчирхэг довтолгоонтой баг алга. Испани л хамгийн дөхнө. Гэхдээ сайн довтлогч, сайн сэлгээтэй ч тэдэнд дамжуулалт гаргаж өгөх тоглогч үнэхээр дутмаг байна. Эсвэл яг дэлхийн аваргаар хоёр довтлогчийн ард Мэссигээ тоглуулах гээд байна уу?

   Дэлхийн аваргад оролцож буй бүх багийн танилцуулгыг “Үндэстний тойм” сэтгүүл дээр цувралаар нийтлэж байна.