Багш нарын ажил хаялтыг тойрсон хэрүүл төгсрөх шатандаа орж байна. Эхлээд “Нэмчихээд байхад жагслаа” гэж нэг хэсэг давшилсан. Дараа нь “Хүүхдээр барьцаалж улс төр хийлээ, гэм зэмгүй хүүхдүүд хохирлоо” гэж нэг хэсэг нь дэвэв. Багш нар ажил хаяхад сурагч нь хохирох нь зүй тогтол. Энэ болно “өвөл болоход хүйтэн болдог” гэдэг шиг л үнэн юм. Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэнэ үү гэхээс ууланд гарч даяан хийхгүй нь лав.

Уг нь ямар ч тохиолдолд, ямарваа нэг зөрчилдөөнт байдал үүсэхэд заргалдаж байгаа хоёр тал дундаа суугаад шийдэх арга замын тухай ярилцдаг. Цалин нэмэх боломжтой юу, боломжгүй бол яагаад, боломжтой бол яаж гэх мэтчилэн. Гэвч багш нарын ажил хаялт эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрөхөд энэ талаар хэн ч ярьсангүй. Энэ удаа Засгийн газрын ярих ээлж. Засгийн газар нэг үндэслэл гаргаж тавибал багш нар ч бас нэгийг босгож ярина. Гэх мэтчилэн яриа хэлэлцээр үргэлжилсээр ямар нэг шийдэлд хүрнэ ээ дээ. Гэвч тийм юм болсонгүй.

Харин манай Боловсролын сайдтан “Багш нар хичээлийн шинэ жилийн эхэнд ажил хаядаг нь буруу. Өвөл утааны үеэр сурагчдаа амраачихаад, эсвэл зун хичээл хаасны дараа ажил хаях нь зүйтэй юм” гэсэн “мэргэн” зөвлөгөөг багш нартаа өгч байна. Ажилгүй хүн ажил хаяж болдог байх нь. Тэгвэл Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байна. Хүн амын тэн хагас нь “тэмцлийн хурц хэлбэрт” амьдарч байхад “төр засаг” тэдний төлөө юу хийв дээ?   

Эцэс сүүлдээ “Эдийн засаг хүнд байхад багш нар цалингаа нэмүүлэх нь буруу. Эх оронч бус явдал” гэж дүгнэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсөвт их хэмжээний дарамт ирнэ” гэж айлгав. Ингэхэд улсын төсөв ямар байх нь бага ангийн багшийн бодох ёстой бодлого уу? Сангийн сайдын шийдэх ёстой асуудал уу?

Миний мэдэхийн л монголчууд энэ зуныг зусан наадсан. Хэдэн ч удаа даншиг наадам хийв. Төртэйгээ, хүнтэйгээ наадсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадсан. Чадал чинээтэй далайн чанадад амарсан. Чадалгүйдээ л Хөвсгөл нуур, Байгаль далай явж, Итгэлт хамбад мөргөсөн биз дээ.

Тэгэхээр Монголд хямрал болоогүй. Ган болж, галав юүлсэн үү? Хоёр хөрш маань хилийн хориг тавьж, хоол ундаар тасалсан уу? Эсвэл Япончууд шиг цунамид өртсөн үү?

Яахав, эдийн засагчид мундаг болохоороо эдийн засаг хүнд байгааг яаж ийгээд нотлох байх л даа. Адгийн наад зах нь ам.долларын ханш, инфляци яриад ам таглана. Гэхдээ багш нар үүнд ямар хамаатай билээ? Багш нар ажил хаяснаас болж эдийн засаг хүндэрсэн үү, инфляци нэмэгдсэн үү? Үгүй.

Тэгвэл эдийн засгаа залуурдаж явах ёстой эрх баригчид нь ажлаа хийж чадаагүйн төлөө багш нар яагаад буруутах ёстой гэж. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг бил үү? Хэрэв тийм бол бүгдээрээ л хамт буруутъя л даа, ерөөсөө цалингүй амьдарцгаая. Яагаад УИХ-ын гишүүд, сайд нар хоёр сая төгрөгийн цалин авч, цалингаасаа давсан хангамж эдэлж байхад багш нар 500 мянган төгрөгийн цалин авах ёстой гэж. Нэг л их төсөв, эдийн засаг ярьсан, санаа зовсон хүмүүс. Тийм бол бүгдээрээ адилхан 500 мянган төгрөгөөр амьдраад үзье.

Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эдийн засаг хямралтай байна” гээд татвар нэмэгдүүлэхэд бид юу гэж байлаа. Бүгд л “амьдрал хүрэлцэхгүй байхад татвар нэмлээ” гэж уурлацгаасан. Угаасаа жижигхэн эдийн засгаа татварын дарамтаар улам битгий агшаагаад байгаач ээ. Тэгэхийн оронд татварынхаа бааз суурийг нэмэгдүүлээч. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмээч, түрээсийн орлогоос татвар аваач, хар зах дээр эргэж байгаа мөнгөө бүртгээч, тансаг хэрэглээн дээр татвар тавиач гэсэн. Одоо хоёр жил өнгөрчихөөд байхад юу өөрчлөгдөв? Ж.Эрдэнбатын оронд У.Хүрэлсүх гэдэг хүн ирж, хэдэн сайд дарга нар л амь зуулгатай болох шив дээ. Өөр юу нэмэгдэв, бидний амьдралд?

Татвар төлөгчдийн тоо хэдээр нэмэгдэж, бүртгэлгүй байсан хэр их хөрөнгийг шинээр бүртгэлжүүлэв? “Жонхуу”, Хүрэлсүх хоёр хэдэн авлигачийг хуулийн өмнө зогсоож, оффшороос хэр их мөнгө Монголд буцаж ирэв? Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ажлаа хийхгүй байгаад нь юу ч хэлж чадахгүй байж хийж байгаа нэгийгээ “Цалин нэмүүлэх гэлээ” гэж нийтээрээ зодох нь шудрага уу?

inews.mn