Чадавхигүйн тодотгол
Их хурлын эрхэм гишүүд улсын төсвийн ээлжит тодотголоо хийж эхэллээ.
Их хурлын эрхэм гишүүд улсын төсвийн ээлжит тодотголоо хийж эхэллээ. Төсвийн зардлаа дуртай цагтаа нэмэн “тодотгож” байдаг шинэ моод Монголд бий болоод хэдэн хаврын нүүр үзэж байна. Ер нь төсвөө сар бүр баталж байвал яасан юм бэ? Их хурал маань Наадам, Цагаан сар хийх гэж завсарлаж байхын оронд өдөр бүр ажиллаад, харин ч зүгээр байж мэднэ. Нэг тонн зэсийн үнэ 5800 доллар байхаар тооцсон төсвийн зардлыг өсгөх сайхан боломж гараад ирлээ.
Зэсийн үнэ 7000 доллар болж, гэнэт нэмэгдэх орлогын чимээгээр эрхэм гишүүд унтаж ч чадахаа болив. Сул олзыг хуваах гэдэг тийм ч амар биш гэдгийг тэд сайн мэднэ. Шууд зөвшөөрөн, товчлуураа дарах хэдхэн тодруулга байдаг. Жишээ нь эрхэм гишүүд, сайд нарын гадаад арга хэмжээний зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх явдал бол ОК. Эрэгчин эмэгчнээ үзэн байж тойрогтоо хэдэн төгрөг нэмж авах бол эрхэм гишүүний нэр төрийн хэрэг. Гэхдээ зэсийн үнэ унасан тохиолдолд эрхэм гишүүдээс төсвийн зардлаа хасах тухай хэн нь ч дуугарахгүй, юу ч тодруулдаггүй бөгөөд төлөвлөснөө ямар ч байсан зарна гээд гүрийчихдэг.
Гадаадад зэсийн үнэ өсөх тоолонд Монголын парламентын эрхэм гишүүдийн зодолдон байж тодотгодог төсвийн энэхүү тодотгол Монголын иргэний нийгмийн хувьд харин өөр зүйлийн тодотгол болдог. Тэр нь Монголын төр, засгийн удирдлагын чадавхи суларсны тодотгол бөлгөө. Төсвийн энэ удаагийн тодотгол нь Монгол Улс голланд өвчинд бүрэн нэрвэгдсэнийг, манай төр засаг удирдлагын ямар ч чадваргүй болсныг, Монголын эдийн засагт нэн яаралтай эрчимт эмчилгээ хийх шаардлагатай байгааг тодотгож байна. Зөвхөн ганц төрлийн эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэхэд улс орон даяараа дайвалздаг болсон нь Монгол Улс “Голландын” гэх өвчинд маш хүчтэй нэрвэгдсэнийг харуулж байгаа юм. Зэсийн үнэ нэмэгдсэн үед төр, засгийн удирдлагын даралт хөөрч, гэнэтийн олзоо хуваах гэж улайран дайрч, харин үнэ унасан үед үл анзааран гүрийж байгаа нь төр, засгийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, манай нийгэм, эдийн засгийн амьдрал гадаадын зах зээл дээрх зэсийн үнээс үнэмлэхүй хамаардаг болсныг гэрчилж байна.
Соёл иргэншилтэй орнууд зах зээлийн үнэ хэлбэлзэхэд төсөв мөнгөө зохицуулдаг тусгай механизм бий болгоод гучаад жил болж байгаа. Тухайн орны экспортын гол барааны үнэ дэлхийн зах зээлд өссөнөөс болж нэмэгдэж буй мөнгийг яаран сандран үрж заралгүйгээр тусгай санд хадгалан, үнэ буурсан үед түүнийгээ гарган хэрэглэж, улс орныхоо төсвийн санхүүжилтийг тогтвортой байлгадаг. Чили улс гэхэд л чухамхүү энэ аргаар Тогтворжуулалтын сангаа бүрдүүлэхийн сацуу дотоодын үнээ хөөрөгдүүлэхгүйн тулд сангаа гадаадад байршуулан, хүүгээр нь эдийн засгаа шинэчлэх, бүтээмжээ дээшлүүлэх судалгаа шинжилгээний үйл ажиллагааг санхүүжүүлдэг ажээ.
Үр дүнд нь эдийн засгаа төрөлжүүлэн, ашигт малтмалаас хамаардаггүй аж ахуйн шинэ салбаруудыг судлан, кластерийн аргаар хөгжүүлжээ. Иргэд бидний хувьд тодорч байгаа өөр нэг тодотгол бол манай оронд хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалууд холилдож, Их хурлын гишүүд Засгийн газрын сайд болдог жишиг тогтсоноос хойш төр, засгийн удирдлагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан явдал. Төр, засаг зэсийн үнэ өсөх бүр өрсөлдөн данхайж, түүний хурд нь эдийн засгийн өсөлтөөсөө хэт давж, зардал нь хөөсрөн томорч байхад хариуцлага хүлээх субъект байхгүй болсон учир улсын төсвөө дуртай цагтаа тодотгох нэрээр зардлаа өсгөх боломж бий болгожээ. Монголын төр, засгийн удирдлага зарчим дээр биш, хөндлөнгийн хүчин зүйл дээр тулгуурлах болсон учир засаглалын үйл ажиллагаа бүр сарын ч насгүй, улс орны алс ирээдүйг харах чадваргүй болсон учир нийгэм, эдийн засгийн урт хугацааны бодлого алдагдав. Төр, засгийн бие нь том, бэлчээр нь бага болж, нүд нь сонгуулийн шонгоос цааш юу ч харахаа больжээ.
Иргэд бидэнд мэдэгдэж буй гутгаар тодотгол нь засаглалын менежментээ сайжруулахгүй бол улс төрийн нам болж тоглож байгаа хариуцлагагүй хэдэн нөхдийн харалган үйл ажиллагаа Монгол Улсын төсвийн алдагдлыг удирдан зохицуулж үл болох хэмжээнд хүргэж, улсаа дампууруулж магадгүй боллоо. Төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхад хэвийн үйл ажиллагааг нэлээд халаалттайгаар хангадаг жишиг бий. Европын холбооны шаардлага бол бүр гурван хувь. Гэтэл Грекийнх 14 хувьд хүрчихсэн учраас улс орон нь дампуурлын түвшинд очиж, тэднийг аврахын тулд бүх Европ чадах бүхнээ хийж эхэллээ. Европынхон нэгдсэн мөнгөтэй учир хамтарч хөдлөхөөс өөр аргагүй. Тэгвэл монголчууд бид яах болж байна. ОУВС-д таваас хэтрүүлэхгүй гэсэн амлалт өгөөд баахан мөнгө аваад тараачихсан бөгөөд саяхан Сангийн сайдын хэлснээр одоо алдагдал 6.4 хувьд хүрч байна. Тэгэхээр төсвийн тодотгол гээд байгаа юм нь үнэндээ хариуцлагагүйн тодотгол болж байгааг ойлгож цөхөх юм алга. Төсвийн зардлыг тогтвортой байлгах цорын ганц арга бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа нэн яаралтай батлах явдал.
Бэлэн болчихсон хуулийг энэ хавартаа батлахгүй бол дараачийн Их хурал гарч иртэл батлагдахгүй. Яагаад гэвэл эрхэм гишүүд ирэх сонгуульд ялахад өөрт нь ашигтай байдаг улсын төсвийн мөнгийг зарцуулах алтан боломжоосоо татгалзаж чадахгүй. Тэгээд ч төсвийн тодотголоо хийхгүй болчихоор Их хурлын гишүүд маань үндсэндээ хийх ажилгүй болчих билээ. Эрхэм гишүүд ээ, тэр муу хуулийг бүү батал. Хариуцлагагүй байдал мандан бадрагтун. Төсвийн тодруулга мандтугай.
b.n.ts
zochin
onoch
Oligarh muu
onoson ug
Зочин
mgl
1111
Зочин