Бодлого ба хүү
Дэлхийн улс орнуудын Төвбанк инфляц өсөхөөр хүүгээ нэмдэг учир манайх бас мөнгөний бодлогоо чангалах гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт “Банкны салбарын чадавхийг бэхжүүлэх, өөрийн хөрөнгөөр дэмжих хөтөлбөр” гаргаж, юуны өмнө бодлогын хүүгээ нэг хувиар өсгөн 11 болгох тухайгаа Монголбанк өөрөө өөртөө өгсөн ярилцлагаар өдөр тутмын бүх сониноор сурталчлав. Дэлхийн улс орнуудын Төвбанк инфляц өсөхөөр хүүгээ нэмдэг учир манайх бас мөнгөний бодлогоо чангалах гэнэ.
Энэ сургаар лхагва гаригт арилжааны банкууд 337 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаж авах санал өгсөн ч Монголбанк 290 тэрбум төгрөгийн ТБҮЦ (Төв банкны үнэт цаас)- ыг 10.21 хувь жигнэсэн дундаж хүүгээр борлуулжээ. Арилжааны банкуудын бизнесийн зээл олгох сонирхол улам бага болов. Монголын арилжааны банкуудын эзэд нээрээ азтай. Төвбанкны бодлогын хүү нь дэлхийн улс орнуудын арилжааны банкуудын зээлийн хүүгээс бараг хоёр дахин өндөр оронд ажиллах үнэхээр сайхан. Гадаадын банкнаас хямд мөнгө оруулж ирж, ТБҮЦ авчихад л бол оо. Долларын ханшны эрсдэлийг зөв тооцож чадвал Монголын бизнест зээл гаргаснаас илүү найдвартай. Арилжааны банкуудад бас давхар аз тохиож, өөрийн хөрөнгийг нь татвар төлөгчдийн мөнгөөр нэмэгдүүлэх гэнэ. Төр, засгийн эрх мэдэлтнүүдийн эзэмшдэг, юуны өмнө төрийн эрх баригч намуудын ивээл дор байдаг банкуудын өөрийн хөрөнгийг ямар ч хүүгүйгээр зузаатгах ажил ийнхүү эхэлж байна. Хоёр нам бүх унацаа яг адилхан хуваалцах зөвшилцөл бол харин энд хэрэгжинэ.
Мөнгөн дээр намын ялгаа байдаггүй. Монголын банкууд өөрийн хөрөнгөө зохистой хэмжээнд байлгах ёстой. Гэхдээ энэ хэмжээнд хүчээр хүргэнэ гэдэг нь эдийн засгийн хэвийн эргэлтийг хангаж байдаг мөнгөний бодлогын хувьд ужиг өвчний зөвхөн илрэлийг нь эмчлэх оролдлого төдий юм. Өвчний суурь шалтгаан нь банкны гадуур байгааг Төвбанк зоригтой, хангалттай дуугарч, хэлэхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч бол улс орны хувь заяаг шийдэх ийм чухал асуудлаар үгээ хамгийн тод хэлж, үзэлцэн байлдах ёстой албан тушаал. Дэлхийд байхгүй өндөр хүүгээр (20-25 хувийн) Монголын бизнес эрхлэгчид зээл авч байгаа учир хувийн хэвшил (төр засагтай холбоогүй нь ялангуяа) сэргэхгүй, эдийн засагт өрсөлдөх чадвар бүрэлдэхгүй байгаа учраас монголчууд гадаадад дүрвэж байна. Өчигдөр гэхэд л Солонгост ажиллахаар бүртгүүлэх гэсэн 3000 залуу шөнөжин дугаарлаж хоножээ.
Бүх асуудлын зангилаа болсон зээлийн хүү яагаад ийм өндөр байгаа юм бэ? Хамгийн гол шалтгаан нь арилжааны банкуудын хадгаламжийн хүү өндөр (16-19 хувь) байгаад оршино. Ийм байгаагийн гол учир нь томоохон хадгаламж эзэмшигчдээ алдахгүйн төлөө алалцаж буй арилжааны банкуудын хүүгийн өрсөлдөөн мөн. Хадгаламжийн унац өндөр, бас хүүгийн орлогоос татвар авдаггүй учир мөнгө хүүлэх нь бизнес эрхэлснээс амархан бөгөөд эрсдэлгүй. Тэгээд ч авлига хээл хахууль идэн нэвчиж, төр засгийн бүх ханаар мөлхөн ургаж байгаа өнөөгийн нөхцөлд хувийн хэвшилд ажиллах нь эрсдэлтэй. Мөн мэдээллээ зөв гаргадаггүй учир хөрөнгийн зах зээл дээрх компаниудын хувьцааг авах бүр осолтой. Бас нэг шалтгаан бол хадгаламжийн хугацаа нэг жилээс хэтэрдэггүй учир арилжааны банкууд урт хугацаагаар зээл олгож чаддаггүй.
Хадгаламж эзэмшигч олон, хадгалуулах хөрөнгө их байх нөхцөл нь хөдөлмөр бүтээлийнх үр дүнд мөнгө хүмүүсийн гар дээр хуримтлагдах ёстой. Хөрөнгө хуримтлуулах боломжтой нийгмийн дунд, дундаас дээш давхарга өнөр том байж гэмээнэ улс орон тогтвортой болдог. Нэг жилээс урт хугацаагаар санхүүгийн эх үүсвэр олдохгүй тул ажил олгогчдод хөдөлмөрийн бүтээмж өсгөх тоног төхөөрөмж авахад бэрхшээлтэй байдаг.
Нөгөө талаас төр засгийн хурааж байгаа татвар олон хүнийг ажиллуулах тусам улам их болдог учир компаниудад өсөх томрох сонирхол бага байна. Бүтээмжийг дээшлүүлэх шаардлагыг төрүүлэгч эх булаг нь эрүүл, шударга өрсөлдөөн мөн. Харамсалтай нь манай бараг бүх салбарт түүнийг хуйвалдаанаар сольчихсон билээ. Улс төрийн нам нэрээр хэдхэн этгээд улс болон нийслэлийн өмчийг завшиж, нүүрэн дээрээ сайхан ярьж, нидэр дээрээ өөрийн хамсаатнуудтайгаа хуйвалдан зувчуулах нь засаглалын хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээ нэгэнт болчихлоо. Монгол төгрөгийн зээлийн хүү өндөр байгаагийн гуравдагч том шалтгаан бол цогихоор яарч буй инфляц.
Мөнгөний үнэгүйдлийг эдийн засагчид Засгийн газрын дээрэм ч гэж үздэг. Голдуу ард иргэдийн нэрийг барьж төсвийн зардлыг дуртай цагтаа нэмж байгаа ч үнэндээ бодит амьдрал дээр тэр тусламжаасаа илүү өндөр зардал гаргадаг. Түүнийг улсын нэртэй үйлдвэр, аж ахуйн газруудын адил юуны өмнө улс төрийн намтайгаа холбоотой хүмүүс, тэдний найз нөхөд, төрөл төрөгсдөд л ашигтай байхаар зохион байгуулдаг. Төсвийн зардал ДНБ-ий 17 хувиас бага, өсөлт нь ДНБ-ий өсөлтөөс бага байвал л мөнгөний үнэгүйдлийг хазаарлаж болно. Банкны бодлогод нөлөөлдөг дээрх хүчин зүйлүүдийг тооцож, арилгахгүй бол мөнгөний бодлого өгөөжгүй болдгийг дээрх хөтөлбөрийг гаргаж байгаа Монголбанкныхан уг нь мэдэж байгаа.
Гэхдээ Монголбанк улс төрийн нөлөөгүй байх ёстой манай бусад бүх институцийн адил хамгийн их улс төржсөн газар бөгөөд тэд дуугарсан ч, тэднийг томилсон эзэд нь ганц муухай харахад л нам болно. Хариуцлагагүй төрийн үрэлгэн зардлыг татвар төлөгчид төлсөөр л байх уу? Монголын ард түмэн хэр удаан туршилтын туулай болох юм бэ?
Зочин
MONGOLCHUUDA
Зочин
Hariutslagaguidel
hulgana60
20 jild
UN-d 50 jil gishuun
Inflyatsiig yah ve
No no no
çî÷èí
Болор
irgen
Зочин
aas
Зочин
мандах
irgen