Т.Гантулга: Тойрогт хуваавал мажоритарын ойлгомж муутай хувилбар л болно
Монгол Улс олон улстөрчидтэй. Бараг л гурван хүн тутмын хоёр нь улстөрч байх.
Монгол Улс олон улстөрчидтэй. Бараг л гурван хүн тутмын хоёр нь улстөрч байх. Харин сонгуулийн системээр дагнан мэргэшсэн улстөрч маш цөөхөн. Улстөрчдөөс гэвэл АН-д Улс төрийн боловсролын академийн захирал Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа, МАХН-д ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар, УИХ-ын гишүүн асан А.Цанжид нарын зэрэг цөөхөн хүмүүс яг сонгуулийн системээр мэргэшсэн гэж улстөрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгддөг юм билээ. Судлаачид бол олон л доо. УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед “Улс төрийн намын систем”, “Улс төрийн зөвшилцөл”, “Сонгуулийн технологи-I,II” номуудын автор, “Онц их хурлын төлөө” хөдөлгөөний тэргүүн асан Т.Гантулгатай ярилцлаа. Улс төрийн нам, улс төрийн зөвшилцөл, сонгуулийн системээр дагнан мэргэшсэн улстөрийн шинжлэх ухааны доктор Т.Гантулга өдгөө төрийн нарийн бичгийн даргын алба хашиж намаасаа түдгэлзсэн тул түүнтэй судлаачийнх нь хувьд ярилцлаа.
-Ер нь сонгуулийн хэдэн төрлийн тогтолцоо байдаг, улс орнууд алийг нь голдуу хэрэглэдэг вэ?
- Олонхийн санал буюу мажоритар, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ гэсэн сонгуулийн тогтолцооны үндсэн хоёр хэлбэр бий. Энэ хоёрыг хослуулсан холимог хэлбэр гэж байдаг. Улс орнуудын хөгжлийн түвшин, улс төрийн дэглэм, намын системээс үл хамааран сонгуулийн тогтолцооны янз бүрийн хэлбэр, түүний олон төрлийн хувилбаруудаар сонгуулиа явуулж байна. Тухайлбал, Австрали, Англи, Америк, Канад, Энэтхэг, Шинэ Гвиней, Ямайка зэрэг 91 оронд мажоритар, Эх газрын болон Австри, Бельги, Дани, Швед, Испани зэрэг 72 оронд пропорциональ, Орос, Герман, Итали, Венесуэл зэрэг 20-иод оронд холимог хэлбэрээр парламентын дээд, доод танхимаа сонгож байна. Мажоритар хэлбэрийг сонгосон 91 орноос гэхэд л нэг тойрог-нэг санал хувилбарыг 47, томсгосон тойрог-олон санал хувилбарыг 15, шилжих санал хувилбарыг 22, бусад хувилбарыг 7 орон тус тус хэрэглэж байна. Сонгуулийн тогтолцоог энгийн ухамсарын түвшинд, нийтлэг хүн бүрт ойрхон жишээн дээр тайлбарлая. Мажоритар хэлбэрийг дунд сургуулийн программ гэж үзвэл пропорционалийг дээд сургуулийн, харин холимогийг докторантурын буюу академик боловсролтой зүйрлэдэг. Энэ нь сонгуулийн тогтолцоо бүр энгийнээс хүндрүүлсэн логик дараалалтай олон хүчин зүйлүүдээс хамаарч байнга боловсронгуй болж байдаг цогц систем гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, мажоритар, пропорциональ, холимог гэсэн дараалаар явна. Эдгээрийг алгасч эсвэл урвуу дараалалаар хэрэглэх боломжгүй нь онол болон практикт туршигдаж батлагдсан. 150-иад жилийн турш дэлхийн ухаантануудаас өөр шинэ онол гаргаагүй байгааг бодоход нарийн төвөгтөй сэдэв л дээ. Харин сонгуулийн тогтолцооны хэлбэрүүд нь дотроо хэд хэдэн хувилбартай. Улс орон бүр тэдгээрийн дундаас үндэсний онцлогтоо тохирсныг нь сонгодог.
-Судлаачийн хувьд хэлэхэд манай улсад аль хувилбар нь илүү зохимжтой вэ?
-Манай улс 1921 оноос хойш сонгуулиа зөвхөн мажоритар хэлбэрээр явуулж ирсэн. Харин 1992 оноос сонгох эрхийн зарчим өөрчлөгдөж, мажоритарын хэд хэдэн хувилбарыг хэрэглэлээ. Нэр дэвшигч ч, сонгогч ч мэргэштлээ энэ хэлбэрээр сонгуульдлаа. Өнөөдөр дунд сургуулийн сурагчид ч ангийн даргаа мажоритараар сонгож байна. Амьдрал дээр л гэхэд анги улирсан хүүхэд бусаддаа үлгэр жишээ болохоосоо илүү буруу зуршлаар нөлөөлдөг. Үүний нэгэн адил “мэргэшсэн” нэр дэвшигч, иргэд, сонгогчдын улс төрийн эрх, эрх чөлөө, эрх мэдлийг одоогийн сонгуулийн тогтолцооны мажоритар хэлбэр, түүний олон янзын хувилбарууд зохицуулж чадахгүй боллоо. Тийм учраас сонгуулийн тогтолцооны хэлбэрээ боловсронгуй болгож солих нь нийгмийн шаардлага болж, цаг хугацааны хаанчлалын шахаанд орж байх шиг байна. Уг нь улс төр судлаачид хэдэн жилийн өмнөөс л энэ асуудлыг ярьсан. Энэ олон жилийн зогсонги байдлын үр дагавар нь Монголыг дэлхийн хөгжлөөс хоцроож , улмаар монголчуудын оюуны олон үнэт зүйлсийг алдагдуулж байна.
-Мажоритар хувилбараар явуулсан хамгийн сүүлчийнх нь 2008 томсгосон тойргоор явуулсан сонгууль болох нь?
-2008 оны сонгууль хэлбэр нь мажоритар ч, хувилбар талаасаа цэвэр томсгосон тойрог биш шүү дээ. Бүх аймаг, дүүргүүдийг тус бүрт нь тойрог болгож, нэг тойрогт хоёроос дөрвөн мандаттайгаар явуулсан. Энэ нь манай онцлогтой мажоритарын л нэг хувилбар. Таны хэлж байгаа томсогосон гэвэл нэг тойрог-далан зургаан мандат гэсэн хувилбараар сонгууль явуулах ёстой байсан. Энэ нь улсаараа нэг тойрог болж нэг сонгогч далан зургаан хүний төлөө санал өгнө гэсэн үг л дээ.
-Ёстой бүтэхгүй хувилбар байна. Хэрвээ нэг тойрог-76 мандат гэж явсан бүр илүү будилаан болохгүй юу. Учрыг нь олж саналаа өгөх сонгогч ч бараг олдохгүй. Баахан саналын хуудас хүчингүй болж, эсвэл нэг нөхөр кабинд ороод бараг нэг өдөр ч болж болох байж?
-Тийм учраас л сонгуулийн тогтолцооны хэлбэрүүд дотроос үндэсний онцлогт тохирсон, сонгогч сонголтоо хийхэд хялбар аль болох энгийнийг сонгох хэрэгтэй. Энэ нь бусдыг харанхуйгаар дагах, хэт туйлшрах хэрэггүй гэсэн санаа. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэр л болно.
-Мажоритар тогтолцооны хуваарилалт бас их шог, шударга бус. Жишээ нь 1992, 2000 оны сонгуульд МАХН нийт сонгогчдын 50 гаруйхан хувийн саналыг авсан атлаа УИХ-ын суудлын 96-гаас дээш хувийг эзэлж байх жишээтэй?
-Мажоритарын сул талуудын нэг нь энэ л дээ. 1992 оны сонгуулиар МАХН нийт саналын 59,6 хувийг авч УИХ-ын 70 суудал авсан. Гэтэл үлдсэн зургаан суудлыг авсан бусад нам нийт сонгогчдын 40,0 хувийг саналыг авсан байдаг. 2000 оны сонгуулиар МАХН нийт саналын 51,6 хувийг авч УИХ-ын 72 суудлыг авсан. Дунд сургуулийн хүүхэд бүрийн хүсэл дээд сургуульд дэвшин суралцахын нэгэн адил манай өнөөдрийн улс төрийн системийн түвшин, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн яг энэ цаг үед сонгуулийн тогтолцооны дэвшилттэй хэлбэрийг сонгох шинэ цаг тоологдоод эхлэчихсэн учир улс төрийн нам болон улстөрчид үүнд зохицон өөрчлөгдөж чадна гэдэгт судлаачийн хувьд итгэж найдаж байгаа.
- Одоогоор УИХ-ын гишүүд хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбарыг санал болголоо. Жаахан ялгаатай хоёр ч хуулийн төсөл өргөн барилаа. Манайх шиг цөөн хүн амтай, бага оврын парламенттай улсад санал болгож байгаа энэ хувилбар хэр тохиромжтой вэ?
-УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл оролцсон албан ёсны ажлын хэсгийн өргөн барьсан хуулийн төслийг харлаа. Үндсэн хуульд заасан сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй, шууд сонгох эрхийн зарчимд нийцсэн, сонгогчдод ойлгомжтой сонгуулийн тогтолцооны пропорциональ хэлбэрийн нэрсийн жагсаалтаар сонгох, нэг сонгогч- нэг санал гэсэн зарчимтай хамгийн энгийн хувилбарыг санал болгож байгааг зөв гэж бодож байна. Дөнгөж дээд сургуульд элсэн орсон оюутануудад шууд төгсөх курсын хөтөлбөрөөр хичээл заадаггүйтэй нэгэн адил пропорциональ хэлбэрийн хамгийн энгийн хувилбараас эхлэх нь зөв.
-Төслийг жаахан задалж ярилцъя. Босгоноос эхэлье. Манайтай төсөөтэй улс орнуудад босго ер нь хэд байдаг вэ. Босгыг юунаас сэргийлж тавьж байгаа юм бэ?
-Хүн амын болон сонгуульд оролцох субъектүүдийн тооноос хамаарч засаглалын тогтворгүй байдлаас сэргийлж босго тавьдаг. Босго бага байвал парламентад хэт олон нам орох бололцоо олгож, Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Жижиг намууд сонгуульд хэт хялбархан суудалтай болох боломж олгохгүй байхын тулд төлөөллийн доод босгыг тогтоож үүнийг авах саналын тооны доод хэмжээгээр тодорхойлдог. Энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Турк- 10, ОХУ-7, ХБНГУ,Шинэ Зеланд, Словак зэрэг орнуудад- 5, Швед, Дани, Норвеги зэрэг орнуудад-4, Испани -3, Израиль-2, Нидерландад 0,67 хувийн босго байдаг. Израиль нэг хувийн босгоо 1992 онд 1,5 хувь болгон нэмэгдүүлж, улмаар хоёр хувь болгосон байгаа нь босго зайлшгүй байдаг, ач холбогдолтойг харуулж байна.
-Манайд долоон хувийн босго гэдэг хэтэрхий өндөр биш үү. МАХН, АН хоёроос бусад нам энэ босгыг давахгүй. Тэгэхээр өндөр босгоор дамжаад пропорциональ хувилбарын сул тал илэрч байгаа юм биш үү. Хоёр намын тогтолцоо руу түлхдэг. Олон намын тогтолцоог байхгүй болгож байна ш дээ?
-Хэнд эрх мэдэл байна түүнд хүч байдаг. Мөнгөө төлж хөгжмөө захиалсан нь дуугаа сонсдог гэсэн үг байдаг биз дээ. Энэ зарчмыг хөгжсөн орнууд ч тойроогүй. Улс төр төлөвшиж, эдийн засаг хүчрхэгжиж, оюун санааны бяр сууж, нийгэм тогтворжихийн хирээр амьдрал, цаг хугацааны шалгуураар хоёр намын тогтолцоо руу явдаг. Бид дэлхийн нийтлэг жишгээс өөрөөр амьдарч чадахгүйгээс хойш жам ёсны үйл явцыг дагахаас өөр замгүй. Хөгжил дэвшилд хүрсэн орнуудын түүхээс харахад нийгмийн харилцаа нь цэгцрэх тусмаа олон намын тогтолцооноос хоёр намын тогтолцоонд шилжсэн байдаг. Бид Англи, Америк, Канад, Германыг өндөр хөгжилтэй орны загвар гэж зөвшөөрч байгаа л бол тэдний хөгжлийн түлхүүрийг авч хэрэглэх л хэрэгтэй. Ажлын хэсгийн санал болгож байгаа хувилбараар жижиг намууд болон бие даагч долоон хувийн босго давж байж сонгогдох боломжтой. Намын төлөө биш, нэр дэвшигчийн төлөө санал өгч байгаа тохиолдолд долоон хувийн босго гэдэг хэвийн. Пропорционалийн сонгомол хувилбар болох намын төлөө санал өгвөл парламентад жижиг намуудын төлөөлөл оруулах боломж олгох талаасаа босгыг намсгаж болох юм. Хэрвээ намын төлөө санал өгнө гэвэл бие даагч гэдэг ойлголт байхгүй. Зарчим нь өөрөө ийм юм л даа.
-Нам хүн хоёрыг зэрэг сонгох хувилбар байж болохгүй юу?
-Сонгуулийн тогтолцооны пропорциональ хэлбэр намын нэрээр болон нэрсийн жагсаалтаар гэсэн үндсэн хоёр л хувилбартай. Хамтад нь сонгох хувилбарыг улс орнууд төдийлөн хэрэглэдэггүй. Сөрөг үр дагавар ихтэй. Наандаж л дугуйлах намгүй юм чинь бие даагч сонгуульд оролцох боломжгүй болчихно. “Улс төрийн намуудын тухай” хуулиар улс төрийн нам гэсэн субъкектийг маш тодорхой заасан. Санал тоолоход баланс бариулах зорилгоор аль намыг сонгоно заавал тэр намынхаа листэнд байгаа нэр дэвшигчид дундаас л сонгохыг хуульчилж өгдөг болохоор заавал сонгосон намынхаа нэр дэвшигч дундаас сонголт хийнэ гэсэн үг. Хэрэв нам, нэр дэшигч хоёр зөрвөл тухайн саналын хуудас хүчингүй болохоос гадна нам, нэр дэвшигчийг өөр өөрөөр сонговол пропорционалийн сонгомол хувилбар болох намын нэрээр санал өгөх зарчим алдагдана гэсэн үг.Тэгэхээр нэг, хоёр дугуйлахын хооронд ялгаа байхгүй хирнээ санал тоолох ажиллагааг хоёр дахин хүндрүүлж, сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж улмаар маргаан гарах нөхцөлийг ч бүрдүүлдэг. Намын нэрээр болон нэрсийн жагсаалтаар хамт сонгох тохиолдолд нэрсийн жагсаалт нь зөвхөн эрэмбэ л тогтоох үүрэгтэй тул намын нэрээр авсан саналаа нийт суудалдаа хувь тэнцүүлдэг учраас зарим намын нэр дэвшигч арван мянган саналаар орж чадахгүй байхад нөгөө намын нэр дэвшигч нэг мянган хүний саналаар парламентад сонгогдож хүчний харьцаанд тэнцвэргүй байдал буй болгодог.
-Пропорциональ хувилбарыг санал гээдэггүй л гэдэг. Гэтэл босго даваагүй намд, эсвэл нэр дэвшигчид өгсөн санал гадаа үлдэж байгаа юм биш үү?
-Санал гээдэггүй сонгуулийн тогтолцооны хэлбэр гэж байдаггүй. Хамгийн бага гээдэг нь л пропорциональ.
-Өөр нэг сул тал нь пропорциональ хувилбараар сонгогдсон УИХ-ын гишүүд намаас хэт хамааралтай, намын хүүхэлдэй болчих аюул байна. УИХ-ын гишүүн намын хүүхэлдэй, тойргийн зарц байхын аль нь чухал вэ?
-Шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай нэгэнд асуудал үүсэхгүй. УИХ-ын гишүүн ганцаараа бол ямар ч шийдвэр гаргадаггүй. Харин хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн өөртөө хадгалж, төрийн эрх барьдаг дээд байгууллага болох УИХ-ын хамтын шийдвэр хүчтэй. Хуулиас илүү зэвсэг гэж үгүй. Энэ зэвсгийг бүтээгчдэд багтах тусгай зөвшөөрөл олгох сонгуулийн тогтолцоо тунгалаг байж гэмээнэ нийгмийн систем зөв ажиллаж үр дүнд нь иргэд амар тайван аж төрөх учиртай. Иймд цорын ганц санал ч асар их үнэ цэнтэй. Энэ ховор саналын эрхээ хянах механизм нь эргээд нөгөө л муу нэртэй улс төрийн намаас өөр хариуцлагатай субъект сонгогчдод олдохгүй. Иймд улс төрийн намын төлөвшилд пропорциональ хэлбэр эерэг нөлөөтэй. Хөлбөмбөгийн алдартай дасгалжуулагч гайхамшигтай чадварлаг тоглогчоо ч хувийн тоглолттой л бол багтаа оруулах дургүй байдаг. Нэгд, багийн спортын зарчим алдагдуулах сөрөг үр дагавартай, хоёрт, нэн хариуцлагатай агшинд эрсдэл хийж багаа хожигдуулдаг. Хүний төрөлхийн характер, дадал болсон зуршлыг засч болдоггүй. Дасгалжуулагч гэрээгээ цуцлаж хувийн тоглолттой “найз”-аа явуулж багаа авч үлддэг. Пропорционалийн нэг давуу тал нь дэвшүүлсэн субъектэд нь эргүүлэн татах механизм байдаг учир гишүүд илүү хариуцлага, дэг журамтай болдог. Намын дарга намын том эрх ашгаа нэг гишүүнээр солихгүй. Улс төрийн дүрэм багийн спортын зарчимд суурилсан байж гэмээн хамтын шийдвэр гаргаж, нийт нийгмийн хэмжээний бодлогоо хэрэгжүүлэхэд багийн гишүүдийн эв нэгдэл их чухал. Төвшин сайхан айлын гэр бүлийн гишүүд нь эв нэгдэлтэй байдаг. Хэрэв гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хувийн тоглолт хийвэл энэ сайхан орчин алга болдог.
-Ер нь намуудын төлөвшил гэж хэзээ дуусдаг эд вэ. Зарим нам нь 90 жил, зарим намууд 20-иод жил явлаа төлвшинө гэдэг ийм төвөгтэй процесс юм уу?
-Улс төрийн намуудын төлөвшилд сонгуулийн зөв систем маш их нөлөөтэй. Аливаа улс төрийн нам олон түмний санал сонсох, шийдвэр гаргахдаа аль болох оролцооны зарчмыг баримтлан бодлого, үйл ажиллагаагаа ард иргэдийнхээ санал дэмжлэгт суурилсан, сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө үр дүнд тулгуурласан, олон улсын нийтлэг жишигт нийцсэн, хэв шинжийн хувьд орчин үеийн парламентын, үйл ажиллагааны хувьд иргэншсэн, олон түмний намын шалгууруудыг хангаж гэмээнэ улс төрийн намын төлөвшлийн асуудал яригдана. Намуудын төлөвшил сонгуулийн системээс гадна улс төрийн дэглэмийн хэлбэрээс бас их хамааралтай.
-Пропорциональ хувилбарыг сонговол улсаараа нэг тойрог болох уу. Эсвэл бүсчлээд ч юм уу хэд хэдэн тойрогт хуваагдах ёстой юу. Онолоороо яг ямар байдаг юм бол?
-Сонгуулийн тогтолцооны пропорциональ хэлбэр зөвхөн нэг тойрог л байх зарчимтай. Манайх шиг улс төрийн дэглэм, төрийн удирдлагын хэлбэрийн хувьд ард түмний бүрэн эрхэнд үндэслэсэн парламентын засагтай, төрийн байгууламжийн хувьд өөрөө удирдах ёсонд үндэслэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдээс бүрдсэн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд холбооны улсын зарчим тохирохгүй. Холбооны улсуудад бол өөр. Сонгуулийн тогтолцооны хэлбэрээ өөрчлөх үндсэн шалтгаан нь аймаг, бүс гэсэн жалгын ядуу сэтгэлгээний олон сөрөг үр дагаварыг арилгахаас үүдэлтэй. Бүсчилсэн тохиолдолд олон хүн амтай аймгийн үндсэн харъяатын давуу эрхийг яаж зохицуулахаас эхлээд л зөрчил мундахгүй. Тэгээд ч бүсчлэх, хэд хэдэн тойрогт хуваах нь нөгөө л хуучин мажоритарын ойлгомж муутай хувилбар болно.
-Сонгогч нэг л хүний төлөө санал өгөх эрхтэй. Хэрвээ улсаараа нэг тойрог болбол өндөр рейтингтэй хоёр гуравхан хүн нийт сонгогчдын бараг тавин хувийн саналыг аваад үлдсэн тавин хувийн саналыг нь бусад далаад хүн нь хувааж авч ч болох нь. Өөрөөр хэлбэл, нэг нэр дэвшигчийн авах ёстой санал, нэг гишүүний төлөөлөх ёстой сонгогчид гэж тодорхой босго квот байх уу?
-Хол тасархай түрүүлсэн моринд ард түмэн хайртай байдаг биз дээ. Уяачаас ур ухаан, авьяас чадвар шаарддагийн нэгэн адил улс төрийн намаас өндөр хариуцлага шаардах тул нэр дэвшлүүлэх технологи дээрээ анхаарч, зөвшилцлийн зарчимд үндэслэн сонголтын оновчтой шийдэлд хүрэх нь их чухал.Сонгуулийн судалгааны олон төрлийн аргуудыг хэрэглэж, түүндээ үндэслэн аль болох намдаа олон санал авах хүнээ л олж дэвшүүлэх зарчимтай. Нийт сонгогчдоор эрэмбэлүүлж нам дотроо төдийгүй улсын хэмжээнд эхний тавд багтсан хүмүүсийг нөөцийн алтан фонд гэж үздэг. Жишээ нь манайд бол ард түмнээс хамгийн олон санал авсан Ерөнхийлөгчид нэр дэвших 45 наснаас босго давсан хүмүүсээ намууд нэр хүндийг нь хайрлах нь. Яагаад гэвэл сонгогчдын өгсөн санал хамгийн бодит судалгааны дүн болдог учраас тухайн намд энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтын баримжаа болдог. Харин сонгогчдын сонгох эрхийн зарчмыг босго, квотоор хязгаарлах хууль эрх зүйн болон техникийн боломж байхгүй.
-Хэрвээ улсаараа нэг тойрог болж тэгээд хүний төлөө санал өгнө гэхээр яг л Ерөнхийлөгчийн сонгууль шиг юм болох нь, ийм байж болох уу. Зарим нь 76 Ерөнхийлөгчийн сонгууль ч гэж байна?
-Ерөнхийлөгчийн засагтай орнуудад Ерөнхийлөгчийг сонгох сонгууль нь парламентыг сонгохтой адил тэнцүү ач холбогдолтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн зарчим нь сонгуулийн томъёогоор зөвхөн нэг хүнийг харьцангуй олонхи эсвэл олонхийн аргаар сонгох, ялагч нам “бүх” суудал буюу байгаа ганц суудлыг авч, ялагдсан намууд нэг ч суудалгүй үлддэг. Үүнээс харахад Ерөнхийлөгчийн тогтолцоо угаасаа олонхийн шинж чанартай, сонгуульд нэг намаас нэг л нэр дэвшигч оролцдог болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийг пропорционалиар явуулах боломжгүй. Зөвхөн дийлэнх- олонхийн буюу мажоритариар явуулдаг. Иймд сонгуулийн тогтолцооны энэ хоёр хэлбэр хоорондоо өдөр, шөнө шиг зарчмын ялгаатай. Ерөнхийлөгчийн сонгууль нь угаасаа сонгуулийн тогтолцооны зарчмаас шалтгаалан хувь эс тэнцүүлсэн шинжтэй байдаг. Тэгэхээр цорын ганц албан тушаалд өрсөлдөх далан зургаан албан тушаалд өрсөлдөх хоёрын хооронд ялгаа их байгаа биз.
-Бие даагч гэж хувь тэнцүүлсэн хувилбарт байдаг уу, Байвал намтай адилхан босго давах ёстой юу. Ер нь улстөрийг ганц хүн хийдэггүй гэдэг. Тийм учраас бие дааж нэр дэвшихийг хуулиараа хориглосон улс орон байдаг уу?
-Хүн төрөлхтөн олон зууны турш ардчиллаас өөр дэвшилттэй улс төрийн дэглэм олоогүй байна. Нийгмийн дэг журам, улс төрийн институтуудын харилцааг зохицуулах улс төрийн намаас өөр бүтэц бас олоогүй байна. Нийгмийн макро түвшинд менежмент явуулж чадахгүй, шийдвэр гаргах эрхгүй учраас бие даагчийн эрх зүйн чадамж хязгаарлагддаг. Ардчилсан оронд хүний эрх, эрх чөлөөг хуулиар аль болох хорьдоггүй учраас пропорционалийн нэрсийн жагсаалтаар сонгох хувилбараар бие даагчийн нэр дэвших эрх нээлттэй ч босго тавьдаг. Харин намын нэрээр сонгох хувилбараар бие даагч хариуцлагатай субъект болдоггүй тул хаалттай. Яагаад гэвэл намд санал өгөх юм чинь.
-Зарим гишүүн пропорциональ хувилбарыг сонговол нам төвтэй төр тогтож ардчиллаасаа ухарна гэж байна. Зарим нь диктатур тогтоно, зарим нь олон намын системгүй болно гэж байна. Энэ бүхэнд та ямар тайлбар хэлэх вэ. Болгоомжлоод байгаа энэ хувилбаар сонгуулиа хийдэг, тэгээд ардчилал өндөр хөгжсөн ямар улс орнууд байна вэ?
- Англи, Америкт намын тогтолцооноосоо болоод ардчиллаасаа ухарсан, диктатур тогтсон юм алга. Харин хаана эмх замбараагүй тодорхойгүй байдал байна тэнд л эдгээр асуудлууд буй болоод байгааг харж байна шүү дээ. Сонгуулийн тогтолцооны пропорциональ хэлбэрээр ардчилсан, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Австри, Бельги, Дани, Швед зэрэг орнууд парламентын сонгуулиа хийж байна. Сонгуулийн тогтолцооны хэлбэрүүд намын системтэй нягт хамааралтай байдаг талаар 1950-иад оны үед Францын судлаач М.Дюверже плюраль болон мажоритар хэлбэрийг хоёр намын, пропорциональ хэлбэрийг олон намын тогтолцоог төлөвшүүлдэг гэж үзсэн байдаг. Гэхдээ олон судлаач сонгуулийн тогтолцооноос хамаарч намын системийн хэлбэрүүд төлөвшдөг гэсэн хатуу байр сууринаас татгалздаг тул пропорциональ хэлбэр нь хоёр болон олон намын системийн аль нэгийг буй болгодог гэдгийг батлаж чадахгүй. Намын системийн төлөвшилд хамааралтай олон хүчин зүйлүүдийн зөвхөн нэг нь л сонгуулийн тогтолцоо.
-Бас гишүүд УИХ-д сонгогдсон хойноо намаа сольдог, шинээр нам байгуулдаг. Үүнийг пропорциональ хувилбараар хааж болох уу?
-Бүрэн хааж болно.
-Ер нь пропорционал хувилбар ямар хүмүүст халгаатай, ямар хүмүүст ашигтай вэ. Миний харж байгаагаар бол шинэ хүн гарч ирэх, улсаараа нэг тойрог болбол мөнгө хаяад сонгогдох боломжгүй, улстөрд удаан явж танигдсан хуучцуулд л ашигтай юмшиг ээ?
-Сонгогчдын мөрөөдөл, юу хүсч байгаагийн илэрхийлэл нь сонгуулийн үр дүн байдаг. Нам дотроо жижиг тойрогт нэг, аймаг, дүүрэгт дээд тал нь дөрөвт багтахад шинэ хүмүүст халгаатай байдаг бол далан зургаан мандат дээр илүү их боломжтой. Мөн сонгогчдод таалагдахгүй цөөхөн нэр дэвшигч бус хамгийн доод тал хоёр зуун нэр дэвшигчээс сонголтоо хийх болохоор шигшмэл парламентчид сонгогдох боломжтой. Пропорционалийн нэрсийн жагсаалтаар сонгох хувилбар нь сонгогчдод сонголт хийх өргөн боломж, олон түмэнд зөв танигдсан нэр дэвшигч нарт сонгогдох магадлал улам өндөр болдог. Энгийнээр бодоход ах дүү, хамаатан садан, найз нөхөдийнхөө дунд хүн чанар, ноён нуруутайгаа батлаж чадсан нэгэн тэдэндээ нэр хүнд нөлөөтэй болдог биз дээ.
-Хуулийн энэ төсөл батлагдана гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?
-УИХ суудалтай бүх намууд зарчмын хувьд дэмжсэн. Нөлөө бүхий том намууд төлөөллийн төв байгууллагуудаараа хэлэлцүүлж шийдвэрээ гаргасан.
-МАХН шиг хатуу сахилга баттай намын бүлгийн зарим гишүүд хүртэл намынхаа бага хурлын шийдвэрийн эсрэг ажиллаад эхэллээ шүү дээ.Тэгэхээр өөрчилж чадах найдвар бага юм биш үү?
-Энд бас л мажоритарын сул талуудын нэг гарч ирж байгаа юм. Намын нэр хүнд, гишүүд, дэмжигчдийнх нь санал дэмжлэгээр гарч ирчихээд бие даагч шиг үйл ажиллагаа явуулахад хариуцлага тооцох механизм байхгүй. МАХН сонгуулийн пропорциональ хэлбэрийг дэмжих бодлого, байр сууриа намын бага хурлаараа хэлэлцүүлж тогтоолоор албажуулан УИХ дахь намын бүлгийн гишүүддээ зөвлөмж болгосон. Одоохондоо өргөн хэлэлцүүлэг явагдаж байна. Хэлэлцүүлэгийн явцад гишүүд олон ургалч үзлийн хүрээнд санал, бодлоо уралдуулж, тал бүрээс нь нягтлан шүүн ярилцах нь зөв. Харин эцсийн шийдэл дээрээ намынхаа бодлогын эсрэг санал өгөх гишүүн гарах нь юу л бол. Монгол Улс хөгжих, эс хөгжихийн гарам дээр байгаа тул юуны өмнө байгалийн хишгээс хуримтлагдах баялагаа тойрог нэрээр жалгын нэг тараах уу эсвэл улс орны хөгжлийн төлөө нэгдсэн том бодлогоор ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт хийх үү гэдэг асуулт хүн бүрийн өмнө байна. Шинэ цаг үед хуучинтайгаа зууралдаж хоцрогдлоо хойч үедээ тулгаж хөгжил дэвшилд саад болох хүн гарах нь юу л бол.
-Та Лу.Болд тэргүүтэй гишүүдийн санаачилсан төслийг уншсан уу, уншсан бол энэ хоёр төслийн алийг нь илүүд боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Зөвхөн ажлын хэсгийн боловсруулж УИХ-ын бүтэцийн байгууллагуудаар хэлэлцүүлэгдэж байгаа хуулийн төслийг л харсан. Энэ ажлын хэсэгт одоогийн их хуралдаа л онолын болон практикт дээр сонгуулийн тогтолцоогоор харьцангуй мэргэшсэн гишүүд оролцож пропорционалын боломжийн хувилбарыг санал болгож байгааг энэ сэдвийг сонирходогийн хувьд дэмжиж байгаа. Харин хууль, журам, заавруудаа л чамбай боловсруулах хэрэгтэй. Тухайлбал, сурталчилгааны хугацааг аль болох богино байлгах, зөвхөн намын мөрийн хөтөлбөрөө л сурталчилахаас нэр дэвшигч бие даасан сурталчилгаа хийвэл татах зэрэг асуудлуудыг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс огт мэдэхгүй сэдвээ мэддэг юм шиг ярьж улмаар түүнийгээ улайран хамгаалж байгааг мэргэжлийн хүмүүс хөндлөнгөөс яг шүүгч шиг харж бас дүгнэж байгаа гэдгийг давхар тооцож байгаасай.
-Парламентыг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд сонгуулийн аль тогтолцоо нь илүү хэрэгтэй вэ. Манай улсад уул уурхайн бум болж, гадныхан ихээр орж ирж байгаа энэ үед УИХ-ыг гадныхны дохио зангаанаас хамгаалах, УИХ гадныхны халаасанд орчихгүй байх баталгааг сонгуулийн аль хувилбар хангах вэ. Пропорциональ тэгж чадах уу. Харин ч намын, намын удирдлагуудын эрх мэдэл өндөрсөх учир гадныхан УИХ-д суудалтай намын удирдлагуудаар нь дамжаад парламентыг худалдаад авчих аюултай юм биш үү?
-Ерөнхийлөгчийн засагтай улс орнууд ихэвчлэн мажоритар хэлбэрээр сонгуулиа явуулдаг. Харин парламентын засагтай улс орнууд ихэвчлэн пропорционалиар сонгуулиа явуулдаг. Парламентын хөгжил улс төрийн намуудын төлөвшлөөс ихээхэн хамааралтай. Улс төрийн намын сонгомол стандартад пропорциональ хэлбэр илүү тохирдог. Ардчилсан оронд өндөр албан тушаалтны эрх мэдэл төвлөрөх тусам тэр хэмжээний эрсдэл дагадаг. Иймд улс төрийн намуудын дотоод ардчиллын механизм ажиллаж зохицуулалт хийдэг тул намын дарга улам болгоомжтой болно.Улс төрийн нам тусгай хуулиар зохицуулагдсан хариуцлагатай субъект тул худалдагдах боломжгүй. Намын дүрмээр зохицуулагдсан дотоод ардчиллаар намуудын удирдлагад тийм эрх мэдэл байхгүй. Энэ бол зарим цөөн хүмүүсийн зөвхөн өөрсдөд нь байгаа хардлага буюу сэтгэлд нь байгаа сөрөг бодлуудын тусгал. Хүмүүний амьдралын хууль зөвхөн итгэл дээр тогтдог. Итгэл бол зөвхөн таны л тархинд байгаа бодол.
-Сонгуулийн тогтолцооны гажиг гэж байдаг уу, манай улстөрчид сүүлийн үед мөнгө тарааж байгааг, сонгууль будилж байгааг ер нь болохгүй юмнуудаа сонгуулийн тогтолцооны гажиг гэж байна. Жишээ нь сонгууль мөнгөнийх болж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажиг уу. Монгол Улс хөгжихгүй байгааг сонгуулийн тогтолцоотой холбоотой юу?
-Сонгуулийн систем бол сайн, муу бүхий л юмаа чихэж байдаг хогийн сав биш л дээ. Амьдралын хуулиар нэг зүйл тэр л байран дээрээ олон удаа эргэлдэхэд элэгдэж мууддаг. Энэ элэгдлээс, таны хэлээд байгаа мухардмал байдлаас гарах гарц нь мажоритарын дараагийн шат буюу пропорциональ хэлбэрт шилжих явдал. Түүнээс бус, сонгуулийн тогтолцооны хэлбэр бүр л давуу болон сул талуудтай. Ганцхан хуулиараа сайн зохицуулж, сонгуулийн хуулийг дагаж гарах журам, зааваруудыг нягт нямбай ямарч маргаан гарахааргүй боловсруулж, сонгуулийн тогтолцооны шинэ хэлбэрийг сонгогчдод зөв ойлгуулан таниулж, бэлтгэл ажлуудыг сайн хангаж, сонгуулийг зохион байгуулахдаа онцгой санаачилга, хариуцлагатай хандаж чадвал сонгуулийн тогтолцооны төгөлдөршилийн үр дүн гарна. Сонгуулийн тогтолцооны шинэчлэлээс шууд хамаарч төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улс төрийн намуудын төгөлдөршилийн асуудлууд хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн хуулиудыг шинэчлэн найруулж өөрчилнө гэсэн үг. Энэ бүхний эцсийн үр дүнд төрийн эрх барих дээд байгууллагаас нэг зүгт харсан улс орны хөгжлийн төлөө, хүн ардынхаа нийтлэг эрх ашигт нийцсэн нэгдмэл бодлогод зангидагдсан оновчтой шийдвэрүүд гарч тэр нь нийгмийн харилцаануудыг зохицуулснаар системийн механизм зөв ажиллана.
Зочин
болдхуяг
zochin
IZN
Зочин
санал байна
Иргэн