Баялагийн ерөөл буюу алтны компани татвар төлнө
Монгол баян мөртлөө ядуу улс гэж гадныхан гадаадынхан хэмээх үгийг гадныхан гэж ярьж бичдэг болжээ
/Фельетон/
Монгол баян мөртлөө ядуу улс гэж гадныхан /гадаадынхан хэмээх үгийг гадныхан гэж ярьж бичдэг болжээ. Зохиогч /гайхдаг. Дэлхийд эхний аравт орох эрдэс баялагтай мөртлөө ядуу хэвээр байдаг нь мөн айхтар сонин юм шүү гэж дотныхон /гадныхан гэдгээс үүдэн гарсан дотоодынхон гэсэн үг.Зохиогч / бид өөрсдөө ч мөн их гайхдаг болсон байна.
МОНГОЛ БАЯН БӨГӨӨД ЯДУУ УЛС. Бас ЯДУУ МӨРТЛӨӨ БАЯН УЛС. Жишээ нь Хадгаламж зээлийн хоршооны хүүнд нь шунаад мөнгөө алдчихсан дөчин мянган хүний хохирлыг бусад нь даагаад төлчихсөн. “Хөөе чи, миний зээлийг төлөөрэй” гэвэл салаавч өгнө л дөө. Харин ХЗХ-ны хохирлыг төр барагдуулахад тоогоо ч үгүй, гүндүүгүй хүмүүс. Төрийн мөнгө гэж юу байх вэ? Хүүнд нь шунаагүй юм уу, эсвэл хохироод байх юмгүй хэсгийнх нь татварын мөнгийг аваад өгчихгүй юу. Хүний юмаар хүүдэгнэхдээ төр сэргэлэн цовоо. Бүх татвар төлөгчдийн хохирлыг өгье гэж “Бөмбөгөр”-ийнхөн жагсаагүй. Харин “Бөмбөгөр” шатчихсан чинь бүх татвар төлөгчид галын хохирлыг нь төлөөд өгчихсөн.
МОНГОЛ АЖИЛ, БИЗНЕС ХИЙХГҮЙ АМЬДАРЧ БОЛДОГ ОРОН. МОНГОЛ АЖИЛ, БИЗНЕС ХИЙГЭЭД Ч АМЬДАРЧ БОЛДОГГҮЙ ОРОН.
Боломж бололцоо муутай хүн ардад туслах нь зүйн хэрэг. Гэтэл боломжтой хэсгээ боломжгүй болгож аваад, боломжоороо туслах хууль гаргана. УИХ таван зуу гаруй хуулийн заримыг нь хэлэлцэн, заримыг нь хэлэлцэлгүй баталсан бөгөөд тухайн хуулиасаа хамааран амьдралд хэрэгжих болон үл хэрэгжих байдлаар мөрдөгдөж байна. Жишээ нь ус, ойн сан, голын урсац бүрэлдэх эх бүхий газар хайгуул, олборлолт хийхийг хориглосон, нийтдээ 22 үгнээс бүтэх урт нэр хууль. Хувилгаан хүн Агваанлувсанжалбийгомбосоронзондорж гэх мэт урт нэртэй байдаг шиг мөрдөгдөхдөө ч олон янз хувилбартай сонин хууль. Хуулиа батлахдаа долоо хэмжиж нэг огтлоогүй. Харин НЭГ ХЭМЖЭЭД ДОЛОО ОГТОЛСОН байна. Энэхүү хуулийг төр-нийгмийн нэрт зүтгэлтэн, цагийг эзэлсэн сэхээтэн, харьшгүй хүчит, хуурнин шуугигч Б.Бат-Эрдэнэ аварга-гишүүн санаачилсан юм. Тэрбээр цагдаагийн дээдийг оройгоор, доктор цолыг эчнээгээр хамгаалж, бэлтгэлийн бус үеэр хууль санаачилж цагийг зөв боловсон өнгөрүүлдэг байна.
Урт нэртэй, огт хэрэгжих боломжгүй учраас энэ хуулийг дагаж мөрдөх журам бас баталжээ. Даанч дагаж мөрдөх журам нь хуулиа биш шал өөр зүйл мөрдөж дагаад хэцүү байгаа юм байна. Тун боломжийн хууль ч гэлээ хэрэгжих боломжгүй учраас боломжоороо л зохицуулж байна гэж албаны хүн хэллээ. Усан сан бүхий газарт байгаа лицензийг таван сарын дотор цуцлахаар журамласан ч аль компанийн талбай хаана байгааг ялгаж тогтооход л хоёр жил хэрэгтэй болох юм байна. Энэ хуулиар эхний ээлжинд лицензийг нь цуцалсан 34 компанид өгөх нөхөн олговор 314 тэрбум төгрөг болж байна. Зуданд хэлмэгдсэн бүх малын хохиролтой тэнцэх мөнгийг алтны голдуу 34 компанид өгөх болчоод байгаа юм. Алтны компанид нөхөн олговор өгөхөөр болсон тухай мэдээ хошин шогийн хөтөлбөрөөр гарч байгаа юм биш шүү. Хууль барьж бичиж байна. Одоо цаана нь мянган компанийн лицензийг цуцална. Нөхөн олговроо нөхөж олох аргаа хайна гэж байна. Төр буруу зүйл хийснээ мэдэхээр нөхөн олговор өгдөг юм. Жишээ нь хэлмэгдэгдэгсдийн амийг нөхөн сэргээх боломжгүй ч ар гэр, үр хүүхдэд нь нөхөн олговор өгсөн. Энэ удаа төр буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан учраас хуулиа батлахдаа гэмээ хүлээж, компаниудад нөхөн олговор өгнө гэж заасан байна. Хүмүүсийг хилсээр хэлмэгдүүлээд ар гэрт нь нөхөн олговор өгсөн. Компаниудыг хуулиар хэлмэгдүүлээд нөхөн олговор өгнө. Монгол бол баян орон. АМЕРИК БАЯН Л ГЭНЭ, МОНГОЛ ШИГ АЛТНЫ КОМПАНИУДДАА НӨХӨН ОЛГОВОР ӨГЧ ЧАДАХГҮЙ, голоо цохино.
Энэ хуулиар уул уурхайн компаниудыг уул уурхайгүй газар ажиллуулахыг зөвшөөрч байна. Алтны компаниудаас татвар авахаа болье, харин ч татвар өгье гэж байхад ийм сайхан юмыг ойлгохгүй гөжүүдлээд байна гэнэ. Зөвшөөрөлтэйгээ үлдэж ажил хийж, ашиг олж байснаас зөвшөөрлөө хураалгаад ашиг олох алтан боломжийг алтны компаниуд ашиглаарай.
Хууль их сонин. Шатсан ойгоос түлээ бэлтгэж болно гэж хуульчлан заасан. ТҮЛЭЭЧИД Ч ХУУЛИЙН ДАГУУ ЭХЛЭЭД ОЙГОО ШАТААЖ БЭЛЭН БОЛГОНО. Дараа нь түлээгээ хуулийн дагуу бэлтгэх жишээтэй. Жинхэнэ монгол хууль, монгол туйлршрал, монгол менежмент. Байгалиа хамгаалахын тулд байгалиа хаях хэрэгтэй гэж туйлширч байна. Баялгаа ашиглах нь битгий хэл аялан жуулчлах, хортон шавжтай тэмцэх, ан амьтны тоо толгой, үржил селекцийг зохион байгуулах, байгаль салхинд гарах, байгалиа хамгаалах нь буруу гэж байна. Ер нь бол байгалиа хамгаалъя гэвэл байгалаасаа ихээхэн хол баймаар байна. Байгаль салхинд ч гарахгүй, байгалиасаа хол, хөдөө зэлүүд байлгах ёстой. Баялгаа ашиглахгүй гүрийгээд байвал ядаж ядуу ч гэсэн баян орон гэж дуудуулна.