АЙН ЖАЛУТЫН ТУЛАЛДААН

(Монголчууд анх удаа ялагдал хүлээв}

Монголын Их хаан Мөнх өөд болсон тухай гашуудлын мэдээ ирсэн тул Хүлэгү үндсэн хүчээ авч Монголтой арай ойр Азербайжан руу буцжээ. Чингэхдээ тэрээр хошууч жанжин Хэтбухыг* хоёр түмэн цэргийн хамт үлдээсэн байна. Кутуз* (Saif ad-Din Qutuz) Монгол цэргийн хүч ийнхүү суларсныг далимдуулан Египетээс цэрэг дайчилж Палестин руу давшин иржээ. Гэтэл лалын эсрэг холбоотон болох францын Жюльен Грөнье* (Julien de Grenier) гэнэт мамлюкийн талд урван, ямар ч шалтгаангүйгээр монгол цэрэгт гэнэдүүлэн цохилт өгчээ. Урвалт олзноос болсон бололтой.[1] 1260 оны есдүгээр сарын 3-д Галил нуурын Айн Жалутад (Өнөөгийн Израил улсын умард хэсэг, Назар хотын ойролцоо) Кутузын арми монголчуудтай тулгаран байлдав. Кутузын жанжин Байбарс армийнхаа цөм хэсгийг отоонд үлдээгээд, багахан хүчээр Хэтбухын цэргийг тулаанд өдөж давшуулан, бүсэлж цохисон нь монгол цэргийн тактикийг өөрсдийнх нь эсрэг ашигласан тохиолдол байлаа. Монголчууд дайсны мэхэнд автаж, мамлюк цэргийн суманд цохиулсан боловч Египетийн армийн зүүн жигүүрийг ороон авч дөнгөжээ. Мамлюкууд байрлалаа хамгаалан хатгалдахад Хэтбухын сири холбоотнууд тулааны талбараас зайлан явснаар монголчууд ялагдах нь тодорхой болжээ. Ингээд монгол цэргүүд мамлюкуудаар нэхүүлэн зугтан одов.[2] Хэтбух ноёныг мамлюк нар олзлон цаазалсан.

Киракос Ганзакэтци-гийн (Kirakos Gandzaketsi) нотолж буйгаар Хүлэгү хаан Хэтбухад 20 мянга орчим цэрэг үлдээсэн гэх. Орчин үеийн зарим түүхчид Хэтбухын арми армян, гүрж нартайгаа нийлээд 10-12 мянга байсан гэдэг. Харин мамлюкууд хэдүүлээ байсан талаар тодорхой баримт үгүй. Зарим түүхчид 100 мянга гэдэг, гэхдээ Кутузын армид шилмэл байлдагчид тийм ч олон байгаагүй, ихэнх нь сул дорой египт цэргүүд, дайчлагдсан бидунчууд, күрдүүд аж.

Хэдийгээр монголчуудын давшилтыг Палистинд тогтоосон, Сирийг мамлюкчууд булаан авсан ч гэсэн Айн Жалутын тулалдаан нь дараа дараагийн хэтийн үйл явдалд төдийлөн ач холбогдол үлдээгээгүй юм. Гэвч сэтгэл зүйн хувьд маш том шарх үлдээсэн. Энэ тулалдаан “ертөнцийг байлдан дагуулагч” монгол цэргийн нэр сүрд ихээхэн харшлалтай явдал болжээ. Монголчууд 1262 онд Сири рүү дахин довтолж, дараачийн тавин жилд Египет рүү тэмүүлсээр байсан боловч Ойрхи Дорнод дахь тэдний түрэмгийлэл Айн Жалут хүрээд зогссон билээ. 

Кутузыг үхэнгүүт Айн Жалутын тулалдааныг голлон удирдсан авъяаслаг жанжин,Байбарс* (al-Malik al-Zahir Rukn al-Din Baibars al-Bunduqdari) Египтийн эмир болсон. Байбарс нь кипчак үндэстэн, багадаа монголчуудад олзогджээ. Түүнийг Сирийн худалдаачинд 800 драхамаар зарж орхижээ. Тэнд байхдаа цэргийн авъяасаа харуулсан учир мамлюкууд дунд алдаршсан. Загалмайтны аян дайныхныг 1250 онд ялснаар гайхамшигт удирдагч болохоо харуулсан. Айн Жалутын тулалдаан түүний алдрыг бүр мөнхөлсөн юм.[3]

* Хэтбух (?-1260) Монгол цэргийн жанжин, найман аймгийн хүн

* Кутуз, аль-Малик аль-Музаффар Сайф ид-Дин (?-1260) Египтийн мамлюкийн султан.

* Грөнье Жюльен (?-1275) Загалмайтны улсын тэргүүн, франц хүн

* Киракос Ганзакэтци (1203-1271) Армяны түүхч

* Байбарс, Бундукдари (1225-1277) Египтийн мамлюкийн цэргийн жанжин, Египтийн султан (1260-1277)

[1] The Collins Encyclopedia of Military History (4th edition, 1993), Dupuy & Dupuy, p-424,

[2] Battles that Changed History (DK publicationLondon1918) p-64

[3] The New Encyclopædia Britannica, Macropædia, H.H. Berton Publisher, 1973–1974, p.773/vol.2