Сингапурын хамгийн олон уншигчтай “Бизнес таймс” сонин 2014 оны есдүгээр сарын нэгэн дугаартаа Монголын тухай нийтэлжээ. Үүнийг нь Монголын хэвлэлүүд орчуулсныг үзвэл, МИАТ компани Сингапур руу шууд нислэг үйлддэг болсныг мэдээлээд “Зуучлагч” гэсэн гарчиг дор тухайн үеийн Зам, тээврийн сайд А.Гансүхийн тухай бичсэн байлаа. Манайхан эндээ МИАТ Сингапур руу нислэг үйлдэх болсныг онцолсон бол, тэд тэнд өөр зүйлийг илүү онцгойд тооцжээ. Тодруулбал, гаднынхан энэ шууд нислэгийн тавдугаар эрхийг илүүд үзэж, монголчууд энэ эрхийг яаж авч чадсан, авахын тулд салбарын сайд нь ямар зуучлал хийсэн тухай өгүүлсэн учраас ийм гарчиг өгсөн байв.

Гаднынхны тэгж их сонирхоод, бас биднийг авч чадсан гайхаад байгаа тэрхүү тавдугаар эрх гэж юу вэ. Энэ нь энгийнээр бол манай онгоц Улаанбаатараас Сингапур нисэхдээ Бээжингээс зорчигч нэмж авах, Сингапураас Улаанбаатарт ирэхдээ мөн л Бээжинд зорчигч буулгах эрх юм. Мэдээж, Улаанбаатараас хөөрсөн нь Бээжин хүрэх, Сингапураас наашаа ирж байгаа нь Бээжинд буух зорчигчийг тээвэрлэнэ. Үүнийг агаарын тээвэрт тавдугаар эрх гэдэг бөгөөд хүссэн авиакомпани болгонд олдоод байдаггүй онцгой эрх юм байна. Тэр тусмаа 1.5 орчим тэрбум хүн амтай, олон орны уулзвар болсон Хятад улс агаарын тээврийн зах зээлээ гаднын авиа компанитай хуваалцахыг хүсдэггүй. Үүний оронд “Айр Чайна”-гийнхаа онгоцыг Сингапур, бас Улаанбаатар руу нисгэх нь эдийн засгийн хувьд ашигтай юм.

Манайхан энэ эрхийг өмнөх сайд А.Гансүхийн үед бараг жил гаруй хөөцөлдсөний эцэст авч чаджээ. Тэр дагуугаа МИАТ компани өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос долоо хоногт хоёр удаа Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэв. Мэдээж, ингэж нисэхдээ тавдугаар эрхээ эдэлж Улаанбаатараас хөөрсөн онгоц Бээжинд зорчигч буулгаж, тэндээс Сингапур хүрэх зорчигч нэмж авна. Цаанаас ирэхдээ бас Бээжингээс Улаанбаатар хүрэх зорчигч авна. Өмнө нь монголчууд бид л өөр улсын авиакомпанийн онгоцонд сэлгэж суудаг байснаас бус, ингэж манай онгоц бусад улсын иргэдийг замын дундаас тээврэлдэг тохиолдол дэлхийн хамгийн их хүн амтай Азийн зах зээлд байгаагүй юм. Харин Европт бол Германы чиглэлийн манай онгоц Москвад зорчигч булгаж, суулгадаг ийм эрхтэй.