Тимур Дугаржапов гэгч “Монголын төлөөх өрсөлдөөн” гэсэн геополитикийн луглагар өгүүлэл бичжээ. Түүний үзэж байгаагаар одоо Монголд ерөнхийлөгчийн сонгууль ойртож, үүний цаана нэг талаас ОХУ, Хятад, нөгөө талаас АНУ оролцон Монголыг “залгихаар” өрсөлдөж буй гэнэ. Америкчууд Оросын мэдлийн Украин, Гүржийг хяналтандаа авчихаад одоо Монгол руу санаархаж буй аж. Хэрэв тэд Монголыг хяналтандаа авчихвал дараагийн ээлжинд Өвөр Монгол, Алтай, Тува, Буриад руу өнгөлзөх гэнэ. Америкчуудын эцсийн зорилго Сибирийг эзлэхэд орших тухай лут дүгнэлт хийжээ. Америкчууд Монголд “Хааны эрэлд” хэмээх цэргийн хээрийн хамтарсан сургууль хийж байгаа нь Чингисийн эзэнт улсыг дахин байгуулах хааныг хайж байгаа явдал гэнэ. Сибириэр тогтохгүй юм байх, зохиогчийн батлаж байгаагаар Өвөр Монголыг Хятадаас салгаад шинэ Чингис хаантай Америкийн тоглоомын аймаар том улс Орос Хятадын хооронд буй болох аюул тулаад байгаа юм байна. Шинэ Монголын шинэ Хубилай гарч ирээд Хятадыг залгих аюул холгүй байна гэж наасан байна. Ерөнхийлөгчийн сонгууль үүний илрэл болох ба Орос, Хятад улс өмнөө МАХН-ыг, АНУ өмнөө АН-ыг бариад тулалдах юм гэнээ.

Зохиогч Дугаржапов дажгүй уран сэтгэлгээтэй эр. Ерөнхийлөгч Буш Монголд айлчилсан, айлчлах мөрөөрөө айлчлаагүй тэднийг “Эрх чөлөөний ахан дүүс”, “Ардчилалын үлгэр жишээ” гэж магтсан, дараа нь Мянганы сорилын сангаас хэдэн зуун сая доллар өгөхөөр болсон, Монголд олон улсын цэргийн хээрийн сургууль болсон зэрэг гарцаагүй факт баримтаар энэхүү Америкийн далд санааг ил гартал нь, бултах аргагүй болтол нь илчлэн нүдний булай болгожээ. Өнгөрсөн 7-р сарын явдлыг “эсгий гэрийн хувьсгал” гэж нэрлээд үүний цаана янкууд байгааг бас нотлож байна. Америкийн энэхүү Төв Азийг Сибирьтэй нь залгих санаархал агуулсан өнгөлзлөгт өртөгч нь ганц Орос биш бас Хятад юм гэдгийг зохиогч хатуу сануулжээ. Юу гэвэл асар их баялагтай Оюу толгойгоос холгүй орших Таван толгой хэмээх нүүрсний асар том орд дээр, өөрөөр хэлбэл яг Хятадын хил дээр “Хааны эрэл” хэмээх асар том цэргийн хээрийн сургууль болсон юм гэнээ. Америкчууд Монголд цэргээ оруулж зэвсэг техникээр хангаж байгаа нь хятадуудын толгойны өвчин болоод байгааг хятадын нэг хэвлэлээс “иш татсан” байдалтайгаар гарах аргагүй болтол нь нотолжээ.

 

Монголд ямар ч хятадын тал, оросын тал, америкийн талыг баримтлагчдын маргаан тэмцэл огт гараагүй. Ийм юм цаашид ч гарахгүй байх. Орос, Хятадын хооронд 400 жилийн турш буфер бүс байж энэ хоёр орны харилцаанаас хамаг хувь заяа нь хамаарч байсан ард түмэн одоо ийм геополитик тоглоом тоглохгүйгээр нэгдсэн ойлголттой болсон. Хүйтэн дайн дуусч дэлхийн хүчний харьцаа өөрчлөгдсөн бараг анхны өдөр Монгол нь дэлхийн бүх орнуудтай тэгш харилцаж, Орос, Хятад гэсэн бодит хөршөөсөө гадна “гурав дахь хөршийн бодлого” явуулна гэдгээ зарлаад 20 жил болж байна. Монголын улс төрийн намуудын хооронд асар их зөрчил бий, зарим тохиолдолд эвлэршгүй юманд ч тулдаг, гэхдээ гадаад бодлогын зөрчилдөөн гарч байсан тохиолдол нэгээхэн ч үгүй.

Гурав дахь хөрш нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй, ийм тодорхойлолт ч байхгүй. Энэ бол дэлхийн бүх улс орнууд. Юун түрүүн Европын холбоо, АНУ, Япон, Солонгос. Цаашлаад Канад, Австрали, Энэтхэг, Дунд Азийн орнууд, Асианы орнууд зэрэг Монголтой идэвхитэй харилцаатай байгаа газар. Олон жилийн найрсаг харилцаагаа хадгалсаар яваа Хойд Солонгос ч Монголын гурав дахь хөрш. Нүүгээд явахгүйгээс хойш Хятад, Орос хоёр бол манай мөнхийн хөрш. Энэ хоёр оронтой найрамдлын сайн харилцаатай байх эрмэлзлэл МАХН, АН-ын аль алиных нь эрхэмлэх гадаад бодлого. Гурав дахь хөршөөр хүчний тэнцвэр буй болгон хадгалах санаа аль ч намын зорилго, энийгээ нуудаггүй, ил зарладаг. Монголчууд гадны орнуудын тал болж хоорондоо хуваагдаж үзэлцээд байна гэдэг бол нэлээд дажгүй уран сэтгэмж юм. Дотроо улс төрийн болон геополитикийн ямар ч ойлголт санаа агуулаагүй, ердөө л мөнгө төгрөгт автаж элдэв балай юм ярьж явдаг хувь хүмүүс байгаа нь Монголын албан ёсны гадаад бодлогод огтоос хамаагүй.

 

Монгол улсын цэргийн бодлого 1998 онд цогцолбороороо батлагдсан. Сүй Шүжан, Унгерн зэрэг хөрш орны иргэний дайны нэг талынхан Монголд довтолж түйвээж байсан гашуун туршлага буй учир ямар ч тохиолдолд монголчууд Бээжин, Москвад тогтож байгаа хууль ёсны засгийн газартай нь харилцаж хамтран ажиллана хэмээн цэргийн номлолдоо тусгасан. Монгол улсын хилийн демаркаци 1997 онд эцэслэн шийдэгдсэн, үүнээс цааш төө газар ч бидэнд хэрэггүй, өөрийнхөөсөө сөөм газар ч найр тавихгүй. Манай армийн номлолд бид хөрш орныхоо Засгийн газрын цэрэгтэй байлдахгүй, юун түрүүн хүн ардаа аврах ажиллагааг эрхмэлнэ гэсэн санаа байгаа. Энэ бол цэрэг зэвсгийн хувьд хоёр хөршийн маргаанд оролцохгүй гэсэн үг. Иймээс Монгол улсын батлах хамгаалах бодлого төвийг сахиж, олон улсын ажиллагаанд идэвхитэй оролцон элдэв зөрчил маргааныг дэлхийн хамтын нөхөрлөлийн хүрээнд дипломат арга зүйгээр зохицуулахыг зорино гэсэн үг. Өөрийн тусгаар тогтнолын төлөө иргэн болгон нь санаа зовж байдаг энэ цөөн хүнтэй ард түмэн Америкийн тусламжаар империалист бодлого агуулж байгаа гэвэл лав л итгэх эрүүл хүн олдохгүй болов уу.

"Хятадын талыг баригч", "Оросын талыг баригч" гэсэн үг монголчуудад аятай сонсогддоггүй. Энэ нь илүүтэй тэдний туршуул, урвагч гэсэн утга давхар агуулж явдаг. Иймээс МАХН өөрийгөө эдний талыг баримтлагч гэж хэзээ ч зарладаггүй. Энэ хоёр орны эсрэг албан сурталчилгаа хийх нь хэнээтэй бусниулагч, хийрхэлтэн гэж монголын нийгэмд харагддаг. Иймээс Ардчилсан Нам нь Хятад, Оросын эсрэг хүчин лавтай биш. 2002 онд Иракт цэрэг оруулах шийдвэрийг МАХН дангаараа төрийн эрх барьж байхдаа гаргасан. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байсан ч гэсэн АН тэр дор нь дэмжиж буйгаа илэрхийлж байв. “Хааны эрэлд” хээрийн сургууль ч МАХН-ын шийдвэр боловч АН-ын дүүрэн дэмжлэг хүлээсэн. Монголд үнэндээ америкийн талыг баригч гэж хочлуулах нь тийм ч муу сонсогддоггүй нь үнэн. Улс төрийн тэмцлийн явцад хүчнүүд биенээ оросын болон хятадын тал баримталдаг хэмээн яллах явдал элбэг тохиолддог боловч энэ нь буруутгахын тулд буруутгаж байгаа болохоос үнэндээ тийм юм байхгүй гэдгийг нийтээр мэддэг. Харин Америкийн тал баримталж, тэдний гар хөл болж байна гэсэн шүүмж яллах байдлаар ганцхан удаа парламентэд сонсогдсон боловч шүүмжлэгч өөрийгөө хятадын талын хүн гэсэн ойлголт олонд төрүүлээд улс төрийн карьераа алдсан билээ. Монголд Өрнийн хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллагаа гардаг авч үүнийг аль ч улс төрийн хүчин зохион байгуулдаггүй, харин ч хөршүүдийн өрсөлдөгч компаниуд ард нь нуугдаж байдаг.

 

Өнөөгийн Монгол улс нь дагнасан нэг үндэстнээс бүрдсэн дэлхийн цөөхөн орны нэг. Хүн амын 96 хувь нь монголчууд. Иймээс Монгол нь үндэстэн хоорондын зөрчлөөс ангид байж чаддагтаа гадаад бодлогодоо нэгдмэл санаа агуулдаг биз. Олон үндэстнээс бүрдсэн оронд цөөнх нь мөнхийн гомдолтой байдаг. Орост нэгдсэн монгол гаралтнууд болох буриад, тува нар, Хятадад хамаарагдсан өвөр монголчууд ийм хувь заяаг тойроогүй. Тэдний гомдол цөхрөл нэг талаас өөрсдийг нь хамаарч буй их үндэстэнтэй тэрсэлдэж, тэднийгээ үзэн яддаг бол нөгөө талдаа үндэс угсаа соёл заншлаа хадгалсаар яваа ах дүү нартаа хорсдог. Ийм учраас ах дүү нараа Бээжин Москвад муу муухайгаар матан ховлоно, эргээд ах дүү нартаа ирж их үндэстний эсрэг бослого хөдөлгөөнийг дэмжихийг шахаж шаардан хэрээс хэтэрсэн үндсэрхэг үзэл гаргана.

Үүний нэг жишээ бол хориод оны үед Монголыг захирч байсан Ренчино юм. Тэрээр “нармай Монгол” хэмээх үзлийг санаачлагчдын нэг ба Нармай Монголын Засгийн газар гэгчид сайд хэмээх нэр ч зүүж явсан. Нармай Монголын үзлийг явж явж Халх огт тоогоогүй, тийш нь төлөөлөгч ч явуулаагүй. Энэ нь Орос, Хятадад захирагдсан хэдэн буриад, барга, өвөр монголчуудын ажил байлаа. Ренчино сүүлд нь Монголыг Хойд Хятад, Өмнөд Хятад, Шинжаан, Төвдтэй нэгтгэн Холбооны улс буй болгох санал гаргасан нь 1921 оны 3-р сарын 1-нд хуралдсан МАХН-ын мөрийн хөтөлбөрт үгчлэн тусчээ. (Энэ өдрийг “эх орончдын өдөр” гэж тунхаглан өөрсдийгээ гутааж байхаа зогсмоор юм!). Хожим Ренчино Монголыг Зөвлөлтийн харъяалалд оруулахаар нэлээд гүйсэн. Тусгаар Монгол л биш бол өөр яасан ч яахав! Орос, хятадууд “нармай Монгол” гэх үзлээс 100 жил болгоомжилж ирлээ. Ийм нэрээр томоохон хядлага ч үйлдэж байсан. Гэтэл цөөн тооны ийм үл гүйцэлдэх романтик үзэлтэн байна уу гэхээс тусгаар Монголд хэзээ ч дэмжигдэж байгаагүй яриа. Монголыг Орост нэгтгэхээр хөөцөлдсөн буриад ганц Ренчиногоор дуусахгүй. Бадмаев, Агваан Доржиев гээд цаанаа нөлөөтэй байсан хүмүүс бүр биечлэн хэрэгжүүлэхээр төсөв мөнгө гаргуулаад идэвхийлэн зүтгэж байсан. Мэргэжлийн ямар ч төвшин, ойлголт байхгүй, буруу зөрүү баахан юм сонссон Дугаржавын Төмөр ч цаанаа сүрхий харагдах гэж ах дүү нараа матаж ховлож яваа л хэрэг байх.

 

Хятад Монголын харилцаа эргэж сайжрахын хэрээр өвөр монголчууд Монголтой харилцаанд орж эхэлсэн. Дарлуулж гадуурхагдсан цөөнх үндэстний бас нэг сонгомол жишээ. Тэд цаашаа Бээжинд ах дүү нараа ховлож муу хэлж гүйхийн зэрэгцээ Монголд ирж тусгаар монголчуудыг Хятадын эсрэг элдэв үймээн самуунд оролцохыг илэрхий өдөн тухирна. Монголчуудыг хужаа хувхайгаар нь дууддаг улс тэд. Монголын нийгэм улс төрийн тавцанд тодорч гарч ирсэн болгоныг хятад цустай гэж зарлаад байгаагийн цаад уг сурвалж дандаа, бүр үргэлж дандаа өвөр монголчууд болон Монголд удаан жил амьдарсан өвөр монгол угшилтай хүмүүсээс гардаг үг.

1689 оны Нэрчүүгийн гэрээгээр буриад, халх хоёр бүрэн тусгаарлагдсан. 1691 оны Долон нуурын гэрээгээр өвөр монголчууд Гадаад Монголоос бүрэн тусгаарлагдсан. 1727 оны Хиагтын гэрээгээр ойрдууд мөн л буриад, алтай нараас бүрэн тусгаарлагдсан. Үүгээр халх ойрдын олон жилийн тэмцэл төгсөж нэг гэрт ижилсэн нэгдмэл нэг үндэстэн болжээ. Гадаад монголчууд 200 жил манжийн, 100 жил оросын вассал, дагуул улс явсан, харин аль алиных нь эрхшээл эзэмшил, шууд дарлалд хэзээ ч байгаагүй. Гэтэл хилийн хойно байх буриад, урд байх өвөр монголчууд Орос, Хятадын шууд дарлал эрхшээлд бараг 400 шахам жил явж биднээс ийм хугацаагаар тусгаарлалттай байсны эцэст өөр этник угсаатан, өөр үндэстэн болон салсан. Бидний хэл төдийгүй идэж буй хоол, өмсөж буй хувцаснаас эхлээд зан заншил, уламжлал, ахуй, сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл хүртэл ондоошчээ. Угсаатнууд салаалан тус тусдаа шинэ үндэстэн үүсгэдэг нь ердийн л байдаг процесс. Эртний ромчууд дундад зуун гэхэд франц, итали, испани, португал гэж салсан бол ХХ зуун гэхэд румын, молдав, каталан, сицил, сардин гээд бүр олон болж салаалж. Түүнтэй нэгэн адил уугуул монголчууд сүүлийн 400 жилд тува, халимаг, барга, өвөр монгол, Монгол улсын монголчууд гээд өөр өөр үндэстэн болон салж буй ах дүү нар юм. Өнөөгийн Монголд буй халх, дөрвөд, баяд, урианхай, буриад гэх ястнууд Монгол улсын монголчууд, нэгдмэл нэг монгол үндэстэн, харин хилийн цаана 400 жил тусгаарлагдсан гарвал нэгтэй ахан дүүсээсээ дэндүү ялгаатай угсаатан болжээ. Бид хоёр саяулаа уудам нутагтаа олуул. Гурван сая өвөр монголчууд тэр бум хятад дотор цөөнх. Уудам Орост байтугай өчүүхэн Буриад улс дотроо хүн амынхаа ердөө 23 хувийг эзэлдэг буриад нарыг цөөнхийн цөөнх гэх үү? Жирмэний харчингууд аймаг дотроо 15 хувь ч хүрдэггүй. Олуул, цөөхүүл гэдэг харьцангуй ойлголт.

Тэд цөөнхийнхээ хэрээр их үндэстэнд шахуулж, гадуурхагдаж сүүлдээ угсаатны хувьд мөхөж буй. Буриад-Монголын бүгд найрамдах улс гэж байсныг 1958 онд “өөрсдийнх нь хүсэлтээр” Монгол гэсэн үгийг нэрнээс нь хассан. 1959 онд сүүлчийн буриад бага сургуулийг хаасан. Өнгөрсөн жил Үст Буриад, Ага Буриад хоёрыг албан ёсоор үгүй хийж зэргэлдээх мужид нь хавсрагасан. Удахгүй Буриадын бүгд найрамдах улс "Улаан-Үд муж" болон өөрчлөгдөнө. Өвөр Монголын Өөртөө засах орны хүн амын ердөө хорин хувь нь монголчууд. Хятадчилагдахгүй л бол тэдэнд сурч боловсрох зам хаалттай. Оросчлогдох эсвэл хятадчидагдах гээгүй л юм бол ямар ч “нармай Монгол” бидэнд хэрэггүй. Үүнийг тусгаар Монгол улсын иргэн болгон мэднэ. Ах дүү нараа хараад өрөвддөг ч хувь заяа иймээс хойш “үхсний араас дагаж үхдэггүй”. Харин “үхэх хүн ханьсаг” гэгчээр тэд л бидэнд дэндүү хорсолтой хандах юм.

 

Дэлхийн бүх баавгай нэгэн угшилтай боловч эволюцийн явцад хорвоогоор нэг таран олон зүйл болон салаалжээ. Үүнийг баавгайн буюу латинаар урсусын баг гэдэг. Баавгай хаа л бол хаа бий. Химлайн баавгай, ширэнгийн баавгай, манай говьд мазаалай гэх баавгай гээд. Умарт туйлд цагаан баавгай гэж асар том нь байна. Цагаан баавгай мэдээж өнгөөрөө ялгаатай боловч бусад баавгайнаас догшин, харгис, түрэмгийгээрээ онцгой ялгардаг байна. Биологчид үүний учрыг олон жил судалж байж тайлжээ. Хүйтэн хахир туйлын нөхцөлд цагаан бааавгайн зүйл олшрох боломжоор маш хязгаарлагдмал аж. Тэд эволюцийн сая сая жилд үргэлж цөөхүүлээ байсан. Зүйлээ хадгалах амьтны зөнгөөр тэд ийм харгис болсон гэнэ. Тэд цөөхүүлээ. Туйлаар нэг янз бүрийн цагаан амьтад бий. Тэдэн дунд хөөрхий баавгай тоон утгаараа үргэлж цөөнх байсан.

2009.4.12