Дөрөв дүгээр сар тэмдэглэлт өдрөөр дүүрэн юм гээч. Шувууны баяр, сансрын нисгэгчийн баяр, Лениний төрсөн өдөр гэж дээр үед тэмдэглэдэг байлаа. Тэрнээс гадна субботник, шороон шуурга гэх хоёр юм шууд энэ сарыг санагдуулдаг байв. 1616 оны 4-р сарын 23-нд Шекспир, Сервантэс хоёр зэрэг нас баржээ. Хожим энэ өдөр олон зохиолч төрсний дотор Маурис Друан, Владимр Набаков, дэ ла Вэга нар багтдаг. Монголоос мэдэхээс манай Цэнддоо бас энэ өдөр төрсөн. Ер нь л ном зохиолын суутнууд энэ өдөртэй холбоотой гэсэн далд шүтлэг бий болсон бололтой. Ингээд испанчууд одоогоос бараг зуун жилийн өмнөөс энэ өдрийг номын баяр болгон тэмдэглэх болжээ. Сэрвантэсийн нас барсан энэ өдөр испанчууд өөрийн аугаа зохиолчийн дурсгалыг хүндэтгэж эрэгтэй нь сарнай, эмэгтэй нь ном биендээ бэлэглэдэг уламжлал үүссэн гэх. Испанид энэ өдөр хэдэн сая ном борлогддог болж номын бизнесийнхэн ч баяртай байх болжээ. Ерээд оны үеэс НҮБ энэ өдрийг олон улсын номын ба зохиогчийн эрхийн өдөр гэж зарлав. Номын баяр юм даа.

Ном хэмээх монгол үг герегийн “номус” буюу сургаал, судлал гэсэн үгээс гаралтай гэж Ренчин гуай нэг удаа бичсэн. Эконом, астроном гэдгийг сүүлийн нийлэмж.  Гурван эрдэнийн нэгийг “Нама дармаяа” гэж самгардаар хэлдэг нь “ном дор мөргөмү” гэсэн үг аж. Энэ нь буддын сургаалыг шүтэн дагана гэсэн үг болохоос алив нэг хэвэлмэл номыг дээш өргөн зулайндаа хүргэнэ гэсэн утга үгүй бололтой. Ингэхээр ном гэдэг нь сургаал, дүрэм гэсэн санаатай байсан байх. “Номондоо орох”, “номоороо явах” гэсэн хэлц үг ч үүнийг илтгэнэ. Библи, коран гэсэн үгс ч төстэй санаатай.
Хэл үүсээд л сургаал гарч эхлээ биз, харин бидний өнөөдөр ном гэж нэрлээд байгаа үсэг тэмдэг дээр нь сийрүүлсэн бүтээл хэдийд анх гарсан нь тодорхой бус. Юутай ч МЭӨ 2700 оны үед эртний египтчүүд папирус хэмээх модны холтос дээр бичиг бичин ном бүтээдэг байж. Хятадууд гурван мянган жилийн өмнөөс ном хийдэг байж. Тэд торго, арьсан дээр бичсэн номоо хоёр талд нь модоор эмжээд хуйлж хадгалдаг байв. Хуйлаастай ном. Нэлээд хожим VII зуунд Цай Лүнь хэмээх тайган эр анхны цаас үйлдвэрлэснээр номын шинэ үе үүсч. Хятадууд ном барлах аргыг нэн эртнээс бодож олсон, харин модон барыг төмөр бар болгож сольсон улс бол солонгосчууд. Монголчууд номын технологид шинэ юм бодож олоогүй байх, гэхдээ энэ гайхамшигийн үндсэн түүхий эд болсон цаасыг дорноос өрнөд анх зөөж аваачиж өгчээ. Ромын папад Мөнх хааны бичсэн захидал Европод очсон анхны цаас байж магадгүй. Ингэж европчууд цаас хийж сурсан төдийгүй хорголжин барын технологи эзэмшиж улмаар 1400 орчим онд Германы Майнц хотноо хамгийн анхны дэвтэрлэсэн ном хэвэлжээ. 200 хувь “Библи” латин хэлээр хэвлэсний 21 ширхэг нь одоо хүртэл хадгалагдаж буй. Анхны ном хэвлэгч

Гүтэнбэргийг хүн төрлөхтний түүхийг өөрчилсөн хамгийн аугаа хүмүүсийн нэг гэж үздэг.
Өнөөдөр дэлхий номондоо дарагдсан. Ер нь хэвлэмэл материалд. Ёоз ёозоороо, төрөл төрлөөрөө. Хамгийн их уншдаг нь япончууд гэнэ. Тэд жилдээ 10 тэрбум ширхэг хэвлэмэл материал үйлдвэрлэн гаргадаг гэнэ. Гэхдээ ихэнх уншиж буй ном нь комикс гэсэн. Хэвлэх технологи ч гайхамшигтай болж. Компютер буй болсноос хойш хэвлэл бэлдэх нь хялбар төдийгүй төрөл хэлбэр ч баян боллоо. Ер нь түүхэндээ хамгийн олон ширхэгээр хэвлэгдсэн нь “Библи”, дараа нь “Маогийн улаан ном” ордог аж. Орчин үед “Харри Потер”, “Да Винчигийн код” зэрэг хэдэн зуун хэлээр орчуулагдан олон саяар хэвлэгдэн шинэ рекорд тогтоож байгаа ном ч байна.


Монголчууд хэдийнээс ном уншиж буюу хэвлэж эхэлснийг бүү мэд. Бас л Ренчин гуайн үг шүү, Чингисээс өмнө “Сулхарнай баатар” хэмээх Македоны Александр хааны тухай зохиол монгол хэлээр ном болон гарч байсан гэх. Бодвол “Нууц товчоо” тухайн үедээ ном болон гарч байсан байж ч болох. Юутай ч Монголд буддын шашин дэлгэрснээр “Молом тойны үлгэр”, “Милийн намтар” монгол хэлээр бараар хэвлэгдэж байжээ. Энэ бол дор хаяж 400-500 жилийн өмнө гэсэн үг. Гүтэнбэрг маягаар хорголжин бараар хэвэлж дэвтэрлэсэн монгол хэл дээрхи “Библи” 1830-аад онд хэвлэгдэж байсан нь өдгөө Эрхүүд хадгалагдаж байгаа. Есөн эрдэнээр ном хийж байсан нь нэг талаас эрдэм ухааныг хүндэтгэсэн хэрэг биз, нөгөө талаас ийм үнэтэй зүйл хаягдах магадлал багатайг ч бодолцооо биз. Монголд цугларсан бүх ном судрыг шатааж устгаж байсан гучаад оны балмад үед юутай ч үнэт эрдэнээр бүтээсэн ном судрыг үлдээсэн нь материаллаг үнэ цэнтэй нь холбоотой болов уу.

Хэвлэлийн газар, хэвлэлийн үйлдвэр хоёрыг ихэнх хүмүүс ялгадаггүй. Хэвлэлийн газар нь ном бэлддэг бол үйлдвэр нь хэвлэж цуглуулж дэвтэрлэж нааж, хавтаслан ном хэмээх бэлэн бүтээгдэхүүн гаргадаг. Одоо Улаанбаатарт том жижиг 30 орчим хэвлэх үйлдвэр бий, харин хэвлэлийн газар тун цөөн. Иймээс хүмүүс хувиараа гэртээ компютэр дээр хэвлэлийн эхээ бэлдэх нь элбэг болжээ. Ном үйлдэх технологи аргачлал энэ олон жилд хөгжин төгөлдөршиж туйлдаа хүрсэн. Өөрийн дүрэм журамтай. Үсгийн фонт, хэмжээ, өнгө будаг, зураг чимэглэл гээд энэ нь яавч сайн дурынхны ажил биш. Ийм мэргэжилтэн бэлдэхэд үгүйдээ л таван жил хэрэгтэй шүү дээ. Мартсанаас Монгол улсын Гадаад харилцааны сайдаар хоёр удаа хэвлэлийн инжинер хүн болсон байдаг.

1990 оноос Монголд ном үйлдвэрлэл шинэ шатанд гарчээ. Номын төрөл зүйл олширч, нам засгийн хяналт гээч юм алга болсноор энэ төрлийн бизнес зах зээлийн замаар хөгжих болов. Сонгуулийн суртчилгааг эс тооцвол номын хэвлэгдэх тоо эрс цөөрсөн боловч нийт хэвлэгдэж буй номын тоо харьцангуй өсчээ. Хүмүүсийн унших тоо хэмжээ ч аюултгүй нэмэгдсэн. Сонсдог ном гэсэн шинэ төрөл ч нэвтэрч байна. Гэхдээ номын төрөл зүйл олшрохын хэрээр хууль бус хэвлэл нэлээд олшрох төлөвтэй. Копи райт буюу зохиогчийн эрх нь олон улсын хуулиар хамгаалагдсан халдашгүй өмч юм. Энэ нь зохиогч болон хэвлэлийн компанийн өмч, зөвшөөрөлгүйгээр орчуулах, хэвлэх, олшруулах нь хулгайн төрөлд шууд хамаарна. Манайд гүйлгээ сайтай толь бичигийг шууд олшруулах, зохиогчийн нэрийг нь сольж тавих, товчилж хулгайлах нь нэлээд өргөн тархжээ. Арваад жилийн өмнө “Харри Потер” номыг орчуулж хэвлээд борлуулж байгаад баригдан шатаалгаж байсан түүх бий. Олон улсын хуулиар зохиогч нас барснаас хойш 50 жил өнгөрч байж бүтээл хүн төрлөхтний нээлттэй өмч болж, копи райт нь хүчингүй болдог ном бий. Дашрамд сонирхуулахад Нэпко хэвлэлийн газраас эрхлэн толиоууож буй “Хари Потер: Эрдэнийн чулуу” ном албан бүртгэлээр 65 дахь хэлээрээ гарч байгаа энэ бүтээлийн орчуулга аж.
Уншигч олондоо дэлхийн номын өдрийг тохиолдуулан баяр хүргэе. Энэ өдрөөр биендээ ном бэлэглэдэг заншил тогтвол уг нь тун зүгээрсэн.
2009.4.21