Сэтгүүлч Б.Амарсанаатай хөөрөлдсөн яриа)

Боловсролтой хүн гай болдог юм биш. Огт боловсролгүй хүн ч гэмгүй. Хагас дутуу үсэгтэй улс л алдаг юм шүү дээ. Хагас үсэгтэй хүмүүс юу гэж байсныг санаж байна уу? Хоёр жилийн өмнө хүүхдийн мөнгийг хорин мянган төгрөг болгоно, хоёр дахин өсгөнө гээд л өвчигнөөд л байсандаг. Саяхан интернэтээр ороод үзсэн чинь зэсийн үнэ хойтон 12,000 ам.доллар болох гэж байна, баталгаатай! Алив батлаадах, гээд л бүхний өмнө зурагтаар орилоод байсан шүү дээ. Хаа байна тэр нь, ер нь хойтон юу болохыг мэдэх бололцоогүй шүү дээ. Хойтон хэд болохыг баттай мэдэж чадсан хүн хамгийн хурдан баяжихаар байна. Мэдэж болдоггүйд л онцлог нь байгаа юм. Хоёрдугаарт, зэсийн үнийг Лондон тогтоодог юм уу? Тэрийг нь ч мэдсэн юм байхгүй. Гэнэтийн ашиг байдаг уу гэвэл, байдгаа. Чиний хийж байгаа ажил гэнэт асар их ашигтай байлаа гэж бодъё. Хамтран эзэмшигч би гэж саная. Тэгэхээр түүнийг шударгаар хуваах хэрэгтэй болноо доо. Гэхдээ үүнийг ийм бүдүүлгээр хийдэггүй юм. 4000 ам.доллар гээд босго тавьсан, тиймээ? Гэтэл ам.доллар гэдэг чинь өөрөө хөдлөж байдаг эд шүү дээ. Алттай харьцах ханш энэ тэр гэдэг, гүйлгээний хэрэгсэл утгаараа. Тэрнээс биш санжметр гэдэг шиг зүйл биш. Олон улсын тогтсон стандартаар оруулсан хөрөнгө чинь 19%-ийн ашигтай бол ердийн гэж үзнэ, 19%-аас дээш бол тогтоосон босго зэрэглэлээр нь хувааж авна шүү гээд тогтсон зарчим байдаг. Гэтэл бид дэлхийн хаа ч байдаггүй бүдүүлэг юм тавьсан. 4000 ам.доллараар хэмжээд 68 хувиа тавьчихлаа. Тэгээд 3999 доллар байхаар татвар өгдөггүй, 4001 ам.доллар болчихоор л шууд 68%-ийн татвар өгөөд эхэлдэг. Энэ нэлээд усан тэнэг хүний бодож олж чадахаар зүйлээ дээ?

Алив валют цогиж байгаа морь шиг өдөр болгон өөрчлөгдөж байгаа зүйл. Ам.доллар гэхэд юутай харьцаж байгаагаасаа хамаараад цаг, минут, секундээр өөрчдөгдөж байдаг. Энд нэг сонин зүйл хэлье. 1976 онд алт хамгийн өндөр хэмжээндээ буюу 800 ам.доллар хүрсэн юм. 800 ам.доллар бол алтны хүрч чадсан хамгийн өндөр үнэ. Энэ нь өнөөдрийн үнээр бодохоор 1750 ам. доллар болж байна. Иймээс тэр 800 гэдэг бол харьцангуй ойлголт байгаа биз? Одоо алт 900 хүрээд байна. Гэхдээ 900 хүрлээ гээд байгаа нь тэр үнийг давсан гэсэн үг биш. Америкийн кинон дээр гардаг шүү дээ, гучаад оны үед кино үзэхэд том хүн 5 цент, хүүхэд 1 цент гээд. Гэтэл одоо АНУ-д 20 доллараар кино үзнэ шүү дээ, хөө. Иймээс тэр үеийн 5 доллар одоогийн 5 ам.доллартай адил биш нь ойлгомжтой.

Бид нэг зүйлийг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байхаа. Эмч нар гүйж очоод эмнэлэг байгуулаад байх юм. Гэтэл хүн эмчлэнэ гэдэг эмнэлэгийн менежмент хийхээс тэс өөр ойлголт шүү дээ. Тэгэхээр уул уурхайн инженер байх эсвэл цалингийн ня-бо байх нь тэр салбарт том бизнес хийх, бизнесийн төлөвлөлт зэргээс огт хамаагүй өөр зүйл. Би уурхайд орж үзсэн гээд яриад байх юм, олон удаа дуулга л өмсөө байлүй дээ, уурхайд орж үзээ л байлгүй дээ. Энэ чинь шал тусдаа ажил шүү дээ. Дээд талд нь макро эдийн засаг гээд нэг юм байна. Макро эдийн засаг гэдэг чинь тэр бусад эдийн засаг ч юм уу статистиктай эсвэл тэр уурхайн нягтлан болсонтой огт хамаагүй асуудал. Макро эдийн засаг гэдэг бол улс төр. Ажилгүйдэл, мөнгөний бодлого, гадаад бодлого, улс хоорондын харилцан уялдаа, хөгжлийн ойрын болон хэтийн төлөв, дэлхийн зах зээлийн хандлага, зах зээл дахь салбар хоорондын өрсөлдөөн гэх мэт. Түүнээс гадна дэлхий хавтгай болчихсон, нэг стандарттай болчихсон учраас тэр жишгээр явна. Тэрнээс биш нэг дуракын уурхайд дуулгатай орж үзсэн тархины хэмжээ болон тухайн үед хальтарч унаад босохдоо санаанд нь орсон зүйлээр баримжаа хийдэггүй.

Гэхдээ хүн аливаа зүйлд өөрийн санал бодлоо хэлэх эрхтэй. Манай нарны аймаг 9 гаригтай байлаа. Ноднин олон улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэгийг нь хасаад 8 гаригтай болгочихлоо. Энийг гариг гэж тооцоод яах юм бэ гэлээ. Долоон буудлын Должин чавганц ч “...тэрийг хасаж байгаа нь яаж байгаа юм...” гэж хэлэх эрхтэй. Хэлэх эрхтэй гэдэг нь гаргасан шийдвэрийг цуцлах эрхтэй гэсэн үг ерөөсөө биш. Надад ч гэсэн монгол хүний хувьд 9-ийн тоо уг нь билэгдэлэй байсан юм гэсэн санаа байж л байна. Гэхдээ тэр чинь тэндээ, тэр мэргэжлийнхээ түвшиндээ гаргаж байгаа шийдвэр шүү дээ. Дэлхийн бүх сурах бичигт, түүний дотор манай сурах бичигт нарны аймаг 9 биш, 8 гаригтай гэж бичих нь байна шүү дээ. Ийм учраас эрх хэмжээ, мэргэжлийн түвшингээрээ яримаар байгаа юм л даа.

Дараагаар нь: энэ уул уурхайг ашиглах уу ашиглахгүй юу гэдгийг хэн шийдэх юм гэсэн асуудал гарч ирнэ. Эрх бүхий хүмүүс л шийднэ. Монгол улсад үйлчилдэг хуулинд тийм байгаа. Тэр эрх олгогдсон хүмүүс тэнэг байж болно. Гаргасан хууль нь тэнэг байж болно. Ихэнхдээ тийм байгаа л даа. Гэхдээ энэ бол ард түмнээс өгсөн эрхийн дагуу, хууль ёсоор хийж байгаа ажил. Хууль ёсоор тэнэгтэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь зөвшөөрөгдсөн тэнэглэл. Бид 68%-ийн татварыг үхтэл нь мууллаа. Гэхдээ энэ чинь зөвшөөрсөн тэнэглэл, зөвшөөрсөн алдаа. Яагаад гэвэл тэдэнд тийм эрх бий, тэнэглэх эрх бий, ухаан гаргах ч бас эрх бий. Ард түмэн тэрийг нь буруу гэж үзвэл сольдог байхгүй юу. Харамсалтай нь нэг тэнэгээ нөгөө тэнэгээр солих юм л даа. Гэхдээ энэ бол тусдаа асуудал шүү.

Миний бодлоор тэд аягүй тэнэг л юм ярьж байна билээ. Гэхдээ тэд тэнэглэх эрхтэй, би тэрийг нь хүндэлж байна л даа. Тэнэгэлэж л байг, гэхдээ энэ ард түмэн чинь өөрсдөө сонгосон шүү дээ, өөрсдөө бий болгосон шүү дээ. Тийм учраас тэнэглэж байгаа бол тэнэглэж л байхаас даа. Хуулийн дагуу тэнэгтэж байгаа юм.

Бас их хөгийн юм яриад байгаа юм. 125 сая ам.доллар авахаар болсон байна, багадаж байна, 500 саяыг ав гэж байхад яаж байгаа юм, нэг тэрбумыг авах ёстой ч гэх шиг. Цаадуул нь 500-г авах уу, 1 тэрбумыг авах уу, 125-г авах уу гэж сугалуулахаар нь 125-г аваад ирсэн юм шиг яриад байгаа биз? Наана чинь хөдөлмөрөөрөө бүтсэн, доллар болгон тооцогддог эд шүү дээ. Жишиг стандарт ч гэж байдаг байх. Тэд юм л ярьж эх оронч болж харагдах гэж байгаа болохоос хэд ч байсан тэрнээс арав хорь дахин их байх байсан юм л гэнэ. Нэг ийм балайдуу - балай л юм даа - юм яриад л зогсох юм. Тийм л юм бол яригч өөрөө очоод л аваад ирнэ биз, сайн л биз.

Нөгөө нэг асуудал: Ордын бүх нөөцийг тогтоочихоод дараа нь гэрээ байгуулах ёстой гэж ярих юм. Дэлхий дээр хаана ч тийм юм байхгүй. Эрдэнэтийг бид бүх нөөцийг нь тогтоочихоод үйлдвэр бариагүй. Хаана ч тэгдэггүй. Явцын дунд л нөөц нь ихсэж, эсвэл багасна. Буруу судалгаа хийсэн бол бүр хүрэх ч үгүй, тэрэндээ. Гээд тэнд зах дээр нэг төмсний үнэ хаяалцаж байгаа авгай нар шиг нэг тиймэрхүү үзэгдэл харагдаад байна. Нэг тийм дураараа, яахав дээ нэг сайн тал нь хуулийн хүрээн дахь тэнэглэл юм даа.

Ажиглаад байхад тэнд мухайрлаж дайраад, зүтгээд байгаагийн цаана нэг тийм улс төрийн өөр зорилготой, өөр бодолтой юм харагдаад байгаа нь харамсалтай байна. Юу ажиглагдаад байна вэ гэвэл, өнөөдөр Өрнийн хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх гээд байна. Гэтэл ямар ч үнээр хамаагүй Өрнийн хөрөнгө оруулалтыг ашиггүй болтол тулгаж байгаад хөөж гаргая л гэсэн санаа байх шиг байгаа юм.

Энд, Монголд хэн ч ашиг хийхийн тулд л орж ирнэ, тийм үү, тэрнээс биш Монгол улсыг хөгжүүлээд өөрөө ядуурах зорилготой нэг ч компани, улс энэ дэлхийд байхгүй. Асуудал аль аль талдаа ашигтай байхад л байгаа. За, гэтэл ороод ирэнгүүт нь, танайд хохиролтой манайд ашигтайгаар л хийвэл хийе гэж байна. Ингэж л дайраад байгаа байхгүй юу. Нэг л их хардсан улс. Юу мэддэгтээ тэгээд байгаа юм бол? Өөрийн тогтсон жишигтэй, тэрийг нь хянадаг аудиттэй, шудрагаар шүүдэг олон улсын шүүхтэй стандарт болсон өнөөгийн ертөнцөд ичээчээ, хатуугийн тэмдгээ мартчихсан хүний хардлага аль зэрэг чухал юм бол? Энэ үзэгдлийг жаахан дээрээс, жаахан панароматай хараад ирэхээр ерөөсөө эд нарыг хөөе, үргээж гаргая гэсэн санаа. Оронд нь оруулж ирэх улсууд байх шиг байнаа, тэдэнд. Солилцооны тамирчид цаана нь байна. Яахав ээ хөөгөөд гаргачихъя, харин энэ хүмүүсээ өнөөдөр ард түмэн сайтар нэр ус зүс царайгаар нь тогтоогоод авчаарай. Сүүлд нь солилцооны тамирчид орж ирэн нусаа хацартаа наасан хойноо тэр хэдийгээ харж үстэй толгойгоо зулгаахад хэрэг болно.

1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын хамгийн оройн зорилго нь юу вэ? Түүхийнхээ сүүлийн 400 жилийг Монгол улс хоёр хөршийнхөө дарлалд үдсэн. Одоо гуравдагч хөрштэй болъё, бид дэлхий дээр нээлттэй улс болно, энэ дэлхийн бүх улстай тэгш харилцана, бид бусад орнууд руу гарцтай болно, энэ бол бидний тунхагласан хамгийн том зарчим. Монголын ард түмэн 1990 онд ардчилал, зах зээл хүсээд жагсаад байсан юм байхгүй, хөөе! Тэр чинь сүүлд бий болсон санаа. Бие даасан бодлогын төлөө, хоёр хөршөөсөө яахыгаа асуудаггүй байхын төлөө байсан юм. Тэр нь 1990 оны 5-р сар гэхэд Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлалаар тунхаглагдсан. Тиймээс ч Монгол улс Орос, Хятад хоёроос түрүүлээд ОУВС, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэгт шууд элсэн орж байсан юм. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд Монголд 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн юм. Үүн дээр дэлхийн хамтын нийгэмлэг биднийг дэмжсэн юм. Биднийг энэ замаас маань гаргах хамгийн таатай боломж бол гэмгүй царайлж байгаад л Өрнөдийн хөрөнгө оруулалтыг жийх. Тэднийг хөөж гаргах, дахиж нааш харахгүй болтол нь жигшээх.

Өчигдөр зурагтаар бас хэдэн нөхөр балайраад л байна билээ. Компанитай бид хэлэлцээ хийхгүй, Засгийн газартай хийнэ гэнэ. Хятадад л Засгийн газрын мэдлийн компаниуд бий, Шэньхуа, Юанань гэх мэт төрийн өмчит компани. Гэтэл жишээ нь Обама өөрийн улсын компаниа төлөөлж хэлэлцээ хийхгүй. АНУ, Канад, Англи, Европын Холбооны Засгийн газар улсынхаа компаниудыг эрх ашиг талаас нь хамгаалах л үүрэгтэй. Тэрнээс биш өмнөөс нь Монголын Засгийн Газартай АНУ, Австралийн засгийн газар ирчихсэн “...манай засгийн газар Рио Тинтогийн өмнөөс, Би Эйч Бигийн өмнөөс ингэж бодож байна...” гэдэг ийм элий балай юм байхгүй. Яагаад тэгвэл манай засгийн газар хийгээд байгаа юм? Энэ бол манай ард түмний өмч, Монголын ард түмний өмчийг захиран зарцуулах эрх нь Засгийн Газарт байгаа учраас хийгээд байгаа юм шүү дээ. Түүнээс биш энэ нь бүрэн хувьчлагдсан бол тэр компанитай нь л хийнэ.

Тиймээс энэнд би өөр зорилго олж хараад байна. Энэ асар том хөрөнгө оруулалт дээр тамирчныг солих гэсэн цаанаасаа захиалгатай бодлого улаан цайм явагдаж байна. Үүнийг гүйцэтгэгчид нь мэдсэн нь ч байгаа мэдээгүй нь ч байгаа, за даа үнэнийг хэлэхэд тэдний том дууны цаана цөөн хэдэн төгрөгийн өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг юм даа. Өрнийхнийг гутаах, тэднийг оруулахгүй байх, түүний үр дүнд Монголыг өөр нөхцөл байдал руу түлхэх, үнэхээр компаниа төлөөлдөг Засгийн газартай тийм субъектыг уриад байнаа даа, товчхондоо бол? Энэ бол Монголын ард түмний олсон хамгийн том ололтоос нь холдуулах бодлого. Уул нь эдгээр том хөрөнгө оруулалтууд нь манай оронд юун түрүүн геополитикийн, геостратегийн ач холбогдолтой юм. Мэдээж санхүүгийн хувьд харилцан ашигтай байх зарчимтай. Энд л хамаг учир бий дээ.

Үнэндээ хөршүүд манай бие даасан алхамд дургүйцэж байгаа л даа. Бид олон улсын цэргийн сургууль нутаг дээрээ хийж байна, манай дайчид Дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудтай мөр зэрэгцэн терроризмын эсрэг тулалдаж байна. Манай хамгийн ойр дотны харилцаатай орнууд Япон, АНУ, Өмнөд Солонгос, Европын холбоо болж. Үүнд хөршүүд дургүй, түүнээ ч цухалзуулдаг. Ийм тохиолдолд тавдугаар цуваа буй болгож “эх оронч” цуурай хангинуулах бол олон үеийн турш хаана ч хийгддэг танил болсон арга. “Эх оронч” аялгуугаар ард түмний сэтгэлд юм хийх, өөрийн төрд үл итгэх үзлийг төлөвшүүлэх гэх мэтээр лавшруулна. Чөлөөт оронд төрөө шүүмжлэх нь энгийн явдал боловч ялангуяа жижиг буурай орны ард түмэн гадаад бодлого шиг эмзэг зүйл дээр нэг санаатай байх нь маш чухал юм. “Хувааж захир” гэсэн империалист бодлого, арга бол нэн эртнийх. Ялангуяа цөөн алив үндэстнийг хоорондоо яс угсаа шашин мөргөл гарал үүсэл үзэл баримтлалаар нь дайсагнуулцах нь хамгийн гол башир арга. Ингэж хуваагдсан байхад хяналт тогтооход хялбар юм. Олон ургалч үзэл, олон үндэстэн ястан оршин байхыг хэлээгүй шүү дээ, энэ ялгааг нь дөвийлгэж, эднийг тухирч дайсагнуулцаж, нэг хэсэг нь өөрсдийгөө эх оронч болгон дөвийлгэж, нөгөө хэсгээ эх орны дайснаар зарлаж, өдөөн хатгаж, даруй устгахыг уриалах байдлыг хэлж байна. Түүхэнд ийм үзэгдэл тун ч элбэг тохиолдсон юм даа.

Өнөөдөр бид гурав дахь хөрш гэж ярьдаг. Үнэн чанартаа бидэнд гурав дахь хөрш байхгүй. Яагаад байхгүй гэхээр тэдний бодитой эрх ашиг энд байхгүй. Монгол улс хөршдөө эзлэгддэг юм уу, дарлагддаг юм уу эрх ашгаараа хохироход энэ нь гадаадад сонины хачирхалтай мэдээ төдий болно. Тодорхой том хөрөнгө оруулалт орж ирснээр тэр улсын эрх ашиг бий болдог. Япон, Солонгос, АНУ, Австрали, Европын Холбооны том хөрөнгө оруулалт орж ирснээр дээрх тохиолдолд “...хөөе наана чинь манай эрх ашиг байгаа шүү. Энэ асуудал дээр чи ингэж хандахгүй шүү...” гэнэ. Яагаад өчүүхэн жижиг Кувейт улсыг Ирак эзлэхээр 18 орон цэргээ оруулж түүнийг чөлөөлсөн юм? Тэд ороод иракчуудыг хөөж гаргасан. Яагаад тэгсэн юм? Тэнд тэр улсуудын тодорхой эрх ашиг байгаа учраас. Яахав Кувейтыг чөлөөлөх гэдэг нь олон улсын тэгш эрх, шударга зарчим энэ тэр гээд байснаас үүдэлтэй л байх л даа. Гэхдээ энэ бол хоёрдугаар зэргийн асуудал шүү дээ.

 Энэтхэгийн хойно Сикхим гэж тусгаар улс байсан. 1980 онд Энэтхэгийн цэрэг орж ирээд Сикхим улс байхгүй болсон. НҮБ буруушаасан, энд тэндгүй буруушаасан. Яасан муухай юм, еэ еэ бөөвөө гээд л өнгөрсөн. Дуусаа, Сигкхим улс байхгүй! Сикхимд гадаадын хөрөнгө оруулалт байгаагүй, гадаадын ямар ч эрх ашиг байгаагүй. Тэгж ярих юм бол бусад орны хувьд Энэтхэгтэй сайн харилцаатай байх нь чухал болохоос, заа тэр муу Сигкхимээс болж тэр том зах зээлтэй муудалцах хэрэг хэнд ч байхгүй. 1970-аад оны газрын зураг үзээрэй, тэнд тусгаар Сикхим улс гээд байж байгаа.

Тэгэхээр 1990 оны бидний хийсэн гадаад бодлогын амжилт, гуравдагч хөршийн асуудал зэрэг нь бидэндээ том амжилт юм. Биднээс хамаардаг дэлхий гэж байхгүй ээ, тэгвэл бид дэлхийн тэр 200 гаруй улсаас чинь хамааралтай болчихъё, энэ бол бидний тусгаар тогтнолоо авч үлдэх хамгийн ухаалаг арга. Тэрнээс биш бид цэргээрээ уралдаад яах юм, айл болгон 27 хүүхэдтэй болоод яах юм, ноолуураа өгөхгүй гээд хаачих юм, өгөхгүй байлаа гээд дэлхий байж л байна, хэдэн баячууд л арай цөөхөн ноолууран цамцтай болох биз. Бидэнд хүнийг боох юм юу байгаа юм бэ?

Яг л боож үхэх дээрээ тулчихаад байгаа хэсэг хүмүүсийг хараад би бас гайхдаг юм. Олонхи нь Сүхбаатар, Говь Алтайн урд сумын гарвалтай хэдэн нөхөд байгаад байдаг, тохиолдол уу үгүй юу бүү мэд. Эх орончид тохиролцоод зөвхөн тэнд л төрцгөөсөн ч юм шиг. Бусад нь л ерөөсөө эх орноо боддоггүй юм шиг л аяглах юм. Хүн амын 85% нь халх гээд байдаг, тэднийг бүгдийг нь хужаа гэж зарлана. Тэднийхээр бол хилийнхээ урд нь монголууд, хойно нь хятадууд байдаг бололтой юм гээч. Түүх сөхөөд харахаар урьд бол үгэрий да даргалдаг, харин саяхан болтол Дотоод яамны хяналтанд байсан байдаг юм.

За, үнэн лаг эх орончид юмаа гэхээр эргэлзээтэй юм их гарнаа. Жилийн өмнө Сүхбаатарын цайртын ордыг Улаан сайд хятадуудтай хувааж авчихлаа гээд эгээ л нас барах гээд амьсгаадаад гүйгээд байдаг байлаа. Өнөө Улаан нь ч тэднийг эрүүгийнхнээр айлгаж дарамталсан байдаг юм. Энэ нь цагдаад тэмдэглээтэй байгаа л даа. Одоо өнөө хэд чинь Цайртын тэр ордод хөдөлмөр хамгаалал нь их сайн байна гээд шал өөр юм ярих, ер нь л таг чиг болчихлоо. Улаан тэднийг яг хэдээр аргалсан юм бол, гэхдээ л эцэст нь бууж өгөөд тохирсон бололтой.

Одоо Бороо гоулд гэж орилох болсон. Монголын хөрөнгийг шууд л ухаад хулгайлаад л ганц төгрөг өгөлгүй алга болж байгаа юм ярих юм. Бүхэл бүтэн тусгаар улс ингэдэг л юм байхдаа гэж гайхмаар. Татварын газар очоод үзвэл Монгол улсад татвар төлөлтийн хэмжээгээр Эрдэнэтийн араас хоёрт орж байх юм, нөгөө компани нь. Цааш нь сонирхвол өнөө орилогчдын толгойлогч нь хэдэн жилийн өмнө Бороо гоулдын Техник эдийн засгийн нөхцөлд шинжээчийн үнэлгээ гэж хоёр хуудас юман дээр болж бүтэж байна маш сайн болж гэж бичиж өгөөд өч төчнөөн доллар авсан байх юм. Тэгснээ зурагтаар “сүүлийн гурван жил надаар шинжээч хийлгээгүй” гээд л гомдоод занаад зүхээд байх юм. Тэгснээ л буруу гэрээ хийгээд тэр ч Монгол улсыг ингэж хоролсон, энэ ч ийм өрөнд унагасан гээд л хэр баргийн хүн үнэмшмээргүй том тоо ярих. Тийм л аймшигтай гэмт хэрэг илрүүлсэн юм бол цагдаа шүүх авилгын газар гээд ийм асуудлыг шийдэх олон газар байна, очооч гэхээр үгүй шүү, хий л хэвлэлийн бага хурал гэгчийг л хийгээд гаслаад суудаг. Голдуу эрхэлсэн тодорхой ажилгүй улс, юугаараа амьдардаг юм бол? Мэрэгжлийн л “эх орончид” юм биз дээ.

Гүтгэлэг тарааж, магадгүй тааруухан жишээ ч байж болох нэг компаний үйл ажиллагаагаар нөгөөг нь цохиж унаган мөнөөх дээр ярьсан тамирчин солих зорилготой тоглоомд л татагдан орж дээ гэж бодогдохоор байгаа биз? Ер нь миний бодоход хэрэвзээ гадаадын хөрөнгө оруулагч компанитай гэрээ хийх дээрээ тулах юм бол алив авилга, хээл хахуульд орооцолдон тэр нотлогдвол уул компанитай хийсэн гэрээ автоматаар цуцлагдахаар бодож тохирох хэрэгтэй санагддаг юм. Манай орныг авилга, хээл хахууль, сүрдүүлэг, рекэт л ална. Ганц манай биш олон ядуу буурай орныг авилга хээл хахууль сүйтгэсэн юм шүү дээ.

2009.3.23