Парламент иргэд болон засгийн газрын хооронд "хариуцлагын гүүр" байх учиртай боловч парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор засгийн газрыг иргэдээс халхлах "хөшиг" болж хувирдаг.

"Хөгжиж, мөнгөтэй болж байвал яасан ч яах вэ, тэр ардчилал ч яамай байна" гэх үг энд тэнд дуулддаг. Сүүлийн жилүүдэд бодлого тодорхойлогчдын дотроос бүр ч их дуулдах боллоо. Энэ нь Монголд сонсогдох болсон уул уурхайн их мөнгөний чимээтэй холбоотой. Гэхдээ би хувьдаа ардчиллыг хөгжлийн төлөө золиослогдож болдог зүйл гэж боддоггүй. Харин ч хөгжил дэвшил явагдах суурь нь ардчилал өөрөө болдог гэдэгт итгэдэг. Тийм учраас Монголд нүүрлээд байгаа баялгийн хараалыг эрсдэл багатай давахад засаглалын эрүүл, сайн байдал болсон ардчиллын чанар нэн чухал. Бид ардчилалд үнэхээр анхаарлаа хандуулж байгаа бол ардчиллыг хариуцлагажуулдаг хяналтын тогтолцоогоо анхаарах хэрэгтэй. Сайн засаглалын хамгийн чухал шаардлагууд болох, хариуцлагатай, ил тод, оролцоотой байдал парламентын хяналттай салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, парламентаар дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийг "эрүүлээр" хянах нь сайн засаглалыг тогтоох гол арга зам гэж хэлж болно. Парламент төлөөллийн зарчмаар хууль тогтоох чиг үүрэгтэйгээс гадна, эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг бас хүлээдэг. Үүнийгээ хяналтын чиг үүргээр хэрэгжүүлдэг. Энэ үндэслэлээр парламентын хяналтыг ардчиллын тогтолцоонд ард иргэдийн хяналт гэж тооцдог ба энэ хяналт нь засаглалыг тунгалаг, хариуцлагатай болгоход гол хөшүүрэг болдог. Тиймээс баялгийн хараалд автаж буй бидний хувьд өнөөдөр ардчилалыг тээж, хүний эрхийг хамгаалж байдаг институтуудыг юун тэргүүнд анхаарч чадавхижуулах нь нэн чухал бөгөөд ялангуяа засгийн газар парламент хоёрын хоорондын харилцаанд шийдэх олон асуудал байгааг хүлээн зөвшөөрч энэ хүрээнд парламентын хяналтыг бэхжүүлж, түүний потенциалыг /боломж бололцоог/ нэмэгдүүлэх шаардлага их байна.

 ПАРЛАМЕНТЫН ХЯНАЛТ

Посткоммунист улсууд уламжлалаараа нийгмийг засгийн газраас ангид бус гэж үздэг учраас засаглалын байгууллагууд нь хүчтэй, нөлөөтэй байдаг. Нөгөөтэйгүүр посткоммунист улсуудын хувьд ардчилал тогтсоны дараа парламент нь засгийн газраа хянах асуудал чухал байгаагүй, харин хууль тогтоох, ардчиллыг хөгжүүлэх, хуучин социалист уламжлалаас салах чиглэлд засгийн газар ч тэр, парламент ч тэр их ажилтай байсан. Тодруулбал, шинэ ардчилал, шинэ парламентууд өөрсдийгөө зохион байгуулах, сонгосон тогтолцоогоо бий болгож, бүрдүүлэх нь нэн чухал байсан. Нөгөө талаас олон намын тогтолцоон дахь шийдвэр гаргалт, улс төрийн шинэ дүрмүүдэд суралцаж, өөр хоорондоо тохиролцох ч бас их чухал байсан. Мэдээж тогтолцоог бүрдүүлснээр хөгжилд хүрнэ. Гэхдээ тогтолцоо өөрөө зорилго болоод дуусчихаж болохгүй, тэр ажиллаж байх ёстой. Харамсалтай нь тогтолцоогоо бүрдүүлчихээд ажиллуулахаа мартчихдаг явдал шинэ ардчилал бүхий орнуудад түгээмэл байгаа бөгөөд, тэдгээр улс орнуудад ардчилал хурдацтайгаар гажуудаж эхэлсэн. Энэ гажуудлаас гарахын тулд улс орнууд сүүлийн үед парламентын хяналтыг анхаарч, авч үзэх боллоо. Нөгөөтэйгүүр засгийн газрын олон чиглэл ил тод биш, мэдээлэлгүй байгаа нь шинээр ардчилалд шилжин орж буй улс орнуудад хариуцлагыг үгүй хийж байна гэж бас дүгнэх боллоо. Парламентын хяналт нь дэлхий нийтийн хувьд "парламентын уналт"-ын тухай ярих болсон XIX зууны сүүл үеэс эхэлнэ. Парламент бодлого тодорхойлох хэлэлцүүлгийн цөм байхаа болиод, бодлогын хэлэлцүүлгүүд сонгогддоггүй, хянагддаггүй гүйцэтгэх эрх мэдэл рүү шилжсэн тэр үеэс судлаачдын дунд парламентын хяналт гэдэг зүйл чухалчлан яригдах болсон. Парламент бодлого тодорхойлох эрхээ Засгийн газарт алдсан шалтгааныг судлаачид тодорхойлохдоо хоёр зүйлийг гол болгон авч үздэг: Эхний бөгөөд хамгийн илэрхий шалтгаан бол "оролцоотой төр" томорсноор гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг нэмэгдэж, түүнийг даган эрх мэдэл, мөнгө засгийн газарт илүү их төвлөрөх болсон. Мөн засгийн газрын төвлөрч, томорч буй энэ байдал нь бүтцийн хэмжээний хувьд төдийгүй эрхлэх асуудлын цогц байдлын хувьд ч том болоход нөлөөлсөн.

Парламентын засаглал бүхий улс орнуудын хувьд парламентад олонхи болсон нам Засгийн газраа бүрдүүлж, намын хүчтэй лидерүүд кабинетэд ордог онцлог нь эсрэгээрээ парламент засгийн газартаа хянагдахад хүргэсэн. Дээрх хоёр хүчин зүйл буюу тэр дундаа, Засгийн газрын эрхлэх асуудлын томорсон цогц байдал, парламент засгийн газартаа хянагдах болсон гэх улс төрийн уламжлал хоёр нь бодлого тодорхойлох болон гүйцэтгэх чиг үүргийг хамтад нь засгийн газарт харъяалуулахад хүргэжээ. Сүүлдээ энэ хоёр чиг үүргийг засаглах гэдэг утганд багтаан ойлгодог ч болж. Гэхдээ парламент бодлого тодорхойлох эрхээ Засгийн газарт бүрэн алдсан хэдий ч үндсэн хоёр чиг үүргээ өөртөө хадгалж, үлдээж чадсан. Үүнд:

Гүйцэтгэх эрх мэдлийг хариуцлагажуулж, бодлогыг нь хянан зөвшөөрөх /Энэ нь парламент бодлого тодорхойлж чадахгүй ч асуудлыг зөв чигт явахад түлхэц өгч, чиглүүлж чадах эрх мэдэлтэй гэсэн үг/ Хувь хүн, бүлэг хэсэг, олон нийтийн ашиг сонирхлын өмнөөс засгийн газрын үйл ажиллагааг хянан хэлэлцэх. Өмнө дурдсанаар парламент хууль тогтоох, засаглах чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлдэггүй ч, гүйцэтгэх эрх мэдлийн талаархи хэлэлцүүлгийг бүрэн хэмжээгээр хийж түүнийг хууль ёсны болоод зохистой байхад анхаарах нь түүний засаглах шинж гэж үзэж болно. Тиймээс парламентын хяналт нь хууль тогтоох чиг үүрэгтэй холбоотойгоор түүний араас үүсэх чиг үүрэг байдаг. Хууль тогтоосны дараа хууль тогтоогчийн үндсэн үүрэг нь хуулиар шийдэх гэж оролдсон асуудлыг үр ашигтайгаар зохицуулж, анх зорьсон зорилгодоо хууль хүрч үйлчилж чадаж байгаа эсэхийг анхаарч хянах явдал юм. Гэхдээ энэ бол хууль баталсны дараах зүйл бөгөөд харин Засгийн газраас орж ирж буй бодлого, хуулийн санаачлага нь тавьж буй зорилгодоо хүрч чадах эсэхийг хянах нь урьдчилсан хяналт болж, мөн л хууль тогтоох эрх мэдлийн салшгүй хэсэг гэж үзэгддэг. Урт хугацаанд бүрэлдэн бий болсон болон шинэ тулгар байгаа ардчилалуудын аль алинд нь гүйцэтгэх эрх мэдэлд нөлөөлөх хууль тогтоогч болон түүний агентлагуудын үйл ажиллагааг үндсэндээ парламентын хяналт-oversight гэж тодорхойлдог. Гэхдээ улс орон бүрт парламентын хяналт нь улс төрийн тогтолцоон дахь парламентын эрх мэдэл болон түүний автономи байдлыг баталгаажуулсан хуулийн зохицуулалтаас хамаарч өөр өөр байгаа. Иймд парламентууд эхлээд өөрсдийнхөө эрх зүйн орчныг шинэчлэх замаар хяналтын чадвараа нэмэгдүүлж, хэрэгслүүдээ оновчтой болгох арга замыг хайж байна. Тэр дундаа посткоммунист орнуудад эхний ээлжинд үр ашиг ярихаас илүүтэй потенциалаа нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь их хүчтэй сонсогдох боллоо.

Оversight-ын хэрэгслүүдийн хувьд улс орнуудыг харьцуулж үзэхэд:

Засаглалын хэлбэрээр харахад - парламентын засаглал бүхий улсууд илүү олон.

Орлогын төвшингээр харахад - дундаж байгаа нь илүү олон.

Ардчиллын төвшингээр харахад - илүү ардчилсан байх тусмаа олон янзын хяналтын хэрэгсэлтэй байна.

Нийтлэгээр оversight-ыг дөрвөн үндсэн зорилготой гэж үздэг бөгөөд эдгээр зорилгыг үр нөлөөтэй нь холбон авч үзэхийг чухалчилж байна. Оversight-ын зорилго нь:

Төсөв, санхүүгийн хяналт: Олон нийтийн мөнгийг үр ашигтай зарж буйг хянах Бодлого, хуулийн хэрэгжилтийн хяналт: Парламентын хууль тогтоомж, засгийн газрын бодлого анхны зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг хянах

Авилга, хүний эрхийн хяналт: Албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж, хувьдаа хэрэглэж байгаа эсэх болон төрийн байгууллагуудын хариуцлагагүй, алдаатай, хууль бус үйл ажиллагааг тодруулах, илрүүлэх, иргэний эрхийг хамгаалах хяналт

Тунгалаг, оролцоотой хяналт: Хяналтын мэдээлэл авах байдлыг сонсголын хэлбэрээр хэрэгжүүлснээр засаглалын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгодог.

Оversight-ын үр нөлөө: Олон нийтийн санал бодолд тулгуурлан засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэлэлцэн, нарийвчлан шалгах замаар хяналт явуулах нь гүйцэтгэх эрх мэдэлд ил тод, нээлттэй байдлыг бий болгодог. Засгийн газрын бодлого хэрэгжсэн эсэх, мөн бодлогууд нь хүссэн үр нөлөөг авчирсан эсэхийг парламентын хяналтаар нарийвчлан шалгах нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хариуцлага тооцох улс төрийн орчинг үүсгэдэг. Төсвийн санхүүжилттэй үйлчилгээнүүддээ засгийн газар үрэлгэн байдлаар хандсаныг парламент мөрдөж, нарийвчлан шалгах нь төсвийн сахилга батыг дээшлүүлж, санхүүгийн хариуцлагатай орчинг бүрдүүлдэг. Албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, дур зоргоор аашлах, засаглалын байгууллагууд хууль бус эсвэл үндсэн хуулийн бус замаар үйл ажиллагаа явуулж, иргэний эрхийг зөрчихөөс хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хянах нь хууль дээдлэх зарчмыг мөрдүүлэх үндсэн нөхцөл болдог.

 Энэ нь товчхондоо: -Хууль анхны санаачилсан зорилгодоо үр ашигтайгаар хүрнэ; -Засгийн газрын бодлого олон нийтэд нээлттэй, тэдний ашиг сонирхолыг тусгадаг болно; - Асуудалтай хуулиудыг тодорхойлж өөрчилнө; -Парламент сургамж аваад үр ашигтай хууль тогтоох чиг үүрэгтэй болно гэсэн үг.

 Парламентын хяналт авторитари дэглэмд байсан ардчилалд шилжиж байгаа улс орнуудын хувьд их чухалд тооцогдож байгаа. Парламентын хяналт зөвхөн засгийн газарт хийгдэж байгаа хяналт биш. Хэрвээ зөв явагдаж, намуудын хамтын ажиллагаагаар ойлголцолд хүрч чадвал шилжилтэд бас маш их үүрэг рольтой. Учир нь ардчилсан болон ардчилсан бус улсуудыг хооронд нь ялгадаг зүйл нь төлөөлөл, хариуцлага бол, хэрвээ засгийн газрыг хариуцлагатай байлгахад хяналтын хэрэгслүүд нь тус нэмэр болдог бол ардчилсан улсууд янз бүрийн хяналтын хэрэгслүүдтэй байх нь гайхаад байх зүйл биш бөгөөд тухайн улсын хяналтын потенциал ихсэх тусам, ардчиллын түвшин ихсэнэ гэсэн дүгнэлтийг судлаачид хийдэг. Энд бас заавал дурдах ёстой нэг хүчин зүйл бол Засгийн газарт байр суурьгүй гишүүд парламентын хяналтад түлхэц өгөх хандлагатай байдаг явдал. Гэхдээ парламентын хяналт тохиолдлын, хувь санаачлагын гэхээсээ зохион байгуулалттай институтчилэгдсэн байх нь нэн чухал. Тэгэхгүйгээр энэ хяналтын чиг үүрэг, хувь гишүүдийн сонирхолын зөрчилд өртөж, эрүүл бус, улс төржсөн, олон нийтийн эрх ашигт үйлчилдэггүй, үр ашиггүй зүйл болох аюултай байдаг. Тиймээс парламентууд парламентын хяналтыг мэргэжлийн хороодоор дамжуулан хэрэгжүүлэх туршлагыг чухалчлан сонирхож байна. Парламентын хороог хүчирхэгжүүлэх үйл явц нь АНУ-ын конгрессын туршлагаас үүдэлтэй бөгөөд АНУ хорооны хүчтэй оversight-ын загвараараа алдартай юм. Парламентын үйл ажилгааг үр ашгаар тодорхойлсон судлаачдын сонирхолтой ангилал байдаг.

Ярьдаг парламент: Парламент бүхлээрээ чуулган дээр хэлэлцүүлэг хийдэг, маргагч шинжтэй үр ашиггүй парламент;

Ажилладаг парламент: Хороон дээрээ хэлэлцүүлгээ явуулдаг ажил хэрэгч шинжтэй, үр ашигтай парламент.

 Чуулган дээрээ асуудлыг сонсох нь үр дүнгүй, хороонд асуудлыг сонсох нь мэргэшсэн бас тодорхой болж чаддаг гэж судлаачид үзэж байна. Хороо гэдэг бол олон төрлийн тусгай зорилтуудыг парламентын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, өргөн хэмжээний мэдээлэл цуглуулж өөрсдийн ажиглалт дүгнэлтийг бүхэл парламентын өмнө авчирч, анхаарлыг хандуулж экспертийн үнэлгээг  өгч чаддаг, гишүүдийн хувьд мэргэшиж, асуудалд нарийвчилж оролцох боломж олгодог тийм зохион байгуулалт юм. Тухайлбал: -Хороо нь парламентын гишүүд, албан тушаалтнууд, иргэний нийгэм, сонирхлын бүлгүүд мэдээлэл солилцох сүлжээг үүсгэдэг; - Парламентын гишүүд өөрсдөө тодорхой асуудлаар мэргэшээд Засгийн газрын сайд нартай ижил төвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой болдог байна. Хороогоор асуудлыг авч үзэх нь засгийн газрын ил тод байдлыг сайжруулж, хамтын үйл ажиллагааг бий болгодог төдийгүй парламентын хувьд тодорхой асуудлаар нарийвчилсан сонирхолын бүлгүүдтэй харилцдаг сувгуудтай болж, бүтээлч саналууд гарах нөхцөл бүрддэг. Бас арын эгнээний гишүүдэд карьер хийх боломж олгодгоороо өмнө дурдсан "засгийн газарт байр суурьгүй гишүүд парламентын хяналтад түлхэц өгөх хандлагатай байдаг" гэх хүчин зүйлийг ч өөртөө агуулж чаддаг. Үнэндээ парламентын чуулган гэдэг бол өөр өөр тоглогч нар өөр өөр хяналтын хэрэгслүүдийг ашиглан засгийн газрын бодлогыг дэмжиж, сөрж ажилладаг талбар болохоос хяналтын хэрэгсэл биш. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг парламентаас хянах чадвахийг дээшлүүлэхийн тулд чуулганы хуралдаанд анхаарахаас илүүтэйгүүр "парламентын автономи"-д анхаарлаа хандуулж, хороодыг хүчирхэгжүүлэх ёстой. Парламентын автономи буюу парламентад бодлого тодорхойлох, хяналт тавих дэд бүтэц, ажлын алба, мэдээлэл боловсруулах тогтолцоо, дээр нь гишүүдийн иммунитет, индимунитет байхгүйгээр парламентын хяналт чадавхжихгүй. Ер нь парламентын гишүүд хяналтын эрх мэдлээ үр нөлөөтэй ашиглахыг парламентын институтын болон хууль зүйн хүрээнд дэмжих явдал бол нэн чухал. Хяналтын арга хэрэгслээс гадна, парламентын институтын бие даасан байдал, парламентын гишүүдийн иммунитет, индимунитетийг хуульчлан баталгаажуулахгүйгээр амжилтад хүрэхгүй ээ. Хууль зүйн эдгээр баталгаа нь парламентийн гишүүдийн гүйцэтгэх засаглалыг шүүмжлэн хэлэлцэх хүсэл зоригийг хамгаалахаас гадна парламентын эрх зүйн орчинд мэдээлэл авах эрхийг баталгаажуулж өгдөг.

 Өнөөдрийн хувьд хүчтэй хороогоор дамжуулж парламентын бие даасан байдлыг хангах нь улс орнуудын парламентын шинэчлэлийн гол зорилго болж байна. Монголын хувьд ч УИХ-ын хяналт үр ашиггүй, практикт бие даасан байдал байхгүй, тусгайлсан техник дэд бүтэц, ажлын алба бэхжээгүй, санхүү, боловсон хүчний чадавхи бүрдээгүй, дээр нь парламентын гишүүний эрх зүйн байдал тодорхой бус байна. Хэдийгээр парламентын оversight чухал гэж буй ч хууль тогтоогчид энэ асуудалд тэр бүр анхаарлаа хандуулж чаддаггүй. Учир нь ихэнх хууль тогтоогчид хууль тогтоох, төлөөлөх ажилдаа ихэд анхаарахаас хяналтад тэр бүр анхаарал хандуулдаггүй. Нөгөөтэйгүүр парламентын засаглалтай улсад олонхийн гишүүд Засгийн газрыг шалгаад эхлэхээр сайдууд нэгдсэн бодлого, намын дотоод хариуцлага гэх зүйлээр тэднийг сүрдүүлэн шахаж, хяналтаас хөндийрүүлдэг. Үндсэндээ парламентын засаг бүхий улсад засгийн газар парламентаа хянах болон намын сахилга бат гэх хоёр зүйл парламентын хяналтыг үгүй хийдэг. Гүйцэтгэх эрх мэдлийн лидерүүд эрх зүйн хувьд болоод улс төрийн хувьд өргөн эрх мэдэлтэй болсонтой холбоотойгоор парламентын засаг бүхий улс орнуудын хууль тогтоох байгууллагад оversight чиг үүргийг хэзээ хэзээнээс илүү чухалчлан яригдаж байна. Гүйцэтгэх эрх мэдийг хяналтандаа байлгаж Засгийн газар эрх мэдлээ буруу ашиглахаас сэргийлж байхыг парламентаас ардчилал урьдын адил шаардсаар байгаа. Гэхдээ засгийн газрыг хяналттай, хариуцлагатай байлгах энэ үүргээ парламент хяналтын энгийн арга хэрэгслээр, хуулийн хүч чадалгүйгээр хийж чадахгүй гэдэг нь бас тодорхой болсон. Чухам иймээс XIX зууны сүүлээс парламентын мөрдөн шалгах эрх мэдэл, түүний хууль ёсны процессын тухай илүү ихээр ярьж байна.