Таван Толгойн талцуулсан өрнөл
Таван Толгойн нүүрсний уурхайг яаж, хэнтэй хамтран ашиглах талаар ардчилсан Монгол Улс төр засгаасаа түмэн олноо хүртэл талцаж эхэллээ.
Таван Толгойн нүүрсний уурхайг яаж, хэнтэй хамтран ашиглах талаар ардчилсан Монгол Улс төр засгаасаа түмэн олноо хүртэл талцаж эхэллээ.
Энэ ордыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах эрхийг хамтад нь Монголын “Энержи ресурс”, Хятадын төрийн өмчийн “Шинхуа” болон Японы “Сүмитомо” компаниудын консорциумд өгөх шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжсэн ч, УИХ-ын дарга эсэргүүцэж, төрийн бүх эрх мэдлийг анх удаагаа гартаа төвлөрүүлээд байгаа Ардчилсан намын ан цав нь цуурч, Монголын улс төрд томоохон хагарал үүсгэв.
Дээрх консорциумтай байгуулах Засгийн газрын гэрээний төсөл нь Монгол Улсын олон хууль журмыг зөрчиж байгаа тул УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга З.Энхболд тулгаснаар Таван Толгойн асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр хойшлуулсан юм.
Улс төрийн бүх хүчин, УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, бие даагч гишүүд байр сууриа илэрхийлж, Таван Толгойн гэрээний төслийг өөрсдийгөө ялгаруулан харагдуулах сайхан боломж гэж үзэж байна. Таван Толгойн шинэ гэрээ ард иргэдийг ч талцуулан хувааж, нэгдсэн шийдвэр гарахгүй сунжирсаар хойтонгийн сонгуулийн сурталчилгаа болж өрнөх, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх, улмаар шинэ, Засгийн газрыг байгуултал сунжрах шинтэй болов.
ТАЛЦЛЫН МӨН ЧАНАР
Таван Толгойн нүүрсний орд газрыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн JORC аргачлалаар тооцоод 7.4 тэрбум тонн коксжих нүүрстэй болохыг тогтоожээ. Үүнээс таван тэрбумыг нь олборлох бололцоотой, ирэх арван жилд нүүрсний үнэ тонн нь урд хил дээр 50 доллар байхаар тооцоход ирэх 50 жилд 250 тэрбум долларын борлуулалт хийх юм.
Ийм борлуулалт хийхийн тулд Таван Толгойд цахилгаан станц, нүүрс угаах болон гүн боловсруулах үйлдвэр, урд хил рүү 270 км урт төмөр зам барих бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь 10 орчим тэрбум долларын хөрөнгө шаардана. Бараг бүх нүүрс, цахилгааныг урд хөрш худалдан авах учир Хятадын аль нэг туршлагатай, томоохон компанийн хөрөнгө оруулалтыг татаж, эрсдэлээ бууруулах нь зүй ёсны хэрэг.
Тийм ч учраас Таван Толгойг бүхлээр нь ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэг талаас “Эрдэнэс Таван Толгой” компани Хятадын “Шинхуа” болон АНУ-ын “Пийбоди энержи” компанитай консорциум байгуулахаар ажиллаж байсан ч бүтсэнгүй.
Эдүгээ “Эрдэнэс Таван Толгой” компани нь 2011-2014 онд нийт 10.4 сая тонн нүүрс экспортолж 800 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд өөрийн 610, гэрээт таван мянга шахам ажиллагсдыг ажиллуулж иржээ. Тус компани нийтдээ 600 гаруй сая долларын өртэй бөгөөд нүүрсээ уурхайн аман дээрээс тонныг нь 32 доллараар борлуулж байна.
Харин Таван Толгойн нийт нөөцийн дөрвөн хувийг эзэмшдэг “Энержи ресурс” компани нь сүүлийн долоон жилд нүүрс олборлолтоо амжилттай явуулж, гадаадын хөрөнгийн зах зээл дээр 600 гаруй сая долларын хөрөнгийг хувьцаагаар, нэг тэрбум долларын хөрөнгийг зээлээр босгожээ.
Тэд нь энэхүү хөрөнгөөрөө нүүрсээ олборлож, угаах үйлдвэр, урд хил хүртэл авто зам барих дэд бүтцийг байгуулаад буй. Тус компани Хятадын мөнөөх “Шинхуа” компанитай хамтран нүүрс олборлох, төмөр зам байгуулан тээвэрлэх, Японы “Сүмитомо” компанитай хамтран Хятадын болон гадаадын бусад оронд борлуулах зорилгоор консорциум байгуулан Засгийн газрын зарласан тендерт оролцож шалгарсан юм. Тус консорциумтай байгуулах Засгийн газрын гэрээг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна.
Монгол Улсын эдийн засгийн хагастай тэнцэх асар том хөрөнгө, мөнгөний тухай яригдаж буй Таван Толгойн ашиглалтын төслийн аль ч хувилбар төр засаг дахь улс төрийн хүчний тэнцлийг илэрхийлж ирсэн нь ойлгомжтой.
Дэлхийд томоохонд тооцогддог энэ уурхайг хэрхэн ашиглах ээлжит шийдвэр нь Монголын хөгжлийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлсон алхам болох юм.
Ямар ч шийдвэр гаргасан “Эрдэнэс Таван Толгой” компанийн 10 хувийг иргэддээ, 10 хувийг хувийн хэвшлийн компаниудад төр засгаас эзэмшүүлснийг тооцон хувьцаа эзэмшигчдийн дуу хоолойг сонсох шаардлага гарч байна.
Харин Засгийн газар иргэдийн хувьцаа нь сонгох эрхгүй гэж тайлбарлаад байгаа нь Монголын төр засаг ард иргэдээ ахин нэг тохуурхаж байх шиг санагдав.
Төр засгийн эрхийг сонгуулиар авдаг улс төрийн намуудын санхүүжилт нь нууцлаг, улмаар авлига газар авсан Монголын төр засгийн чадавх суларч, төрийн өмчит компаниудын намын өмчит болсон өнөөгийн нөхцөлд тэдэнд иргэд итгэхгүй байна. Нөгөө талаасаа хувийн өмчит компаниуд удирдлага засаглал сайн ч төр засгаас өөртөө хэрэгтэй шийдвэрийг гаргуулж чаддаг жишиг тогтоод буйд иргэд дургүйцэж буй.
Улс төрийн хүчнүүдийн өнөөгийн хуваарилалт (статус кво) нь Таван Толгойн гэрээг Засгийн газрын санал болгож буй хувилбараар шийдэж чадахгүйд хүргэх магадлал өндөр байна.
ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТ
Монголын нүүрсийг гангийн үйлдвэртээ ашиглах хэрэгцээ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт өндөр хэвээр байгаа юм. Канадчууд дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд буй байршлаа тун чадмаг ашиглаж ирснээс бид сургамж авах хэрэгтэй.
Хятадын аж үйлдвэрлэлийн хамгийн том хэрэглэгчид оршдог зүүн эрэгт нүүрсээ бага зардлаар хүргэж байж л Монголчууд Австрали, АНУ болон бусад улстай өрсөлдөж чадах юм.
Тэгээд ч Монгол Улс дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулж байж л нүүрсний салбараа өгөөжтэй хөгжүүлнэ. Энэ Таван Толгойн орд газрыг урт хугацаанд, үр ашигтай замаар байгальд ээлтэйгээр, тогтвортой, нутгийн иргэдийн хүртээмжтэй нь, үнийн хэлбэлзлээс үл хамааран өгөөжтэй удирдана гэсэн үг. Баруун, зүүн Цанхийг нэгтгэн ашиглахуйц авто зам, ус, цахилгаан станц, угаах үйлдвэрийг барьж байгуулах төслийг чадварлаг удирдах шаардлагатай.
Олборлолт, ашиглалт, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, ажиллах хүч, нийгмийн асуудлууд нь нэгдмэл байж л ордыг хамгийн үр өгөөжтэй, тогтвортой ашиглаж чадна. Тэгсэн тохиолдолд Таван Толгойн ордын үнэлгээ өсөж, улмаар “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах нь ашигтай болох юм. Тэгж чадаасай гэсэн хүлээлт Монголын иргэдэд байгаа.
Гэхдээ өдгөө Монгол Улсад Таван Толгойн ордоо хамгийн өгөөжтэй ашиглах талаар томоохон талцал хүчтэй өрнөж эхэллээ.
зочин
zzz
нэргүй
Зочин
Зочин
Зочин
Lee Kuan Yew
Зочин
Зочин
Lee Kuan Yew
Гана
Зочин
LEE KWAN YEW
LEE KWAN YEW
LEE KWAN YEW
Зочин
Зочин
LEE KWAN YEW
Үнэн
Үнэн
Үнэн
Үнэн
баяр
баяр
NO JUSTICE NO PEACE
д тэмүүжин
д тэмүүжин
Delgertsogt
зочин
зочин
Zuraach
Зочин
LEE KWAN YEW
LEE KWAN YEW
LEE KWAN YEW
zochin
Зочин
Зочин
Zochin
Мандал
боЖагаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Шударга иргэн
Зочин
Ganbold
зочин
хэхэ
хэхэ
хэхэ
Зочин
Зочин
Монгол хүн
erdeee
Зочин