2009-09-16

Өнгөрсөн долоо хоногт айлчилсан европ түнш маань Улаанбаатар хотод гуравхан хоноод “Танай агаар үнэхээр тааруухан юм байна. Бараг л ганц ч модгүй хэрнээ дүүрэн хуучин машинтай. Хоолой гашуун оргиод, толгой өвдөөд байна” гэж шуудхан хэлэв. Уг нь долоо хоногийн амралтын өдрүүдийг энд өнгөрөөнө гэж байсан хүн гэнэт “Бээжин хамаагүй дээр агаартай” гэж хэлээд яваад өгөв.

Есөн сарын эхэнд ингэж байгаа хүн манайд өвөл ирвэл яах бол. Ирсэн хүн ч яахав, буцаад л явчихна. Харин суурин бид яахсан билээ дээ.

Хүйтэн өвөл ойртож, хорт утаан дотор живдэг амьдрал маань хаяанд ирлээ. Бид баахан л шагширна, дарга нар энэ жилийн 20-30 сая долларын өртөгтөй утаагүй түлш, яндангүй зуух хийсэн үлгэрээрээ түрнэ. Гэсэн хэрнээ энэ мөнгөөр тоглогсод өвөлжих нутгаа зорьж, далайн эрэгтээ амарна. Ард нь өвөлжин бид хордоно, хорогдоно, хашгирна, хавар дулаарахаар мартана, зун болохоор наадамдана. Яг л царцаа, шоргоолж хоёрын үлгэр шиг.


Уг нь бид хотын агаарын бохирдол юунаас болж байгааг сайн мэднэ. Нийт хүн амынх нь хагасаас илүү нь амьдарч байгаа гэр хорооллын хоёр буман яндангаас гарч буй дутуу шатсан нүүрс, дугуйны резин, машины ашигласан тосонд шингээсэн тоосго зэрэг бол нэг шалтгаан.  Ашиглахыг нь Солонгос, Хятадад  хориглочихсон УБ дугаартай хоёр буман автомашины ихэнх нь дэд шалтгаан. Төлөвлөсөн, хийсэн дүртэй, нураасан, хумсалсан засаглал гутгаар шалтгаан.

Эдгээр шалтгааныг арилгах ардчилсан орны хамгийн гол арга хэрэгсэл бол уг нь ард түмнээ төлөөлөн сонгогдсон төр, засаг өөрөө. Тэгээд ч засаглалын үндсэн үүрэг бол иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангах явдал билээ.

Амьдрах, оршихын хамгийн анхдагч шаардлага бол хүчилтөрөгчөөр амьсгалах гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Нэг саяас дээш хүнтэй хотын агаарыг хэвийн байлгахын тулд оршин суугч бүрт наад зах нь 21 ам.метр ногоон байгууламж ногдох шаардлагатай. Ногоон байгууламжид цэцэрлэг, цэцгийн мандал, гудамж дагуу тарьсан мод, бут, зүлэг хамаардаг, харин шарилж, хогийн ургамал орохгүй.

Хүний ажиллах, амрахад шаардлагатай эрүүл агаарыг бүрдүүлэхийн тулд ногоон байгууламж нь хотын мандалд үүсдэг нүүрсхүчлийн хийг сорон авч фотосинтезийн урвалаар хүчилтөрөгч болгон буцаан гаргаж, агаарыг чийгшүүлж, дуу чимээг намсгаж, салхинаас хамгаалж, агаарын бактерийг цэвэрлэдэг. Тэгээд ч ногоон байгууламж нүд баясгаж сэтгэл тайвшруулдаг гэдгийг хэлж, уншигч таныг улам уурлуулах хэрэггүй байх.


Монголын төр, засаг, ялангуяа хотын удирдлага бол харин тэр ногоон байгууламжийн маань хамгийн том дайсан нь.  Гуравхан жишээ харцгаая.

Бидний Хүүхдийн парк гэж нэрлэдэг, хотын төвд олон жил ургуулсан цорын ганц гэж хэлж  болох цэцэрлэгийг устган, хоёр талд нь хоёр том зочид буудал барих ажил битүү хашааны цаана эрчимтэй эхэлжээ. Нью Йорк хотын төвд ганц ч байгууламжгүй, гайхамшигтай сайхан парк байдаг бөгөөд тэндхийнхэн тэндээ өглөө нь гүйж, өдөр нь зугаацдаг. Ганц паркаа тэнд хадгалж үлдээж болдог, манайд харин болдоггүй.


Лондон, Парисын тухай яриад ч яахав. Азтай хүмүүс. Та биднээс өөр нэг зүйлээр ялгаатай нь тэд дуу хоолойгоо нэгтгэж чаддаг. Хотын удирдлага болон хэдхэн компаниуд орлого олж л байвал иргэн нь юугаар амьсгалах, үр удмаараа эрэмдэг зэрэмдэг болох эсэх нь хэнд ч сонин биш. Иргэд нь өвдөж, өнгөрөх гэдэг бол Монголын дарга нарын хүвьд зөвхөн статистик.

Хэвийн улс орнууд хотоосоо цахилгаан станцуудыг гаргаж, холдуулж байхад манайд бол харин ч бүр нэмж барихаар шийдвэрлэж, нүүрсээр ажилладаг тав дахь эх үүсвэрийг Баянзүрх дүүрэг, Улиастайд байрлуулах гэж байна. Багануураас Баянзүрх рүү нүүрс зөөхөд зардал багатай, хямд гэнэ ээ. Агаарын бохирдол дарга нарт хамаагүй. Учир нь тэд өөр өөрийн уулын амтай, тэндээ утаагүй, цэвэр агаарт амьдарч болно.


Засгийн газрын ордны хойд цэцэрлэгт Их хурлын ордон барих гэж байна.  Эрхэм гишүүн бүр ажлын болон амралтын танхим, туслахын болон уулзалтын өрөөтэй, биеийн тамирын танхим, усан сан, саун, хоолны газар, үсчинтэй, бүр зурагт засварын газартай байх тэр шинэ ордон 33.000 ам.метр талбайтай, 18 давхар байх юм гэнэ.  Ардчилсан орны төр, засгийн зардал өөрийн эдийн засгийн чадвар, хүн ардынхаа амьдралын төвшинд таарсан байх ёстой. “Адууныхаа хэрээр исгэр” гэж бид ярьдаг сан. Аливаа хэлбэр нь агуулгатайгаа тохирохгүй бол инээдтэй харагддаг. Тиймээс хотын агаарын гол буруутан, гүйцэтгэх засаглалаа ажиллуулж чаддаггүй Их Хурал өөртөө таарсан, бэлэн байгаа ордон руу нүүвэл ямар вэ. Циркийн цэнхэр байшин руу 76 алиалагчийг нүүлгэвэл шинэ ордон барих 20 сая ам.доллараас үлэмж хямд болно. 

Бидэнд амьсгалах цэвэр агаар өгөөч. Бохирдуулсан агаараа цэвэрлээч. Эсвэл иргэн бүрээ өвөл эхлэхээс өмнө хорт утааны багтай болгооч. Хэдэн тэрбумаар нь хийсгэж, халаасалж байгаа мөнгөнөөсөө сая таван зуун баг авч болно шүү дээ. 

Улаанбаатарын хүндэт зочид оо, хэрэв та манай хотод өвөл ирэх үнэхээр гарцаагүй шаардлагатай болбол хорт утааны баг авчрахаа битгий мартаарай.