Дэлхийн аваргын өмнөх Английн шигшээ
Монголчууд бид Оросын телевизээр хөлбөмбөг үзэж хойд ах нарыгаа балиашиглан суудаг үе саяхан байсан.
Монголчууд бид Оросын телевизээр хөлбөмбөг үзэж хойд ах нарыгаа балиашиглан суудаг үе саяхан байсан. Харин одоо бол маргаангүй Английн шигшээ багийг дэмжигчид ихэнх хувийг эзлэх болжээ. Премьер лиг хүчирхэгжиж, шигшээ багийн тоглолт нь сонирхолтой байж, тоглолтыг нь харах одууд олонтой зэрэг шалтгаан ихээхэн нөлөөлсөн. 1998 он, 2000 оны эхэн үе хүртэл Майкл Овэн, Дэвид Бэкхэм нар балиашгуудын тоог үлэмж ихээр нэмсэн нь маргаангүй. Криштиану Роналдугийн хүчинд сүүлийн 3 жил Манчэстэр Юнайтэд, Португалын дэмжигчид эрс олширсонтой ялгаагүй юм. Тэгвэл Монголчууд бидний хамгийн их балиашигладаг улс ирэх Дэлхийн аваргаар яаж тоглох бол. Английн бүрэлдхүүн сайн л даа, гэхдээ үнэн азгүй хол явахгүй дээ гэсэн яриа бараг уншлага болж. Өөрсдөө ч дэлхийн аваргын өмнө манайх түрүүлнэ гэж ам бардам ярьцгаадаг, тэд тийм л бардам. Гэвч талбай дээр ярьсан шигээ байж чаддаггүй.
Шигшээ багийн амин сүнс болсон бүрэлдхүүний хувьд Англичууд асуудал багатай. Гол асуудал зүүн жигүүрийн хагас хамгаалагч болон хаалгач байсан. Олон жилийн турш зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар тоглох хүнгүй, бүр энэ байраа “оршуулгын газар” гээд нэрлэчихсэн. 1996 оноос хойш томоохон тэмцээнүүдэд Бармби, Андэртон, МакМанаман, Синклэйр, Скоулз, Жо Коул нар “оршуулгын газар” луу явж байлаа. Болдогсон бол Раян Гиггзийг тоглуулчмаар байдаг. Гэтэл Гиггз аавынхаа захиасыг биелүүлэх гээд Вэйлсийн шигшээгээ сонгосон. Нэг улсын нэрийн өмнөөс тоглосон бол өөр улсын нэр дээр тоглож болохгүй гэсэн дүрэм аль 1962 онд гарчихсан учир өөрсдөдөө найдахаас арга байхгүй. Оршуулгын газарт хамгийн сайн тоглосон нь Скоулз л байлаа (2004 оны Европын аваргаар). Жо Коул сүүлд боломжийн байсан ч хангалттай байгаагүй. Дэлхийн аваргаар зүүн жигүүрээс үр бүтээлтэй тоглолт бараг л гаргаагүй. Яахав ихэнх үзэгчид гоёмсог тоглолтонд нь хууртаад үүргээ хэр биелүүлсэнийг нь баллуурдчихдаг тал бий. Фабио Капэлло ирсэнээ энэ асуудал арай нааштай болж ирсэн. Түүний сонголт нь Стивэн Жэррард. Шийдвэрлэх тоглолтуудад Жэррардыг гаргаж, сэлгээгээр Астон Виллагийн Милнэр орж ирэх болсон. 4-4-2-оор тоглох үед Лэннон (эсвэл Валкотт, Райт-Филлипс), Лампард, Барри, Жэррард (зүүнд) гэсэн байрлалаар гарч Рүүнигийн урд Хэски, Дэфо, Крауч, Агбонлахор, Карлтон Коул нарын нэг тоглож буй. Бараг л үндсэн байрлал. Жэррардыг зүүнд тоглоход өөрөө ч, бид ч гайхаж зарим нь төвд тоглуулмаар байна, төвд тоглохыг нь хармаар байна гэж харамсаж буй. Гэхдээ Капэлло Английг хожуулахын тулд түүнийг зүүнд сонгодог. Дараагийн асуудал хаалгач. Дэвид Симэнээс хойш олон ч хаалгач бүхний хараалыг идсэн дээ. Урьдчилсан тоглолтуудаас харахад Вэстхэмийн Робэрт Грин тоглох магадлал хамгийн өндөр байна. Миний хувьд ч түүнийг эхний сонголтоор нэрлэж байна. Сайн тоглохгүй бол түүний ард Жо Харт гэж залуучуудын шигшээгийн хаалгач хүлээж буй.
Одоо Англид нэгэн асуудал үүссэн нь Жон Тэрри. Өнгөрсөн жилийн шилдэг эцэг маань өөр “айлын ээжийг” эргүүлсэн хэрэг тарьсан. Тэр нь нэг багийн Вэйн Брижийн хүүгийн ээж юм. Брижээс салсан ч энэ шалтгаан биш. Тэрри энэ асуудлаас болж сонин сэтгүүлийн эхний нүүрэнд заларсан. Хамгийн харамсаар нь Тэрри байгаа цагт Английн шигшээд тоглохгүй гэсэн Брижийн мэдэгдэл юм. Дээр нь Тэрри сүр сүлд нь үхцэн гэмээр нэг л айдастай, паанигтсан тоглолт үзүүлж эхэлсэн. Мөн Эшли Коул Дэлхийн аваргын өмнө гэмтэлээс ирэхгүй бол орчин цагийн” оршуулгын газар” нь зүүн хамгаалагч болох нь. Тэрриг шигшээгээс хасаад Брижийг авалтай нь биш. Тэрри ч багийн ахлагчаасаа халагдаж Жэррард, Фэрдинанд нар “өрсөлдөж” байгаа. Эвэртоны залуу Бэйнэс одоогоор зүүнд тоглож байна. Варнок, Лэскотт (ихэвчлэн төвд тоглож байгаа) нар нөөцөнд бий. Бас нэг муу мэдээ нэмэгдсэн нь Дэвид Бэкхэмийн гэмтэл. Италийн Сэри А-д Кьевотой тоглож байхдаа шагайны ардах шөрмөсөө гэмтээсэн нь Дэлхийн аваргыг өнжүүлэхэд хүргэж байна. Бэкхэм шигшээ багтаа орох нь гарцаагүй байсан. Капэлло түүнийг сүпэр сэлгээ болгож эвгүйтсэн үед гаргаж ирэн хаалттай цохилт, булан, алсын оновчтой дамжуулалтуудыг ашиглана гэж төлөвлөж байлаа. Түүн шиг сайн сэлгээ байхгүй гэдгийг сүүлийн тоглолтуудад хангалттай харуулсан.
Английн том давуу тал гэвэл Вэйн Рүүни байна. Асар хөдөлмөрч, ухаалаг, хурдтай, цохилттой, дайчин, байрлал гололгүй цохидог, хамгаалалтанд идэвхитэй, бөмбөггүй тоглолт сайтай, прэссингэд сайн, гүйлтийн тэсвэр өндөртэй гол нь гоол оруулдаг гээд байхгүй юм байхгүй. Манчэстэр Юнайтэдийн өндөр амжилт түүнтэй салшгүй холбоотой. Дээр нь түүний сэтгэлзүй унадаггүй тоглолт Англид хэрэгтэй. Бэкхэм хүртэл номон дээрээ ингэж хэлсэн удаа бий. “Бид Бразилийг 1-0-ээр (2002 оны Дэлхийн аварга) хожиж байхад Роналдо инээчихсэн шүүгчтэй юм ярьж байхад би гайхсан” гэж. Англи хожиж, хожигдож байсан ч сэтгэлд нь айдсын хана бий болчихсон байдаг гэсэн санаа. Тэд торгуулийн цохилтоор үргэлж хожигддог нь үүнтэй холбоотой. Англид сэтгэл санааны бэлтгэл бас лидэр их дутагддаг. Одоо бол өөр. Рүүни бол ямарч үед тоглолт 0-0 байгаа мэт тоглодог. Түүнийг байгаа цагт 4-4-2 гэсэн хувилбар өөрчлөгдөх магадлал багатай. Ливэрпүүлд Бабэл, Торрэсийн ард довтлогчоор гардаггүй шалтгаан энэ. Орчин үед туслах довтлогч, хамгаалалт, прэссингэд өндөр ач холбогдолтой орох болсон. Тэгэхгүй бол хамгаалалт суларна. Роналдуг байгаа үед Нани гардаггүй шалтгаан бас л энэ. Хоёр жигүүрийн хагсын нэг нь хамгаалалт сайтай тоглолт уншдаг байх ёстой болохоор Пак, Флэтчэр, Харгривз нар тоглодог.
Дэлхийн аварга эхлэхэд гуравхан сар үлдсэн үед зүүн жигүүрийн хамгаалагчийн асуудал яаж шийдэгдэх вэ гэдэг Английн тулгамдсан асуудал болсон. Уг нь саяханыг болтол санаа амар байрлал нь байсан юм. Бусад байрлал дээр бол асуудалгүй. Сайн бүрэлдхүүн, сэлгээ байна. Бас Капэлло. Энэ хүн ирсэнээр нэг номерийн асуудал дасгалжуулагч юм гэдгийг Англичууд сайн ойлгосон.