Хямралаас үүдэх боломж
Монгол улс шилжилт хийгээд 18 жил өнгөрлөө. Дэлхийн 40 орчим улс төвлөрсөн төлөвлөгөөт захиргаадлын тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж байна.
Бид өнгөрсөн хугацаанд шилжилт хийхдээ олон зүйл дээр оносон, олон зүйл дээр алдсан. Алдсан болгон маань энэхүү айдас, эрсдэлээс зугтаасан болгоомжлолоос үүдэлтэй. Коммунизмаас үлдсэн сэтгэлгээний инерци, олон үе дамжсан нүүдэлчний хоцрогдол ч дээрээс нь нэмэрлэсэн. Бид нийгмийн баттай суурь үндэс тавихын тулд эдийн засгийн шилжилтийнхээ өмнө ардчилал хувь хүний эрх чөлөөг урьд нь тавьж нийгмээ нээлттэй болгох дээр илүү анхаарал хандуулсан. Энэ нь нэлээд зовиуртай, асуудал болгоныг нийтийн зөвшлөөр шийддэг зүдэргээтэй, урт удаан хугацаа шаарддаг, иргэдийн төлөвшлийг хүлээдэг нарийн төвөгтэй процесс учир огцом шийдвэр гаргахад маш хүндрэлтэй байдаг. Энэ нь ч эдийн засгийн эрс шинэчлэл хийхэд их хэмжээгээр хойш татсан тал бий. Гээд бидэнд өөр сонголт байгаагүй. Бид түүхэндээ тохиолдоогүй том шилжилт хийж ер бусын хурдаар урагшлан амжилт олж байна. Юутай ч бид өнгөрсөн 18 жилд маш их туршлага хуримтлуулсан, энэ дэлхий дээр шилжилт хийх өөр орон үлдсэн бол бид тэдэнд үнэлж баршгүй их зөвлөлгөө хэлж өгч чадахуйц боллоо.
Бид юун дээр алдсан тухай хэдэн үг тоймлон хэлье
Тухайн үедээ Гайдар гуайн авч хэрэгжүүлэх гэж байсан огцом шилжилтийг бид ч бас эхэлж туршаад замын дундаас буцсан. Үүнийг гүйцээж хийсэн орны туршлагаас харахад бүх юмны үнийг нэг өдөр чөлөөлснөөр богино хугацаанд маш том хүндрэл үүсдэг боловч дараа нь маш үр дүнтэй эмчилгээ болдог нь харагдлаа. Гэтэл бид энэ олон жил өнгөрчихөөд байхад цахилгаан дулаан гэх мэтийн зарим суурь үнэ одоо болтол чөлөөлөгдөөгүй явна. Үүнээс үүдсэн хямрал хүндрэл бидэнтэй одоо болтол зууралдсаар.
Санхүүгийн реформ чөлөөт зах зээлд орж буй оронд хамгийн чухал хүчин зүйлийн нэг байдгийг бид нэлээд хожимдож ойлгосон. Ганц банкаа задлахдаа мөн л төрийн өмчит олон төрлийн банк байгуулсан нь дампуурлын үүд хаалга болсон төдийгүй хээл хахууль, хулгайг хэвийн үзэгдэл болгож нийгмийн ёс зүйг алдагдуулах гол нөхцөл боллоо. Бид дөнгөж 1998 онд төрийн мэдлийн арилжааны банкуудыг үгүй хийсэн ба энэ хооронд тухайн үеийнхээ нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгийг ор сураггүй алджээ.
Газрын харилцааг зохицуулах ажлыг дөнгөж 2002 онд эхэлсэн. Үүнийг хийхгүйгээр эдийн засгийн бусад өөрчлөлт бүгд нуран унах аюултай байлаа. Зохицуулалтгүй газрын харилцаа нийгэмд авилга хээл хахуулийг хөгжүүлэх гол хүчин зүйлийн нэг болсон. Нэгэнт хуульгүй орчинд авилгаар шийдэгдсэн газрын асуудлыг эргэж засах нь бараг бололцоогүй хэрэг юм. Газрын харилцаа одоо ч нэг мөр зохицуулагдаагүй, алхам болгондоо маргаан үүсгэсээр.
Нийгмийн салбарын өөрчлөлт одоо болтол Монголд хийгдээгүй байна. ДНБ-ий асар их хувийг залгидаг энэ салбар чөлөөт зах зээлийн орчинд социалист зарчмаар тэтгэгдэн амьдрана гэдэг ямархуу парадокс болох нь ойлгогдох байх. Төрөөс эрүүл мэндэд гаргаж байгаа асар их мөнгөнөөс илүүг иргэд гадаадад биеэ эмчлүүлэхэд зарцуулж байна. Боловсрол, эрүүл мэндийн социалист тогтолцоо нээлттэй нийгэмд огт ажилладаггүй, ердөө л мөнгө идэгч болон хувирдгийг бид харж байна. Энэ тогтолцоо социализмд ажиллаж байснаасаа хавьгүй муудсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Сүүлийн хориод жилд парламентаас нийгмийн зохицуулалтын 500 шахам хууль гаргалаа. Эдгээр хуулиуд нь манай нийгмийн тал бүрийн асуудлыг зохицуулж байх учиртай. Хуулийг хэрэгжүүлэх гол механизм нь хууль сахиулах байгууллагууд, шүүн таслах институциуд билээ. Чухам энэ салбарт бараг ямар ч өөрчлөлт хийгээгүй явсан нь Монгол орныг авилгад идэгдсэн, зарчим байхгүй, бизнесийн шудрага орчингүй, хэт төвлөрсөн хачин гажиг орон болгон хувиргаж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт дээр бид энэ хугацаанд тогтвортой бодлого баримталж чадсангүй. Манайд гадны хөрөнгө оруулалтыг татаж чадах ганц салбар нь уул уурхай ашигт малтмал юм. Дэлхийд ашигт малтмалын хэрэгцээ бага байхад бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэгэн утгаар дэмжин зүсэн зүйлийн хөнгөлөлтийн амлалт өгч, төрийн бодлогын нэгдүгээрт асуудлыг тавьж байлаа. Харин ашигт малтмалын үнэ эрс өсөж, монголчуудын одоо ашиглаж байгаа уул уурхайн үйлдвэрлэлээс олж буй орлого хэд дахин нэмэгдээд эхэлмэгц асуудал үндсээрээ өөрчлөгдлөө. Хуулийг өөрчлөх, үл биелүүлэх, дуртай цагтаа дураараа засах, урьд яригдаагүй гэнэтийн татваруудыг буй болгон тулгах зэргээр авирлах болов. Сүүлийн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулалтанд дайсагнан хандах болсон төдийгүй хандалт тандалт явуулж буй компаниудыг ч сургаар нь хөөх үргээх их ажил өрнөлөө. Эргээд хямрал болоход хөрөнгө оруулагчид нүүр буруулж эхэлж буй нь Монголд буй болсон ашигт малтмалын национализм, шовонизмын үр дүн билээ.
Өмч бараг 100 хувь төрийн мэдэлд байсан систем задарснаар асар том үсрэлт дэвшил болсон юм. 1998 онд ДНБ-ий 28 хувь нь улсын нэгдсэн төсөвт хамарч байлаа. 2000 он гэхэд ДНБ-ий 75 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэх болов. Гэвч шинэ зуун гарснаар эдийн засгийн өмчлөлийн хуваарь дахь энэ харьцааг өөрчилж эхэллээ. Ялангуяа уул уурхайн орлого нэмэгдээд эхэлмэгц ДНБ-д улсын төсвийн эзлэлт 50 хувь давж эхлэв. Монголд өнгөрсөн оны байдлаар 50 сая долларын хөрөнгө хувьчилсан боловч төрийн өмч 500 сая доллароор нэмэгджээ. Илүүтэй национализаци болж байгаа төрх харагдаж байна. Үүнийг дагаад төр аймшигтайгаар данхайж эхлэв. Төр зах зээлд өрсөлдөгчгүй ноёрхох болж хувийн хэвшил шудрага өрсөлдөөнөөс хасагдаж эхлэв. Ойлгомжтой зүйл бол хүнд суртал гаарч, авилга амьдралын ерийн норм боллоо. Төр гэнэт баяжсанаар үндэслэлгүйгээр цалин тэтгэмжийг нэмж, нийгмийн зардлаа эрс өсгөж гарав. Үүнд ардчилсан сонгуулийн сул талууд ч нөлөөлөн янз бүрийн буяны амлалтууд хэрэгжиж эхэллээ. Энэ нь инфляц хөөрөгдөх гол шалтгаан болж өдгөө манай инфляцийн төвшин 40 хувь руу дөхөж явна.
Энд бидний алдсан гол алдаа дутагдлуудын талаар ярьлаа. Өнгөрсөн хугацаанд монголчуудын оносон зүйл хавьгүй их бий. Үгүй наад зах нь яавал болдоггүйг бие махбодиороо туршин мэдэж аваад туршлага хуримтлуулна гэдэг нь том дэвшил юм.
Бидний алдсан гол алдаа Төрийнх болох нь дээрх ярианаас та бүхэнд ажиглагдсан байх. Төр бол зайлшгүй муу зүйл. Төрд өөрийн үүрэг, хийх ёстой юм гэж бий. Түүнээ муу биелүүлэхийн хэрээр оролцох ёсгүй юмруугаа хэт шунган орсноос улс төр, эдийн засаг, нийгэмд асар их хохирол учруулжээ. Одоо дэлхийг хамарсан хямрал болоод ирэхээр Төр юу хийхээ мэдэхгүй дэмий л гараа алдлан мөрөө хавчаад зогсож байна. Одоогоос 16 жилийн өмнө баталсан Үндсэн хууль өөрийн үүргээ гүйцэтгээд шинэ нөхцөл байдалд асуудлыг зохицуулах чадамжгүй болжээ. Үүссэн асуудалд хариу өгч чадахгүй, өгч буй хариу нь яагаад ч биелэх бололцоогүй болж байна. Энэ бол Үндсэн хуулийн хямрал. Үүний том илрэл нь саяхан болж өнгөрсөн парламентийн болон орон нутгийн хоёр удаагийн сонгууль юм. Хямрал гэдгийг хятад үсгээр “аюул”, “боломж” гэсэн хоёр ханзыг хослон нийлүүлж илэрхийлдэг. Өдгөө бидэнд тулаад буй хямрал нь аюул тулгаж буй боловч зөв гарц олох юм бол дараагийн том үсрэлт хийх бололцоог ч олгож байж мэдэх юм.
Зочин