Х.Бадамсүрэн: Уул уурхайг тойрсон асуудлаар зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт, нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйгээс болж асар их боломжийг алдаж байна
“Ярилцъя” энэ удаа УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Х.БАДАМСҮРЭНТЭЙ ярилцлаа.
“Ярилцъя” энэ удаа УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Х.БАДАМСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах эхний алхмууд хийгдэж эхэлснээрээ өнгөрсөн оныг түүхэн он болж өнгөрлөө гэж дүгнэцгээж байна. Бас нийгмийн маань цөөн хэсэг энэ гэрээнд эргэлзэж байгаа. Та ажлын хэсгийг ахалж ажилласан. Нэгэнт шийдчихсэн, гольдролдоо ороод явж байгаа зүйлтэй эргэж ноцолдох сонирхол алга. Гэхдээ танд ерөнхийд нь авч үзээд үнэлж дүгнэсэн бодол байгаа байх?
-Монгол Улсын эдийн засагт тулгуур хоёр багана байна гэж би үздэг. Нэгдүгээрт, манай уламжлалт мал аж ахуй, газар тариалан хөдөө аж ахуйн салбар. Хоёрдугаарт газрын хэвлийн баялаг, эрдсийн баялаг дээр суурилсан уул уурхайн салбар. Энэ салбар бол гарцаа байхгүй хоёр дахь том багана. Бид уул уурхайн салбарыг тойрч олон жил ярилаа. Салбар маань ч удахгүй 90 нас зооглох гэж байна. 1970-аад оны эхээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр баригдсанаар эрчимтэй хөгжлийн он жилүүд эхэлсэн. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Ордуудыг түшиглэж дэд бүтэц, орчин үеийн шинэ хотууд бий болсон. Энэ үйлдвэрийн төсвөөр дамжуулсан ашиг, үр өгөөжийг хүртэх нөхцөл үүссэн. Энэ бол 1980-аад оны сүүл үе. Тэгээд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Энэ бол бидний хувьд цоо шинэ эхлэл байсан. Шилжилтийн үеийн энэ ороо бусгаа цаг үед хаа хаанаа үйлдвэрүүд маань суларч, ирээдүй нь тодорхой биш болон байдал хэцүүдэж ирсэн. Ямар замаар ард түмнээ нэг их өлсүүлчихгүй авч гарах вэ гэж бас л дээр дороо бодсон, бужигнасан ийм л цаг үе байсан даа.
-Та мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг яагаад тулгуур багануудын нэгэнд тооцож байгаа юм бэ. Өнгөрсөн нийгэмд л энэ салбарын нөлөө өндөр байсан. Одоо бол унтарч, хэцүүдэж байгаа салбар шүү дээ?
-Манай улсын эдийн засгийн үндсэн тулгуур багана бол уламжлалт мал аж ахуй буюу буянт таван хошуу мал маань л байсан шүү дээ. Үүн дээр газар тариалан нэмэгдээд хөдөө аж ахуйн салбар юм. Мал аж ахуйгаа бүр ингэж үл ойшоож болохгүй. Хөдөөгийн ард иргэдийн маань амьжиргаа юун дээр тогтож байна гэдгийг эрхбиш та мэдэхгүй баймааргүйсэн.
-Уул уурхайн асуудлаар үгийг нь сонсчихмоор жинхэнэ мэргэжлийн кадр парламентад танаас өөр байхгүй. Тэгэхээр уул уурхайн салбарын үүргийг онцгойлон үзэж буй өнөө үед нэгэнт уулзсаных уул уурхайгаа л ярья?
-Тэгье ээ. Мэргэжлийн хүнд мэргэжлийн салбараа ярихаас өөр чухал юм угаасаа байхгүй.
-Мэддэг юм аа ярья гэж томорч ч болно шүү дээ, таны хувьд?
-Ах нь онгироо хүн биш. (инээв) Манай уул уурхайн салбарын улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр тогтмол өсөн нэмэгдэж байна. Энэ салбар эх орныхоо аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь, улсын нийт экспортын 80 шахам хувийг гаргадаг боллоо. Ер нь Монгол Улсын ашигт малтмалын салбар хөгжил дэвшлийн нэн онцгой цаг үед тулж ирлээ л дээ. Энэ цаг үед төр засгаас ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийг зорьж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тус салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бид ажлаа илүү үр дүнтэй, оновчтой, түргэн шуурхай зохион байгуулахын тулд зэс, үнэт металл, нүүрс, төмөр гээд ашигт малтмалын төрлүүдээр бодлого, хөтөлбөр боловсруулах ажлын дэд хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Мөн түүнчлэн уул уурхайн салбарын үйл ажиллагааг дэд бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тийм ч учраас уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийг өөрийн орны төмөр зам, эрчим хүч, хотжилтын бодлоготой уялдуулах чиглэлээр манай ажлын хэсгийн хүрээнд ажлын дэд хэсгүүдийг ажиллуулж байна.
-Дэд хэсгүүд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?
-Дэд хэсгүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс гадна холбогдох яамдын албаны хүмүүс, салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн төлөөлөл орж байгаа. Бид салбарынхаа бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлуудыг цэгцлэн шийдвэрлэх талаар бодитой санал дүгнэлт гаргачихна гэж бодож байгаа шүү.
-Дээд төвшнийхний гаргасан бодлого шийдвэр харамсалтай нь асар их шүүмжлэл дагуулдаг. Ялангуяа танай уул уурхайн салбар бүх цэцэн мэргэдийн гарч ирж тоглодог талбар болчихлоо. Телевизээр харж байгаа биз дээ. Бүгд уул уурхайн “мэргэжилтнүүд” болчихсон хашгираад л?
-Ер нь улс орны хэмжээний томоохон тухайлбал, ашигт малтмал, уул уурхайг тойрсон асуудлуудаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголттой болоогүй, нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйгээс болж ихээхэн цаг хугацаа, боломжийг алдаж байна. Юун түрүүн бухимдаж, буруушааж байдаг зангаа бид жаахан хойш тавимаар байна. Гэвч амьдрал юм болохоор элдэв явдлаар дүүрэн юм даа. Надад бол салбарын маань ирээдүй, хэтийн төлөв гэрэл гэгээтэй, сайн сайхнаар төсөөлөгддөг. Бас энэ маань зүгээр нэг романтик төсөөлөл биш юм.
-Оюутолгойн гэрээний техник, эдийн засгийн үндэслэл нь яагаад хуулийн хугацаандаа гараагүй юм бэ. Бөөн хэл үг дагуулсан?
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал маань өөрөө хэд хэдэн Засгийн газар дамжиж яригдсан шүү дээ. Гэхдээ л техник, эдийн засгийн үндэслэлийг хугацаанд нь хийчих боломж байсан. Гэрээг хэлэлцэх явцад энэ асуудал яригдаж л байсан. Гишүүд бол энэ чиглэлээр хатуу байр суурьтай байсан. Урьдчилсан байдлаар бол техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулж байсан.
-Яамдад бодлогын гол концепциуд дээр ажилладаг боловсон хүчин дэндүү туниагүй болчихсон юм биш үү. Дандаа намын, дарга нарын томилгоо хийгдсээр байгаад...?
-Ерөөсөө томоохон бодлого гаргах, тэрийг цэгцтэй хэрэгжүүлэх асуудал чинь хүний хүчин зүйлээс л шууд шалтгаална. Энэ үүднээс аваад үзэхээр манай яамдын боловсон хүчний бодлого үндсэндээ алдагдчихсан. Эрдэс баялгийн салбарт бол бүр их алдагдсан. Боловсон хүчний шалгуур улс төр тал руугаа хэт их тавигддаг болчихсон байхгүй юу. Зөвхөн улс төрийн өнгө аясаар хүнд шалгуур тавиад явах юм бол цаашдаа энэ улс орон яах юм. Мэргэжлийн салбарын бодлогыг улс төрийн хэмжүүрээр арчиж баллаж хаяж хэрхэвч болохгүй. Оюутолгойн хувьд бол шинжилгээ судалгаа, геологи хайгуулын ажлыг нь гадаадын хөрөнгө оруулалтаар хийсэн. Лицензийг нь гадаадын компани эзэмшиж байна. Оюутолгойн асуудал яригдаад 10 гаруй жил болчихлоо. Цаг хугацаа хурдан явж байна шүү дээ. Судалгааны ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. Гэхдээ том орд учраас геологи хайгуулын ажил цаашид ч үргэлжилнэ. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Одоогоор урьдчилан тогтоогоод байгаа нөөц баялгийн хэмжээ хангалттай байна. Бүртгэгдсэн нөөцийн хувьд авч үзэхэд хүдэр дэх зэс 26,0 сая гаруй тонн, алт 1000 орчим тонн. Эрдэнэтийн овооны зэсийн ордыг ашиглаж эхлэхэд зэсийн нөөц 10 сая тонноор үнэлэгдэж байсан санагдаж байна. Түүнтэй харьцуулахад бараг гурав дахин их байгаа биз дээ.
-Алтны нөөцийнхөө хувьд?
-Алтных нь хувьд аваад үзье. Ордын нөөц, нөөцийн тархалт, уул-геологийн нөхцөлөөс хамаараад жилд 20-40 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ нь өнөөдөр улсын хэмжээгээр олборлож байгаа алтаас даруй хэд дахин их гэсэн үг. Энэ бол валют санхүүгийн бодит боломж. Уул уурхайн салбар түүхэн хөгжлийнхөө 87 жилд нийт 80 гаруй тонн алт олборлосон байх. Ордын хүдрийн нөөцийг та бидний сайн мэдэх Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаар ашиглая гэж бодоход 100 гаруй жилд хүрэлцэхүйц нөөц. Тэгээд бодохоор үнэхээр гайхамшигтай, агуу том орд. Энэ бол манай орны давуу тал, монголчууд бидэнд байгаа бодит боломжийг харуулах үзүүлэлтийн нэг гарцаагүй мөн. Хөгжил дэвшлийн үндэс суурь, түлхүүр гэдгийг хэлэх нь илүүц байх. Оюутолгой, Тавантолгойн орд бол Монголын ард түмний буян заяа түшсэн нөөц баялаг. Гэхдээ 200-300 жилийн дараа, тэр ч байтугай 100 жилийн дараа зэс, нүүрсний эрэлт хэрэгцээ, үнэ цэн ямар байхыг төсөөлж таамаглахад хэцүү шүү дээ. Бурхан л мэдэх байх /инээв/. Тийм болохоор эдгээр ордыг ашиглаж, улс орноо хөгжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь зөв биз дээ. Харамсалтай нь Тавантолгой, Оюутолгойн асуудал бүрхэг байдалд, тодруулбал гацаанд ороод удсан шүү дээ. Ард түмний дунд хүлээлт үүсчихсэн байлаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар асуудлыг гацаанаас гаргаж чадлаа. Ямар ч байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдлээ. Тавантолгойн ордыг ашиглах ажил Ухаахудагийн хэсгээс эхэллээ. Бидний ярьдгаар галт тэрэг хөдөллөө. Ажлын ахиц өөрчлөлт гарч байна. Эзэн хичээвэл заяа түшинэ гэдэг. Одоо ажиллах л хэрэгтэй.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар тодотгож жаахан ярья. Түрүүн хуулийн хугацаанд яагаад гаргаагүйг л асуугаад орхисон?
-Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 29 дүгээр зүйлд хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, энэ хуулийн 29.2-т зааснаар хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газрын эрх олгосноор Санхүү, геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хөрөнгө оруулагчтай байгуулна гэж хуульчилсан. Мөн хуулийн 30 дугаар заалтын дагуу хөрөнгө оруулагч нь гэрээний төслийг дээр дурдсан төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэх учиртай. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хавсаргах ёстой бичиг баримтуудын жагсаалтыг хуулийн 30.1.1-д эхний таван жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл, 30.1.2-д тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл гэж тус тус заасан. Ер нь бол уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулах үндэс, амин сүнс нь улсын балансад бүртгэж баталгаажсан нөөц юм л даа. Нөөц баялгийг ямар хүчин чадлаар, хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдгийг тооцсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах учиртай. ТЭЗҮ бол тухайн үйлдвэрийн дүр төрхийг харуулах үндсэн бичиг баримт юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д Засгийн газрын ажлын хэсгээс танилцуулахдаа ТЭЗҮ-ийн үндсэн үзүүлэлтүүдийг үндэс болгож байсан. УИХ хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай 57 дугаар тогтоолыг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр гаргасан. Уг тогтоолоор Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм. Энэ үндсэн дээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэн боловсруулагдаж, Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд уг гэрээг 2009 оны аравдугаар сарын 12-ны өдөр байгуулсан шүү дээ.
-Одоо бидний мэдэхээр олон жил яригдаж байгаа Тавантолгойн ордын сэдэв рүү оръё?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хүлээгдсэн, бас тулгамдсан асуудал мөнөөс мөн. Ерөнхийдөө энэ ордын талаар 40 гаруй жил яригдсан л даа. МАХН-ын дарга С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод хийсэн томоохон тодорхой ажлуудын нэг нь олон жил яригдсан Тавантолгойн ордын асуудлыг төрийн зохицуулалттайгаар ажил хэрэг болгохыг зорьсон алхам байсан. Уг орд нь геологийн хэсгээс бүрддэг л дээ. Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Энержи ресурс” компанитай гэрээ хэлцэл хийх замаар уг ордын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авч, өнгөрсөн хугацаанд “Энержи ресурс” компаниас хийсэн судалгаа шинжилгээний ажил, бусад зардлын нөхөн төлбөр болгож, уг ордын Ухаахудагийн хэсгийг тус компанийн мэдэлд үлдээсэн. Ийнхүү Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд шилжиж, уг ордын зургаан тэрбум гаруй тонн нүүрсний нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бодитойгоор яригдаж эхэлсэн. Энэ бол манай улсын эдийн засагт томоохон тус нэмэртэй, говийн бүсийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл юм. Тавантолгойн орд бол нөөц баялгийн хувьд агуу их, нүүрсний чанарын хувьд ч хосгүй орд. Монголчууд бидний жинхэнэ үүц. Энэ үүцээ дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай үед ашиглаж эхлэх талаар монголчууд бид бодож сэтгэж, тооцож, ухаанаа уралдуулж байна. Ингэхээс ч өөр арга алга. Энд том бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ингэснээр үйлдвэр уурхайг барьж байгуулахаас эхлээд олон мянган ажлын байр шинээр бий болно. Энэ ордыг түшиглүүлэн Уул уурхай-Эрчим хүч-Кокс, химийн цогцолбор барьж байгуулах учиртай. Энэ цогцолборт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах ажилд мөн л олон монгол хүн хамаарагдана. Энэ нь санхүүгийн хүндрэл бэрхшээлийг давж туулахад тус дөхөм болох нь дамжиггүй. Ер нь ч тэгээд хямралыг амжилттай даван туулахын зэрэгцээ хямралын дараахь үеийг бид бодолцох шаардлагатай. Энэ том цогцолборыг барьж байгуулахад наанадаж гурван жил хэрэгтэй л дээ. Ийм хугацаанд яаж ч бодсон санхүү, эдийн засгийн хямрал дуусах нь ойлгомжтой. Ашигт малтмалын гаралтай түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж, үнэ ханш өсөх нь тодорхой. Ийм учраас бид эрэлт хэрэгцээ, үнэ ханшны өсөлтийг угтуулаад үйлдвэр уурхайгаа барьж байгуулах нь онцгой ач холбогдолтой юм. Энэ л зорилгоор УИХ 2008 оны 40 дүгээр тогтоолоороо Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталж, Засгийн газартаа үүрэг чиглэл болгосон л доо. УИХ-аас өгсөн удирдамж чиглэлийн дагуу Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэл хийж байгаа. Гадаадын улс орнуудын нэр хүндтэй, нүүрсний үйлдвэрлэлийн болон зах зээлийн талаар дадлага туршлагатай томоохон компаниуд Тавантолгойн ордыг хамтарч ашиглах талаар хүсэл сонирхлоо илэрхийлэн манай Засгийн газартай яриа хэлцэл хийж байна. Цаг хугацаа ч явж л байна. Гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж чиглэл батлагдсанаас хойш бараг 15 сар өнгөрчээ. Энэ бол ямар ч ажлыг амжуулж болох хугацаа л даа. Яаравчлах түргэвчлэх л шаардлагатай байна.
-Цаашид нүүрс олборлох ажлыг ямар байдлаар өрнүүлбэл бидэнд илүү ашигтай вэ. Мэргэжлийн хүний хувьд санаж бодож байдаг юм зөндөө л байгаа байх?
-Тавантолгой нүүрсний орд нь геологийн таван хэсгээс бүрдэж байгааг би дээр хэлсэн. Тэдгээрийн нөөц баялаг, ашиглалт явуулах уул-техникийн нөхцөл зэргийг мэргэжлийн түвшинд авч үзэхэд геологийн хэсэг бүрт бие даасан ил уурхай ажиллуулах боломж зарчмын хувьд харагдаж байгаа бөгөөд нийлбэр дүнгээр 40-50 сая тн нүүрс жилд олборлож болох тооцоо гарч байна. Юуны өмнө нүүрс баяжуулах фабрикийг барьж, нүүрсний баяжмал гаргадаг болох хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн шат дамжлагуудад өртөг зардал хэмнэх, монгол нүүрсний үнэ цэнийг өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал алхам болно. Олборлох нүүрсний дийлэнх хэсэг нь буюу 30 сая гаруй тонн нь эрчим хүчний нүүрс байх төлөвтэй байна. Ийм хэмжээний нүүрсийг экспортлох уу? Дотоодын хэрэглээг бий болгоод ашиглах уу гэдэг асуудал гарна л даа. Мэдээж том хүчин чадлын цахилгаан станцыг барьж байгуулах нь зүйтэй. Энэ нь эрчим хүчний нүүрсний нэмэлт хэрэглээг бий болгож, эцсийн бүтээгдэхүүн буюу цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн орны төвийн эрчим хүчний системийн найдвартай үйл ажиллагааг хангаж, экспортын шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлыг ч цогц байдлаар авч үзэх нь зүйтэй. Шинээр баригдах цахилгаан станцын болон нүүрс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг жич нарийвчлан гаргах шаардлагатай л даа.
-Тавантолгойн талаархи гэрээ хэлцлийг яаравчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар бүгд л ярьж байна. Гэхдээ бид үр өгөөжийнх нь талаар нэмэлт тайлбаруудыг илүү сайн сонсмоор байна?
-Ер нь л аливаа ордын тогтоц, уул-геологийн нөхцөл нь байгалийнхаа хууль жамаар бүрэлдэн бий болдог л доо. Тавантолгойн орд ч мөн энэ л жамаар геологийн таван хэсгээс бүрдэж байгаа юм. Би мэргэжлийн хүний хувьд, салбарынхаа зарим эрдэмтэн, мэргэжилтэнтэй хамтран Тавантолгойн асуудлаар байж болох хувилбаруудыг боловсруулсан.
Нэгдүгээрт, Тавантолгойн ордоо бүхэлд нь цогц байдлаар үе шаттайгаар ашиглах хувилбар байна. Хоёрдугаарт, геологийн хэсгүүдийг нэгэн зэрэг ашиглах хувилбар. Уг ордын Ухаа худагийн хэсгийг хувийн хэвшлийнхэн ашиглаад эхэлчихлээ шүү дээ. Геологийн бусад дөрвөн хэсэгт бие даасан дөрвөн уурхай байгуулаад, нэгэн зэрэг ашиглана гэсэн үг л дээ. Бид эдгээр хувилбаруудаар техник, эдийн засгийн тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Боломжийн л дүр зураг гарч байгаа. Ер нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг иж бүрэн, цогц байдлаар шийдэх учиртай. Түүнчлэн улс орныхоо үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн асуудлуудыг онцгой анхаарч үзэх ёстой. Ингэж баймааж нь л улс үндэснийхээ ашиг сонирхол, ард түмний язгуур эрх ашигт нийцүүлж чадах болно. Мөн Тавантолгойн асуудалтай уялдуулж, холбож шийдвэрлэх бүс нутгийн болоод улс орны хэмжээний томоохон асуудлууд бий. Юуны өмнө говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудал, хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж, санг хөл дээр нь зогсоож, ард иргэддээ хувь хишиг хүртээх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа шүү дээ. Тавантолгойн асуудлыг цогц байдлаар авч үзнэ гэдгийг тодруулж хэлье л дээ. Мэдээж орчин үеийн шилдэг тэргүүний технологи ашиглан нүүрсээ аль болох хаягдал, бохирдол багатайгаар ашиглах томоохон ил уурхай байгуулагдана. Дараагийн дамжлагад олборлосон нүүрсээ угааж баяжуулна. Нүүрс угаах үйлдвэрээс эрчим хүчний нүүрс нь цахилгаан станцад, угаасан коксжих нүүрс нь коксын үйлдвэрт тус тус нийлүүлэгдэх учиртай. Мөн угаасан коксжих нүүрсний тодорхой хэсэг дотоод, гадаадын зах зээлд борлуулагдаж болно. Цахилгаан станцад үйлдвэрлэгдэх эрчим хүч болон коксын үйлдвэрээс гарах кокс, дагавар бүтээгдэхүүн нь металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлэгдэнэ. Ийнхүү манай улсын уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин дээшилж, өртөг шингэсэн, өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгож, аль болохоор эцсийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг тавьж, цаг алдалгүй хэрэгжүүлэх байр суурийг би баримталж байна. Үүний зэрэгцээ манай улсад шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэгцээ бий болж, салбаруудыг ажлын уялдаа холбоотойгоор хөгжүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Эцсийн дүнд газрын хэвлийнхээ нөөц баялагтаа тулгуурлан улс орныхоо эдийн засаг, санхүүгийн чадавхийг сэвхийтэл дээшлүүлнэ гэсэн үг. Тавантолгойн ордыг түшиглэн барьж байгуулах Цогцолборын дэд бүтцийн эхний ээлжийг 2011 онд багтаан, ил уурхайн I ээлжийг 2010 онд, II ээлжийг 2011 онд, баяжуулах үйлдвэрийн I ээлжийг мөн 2011 онд тус тус ашиглалтад оруулах боломж харагдаж байна л даа. Ер нь бол стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа цогц байдлаар эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах замаар улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж байна, миний хувьд бол ингэх ч шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа.
Өөрөө үр өгөөжийн асуудлыг хөндлөө. Өнөөдөр монголчууд бид одоогоор багахан ашиг орлогыг олборлох шатанд буюу “түүхий” нүүрснээс олж байгаа нь бодит үнэн. Энэ байдалдаа дүгнэлт хийж, ашигт малтмалынхаа баялгийг газрын хэвлийгээс ухаж аваад экспортод ачуулдаг явдлаа зогсоох шаардлагатай болж байна. Алийн болгон түүхий эд бэлтгэдэг орон байх юм бэ? Нүүрсний хувьд бол цаашид төрийн бодлого юуны өмнө нүүрсээ угааж баяжуулан ашиглах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, улмаар гүн боловсруулах замаар өртөг шингэсэн, илүү үнэ цэнд хүрэх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэх ёстой гэдгийг дээр би онцолж хэлсэн нь ийм учиртай юм л даа.
-Гаднаас нь харахад хувийн хэвшлийнхний мэдэлд байгаа Ухаахудагийн ажил аль эрт эхэлчихсэн. Төрийн ажил л далан задгай харагдаж байна. Хувийнхан үйлдвэрээ барьчихаад, төмөр замаа тавих гээд бөөн хэл үг болоод байж байна. Гэвч төрийн бодлого хаана нь явна вэ. Бас л яагаад талууд болчихсон үзэж байгаа хэрэг вэ?
-Би өөртэй чинь санал нэг байна. Түрүүн дээр дурьдсан. Ерөөсөө 95-аас дээш хувийг нөөцөөр нь төр өөртөө үлдээгээд, дөрвөн хувийг нь хувийн хэвшилд өгөөд л салсан. Тэрнээс хойш хоёр жил болж байна. Тэгэхэд хувийн хэвшил ажлаа эхэлчихсэн, нүүрсээ олборлоод экспортод гаргаад явж байна. Өнгөрсөн жил бараг хоёр сая тонныг гаргасан гэсэн байх. Баяжуулах фабрикийнхаа суурийг тавьчихсан. Одоо ингээд дулаарахаар үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа. За тэгээд төмөр замаа барих бэлтгэл нь хангагдчихсан гэж байдаг. Гэтэл төрийн ажил л цалгар байна. Төрийн ажлыг хүн л хийж байгаа шүү дээ. Ажлын хурдаар бол үнэхээр өдөр шөнө хоёр шиг байна.
-Төмөр замын асуудлаа та жаахан бүрхэг орхичих шиг боллоо?
-Төмөр замын асуудал нэлээн хэл ам татаад байгаа. Засгийн газрын шийдвэр уг нь гарчихсан. Тэр шийдвэр хүчингүй болоогүй байна. Тэгсэн хэрнээ ажил явдаггүй. Үнэхээр Засгийн газрын энэ шийдвэр буруу байжээ гэж байгаа юм бол түүнийгээ түргэн шийдэх хэрэгтэй. Тэгээд л бас нэг монголчууд гайгүй хэл амаа ололцоод, улс төрийн хоёр нам нь хамтраад улс төрийнхөө түвшинд хэл амаа ололцоод явсан чинь одоо болохоор төр, хувийн хэвшил хоёр нь тэрсэлдэх гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тийм учраас Засгийн газар шийдвэрээ цэгцтэй болгоод, үнэхээр шаардлагатай гэдэг юм бол УИХ-ын хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцээд, энэ бүтээн байгуулалтыг явуулах ёстой.
-Хувийн хэвшлийнхэн мөнгөөрөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ уу хамаагүй юм биш үү. Замаа бариг л дээ. Тэр зам чинь Монголын эдийн засгийг л тэтгэх зам юм байгаа биз дээ?
-Бүх юм нэгдсэн бодлоготой, зарчмын дагуу л явмаар байна. Монголчуудыг талцуулсан, үл ойлголцуулсан урт удаан хугацааны маргаан талцаан бидэнд ашиггүй.
-Хоёр хувилбараар хоёулангаар нь зам тавьчихаж болдоггүй юм уу?
-Тэртэй тэргүй бид далайд гарцгүй. Тэгсэн хэдий ч манай улсын хувьд бол давуу тал байна. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байж байна шүү дээ. ОХУ-аар дамжаад Европ руу гарч болж л байна. Урд хөршөөр дамжаад дэлхийн асар том том зах зээлд хүрч л байна. Ер нь бол урд хөрш рүүгээ ч, хойд хөрш рүүгээ ч гарцтай байх ёстой. Гагцхүү замаа тавих л хэрэгтэй. Эхлээд урд хөрш рүүгээ зам тавьчихсан байхад бол болохгүй юм байхгүй. Зам тавигдсанаар хил хязгаар шүүрэн шанага шиг сад тавиад сүйд болчихгүй л дээ. Хэт гэнэн зүйлсээр бага хөөцөлдмөөр байх юм.
-Хувийн хэвшлийнхнээр нэг гарц руу замаа тавиулчихаад төр дараа нь худалдаад авчихаж болдоггүй юм уу?
-Тэр гэрээний хувьд бол хожим өөрчлөлт оруулах боломж бий. Одоо манай гол төмөр зам л гэхэд яг манай төрийн мэдэлд биш шүү дээ. 50 хувь нь Оросын мэдэлд, 50 хувь нь монгол төрийн мэдэлд л байгаа. Тийм учраас мэдээж эргэж харж үзэх, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, тэгээд улс орныхоо хөгжил дэвшлийн талаас нухацтай бодож шийдвэр гаргах ёстой нь ойлгомжтой.
-Эдүгээн шийдвэр гаргах төвшинд ажиллаж байсан хүмүүс энэ он цагтайгаа түүхэнд үлдэнэ. Оюутолгойн гэрээг батлах явцад ажлын хэсэгт орсон хүмүүсийг нэлээд хардсан. Хөрөнгө оруулагчдаас авлига авсан байж болзошгүй гэх мэтээр. Та бол баргийн юманд хөнгөдөхгүй хашир хүн. Хожим хойно үр ачийнхаа өмнө нүүр бардам байж чадахаар гэрээ болж чадсан гэж хэлж чадах уу. Энэ гэрээний ард санаа зовоосон юм үлдсэн үү?
-Энд Монгол орны хөгжил дэвшлийн тухай асуудлаас өөр ямар ч чухал гэх шалтгаан яригдахгүй. Тийм учраас гоомой хандах эрх бидэнд байхгүй. Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө мэргэжлийн хүний хувьд өөрийнхөө оюун ухааныг дайчилж ажилласан. Мэргэжлийн талын асуудлуудад илүү анхаарлаа тавьж ажилласан гэсэн үг. Амьдрал баян юм чинь бүтээн байгуулалтын явцад энэ гэрээ улам сайжирч, төгөлдөржиж явна гэдэгт итгэж байна.
-Сүүлийн асуулт. Ингэхэд танай Өмнөговьд юу болоод байна вэ. Та бүхэн 1,5 сая төгрөг амлаж байж гарч ирсэн. Сая чадан ядан 70 мянган төгрөг иргэдийнхээ цөөн хувьд хүртээлээ. Гэтэл танай тэнд нэг нөхөр төрийн өмнө ногт ганзагалж очоод зуу зуун мянгыг тараасан мэдээ ирээд байх юм?
-Та надтай уул уурхай яръя л гэж уулзсан.
-Байгаль орчин гэж бүр сүйдэж дууслаа. Х.Бадамсүрэн “Ажнай”-тай огт тэмцэхгүй байна. Эс харсан дүр үзүүлж байна гэж танай сонгогчдоос надад захидал ирсэн байна лээ. Тэд танд итгэж найддаг бололтой. Гэтэл та хэт эв эеийг сахиж байгаа юм биш үү. Газрын хөрсийг эргэтэл урагш нь нүүрс ачиж байгаа нь үнэн биз дээ?
-Би нутгийн олон түмэн, сонгогчдынхоо эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Гэхдээ асуудлыг би биш төр шийддэг. Магадгүй та намайг аймхай хүн байна гэж харж байгаа байх. Хувийн зан чанарын хувьд би асуудлыг гүйцэд харж, удаан тунгааж байж шийдвэр гаргадаг.
Ганчимэгт
ogoo
зочин
ббб
ббб
mss
ataarxagch awgai nar vxlee yu
Зочин
tanidag hun
дээдэс
ро
ро
Зочин
Өөгий
Uka
Uka
nana
Budliantai daa
boli
Сэтгүүлчид
Зочин