Нэг намын гэр бүлийн шинжтэй л баяр шүү дээ
Яруу алдарт МАХН уржигдар баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Яруу алдарт МАХН уржигдар баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Гуравдугаар сарын нэгний өдөр бол энэ намын төрсөн өдөр. Тийм учраас тэртээх соц нийгмийн үед энэ намын баяр гэж бараг наадмаас дутуугүй нүсэр арга хэмжээ болдог байлаа. Нийгмийн ой тойнд ийнхүү тод үлдсэн энэ өдрийн нэрийг орчин цагийн намын гишүүд нь өөрчилж „Эх орончдын өдөр” гэх сүржин малгай өмсгөөд удаагүй байна. Гэвч эцсийн дүндээ яаж ч нэр зүсийг нь өөрчилсөн ял гавъяа, алдаа оноо, сайн муугийн тампуу яруу алдарт МАХН-ын маань л баяр шүү дээ.
МАХН шинэчлэлийн тухай ярьж эхлээд даруй хорин оныг үдэж байна. Хуучнаа бодвол дотроо тэмцэлддэг, элдэв жигүүр далавч ургадаг болсон ч цээжнийх нь голоос нөгөө л хуучин үзэл суртал, хуучин ямба, хуучин үнэр танар нь гарч өгдөггүй. Гаднаасаа залуужсан, сүрхий шинэ хэлбэр төрхийг олсон харагдах гэж бишгүй хичээдэг ч хийсэн акц болгоных нь араас унаган галбир нь тодорч харагдаад хөшиг нь хаагддаг. Яг залуу Ромеогийн дүрд тамир заан тоглож дуусаад, толины өмнө нүүр хувиргалтын ажлуудаа арчиж суугаа өвгөн жүжигчин шиг.
Өнөө цагийн нам, төрийн тэргүүнүүд ярайтал эгнээгээрээ жагсчихсан цэцэг өргөж байгаа ёслолын ажиллагааг харахад өөрийн эрхгүй саарал каракулаар хулдсан улс төрийн товчооныхон оросын хувьсгалын баяр сэлтийг нэг иймэрхүү маягаар монгол цэргүүдээр хөл тавиулж, бөмбөр нүдүүлж, бүрээ татуулан цэцэг өргөж, монгол төрийн тэргүүнийг мэхийлгэдэг байсан явдал санаанд орж байв.
Хэдийгээр яаж баярлах, хэрхэн цэнгэх нь тэдний хэрэг ч нэг намын гэр бүлийн шинжтэй баярыг ингэж улс орны хэмжээнд сүр бадруулж, төрийн алба хашч буй бүх зүтгэлтнүүдийг тэр чигээр нь татан оролцуулж, төр нам хоёрын явдал суудлыг хольж хутгасан хачин шоу зохион байгуулж байгаа нь олон нийтэд таалагдсангүй. Үнэн хэрэгтээ тэдний энэ хийрхэл өөрсдийг нь тойрсон тааламжгүй үзэгдлийн тоог нэгээр нэмэхээс хэтрэхгүй явдал. Хуучин цагийнх шиг хүмүүс хавтгайдаа даган баясана гэж байхгүй шүү дээ. Амьдарч буй цаг үеийн маань үндсэн шинж иймэрхүү алиа юманд яснаасаа эгдүүцдэг гэдгийг эрх биш мэддэг баймаар.
Хувьсгалт нам эрх барьж буй үед энэ мэт хуучин анир дагуулсан элдэв мухар сүсгийн шинжтэй үзэгдлүүд хамраа сөхдөг нь гэм биш зан юм. Бөхийн барилдаан, овоо тахилга, баяр цэнгүүн, ёслолын ажиллагаануудаар л цэнхэр дэлгэц дүүрээд ирдэг. Уг нь XXI зууны иргэд бидэнд намын идеалыг дөвийлгөх гэсэн ядарсан сценаритай хоцрогдсон үзэгдлүүд огт хэрэггүй. Гэтэл ах намынхан аль алиныг нь л хослуулчих санаатай зүтгээд байдаг. Төрөөс гаргаад баталгаажуулчихсан дайнд оролцсон ахмадуудын гавъяаг үнэлэх шийдвэрийг дундаас нь шүүрч аван, өөрсдөө хийсэн мэт увайгүй аашлан, байр орон тарааж, хутагтын дүрд хувилан хуурч мэхэлж буй хантааз хүрэм болсон театрчилсан тоглолт тавих хэрэг юу байв. Үхсэнээс үлдсэн энэ хэдэн буурайд байр олгох шийдвэрийг монголын төр гаргасан болохоос хувьсгалт нам гаргаагүй шүү дээ. Сайд нь ч тэр, ерөнхий сайд нь ч тэр ийм тэнэг шоунд оролцохоосоо ичих хэрэгтэй санагдана. Эрх барьж буй агшин бол алдаж болохгүй мөч мөнөөс мөн. Гэхдээ үүнийгээ хэтийдтэл нь намдаа нэр нүүр болгон ашиглах нь хэрээс хэтэрсэн хэрэг. Төрийн гаргасан шийдвэр болгоныг намын сурталчилгаанд наах гээд байвал төрийн албанд хийгдэж ядан буй бүх шинэчлэлүүд бүгд будаа болно. Ингэж урагшаа биш арагшаа чангаах эрх эдэнд байхгүй.
Манай нийгэмд намын идеал биш хөгжлийн идеал өндөлзөх шаардлагатай байна. Энэ ажлыг хийхээр ханцуй шамлан орсон Засгийн газрын тэргүүнийг бас л нэг золгодог, мөргөдөг, шагнадаг эрээн хантаазтай эрхэм болгомооргүй байна. Түүнд энэ бүхэн дэндүү зохимжгүй харагдана гэдгийг эргэн тойрныхон нь хэлж хянаасай. Хэнийг ч юу ч болгож хувиргаж чаддаг ах намын ширмэн тогоотой шөл рүү гүн шумбаж сурсан хэсэг нь л шумбаж явахаас нийгмийн итгэлийг татсан, шинэ цагийн шилэгдмэл өнгө төрхийг тээгчид бол холхон үлдэх хэрэгтэй. Ийм хэмжээний кадруудад уг нь нам ч, лам ч нэг их хэрэггүй. Зүгээр л ажлаа хийх, бусад нь хийлгэх л ёстой шүү дээ.
МАХН нэг хэсэг сөрөг хүчний байр суурийг түлхүү дэмждэг хэвлэлүүдийг дугаар алгасахгүй „уншдаг” ажлыг давгүй эрхэлдэг байлаа. Хэн сөрвөлзөж байна, маргааш нь л түүний эсрэг сүржин мэдэгдэл уншдаг байв. Телевизүүдийн сувгаар „Манай яруу алдарт намын нэр хүндийг гутаах гэсэн явуургүй ажиллагаандаа даруй цэг тавихыг шаардаж байна...” гээд л дикторуудаар хүнгэнэтэл уншуулдаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Яасан ч олон диктортой юм. Бараг бүгдээрээ энэ намын гишүүд бололтой юм билээ. Хаана ах нам шоу хийж байна, тэнд бүх дикторууд яруу алдарт намаа уншиж байдаг болохоор сэтгэлд ийнхүү үлджээ. Диктор ч хамаагаа алдсан, бүх дуучид, жүжигчид, алдартнууд бас энэ намынх шүү дээ. Энэ мэт аархсан, аахилсан авир нь тус намыг алсуурхан олон түмнээс холдуулж байдаг. Сүүлд явагдсан том сонгуулиудын дүн энэ бүхнийг илтгэж байгаа. Манай монголчууд угаасаа нэг айлын эзний малгайн орой солигдоод л, мал нь зоолоод л ирэнгүүт дотроо дургүй болдог. Тэгшитгэлийн соц нийгэм энэ үзлийг тархинд нь үе үеэр нь суулгаад өгчихсөн. Одоо ч гэсэн хэвээрээ. Сайн яваагаа, сайхан байшинтай болчихсон нэгнээ зүхээд л зурагтаар гаргаад байгаа биз дээ. Нийгмийнхээ энэ үзлийг ядаж мэддэг баймаар.
Нэг сонин юм нь генесек У.Хүрэлсүхийн үед энэ айлыг мэдэгдэл гаргадаг нам биш, мэндчилгээ дэвшүүлдэг нам болгон өөрчлөх оролдлого жаахан явж байх шиг. Сувилагчдад, багш нарт, малчдад бүгдэд нь сониноор мэндчилгээ дэвшүүлдэг болсон. Манай сэтгүүлчдэд ч ирүүлсэн байх шүү. „Та нарын минь ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд оруулсан хувь нэмэр өндрөөс өндөр гэдгийг МАХН ямагт мэддэг шүү, та нар шүү...” гээд л урсгаж өгсөн ялдамхан мэндчилгээнүүд төвийн хэвлэлүүдээр зөндөө ирсэн. Мэдэгдлээсээ уйтгартай ч мэндчилгээ нь хор багатай юм даа.
Ийнхүү нэг стратегийн ордыг эргэлтэд оруулах шийдвэр гаргаад л, нэг эдийн засгийн форум зохион байгуулаад л, тэгж байснаа улсын нөөцийн сангийн өвснөөс хууль ёсны эсвэл хулгайн алин болох нь мэдэгдэхгүй сэм ачиж аван хөдөө малчид руу гарч давхиад л, араас нь баахан ногоон эдийн засаг, боловсролын шинэтгэл яриад л... Нийгмийн анхаарал тэр зүгт нь арай ядан анхаарч, дэмжиж эхэлж байтал гэнэт хүлээн авалт, бялуу, торгон дээл, булган малгай болоод л „Өнгөрсөн үеийг бид, манай нам л бүтээсэн юм шүү дээ” гэж тунхаглаад л толгойг нь жинхэнэ манаруулаад явчихлаа.
Иймэрхүү манараан дунд засаглаж байгаа нөхдүүд сонин сонин юм хийж амжуулдаг үзэгдэл улс төрд байдаг л даа. Аягүй бол таван толгойн асуудал дээр гол тохироонуудаа хийж дуустал баяр, хүлээн авалтууд, тууз хайчлалтууд, саран наран ээжүүд, эх оронч эрсийг тодруулах элдэв ажиллагаанууд, эсвэл ахиад нэг вирусын асуудал энэ тэр явуулж мэдэх л юм. ( Гэхдээ энэ хардлага шүү)
Ямар ч байсан хадаг яндар, найр наадам, бөө мөргөл, овоо тахилгаас монгол орон жаахан хөндийрмөөр байна. Баярлалгүй яахав. Бид баярлах эрхтэй. Гэхдээ намын баяраар, төрийн мөнгөөр биш. Нам нь нэр олон маасайж баярлах биш, иргэд нь найдварыг эдлэн налайж баярламаар байна. Иргэдээсээ итгэл олоогүй төр л ийм ший янгуугаар оролддог шүү дээ.
Сэтгүүлч Б.Ганчимэг
зочин
Зочин
gerlee
korea
Би
ganaa
Зочин
usa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мэргэн
Dandaa
bbb
Зочин
Îâîî ø äýý.
B
Хүрэлсүх тэнэг
12
Hulan
ZOCHIN
ZOCHIN
Bi
үйтэн
Sanchirt
gdhtd
Sanchir
Зочин
dalai
иутух
Болороо
irgen
çî÷èí
ха
Зочин
Зочин
irgen
Äýíçýí
Долгор
Долгор
amar
Зочин
туук
Zochin
Zochin
erkhmee
erkhmee
Bi
Bi
Оюутан
sainaa
zochin
od
Зочин
irgen
irgen
Bi
puujee
Иргэн
eegii
Зочин
Зочин
ganaa
Зочин
монгол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ma
ganaa
baatar