Улстөрд тогтсон жор гэж байхгүй. Урьдын турш­лага, бэлэн жи­шээ бол бий. Үе үеийн пар­ламентад мэн­дэлж, Засгийн газруудын эрлэг болдог “Элсний 13”-ууд ийм жи­шээ­ний нэг. На­мын дарга нь Ерөнхий сайд байна гэж Засгийн газ­руу­дыг огц­руу­лах нь Монголын улстөрд хэрэглэдэг уламж­лалт турш­лага. “Элсний 13”-аар Ц.Эл­бэгдорж, М.Энх­болд нар Ерөнхий сайдаас, намын дарга байгаагүй уч­раас М.Энхсайхан, М.Энх­бол­дын Засгийн газар ог­цорч байв. Монголын пар­ла­мен­тын түүхэнд П.Жас­рай аг­сан, М.Энхсайхан хоёр л намын даргын алба­гүй Ерөн­хий сайд байлаа. Тэд­ний нэг нь бүрэн эрхээ дуус­гаж, нөгөө нь жил гаруй хугацаанд  ажилласан юм. Намын даргын давхар хам­гаалалтгүй гурав дахь Ерөн­хий сайд нь С.Батболд бо­лов. Бусад тохиолдол дан намын дарга нар л Засгийн газрыг  тэргүүлж иржээ. Саяхнаас энэ туршлагыг урвуугаар нь хэрэгжүүлэ­хээр зарим улстөрч яарав­чилж эхэллээ. Энэ нь Ерөн­хий сайд нь намын дарга байх “шинэ санаа” юм. Өн­гөн талыг нь үзвэл С.Бая­раас МАХН-ын даргын ал­быг Ерөнхий сайд С.Бат­болдод шилжүүлэх гээд байгаа юм шиг. Өнгийж харвал Ерөнхий сайд-на­мын дарга хоёрыг нэгтгэх далимаар Засгийн газрыг хөдөлгөх их улстөрийг эх­лүүлэх санаархал энд яваа. Могойн эрээн гаднаа, Мон­голын улстөрчдийн эрээн дотроо гэдэг энэ ажээ.    

 “Элсний 13” болж зо­хион байгуулалтад ороо­гүй л болохоос дараагийн ээлжид эрх мэдэлд хүрэх мөрөөдлөө зүүдэлж яваа, С.Бая­раас намын даргын албыг авахгүй л бол төр засаг, МАХН дампуурах мэтээр  ярих гишүүд “бор шувуу”-д нисгэж сууна.  Тэдний дунд цагтаа С.Бая­рыг “Ерөнхий сай­дын албаа ч өгөхгүйгээр эмчлүүлээд ирэх боломж­той” гэж хушуу дэвссэн ярилцлага өгч байсан хүмүүс ч байх юм. С.Баяр­тай хамт Ерөнхий сай­дын албыг “өвдөж” болохыг зөв­шөөрч байсан хүмүүс түүнтэй хамт намын даргыг удаан хугацааны чөлөө авахыг тэвчиж чадах­гүйд хүрснээ хэв­лэлээр мэдэгдэж сууна. Гэхдээ С.Баяр, С.Батболд нар нэг баг болж чадаж байгаа, хэвлэлээр яваа өдөөн хатгалтад Ерөнхий сайдын зүгээс ач хол­богдол өгөхгүй яваа зэрэг нь үйл явдлыг МАХН-ын хувь заяанд “санаа зо­вогчид”-ынхоор хурдтай өрнүүлэхэд саад болж байна.  

Ерөнхий сайд-МАХН-ын даргыг нэгтгэх их улстөрөөс хоёр зүйл харагдана. Нэгд, УИХ-д сонгосон ард түмнээ биш, нэр дэвшүүлсэн намаа илүүд үздэг хатуу үзэл бодолтой хүмүүс төр тү­шилцэж явна. Тэдний хувьд Ерөнхий сайд өв­дөж болно, харин намын дарга өвдөж огт болохгүй бололтой. Намын амьд­рал дүрмээр, төрийн ажил хуулиар явдаг. Төрийн хуу­лийг зөрчиж, тойргийн нэрээр өөртөө тэрбум төгрөг хуваарилсан хэр­нээ намын дүрмийн заал­тыг төрийн хуулиас дээ­гүүрт тавьсан гишүүдийн зүгээс зарчимд биш, “хүн чанар”-т суурилсан улстөр хийж байна.      

Хоёрт, гишүүдийнх нь ярилц­лагаас үзвэл дарга шүтдэг ганц хүний босоо удирдлага МАХН-д одоо ч бат бөх байгаа бололтой юм. Цаасан дээр буулга­сан дүрмээр нь бол даргаас харин ч хамаарал багатай нь МАХН. Энэ нам хамгийн олон нарийн бичгийн даргатай. Ц.Сүх­баатар, У.Барсболд нараас гадна УИХ-аа, Засгийн газар талаа хариуцсан нарийн бичгийн дарга бий. Удирдлагын хомсдол бус, харин ч илүүдэхээр энэ олон “толгой” бүгд бэлгэдлийн албан тушаал уу гэвэл үгүй. Тус намын дүрэмд зааснаар МАХН-ын өдөр тутмын ажлыг ерөнхий на­рийн бичгийн дарга хариу­цаж, гол шийдвэ­рүүдийг удир­дах зөвлөлөөс гарга­даг. Удирдах зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлдэг. Удирдах зөвлөл, намын даргын санал хоёр нийлж байж МАХН-ын шийдвэр болдог. Хэрэв удирдах зөв­лөлийн шийдвэр, на­мын даргын санал хоёр зөрвөл түүнийг намын бага хурлаар хагалдаг. Улстөрийн бүх томилгоо, шийдвэрийг намын удир­дах зөвлөл шийддэг. Ийм том эрх мэдэлтэй баг эзгүй намын даргынхаа хойгуур намаа эзэнгүй­дүүлж байна гэдэг бол уг аппарат нүсрээс цаашгүй сул, намын хамт олондоо үл хүлээн зөвшөөрөгд­сөнийх болов уу. Хэвлэлд бичиж байгаа шиг ерөнхий нарийн бичгийн дарга нь намын бага хурлынхаа сценарийг бичүү­лэхээр намын даргынхаа араас Америкийг зорьж байгаа бол тэр хүн улстөрийн лидер болоогүйн л шинж. Энд С.Баярын ч буруу бий. Тэр дараагийн үеийн лидерээ бэлтгээгүй. Жи­шээ нь, Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг дараалан хаших хэмжээний улстөрийн лидер болоход Н.Багабан­дийн нөлөө их байсан. Н.Багабанди үргэлж Н.Энх­баярын өрсөлдөгч явсан. Тэдний өрсөлдөөн Н.Энхбаярыг ирлэж, алсуу­раа түүнийг улс­төрийн лидер болох бэлт­гэл болж байв.  Харин С.Баярт ийм өрсөлдөгч байсангүй. Өөрөө ч байл­гасангүй. Угаас  өрсөл­дөөн, өөр дуу хоолойг үл хүлээн зөвшөөрсөн “эв нэгдэл”-ээ дотоод ард­чилал гэж эндүүрдэг ойлголт МАХН-д бий л дээ. Н.Энх­баярын үед дээд цэгтээ хүртэл хүлэг­дэж, М.Энхболдыг дарга байхад задарч байсан тус намын дотоод ардчилал бүхий энэхүү эв нэгдэл нь С.Баярын үед буцаад нэг гарт, нэг бүлэглэлд хумигдаж эхэллээ. Энэ нь С.Баярын бүрдүүл­сэн намын удирдах зөвлөлийн бүтцээс харагддаг.  Тэр намын удирдах зөвлөлийг анх бүрдүүлэх­дээ хүнийг нь, улстөрийн туршлага, намдаа танигдсан байд­лыг нь бус, нам шинэчлэх нэртэй жигүүр, хөдөл­гөө­нүүд, бүлэглэлүүдийн тэнц­вэрийг хангахыг хи­чээсэн. Улмаар удирдах зөвлөлийн сууд­лыг бүлэг­лэлүүдэд квот маягаар тэнцүү хуваарилсан нь энэ бүтцээ  намын хамт олонд үл хүлээн зөвшөө­рөгдөх, хүчгүй болгосон тал бий. Намаа шинэчлэх гэж гарч ирсэн хүмүүс нь албан тушаалаар өөрий­гөө шинэчилж аваад за­рим нь намаасаа түдгэлз­лээ. Улстөрийн шийдвэр нь УИХ дахь намын бүлэг дээр унаж байна гэдэг бол удирдах зөвлөл хүчгүйн л шинж. Эндээс МАХН-ыг эзгүй С.Баяр бус, хүчгүй Удирдах зөвлөл нь илүү­тэй эзэнгүй­дүүлж байна гэж болохоор.  Өрсөлдөг­чийг үл хүлээн зөвшөөр­сөн С.Баярын дараагийн алхам УИХ-ын сонгуулийн дараа илэрч, цөөн хэдэн сайдын суудлаар барь­цаа­лан сөрөг хүчнээ засгийн хашаанд хашсан явдал юм. Үр дүнд нь Мон­голын парламент сөрөг хүчингүй болж, МАХН-ын суганд хавчуулагдсан АН-ын орон зай, нэр сүр улам бүдгэрлээ. Намаар дам­жиж төр засгаа байгуул­даг. Гэтэл хамтарсан засгийг хоёр намд байгаа эрх ашгийн бүлэг­лэлүү­дээр дамжуулж байгуулав. Улстөрийн бүлэглэл намд байхыг эрүүл үзэгдэл гэдэг. Тэнд үзэл бодлын өрсөлдөөн байдаг.  Харин МАХН, АН-д эрх ашгийн бүлэглэлүүд л бий. Тэнд эрх мэдэл, төрийн албаар дамжиж төсвийн мөнгө­нөөс хүүлэх эдийн засгийн өрсөлдөөн, далд улстөр явдаг. Төр засгийн эрх мэд­лийг эрх ашгийн бүлэг­лэлүүд хэрэгжүүлж байгаа учраас улстө­рийн намын дуу хоолой ч суларлаа. Удирдах зөвлөлийн шийд­вэр бүлэг дээр унаж, Сонгинохайрхан дүүр­гийн Засаг даргын суудлын төлөөх МАХН-ынхны тэм­цэл он дамжин сунжирч байгаа нь намын аппарат хүчгүй, бүлэглэлүүд на­маас хүчтэй байгаагийн нэг нотолгоо. Ерөнхий сайд-намын даргыг нэгт­гэх санаа ч МАХН-ын жи­рийн гишүүд, олон түмний дундаас гарч байгаа са­наа­чилга биш. Харин тус нам дахь бүлэг­лэ­лүү­дийн л далд улстөр юм.     

Улстөрийн ардчилал өндөр хөгжсөн, төрийн эрх мэдлийг намаар дам­жуулж хэрэгжүүлдэг улс орнуудад намыг тухайн нийгмийн тархи, төрийг зүрх нь гэж үздэг байна. Тархи яаж ажиллана сэтгэ­нэ, нийгмийн хөгжил түүгээр хэм­жигддэг ажээ. Энэ өнцгөөс нь хар­вал Мон­гол Улс өнөөдөр бо­дит боломжоосоо доогуур хөгжилтэй яваа нь нийг­мийн тархи ажиллах­гүй, сэтгэхгүй байгаатай хол­боотой бололтой. Харин төр, засгийн эрх мэдлийг бүлэглэлүүд хэрэгжүүлж байна гэдэг утгаар нь үзвэл тэдгээр тархи Мон­голын нийгмийн төлөө бус, цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө л ажиллаж байна.

Г.ОТГОНБАЯР