-Засагт хамтарсныг буруутгаж зохион байгуулалтад орж байгаа бол би эсэргүүцнэ-

Г.Отгонбаяр

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

-МАХН-ын Улс Төрийн Товчоог огцруулсан өлсгөлөнгийн 20 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Та болон таны тэргүүлж байсан Монголын социал демократ нам /МСДН/ энэ өлсгөлөнгийн хаана нь явсан бэ?

-Ардчилсан хүчнүүд 1990 оны хоёрдугаар сарын 28-нд Ж.Батмөнх даргад хэдэн  зүйлийн шаардлага тавьсан. Ардын Их Хурлыг хуралдуулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөх, МАХН-ын дангаар удирдан чиглүүлэх үүргийг халах, ардчилсан сонгууль явуулж ардчилсан Үндсэн хуульт төр засгаа байгуулах гэх мэт. Шаардлагынхаа хариуг нэхэж гуравдугаар сарын 4-нд Ялалтын талбайд том цуглаан хийсэн. Цуглаан сүрт жагсаал болж, Сүхбаатарын талбайд ирсэн. Сүүлдээ гуравдугаар сарын 7-нд  улстөрийн өлсгөлөн болж үргэлжилсэн. Дашрамд дурдахад чи бид хоёрын ярилцаад сууж байгаа гуравдугаар сарын 2-нд МСДН анх байгуулагдаж, гуравдугаар сарын 4-нд олон түмэнд мэдэгдэж байлаа.    

-Ардчилсан хүчнүүд гэж, тийм олон улстөрийн холбоо байсан юм уу?

-Цуглааныг Монголын ардчилсан холбоо /МоАХ/, Ардчилсан социалист хөдөлгөөн /АСХ/, Шинэ дэвшилтэд холбоо /ШДХ/, Монголын оюутны холбоо /МОХ/ хамтарч зохион байгуулсан. Өлсгөлөнг МоАХ-ныхон зарласан. Бусад нь амиараа дэнчин тавиад өлсч байгаа нөхдийнхөө хамгаалалтад зогсох, олон нийтэд хандах, дулаан хувцсаар туслах, төр, засгийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж явсан. Хэрвээ бүгдээрээ өлсөөд суучихвал хоёр талд зүгээр л том хана босчих байсан. Миний хувьд ааваасаа ирсэн үзүүрсгэн хурган дээлээ нөхөддөө өгчихөөд яриа, хэлэлцээрт МСДН, АСХ-өө төлөөлж С.Ламжав, П.Улаанхүү нартай оролцож явсан. Эрх баригчдыг шахаж, олон нийтийн анхаарлыг татахын тулд зарим зүйлийг дэгсдүүлж ярих ч тохиолдол гарч байв.

-Тухайлбал, юун тухай вэ?

-Улстөрийн өлсгөлөнг төр засаг нь яаж анхаарах ёстой тухай олон улсын ойлголтын талаар юм даа. Өлсгөлөн зарласнаас хойш 24 цагийн дотор  ийм арга хэмжээ авах ёстой, 72 цаг өнгөрвөл НҮБ анхааралдаа авдаг зэргээр төр засгийн удирдлагуудыг шахаж  байсан. Өлсгөлөн олон улсын, тэр дундаа  НҮБ-ын онцгой анхааралд өртдөг юм байна, гадна талаас шахалт ирэх юм байна гэдгийг төр засгийн удирдлагуудад мэдрүүлэхийг хичээсэн хэрэг. Тэгж ч чадсан. Өнөөдөр түүх болж үлдэж л дээ. Ний нуугүй хэлэхэд, өлсгөлөнгийн талаар олон улсын харилцаа,  хэм хэмжээнд тийм ойлголтууд тухайн үед байгаагүй л дээ. Одоо ч байхгүй.  

- “72 цагийн дараа НҮБ анхааралдаа авдаг”-гүйг, ийм ойлголт байдаггүйг тэр үеийн удирдлагууд мэддэггүй байсан юм болов уу?

-Урьд нь өлсгөлөн болж байгаагүй, нарийн судлаагүй учраас сайн мэддэггүй л байсан байх. НҮБ-ын нэрийг барьсан бидний шахалтын зэрэгцээ гадна талдаа яах бол гэдэг болгоомжлол төр засагт их байсан л даа. Тэр үед Бээжинд оюутнуудын хөдөлгөөнийг танкаар нухчин дарсан, Румынд бас мөргөлдөөн гарсан, энэ бүхнийг дэлхий нийт цочирдон хүлээж авсан байсан. Бид ч “Монголд ийм явдал болохгүй  гэдэгт итгэж байна” гэх зэрэг тойруу замаар Бээжинд, Румынд болсон үйл явдлуудыг сануулж байсан. Өөрөөр хэлбэл, ардчиллын төлөөх тэмцлийг дарангуйллаар дарж болохгүй гэдэг ойлголт шахалтыг л өгч байсан хэрэг л дээ.  

-Ардчиллын салхи дөнгөж сэвэлзэж эхэлж байсан ч, тэр үед төрийн бүх эрх мэдэл нэг намын гарт байсан. Та бүхэнд, тухайлбал танд ямар нэгэн дарамт шахалт ирээгүй юү?

-Яг надад бол физический дарамт ирээгүй. Гэр бүлийнхэн ойр дотнынхонд айдас болгоомжлол бол байлгүй яах вэ. Гуравдугаар сарын 9-ний өдөр юм даа, зургаан цагийн үед Төрийн ордон руу орох гэж байсан юм.  Гэтэл өлсгөлөнг хүчээр тараах гээд цэргүүдийг бэлдсэн байна, шоронгуудын өрөөг суллаж, ардчилсан хүчнүүдийн гол лидерүүдийг баривчилж магадгүй гээд л янз бүрийн яриа гарч эхэлсэн. Тийм учраас талбайг хүнээр дүүргэе гэх яриа ч манай нөхдөөс гарч эхэлсэн. Тэгэхэд бид “хэрэггүй, эрсдэлээ өөрсдөө даая” гэж хэлээд гэр гэр рүүгээ “санаа зоволтгүй” гэж хэл хүргүүлчихээд Төрийн ордонд орсон. Тэнгэр ч их муухай, хойноосоо харанхуйлсан байсан. Төрийн ордонд хэлэлцээр дуусаад, Улс Төрийн Товчоо огцрохоор болоод биднийг гарч ирэхэд тэнгэр сайхан цэлмэсэн байсан. Тэгээд тэр оройдоо өлсгөлөн зогссон.  

  -Улс Төрийн Товчоо ч тэр оройдоо огцорсон уу?

 -Өлсгөлөн эхэлсэн өдрөөс л МАХН-аас төлөөлөгчөөр томилогдсон Д.Бямбасүрэн, Б.Чимид гуай нар ардчилсан хүчний төлөөлөлтэй уулзаж эхэлсэн. Бидний зүгээс ардчилсан хувьсгалыг тайван замаар хийх ёстой, тайван замаар хийхийн эхлэх Улс Төрийн Товчоо огцорсноор бүрдэх ёстой гэж, энэ тухайгаа ойлгуулж, тайлбарласан. Хэлэлцээрийн үр дүнд Улс Төрийн Товчоог огцруулах шийдвэрийг  гуравдугаар сарын 9-д Ж.Батмөнх гуай гаргаж байлаа. Энэ бол Монголын ардчилсан хувьсгалын түүхэнд хамгийн тодоор бичигдэх үйл явдал, монголчуудын  зөвшилцлийн үр дүнд гаргасан түүхэн шийдвэр юм. Хэлэлцээрийн үр дүнд Улс Төрийн Товчоо огцорсон нь Монголд төрийн эрх мэдлийг тайван замаар эргүүлэхийн эхлэл болсон. Монголын ардчилал ингэж зөвшлөөр эхэлсэн юм.     

-Тэр үед та МАХН-ын гишүүн байсан уу?

-МСДН-ын дүрэмд анхандаа өөр намын гишүүн байсан ч давхар элсч болохоор байв. МСДН-ыг үүсгэн байгуулагчдын олонхи л ийм давхар харьяалалтай байсан. Тэр үеийн нийгэмд идэвхтэй амьдаръя л гэвэл МАХН-д элсэхээс өөр аргагүй байлаа шүү дээ. Би 1989 онд МАХН-д элссэн. Хоёр ч жилийн өмнө элсчихээр байсан юм. Зургаан сар орлогч гишүүнээр явдаг байлаа. Гэтэл яг жинхэлдгийн даваан дээр манай нэг нөхөр “аавынхаа лам байсныг малчин ард гэж намтартаа худлаа бичсэн байна” гэж намайг матаад. Тэгж явсаар 1989 оны сүүлээр элссэн.  Намайг элсч байх үед өөрчлөн байгуулалтын уур амьсгал бага сагаар орчихсон. Анх удаа эрдэмтдийг хооронд нь уралдуулж сонгон шалгаруулалт маягаар Математикийн хүрээлэнгийн захирлыг сонгосон юм. Тэр нь би. МАХН-ын гишүүн бус хүнийг тэр том хүрээлэнгийн захирлаар сонгохгүй шүү дээ. Тэгж байтал 11 дүгээр сард байх аа, МАХН-ын Бүгд хурал хуралдаж, намайг Төв хорооны гишүүнээр сонгох тухай яриа гарав. Энэ Бүгд хуралд намайг заавал ир гэж манай ангийн нөхөр, сүүлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга байсан Ж.Ядамсүрэнг над руу шөнө орой явуулдаг юм. Тэгэхэд нь, хэрвээ намайг үг хэлүүлбэл, миний байр суурь, үзэл бодлыг хүлээн зөвшөөрч байгаа бол би Төв хорооны гишүүнээр сонгогдож болж байна гэж хэлсэн. Тэгсэн чимээгүй болчихсон. Бодвол тэр нөхрөөр үг хэлүүлж хэрэггүй гэж үзсэн юм шиг билээ. Тэр үед чинь би өөрчлөн байгуулалтын уур амьсгалыг мэдэрчихсэн, Их сургуулийн багш нартайгаа уулздаг, арай өөр юм ярьдаг байлаа.  

-Та 1994 онд, УИХ-ын гишүүн байхдаа өлсч байсан байх аа?

-Тийм, 1994 оных.     

-Тэр нь юуны төлөө өлсгөлөн байсан юм бэ?

-1994 онд хэдэн онцгой үйл явдал болоод байлаа ш дээ. Хамгийн томхон нь гэвэл, “Айбекс”, “Молам” гэж хэн ч мэдэхгүй жижигхээн хоёр компанийн нэгд нь Монгол Улс агаарын орон зайг 90 жилээр, нөгөөд нь эрчим хүчнийхээ монополь эрхийг бас 90 жилээр ашиглуулах гэрээ байгуулчихсан. Ерөнхий сайдын гэр бүлийн хүн машины наймаа хийсэн, Н.Багабанди гуай урд хөршид айлчлал хийхдээ төрийн өндөр дээд албан тушаалтны хувьд байж боломгүй алдаа гаргасан гээд л. Тэр үед УИХ-д ардчилсан хүчнээс зургаахан төлөөлөлтэй, бусад нь МАХН-ынхан. Бидний зүгээс эрх баригчдыг улс орныхоо тусгаар тогтнолд харш зүйл хийлээ. Эдийн засгийн суурь салбараа гаднынханд түрээслүүлэх шийдвэрээ цуцал, дээр нь хэвлэлийн эрх чөлөөг хуульчлах ёстой гэж шаардлага тавьсан. МоАХ, МоАН, МСДН, Үндэсний дэвшлийн нам хамтарч цуглаан зохион байгуулсан. Одоо манай намын дарга байгаа Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн байсан Д.Баттулга тэргүүтэй ардчилсан хүчнийхэн зохион байгуулж, өлсч эхэлсэн. Бидний зургаан нөхөд УИХ-ын гишүүний хувьд өлсгөлөн зарлуулсан шалтгааныг шийдүүлэх гэж парламент  дотор нэлээд асуудал тавьсан. Зургуулхнаа, хэт цөөнх учраас олонхид үгээр дээрэлхүүлээд л өнгөрдөг байв. Гэтэл өлсч байсан нөхдийн маань хоёр нь өлсгөлөнгөө хуурай болгосон. Ус ч уухгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нь би “ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд УИХ дотор асуудал шийдүүлж чаддаггүй юм бол гадаа ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ” гэж парламент дотор мэдэгдэл хийгээд өөрөө өлсч эхэлсэн. Ингэхдээ хуурай өлсгөлөн зарласан хоёр нөхөртэйгөө давхар гэрээ байгуулсан. Хуурай өлсгөлөн амь насанд аюултай, та хоёр энийгээ боль, би өлсгөлөнд оролцоно гэж. Тэр үед гадна талд, олон улсад юу гэх бол гэдэг болгоомжлол айдас их байлаа. Дэд Ерөнхийлөгч байсан, УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж байгааг олон улсад юу гэж хүлээж авах бол гэсэн болгоомжлол эрх баригчдад ч төрж эхэлсэн байх. Яг тэр үеэр Монгол, Хятадын хамтын ажиллагааны найрамдлын хуучин гэрээг шинэ Үндсэн хуулийн дагуу шинэчилж гарын үсэг зурахаар Хятадын Ерөнхий сайд Ли Пэн гуай ирэх гэж байсан. Ийм том айлчлалын өмнө бидний шаардлагыг хүлээн зөвшөөрнө, эсвэл хүчээр зогсооно. Ямар ч гэсэн өлсгөлөн зарлачихсан байхад Ли Пэн гуай ирэхгүй гэдгийг бид тооцоолж байсан. Улстөрийнхөө хувьд Хятадтай харилцах найрамдлын хуучин гэрээг шинэчилж гарын үсэг зурах нь Монгол Улсад их хэрэгтэй, өндөр ач холбогдолтой айлчлал байсан. Гэхдээ л улс орныхоо агаарын орон зайг, эрчим хүчнийхээ нэгдсэн сүлжээг 90 жилээр гаднынхны монопольчлолд алдах шийдвэрийг цуцлуулах нь илүү чухал байсан.

-Бас л зөвшилцлийн замаар өлсгөлөн зорилгодоо хүрсэн байх аа?

-Тэгсэн, Ерөнхийлөгчийн ивээл дор хэлэлцээр хийж зургаан зүйлийн гэрээ байгуулж, айлчлалын өмнө өлсгөлөн зогссон. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батална, “Айбекс”, “Молам”-ын гэрээг цуцална гэж шийдсэн. Харин хувь улстөрчидтэй хамаатай асуудал нь нэг их ач холбогдолтой биш байсан л даа.    

-1994 онд нялх ардчиллынхан ард түмнийхээ, улс орныхоо төлөө ингэж тэмцдэг байжээ. Гэтэл өнөөдөр 20 настай ардчиллынхан тэгж тэмцэж чадаж байна уу. “Айбекс”, “Молам”-ынхтай ойролцоо луйврыг бараг ард түмнээсээ нуугаад өөрсдөө өөгшүүлж байгаа юм биш үү?

-Хэрэв үнэхээр 90 жилээр ашиглах гэж байсан шиг луйвар байгаа бол би өнөөдөр ч тэмцэнэ. Тийм баталгаа нотолгоотой зүйлийг би олж харахгүй байна. Жишээ нь, Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг 1994 оны “Айбекс”, “Молам”-ын төвшинд хүлээж авч ойлгохгүй байгаа. Энэ бол хоёр талдаа харилцан ашигтай, тодорхой хууль дүрмийн хүрээнд явж байгаа процесс.

-Ер нь тэр үеийн ардчиллын залуус өнөөдөр үзэл бодол, зорилгоо өөрчилчихсөн таваргаж яваа юм биш үү?

-Би ер нь бусдын өмнөөс ярьж чаддаггүй юм ш дээ. Өөрийнхөө хувьд хэлэхэд 1990 оны миний байр суурь, зарчим, зорилго огт өөрчлөгдөөгүй. 1994 оны улстөрийн өлсгөлөн л гэхэд улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг төр засаг нь дотроосоо шийдэж чадахгүй байсан учраас аргагүйн эрхэнд гадагшаа гарч, өлсгөлөнд оролцсон. Тэр үед ийм шийдвэр гаргасан хүмүүс дундаас нь юм авчихлаа, өөрийнхөө төлөө худалдчихлаа энэ тэр гэсэн юм бол байгаагүй. Гэхдээ 90 жилээр улс орныхоо эрх ашгийг түрээсэлж болохгүй нь тодорхой байсан. Харин өнөөдөр бол ихэнхдээ тэр ийм юм авчихлаа, энэнд ийм юм өгчихлөө гэсэн хувь хүмүүстэй холбоотой мэдээлэл яваад байх шиг байгаа юм. Энд ялгаа байгаа биз. Өнөөдөр хүн болгон тэмцэх эрхтэй боломжтой болсон. Хэрвээ тийм хардлага байгаа бол түүнийгээ баримттай нь гаргаж тавиад шүүх хуулийн байгууллагаар хянуулах хэрэгтэй. Ийм том суурийг нь 1990 оны ардчилал, гуравдугаар сарын 7-9-ний өлсгөлөн тавьчихсан. Гэтэл иргэд маань энэ боломжоо ашиглахын оронд миний өмнөөс чи хийх ёстой гэсэн байдлаар УИХ, Засгийн газар руу л хандаад байдаг.  

-Хандах ёстой биз дээ. Таны эрхийг би хамгаална, төрд таныг би төлөөлнө гэж та бүхэн сонгогдоо биз дээ?

-Үнэн л дээ, ард түмэн ч хандах ёстой, ард түмнийхээ элчийн хувьд УИХ-ын гишүүд хийх ч ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд бол төр түшилцэж хууль тогтоож асуудал шийдэх ёстойгоос бус, хэрэг маргаан шийдэх эрхгүй. Үүнээс гадна манайхан нэг юмаа хэт харлуулж ярих юм. Улстөрд удаан явсан хүний хувьд заримдаа жаахан гонсойдог л юм. Асуудлыг аль болох зөв талаас нь шийдэх гэж зүтгэж байхад 76 мангуу, тэрбумын авлигач гээд бүхлээр нь харлуулдаг. Ингэж  бүхлээр нь харлуулж байгаа далбаан дор чинь жинхэнэ завшигч нар луйвардаад байх боломжийг манай шүүмжлэгч нар бий болгоод байгаа юм.

-Шүүмжлэгч нар гэж хэвлэл үү?

-Мэдээж, хэвлэлд чинь хүн л шүүмжилнэ биз дээ.

-Тэгвэл сэтгүүлчид үү?

-Сэтгүүлчид ч гэж шууд хавтгайруулмааргүй байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр баримт нотолгоотой гаргаж ирсэн зүйлийг өлгөж аваад маргаан үүсгэж болох боломж Цэцийн төвшинд ч, Авлигын хуульд ч байгаа. Энэ байгууллагууд нь хэвлэлийн ийм мэдээллийг хуулийн хүрээнд шалгах, нотлох зэргээр ажлаа тултал хийх ёстой. Гэтэл тэгэхгүй, ерөөсөө УИХ-ын 76 руу л чихээд, үүгээрээ идэж ууж байгаа өөр луйварчдын халхавчийг бий болгоод байна.

-Та ард түмэн өөрсдөө хандах ёстой гэж байна. Хандлаа гэхэд бүх л луйварт УИХ, Засгийн газар, намын удирдлагуудаас ч юм уу ямар нэгэн өндөр албан тушаалтан оролцсон байдаг учраас ард түмний гомдол шүүх цагдаа дээр очоод л хана мөргөж байна шүү дээ?

-Холбоотой байна гэдгийг гаргаж тогтооосон үед л би холбоотой байж гэж үнэмшинэ.

-Улстөрчийнхөө хувьд та зарчмаасаа өөрчлөгдөөгүй гэлээ. Тэгвэл ардчиллын төлөөх намууд маань зарчмаасаа өөрчлөгдсөн үү?

-Үнэнийг хэлэхэд 1990-ээд онд бидний байгуулсан улстөрийн намуудад улстөрийн үзэл бодлын ялгаа онолын төвшинд ч, амьдрал дээр ч байгаагүй. Харин ардчиллын төлөө гэдэг ганц эрхэм зорилго л тэднийг нэгтгэж байсан. Энэ зорилгоосоо өнөөдөр ч ухраагүй. Өнгөрсөн 20 жилийн туршид би нэг зарчим барьж ирсэн. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж тэмцэж явсан МоАХ, АСХ, Шинэ дэвшилт холбоо, Оюутны холбоо, эд бүгд нийлээд л ардчилсан хүчний нэг цул блок болох ёстой гэж. Эхлүүлсэн ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалах бэхжүүлэхэд энэ хүчнүүд хамтарч явах ёстой гэж үздэг. Тийм ч учраас би эдгээр хүчнүүдийг нэгдмэл болгохын төлөө зүтгэж ирсэн. Тэгж ч чадсан. Тэр болгонд би гар бие оролцож намын дарга энэ тэр ажлыг нь хийж явлаа. Яг ингэж явсан хүнийхээ хувьд хэлэхэд 1990 оны эхний зорилт бол өөр байсан. Ардчиллыг хүлээн зөвшөөрүүлж, ардчилсан Үндсэн хуульт төр засаг байгуулах. Тэр зорилгоо биелүүлсэн. Ардчилсан Үндсэн хуульт үзэл санааны хүрээгээр ардчиллаа бэхжүүлэх, хөгжүүлэх тэр том зорилго, зарчим маань өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Энэ том хүрээн дотор янз бүрийн алдаа дутагдал гарсан. Энэ бол байдаг л зүйл. Жишээ нь нэг том гол урсч байхад дунд нь ганц нэг булан тохойд салаа үүсч, ус тогтсон байдаг биз дээ. Энэ бол байдаг л байгалийн жам. Тэглээ гээд голын үндсэн урсгал өөрчлөгддөггүй. Үүнтэй л адил юм.  

-Парламентын хүчтэй сөрөг хүчин нь засагт орчихсон яваа нь гол зарчмаараа л яваа хэрэг үү. Ардчиллын зарчим мөн үү, энэ?

-Мөн гэж ойлгож болно. Нэг нь олонхи, нөгөө нь сөрөг болж явдаг, эергээр хэлбэл нэг нь хяналт тавьж явах нь ардчиллын ерөнхий зарчим. Гэхдээ заавал сөрөг хүчин байж хяналт тавих нь гол зорилго биш. Бүх шийдвэр нээлттэй, ил тодоор ард түмний төлөө хийгдэж, шийдэгдэж байх нь л ардчиллын гол зарчим. Хяналт тавихын зорилго нь төрийн үйл ажиллагаа ард түмэндээ үр ашигтайгаар хүрдэг үйлчилдэгт л байхаар илэрдэг. Энийг бид нэг нь олонхи, нөгөө нь цөөнх байснаар л хийгддэг гэж ойлгодог. Тэгвэл бид 2004, 2008 оноо аваад үзье. Энэ үеүдэд хамтарсан засаг байгуулахаас өөр арга байгаагүй гэж өнгөрсний хойноос мэргэн болоод ч яах вэ. Гол нь хамтарснаар ард түмэндээ яаж үйлчлэв ээ гэдгээ бодъё. Хэрвээ хамтарсан засаг байгуулаагүй, нэг нь олонхи, нөгөө нь сөрөг хүчин болж явсан бол эдийн засгийн орчин сайжруулах шийдвэрүүд, “дөрвөн 10” буюу татварын хөнгөлөлтүүд, эдийн засгийг сүүдрээс гаргасан татварын өршөөл, тэр байтугай ашигт малтмалын салбар, газрын харилцаан дээр өнөөдрийнх шиг өөрчлөлтүүд гарах байсан уу, үгүй юү. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. 1996-2000 онд бид тавиулаа, нөгөө тал 25 гишүүнтэй олонхи цөөнх болж  явахад бид ямар их хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байв. Цөөнх гэж олонхио л сөрж байдаг юм байна гэдгийг ард түмэн мэдрэх хэмжээний бэрхшээлийг туулсан. Монголын ардчилал ингэж төлөвшиж болохгүй ээ. Монголын ардчилал бол үр ашиг нь ард түмэндээ хүрдэг, үйлчилдэг төрийн тогтолцоотой явах. Магадгүй буруутгаж болно, МАХН дангаараа засаг барьсан 2000-2004 оны үр дүнгээ хар, дараа нь хамтарч засаг барьсан 2004 оноос хойшхи үр бүтээлээ хар. Тийм учраас хамтарсан Засгийн газар байгуулаад явж байгаа нь ардчиллын зарчмаасаа ухарч байгаа хэлбэр биш. Харин ардчилсан улс орны ард түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн чиг шугамынхаа төлөө явж байгаа хэрэг. Энийг ч гэсэн ардчиллын төлөө гэж үзнэ.

-Хяналт хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүд өөрсдөө хүртэл ярьж байгаа?

-Хяналт алга, хяналт үгүйлэгдэж байна гэж манай гишүүдээс ч ярьдаг. Би олонхитой нь санал нийлдэггүй. Өнөөдөр УИХ чиг үүргийнхээ дагуу Засгийн газарт хяналтаа тавиад явах боломж, эрхзүйн орчин нь нээлттэй. Улстөрийн харилцаа ч хатуу хяналттай яваа. Хамтарсан засагтай ч гэсэн буруу асуудал оруулаад ирвэл МАХН ч, манай намын бүлэг ч завсарлага авах эрхтэй. Аваад ч явж байгаа. Хоёр талаасаа ярьж байгаад л аль зөв гэсэн хувилбараар асуудлаа шийддэг. Гэтэл үүнийг зарим хүн “өө эд нар хуйвалдчихлаа” гэж бүхлээр нь харлуулж хардаг. Үгүй тэгээд яах ёстой юм бэ, хоёр талдаа завсарлага аваад таг гацаагаад суугаад байх уу. Төр засгийн ажил урагшаа явах ёстой. Монголын ардчилал анхнаасаа л зөвшилцлийн ардчиллаар явсан. Мөргөлдөөний ардчиллаар эхлээгүй. Тийм учраас зөвшлийн ардчилал буюу зөрүүтэй саналуудаас нэг нь ялагч, нөгөө нь ялагдагч биш, хоёулаа л ялагч болж чадах тийм хамтын шийдвэрийг гаргаж чадаж байгааг л би ардчиллын дээд загвар гэж үздэг.

-Хоёр нам хоёулаа биш, уг нь ард түмэн л ялагч болох шийдвэр гаргаж чадаж байвал л зөв юм биш үү?

-Мэдээж, хоёр зөрүүтэй байр суурийг зөвхөн ард түмэн, улс орныхоо эрх ашгийн төлөө нэгтгэж зөвшилцлийн шийдвэр гаргаж чадаж байна гэдэг бол ялагч нь ард түмэн л байна гэсэн үг.

-Одоо бол хоёр нам нь хоёулаа ялагч болчихоод яваа юм биш үү. Хамтарч албан тушаалаа хуваагаад л, тойрогтоо тэрбумаар нь мөнгө хуваарилаад л?

-Би наадахьтай чинь санал нийлэхгүй. Хэрвээ төр, засгийг хамтарч байгуулж л байгаа юм бол хоёр талаасаа л сайд нараа томилно. Тойрогтоо тэрбум төгрөг хуваариллаа л гэж байна. Аймгаас оруулж ирсэн санал Сангийн яаман дээр, дараа нь Засгийн газарт зөндөө хасагддаг. Гэтэл орон нутагт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь манай аймагт Өндөр-Улаан гээд 6000 гаруй иргэнтэй сууринд гэр цэцэрлэг ажиллаж байна. Шударга юм уу гэвэл шударга биш. Гэтэл тэнд цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын санал төсвийн төсөлд байхгүй. Орон нутгаас саналаа Сангийн яам, Засгийн газраар дамжуулаад өгөхөөр замдаа хасагдчихдаг. Гишүүд эндээс санал гаргаад Засгийн газарт буцаагаад төсвийн төслөө дахиад оруулаад ир гэхээр төсвийг батлах ёстой арванхоёрдугаар сарын 1 гэсэн хуулийн босго хугацаа тулчихдаг. Ийм бодитой шалтгаануудын улмаас тойргийн нэртэй боловч эцсийн дүндээ орон нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг баталдаг. Үүнийг ойлгох хүмүүсийн хувьд буруутгаад байгаа асуудлын гол нь нэг тэрбум төгрөгтөө бус, түүнийг бүх гишүүнд тэгшитгэж хуваарилсандаа байх шиг байгаа юм.

-Ер нь бол та хамтарсан засаг байх ёстой гэдэгт үнэнч юм байна, тийм үү?

-Уучлаарай, би үнэнч гэдэг нэр томъёог хэзээ ч хэрэглэдэггүй. Бидэнд өөр олон зам байгаа л байх. Яваагүй замууд нь зарим хүнд илүү харагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 20 жил улстөрд явсны хувьд, олонхи, цөөнхөөр хуваагдсан  сөрөг хүчний зовлонг биеэрээ мэдэрсэн улстөрчийн хувьд өнөөдрийн нөхцөлд хамтарч засгаа бариад цааш явах нь зөв гэж үздэг. Хэрвээ Засгийн газар ноцтой алдаа гаргахгүй бол бүрэн эрхээ дуусгах ёстой. Харин алдаа дутагдал гаргаж, ард түмний төлөөх зарчмаасаа хазайвал хамтарсан гэдэг нь Засгийн газарт хамгаалал, дархлаа болохгүй шүү дээ.  

-Хамтарч засгаа барих л байсан юм бол хэдэн сарын турш, ард түмнээ туйлдтал уралдаж, хөрөнгө мөнгө амлалтаараа талцаж сонгууль хийхийн хэрэг юу байна аа. Ерөөсөө нэг нам болчихвол яасан юм?

-Сэтгүүлчийн хувьд хэлээд байгаа өөрийн чинь дүгнэлтүүдийг би хүлээн зөвшөөрөх албагүй. Минийхийг ч хүлээн зөвшөөрөх албагүй. Жишээ нь ард түмнээ туйлдтал сонгууль хийлээ гэдэгтэй би санал нийлэхгүй. Ард түмнээ илүү сайхан амьдруулахын төлөө зүтгэхгүй байна гэвэл өөр хэрэг. Нэг нам болоод явбал яасан юм гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ хоёр намын улстөрийн платформ өөр шүү дээ.

-Цаасан дээр платформ нь өөр ч, сонгуулийн амлалт нь ижилхэн, амьдрал дээр хамтраад засаг бариад л явж байгаа биз дээ?

-Огт өөр зан үйлтэй хүмүүс хэрэгтэй үед хамтраад ажил хийдэг биз дээ. Чи дангаараа өргөөд даахгүй, нөгөөх нь ганцаараа өргөөд дийлэхгүй. Ийм юмыг өргөхийн тулд та хоёр өмнө нь зодолдчихсон гээд хоёр тийшээгээ хараад суудаггүй ш дээ. Хамтарч өргөөд л дараагийн ажлаа хийхийг бодно биз дээ. Энэ нь бас нэг мод хамтарч өргөлөө гээд л цаашдаа байнга хамт явна гэсэн үг биш шүү дээ. Үүнтэй адилхан дэлхий даяар санхүүгийн хямралтай хүнд нөхцөлд хамтрахгүй, сөрөг хүчин гэж хэлээд нэг нь саад болоод явбал харин ёстой ард түмнээ туйлдуулах болно. Олонхи цөөнх болж ялгараад шийдэж чадахгүй, зөвшлөөр л шийдэхээс өөр аргагүй асуудлууд тунарчихсан үед хамтрах нь нийгмийн захиалга. Бусад үед бол өөр. Ер нь ингэж нэг нам болчихооч гэж хэлүүлэхгүйн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй.

-Сонгуулийн пропорциональ хувилбарт шилжих ёстой гэж үү?

-Тийм. Сонгууль мөнгөнийх болж гүйцлээ. Тойргийн том жижгээс үл хамааран мөнгөний сонгууль боллоо. Үүнийг таслан зогсоох ёстой. 1996 оных хүртэлх улстөрийн сонгууль ингэж мөнгөний уралдаан болж байхыг би үзээгүй. Ийм байгаагүй. Улстөрд шинэ хүмүүс орж ирж байна. Орж ирэх ч ёстой. Хуучнууд нь муухай харагдаж байна. Олон түмнийг мөнгөөр өөртөө татах технологитой сонгуулийн хэлбэрт шилжиж байна. Ард түмнийг мөнгөөр татаж сонгогдсон хүмүүс УИХ-ыг юу гэж бодов, энд орж ирэхээр ямар болно гэж бодов, юуны төлөө УИХ руу зүтгэв гэдгийг бодох ёстой. Ийм замаар орж ирсэн хүмүүс цаашид сая өөрийн чинь дүгнэж хэлээд байгаа, миний эргэлзэж бодоод байгаа шигээр ардчиллын зарчмыг хазайлгаж ганхуулж ч болзошгүй. Тийм учраас одоо больё. 2008 оны сонгуулиар төгсгөл болгоё. Цаашид нэг тойрогт уягдсан биш, улс орныхоо бүхэл эрх ашигт нэгдсэн, улстөрийнхөө платформоор сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө уралдсан пропорциональ тогтолцоонд шилжье. Харин улстөрийн намууд нь нэр дэвшигчдээ дотооддоо хамгийн өргөн ардчиллын зарчмаар тодруулдаг байя. Сонгодог парламентын засаглалтай бусад улс орны хувьд ч пропорциональ тогтолцоо руу явж байгаа хандлага нь илүү байна.  

-Олонхи, цөөнх хамтарч засаг барьж байгаа нь сонгодог парламентын хэв шинж мөн үү. Энэ нь парламентын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа болов уу, хойш татаж байна уу?

-Зорилго нь юу юм гэдгээс л хамаарна. Парламентыг хөгжүүлнэ, парламент гэдэг нь олонхи цөөнхтэй байна, цөөнх нь олонхио сөрж явна гэдэг хэлбэр талаасаа бол өөр хэрэг. Энэ бол төгсгөлгүй цаг хугацааны орон зай доторхи үндсэн зонхилох зарчим. Жаахан математик талын томъёолол л доо. Зарим хүн ардчилал өөрөө төгс биш юм, гэхдээ үүнээс илүү сайныг олж чадаагүй л явна гэдэг. Ардчилал гэдэг нь зорилго биш, ард түмэндээ үйлчлэхэд арай нэг зөв зам нь ардчиллын энэ хувилбар юм аа гэсэн санаа энд байна шүү дээ. Тэрэн шиг хамтарсан засаг байгуулах нь төгс шийдэл биш байж болно. Гэхдээ өнөөдөртөө үүнээс илүү сайн нь алга. Бусад улсын жишээ ч ийм байна. 2004 онд л гэхэд Израильд, Германд хамтарсан засаг л байгуулж байлаа шүү дээ.

-Тийм л дээ, гэхдээ танаас АН-ын гишүүний хувьд асуухад Германд А.Меркелийн нам сая цөөхөн саналаар дахин олонхи болсон. Харин тэдний намтай өмнө нь хамтарч засаг барьж байсан нам нь бүр навс ялагдсан. Ийм хувь заяа 2012 онд АН-ыг хүлээж байвал яах вэ?

-Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд тэр хамтарсан Засгийн газрын Германы ард түмний төлөө хийсэн ажил нь л чухал. Ийм чухал зүйлүүд хийсэн гэдгийг олон түмэн тухайн үед мэдээгүй ч, хожим мэдэрч л таарна. Улстөрийн нам бол эрх мэдлийн төлөө хийснээ мэдүүлэх нь байтугай хийгээгүйгээ ч хийсэн мэтээр сурталчилдаг. Миний хувьд бүтэх ёстой юм бүтэж байхад намын рейтинг тодорхой хугацаанд унаж байх нь тийм чухал биш гэж үздэг. Хэрвээ ард түмнийхээ төлөө зөв юм хийсэн л бол тэр улстөрийн хүчин, улстөрч очих ёстой байрандаа хэзээ нэгэн цагт очиж л таарна.  

-Та парламентад хамгийн олон удаа сонгогдсон цөөхөн улстөрчийн нэг. Өнөөдрийнх шиг хамтарсан засагтай үед намын дарга Ерөнхий сайд хоёр тусдаа байх нь хэр зохимжтой вэ?

-Яах вэ, бид янз бүрээр л явж ирлээ. Яг өнөөдөртөө бол намын дарга, Ерөнхий сайд нэг байх нь тийм чухал асуудал биш. Харин сонгуулийн пропорциональ тогтолцоотой нөхцөлд намын дарга-Ерөнхий сайд нэг байх илүү шаардлагатай.  Зарчим нь илүү хосолно. Намын эрх мэдэл бол нам дотор байх зүйл. Тухайн нам засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нам дотор байгаа эрх мэдэл, төр засагт байгаа эрх мэдэл хоёр нь нэг түлхэлтээр явж байна уу, үгүй юү гэдгээс их зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, нам доторхи нэлээд хатуу сахилга батаар засгийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэвэл намын дарга-Ерөнхий сайд нэг хүн байх нь зайлшгүй. Харин хоёр нам хамтарсан засагтай байхад нэг намынхаар явахгүй шүү дээ. Ийм тохиолдолд нөхцөл байдлыг өөрөөр тайлбарлаж магадгүй.

-АН-ын гишүүний хувьд харахад өнөөдөр МАХН-ын эрх мэдэл дутсанаас үүдэлтэй гацаа түгжээ хамтарсан засагт ажиглагдаж байна уу?         

-Өнөөдөртөө, төрд гаргасан шийдвэрийн төвшинд тийм юм алга. Би өөр намын дотоод асуудалд тийм итгэлтэйгээр дүгнэлт хийж чаддаггүй. Ярих ч зохимжгүй. Гэхдээ МАХН-ын дотоод асуудал нь төрийн шийдвэр шийдлийг гаргах төвшинд ямар нэгэн байдлаар бэрхшээл үүсгээд байна уу даа гэсэн мэдрэмж байна.

-Энэ нь С.Батболдыг Ерөнхий сайд болсноос хойшхи мэдрэмж үү?

-Өмнө нь ч илүү анзаарагдаж байсан байж магадгүй.  

-Тэгвэл өөрийн намын асуудлыг ярья. Танай намд Барууны хүчний холбоо гэж байгуулагджээ. Та энэ байгууллагыг АН-д байдаг бусад фракцын төвшинд ойлгож хүлээн авч байна уу, эсвэл хэвлэлээр тунхаглаж зорилгыг нь шууд хүлээн авах байдлаар ойлгож байна уу?  

-Албан ёсоор хэлж байгаа төвшинд нь л ойлгоно. Энэ бол нам дотор фракц байгуулж байгаа хэрэг биш гэж.  

-Та яагаад элсээгүй юм бэ, УИХ дахь АН-ын сул гишүүдээс та л ганцаараа элсээгүй юм биш үү?

-Өнөөдөр төрийн албан хаагчид нам бус болчихлоо, эсвэл Хувьсгалт намд Зүүний хүчний холбоо байгуулчихлаа гэдгээс шалтгаалж тусдаа байгууллага байгуулах бодитой шаардлага надад харагдахгүй байна. Бидэнд АН байна, олон нийтийн хэлбэрээр ажиллая гэвэл МоАХ байна. Тийм учраас ардчиллаа хамгаална, АН ардчиллаа хамгаалж чадахаа болилоо гэдэг ярилцлагуудыг би эгдүүцэж хүлээж авч байгаа. Өөрөө дотор нь байгаа зүйлээ үгүйсгэж гарч ирэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол өөрөө төрчихөөд ээжийгээ үгүйсгээд төрөл арилжиж байгаатай адилхан. АН өнөөдөр ардчиллын хөтөч мөн үү, мөн. Цаашид ч хөтөлж явна.  Гэхдээ ардчиллыг өмчлөхгүй нь мэдээж. Өөрөө барууны хүчний холбоо гээд байна. Тэд бол тэгж нэрлэхгүй байгаа шүү дээ.

-Ардчилсан хүчний гэж байгаа?

-Энэ нэр томъёоноос нь үүдэж би нэг зүйл хэлье. Түрүүн ярьсан даа. 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ардчилсан хүчнүүд нэгдмэл байх ёстой гэж. Хэрэв үүнийг ярьж байгаа бол уучлаарай, бид, бүр жаахан онгирвол би хийчихсэн юм гэж хэлмээр байна. Заримдаа тэгж онгирч хэлээгүйгээсээ болж алддаг юм билээ. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчилсан хүчнүүд нэгдээд бид хийчихсэн юм.  

-Таны хувьд “Алтан гадас”-ыг байгуулах, Ардчилсан хүчний холбоог байгуулах нь тусдаа өөр өөр шалтгаантай байна уу?

-За яах вэ, хэвлэл, дөрөв дэх засаглал үнэхээр хүчтэй юм билээ. Үүнийг би нэг удаа өвдөг сөхөрч байгаад үнэнээсээ хариулчихъя. “Алтан гадас” бол хөгжлийн ассоциац. Бид 2000-2004 онд парламентад төлөөлөлгүй болсон. Тийм учраас хөгжлийн ассоциац байгуулж хөгжлийн арван зорилт дэвшүүлсэн. Тэр арван зорилт нь өнөөдөр төрийн гол үндсэн бодлого болоод явж байгаад би бардам явдаг. “Алтан гадас” хөгжлийн төлөө байгууллага байсан, одоо ч байгаа. Гэтэл М.Энхсайханыг АН-ын, Б.Эрдэнэбатыг Эх орон намын дарга байх үед энэ хоёр хүнээр дамжиж манай намын удирдлага алдагдсан тэр үед хүчтэй АН-ын төлөө хэн дуугарсан билээ. Дуугарсан тэр хэсэг хуралдаж таарна аа даа. Намын удирдлага өөр хүмүүст байсан учраас шилэн байранд хуралдах боломж байгаагүй. Тэгээд “Алтан гадас”-ын байранд хуралдлаа. Ингэхээр зэрэг нэр томъёоны зээлдүүлэлт болж “Алтан гадас”-ыг улстөрийн байгууллага мэтээр мушгиж нэрлэсэн. Зүй нь хүчтэй АН-ын төлөөх бүлэг “Алтан гадас”-ын байранд хуралдаж  байсан юм. Тэр бүлэг үнэхээр зөв шаардлага тавьж байсан нь өнөөдөр бүр ил тодоор болсоор байгаа. 2004 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтийг хар. Нэр дэвшүүлсэн хүмүүсээс нь Эх орон намын хэдэн хүн ялав. Гэтэл эвслийн суудлын гуравны хоёрт тэдний “Алтан гадас” гэж нэрлээд байгаа, бидний хүчтэй АН-ын төлөө бүлгийнхэн сонгогдсон. Дараа нь яав, үнэн нүүр царай нь гарч Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газрыг огцруулсны дараа хаанаас хэн хэн сайд болсон билээ, ард түмэн мэдэж л байгаа. Тийм учраас түүх үнэнээрээ бичигдэхэд “Алтан гадас” гэдэг хөгжлийн төлөөх байгууллагын нэрийг улстөрөөс салгаад, түүний оронд хүчтэй АН-ын төлөөх бүлэг гэж нэр орж ирнэ ээ. Тэрэнд би итгэдэг. Харин өнөөдрийн Ардчилсан хүчний холбоо бол нэр томъёоноосоо эхлээд нэг л бууж өгөхгүй байгаа юм. Төрийн албан хаагчид нам бус болсон учраас тэдний эрх ашгийг хамгаалах юм гэнэ. Энэ чинь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын л хийх ажил шүү дээ. Энийг жинхэнээсээ хийж чадаасай гэж байгуулсан байгууллага бол уг нь Төрийн албаны зөвлөл юм шүү дээ.  

-Гэхдээ л та “Алтан гадас”-ынхан улстөрийн хүчтэй бүлэглэл болсныхоо үр дүнг улстөрд үзэж хүртсэн гэдэгтэй та санал нийлнэ биз дээ?

-Хүчтэй АН-ын төлөө гэсэн тэр хэсэг намаа хүчтэй хэвээр нь үлдээх гол суурь багана нь болж чадсан. Чадсан учраас АН-ыг хүчтэй байх үеийн тэр үр дүнгээс хуваалцаж хүртсээн.  

-Одоо энэ бүлэглэл байгаа юу?

-“Алтан гадас” гэдэг хөгжлийн төлөө байгууллага байгаа. Энийг байгуулсан хүмүүс нь хөгжлийн төлөөх тэр зорилгоосоо урваагүй яваа. Улстөрийн талаасаа ч хүчтэй АН-ын төлөө гэсэн үзэл санаанаасаа тэд татгалзаагүй яваа гэдэгт итгэлтэй хариулах байна.

-Ардчилсан хүчний холбоо бол намын удирдлагыг солих, Н.Алтанхуягийг намын даргаас огцруулахад зориулагдсан улстөрийн бүлэглэл байж болох уу. Сүүлийн үед ийм таамаг, ярилцлагууд ч хэвлэлээр гарч байна?

-Түрүүн би хэллээ ш дээ. АН ардчиллын хөтөч байж чадахаа болилоо гэж үзэж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй гэж. Түүнчилэн Засгийн газарт хамтарч байгаа нь буруу гэж түүний төлөө зохион байгуулалтад орж байгаа бол би үүнтэй санал нэгдэж чадахгүй. Нэг зүйлийг гоё сайхан нэрээр байгуулаад, цаад зорилгоо нуувраар гаргаж ирэх юм бол энэ шударга биш. Нумаа нуугаад сумаа тавина гэдэг бол хулчгар зүйл. Улстөр тэгж бухдаггүй. Хэрэв бухах юм бол өөрсдөө тэр бухалтандаа унадаг. Улстөрд олон жил явсан хүний хувьд хараад байхад бусдыг бухах гэж оролдвол, магадгүй нэг удаа тонгорч чадсан ч, дараа нь өөрөө заавал тонгоруулдаг.      

-Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах шалтгаан байхгүй гэсэн үг үү?

-Би тийм үндэслэлийг олж харахгүй байгаа.