-Мэдээлэл олж авах эрх чөлөөг хуульчлах биш, боомилох гэж байна-    

Цагаан ордны арга хэмжээний үеэр Америкийн Ерөнхийлөгч ганц л хүн рүү өөрөө очиж гар барьдаг. Энэ бол Цагаан ордонд тогтсон уламжлал. Үе үеийн Ерөнхийлөгч нарыг өмнөө ирүүлж гараа сунгасных нь дараа хариу мэндэлдэг тэр том хүн бол “Вашингтон пост” сонины ерөнхий эрхлэгч. Энэ нь Ерөнхийлөгч тэр хүнд долигонож байгаадаа юм уу, ерөнхий эрхлэгч томдоо биш юм. Ерөөс Цагаан ордны бодлогыг “Вашингтон пост”-ын ерөнхий эрхлэгч юу гэж ойлгоно, Америк тэгж харна гэж үздэг байна. Энэ бол манай улстөрчдийн даган дуурайх дуртай холын Америк чөлөөт хэвлэлд ямар хүндэтгэлтэй ханддагийн жишээ. Одоо Цэцийг улстөрийн шахалтад оруулаад байгаа 76 тэрбум төгрөгийг эрхэм гишүүд мөн л “Конгрессын гишүүд ч мөнгө авдаг” гэж Америктай барьцаж байгаад тойрогтоо хуваарилсан билээ.

Оршин тогтносон цаг хугацаа, чөлөөт сэтгүүлзүйн хөгжлийн төвшингөөр нь “Вашингтон пост”-ыг манайхантай харьцуулалтгүй л дээ. Гэхдээ л Монголын чөлөөт сэтгүүлзүй бол 1990 оны цагаан морин жилтэй хамт мэндэлж, ардчилсан хувьсгалын туг нь болж явсан. Одоо Монгол Улс ардчилсан орон гэж бусдад үнэлүүлж байгаа нь ч чөлөөт хэвлэл ямар нэгэн хэмжээгээр байгаагийнх билээ.  Чөлөөт хэвлэлгүй бол ардчилсан нийгэм тогтохгүй. Энэ утгаараа 1990 онд ардчиллын залуусын эхлүүлсэн ардчиллын цөмийг өнөөдөр Монголын чөлөөт хэвлэл үргэлжлүүлж, муу сайнаар хэлүүлэн өмгөөлж яваа. Зөвхөн УИХ дээр л гэхэд гишүүд 76 тэрбумын авлигаа төсөв захирагч нарын багцад нууж хуульчилсныг, хууль санаачилсныхаа төлөө төсвөөс 35 сая төгрөг авсныг,  парламент хянах ёстой Засгийн газраа толгой дээрээ гаргачихсаныг, намууд өөрөөр нь дамжуулж байгуулсан төртэйгөө хамт бүлэглэлүүдийн тоглоом болсныг сэтгүүлчид л мэдээлж, нийгэмд дэлгэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд улстөрөөс хамгийн ангид байх учиртай, тийм хуультай Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг намууд нэг нэгээр нь квот болгон авч улстөрийн томилгоо хийх гэж  байна. Дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголбанкны ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн энэ эрхэд намууд халдан нэр дэвшүүлж, намуудын саналыг Монголбанкны ерөнхийлөгч нь танилцуулах төдий үүрэг гүйцэтгэж явна. Энэ бүгдийг сэтгүүлчид мэдээлэхийн дээдээр мэдээлж, олон түмэн ч ойлгохын цаагуур ойлгож байгаа. Гагцхүү шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүдэд олон түмнээс айж ичих айдас, өөрийг нь сонгосон ард түмэн, төрөө хүндлэх ёс суртахуун даанч алга. Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг. Түүнтэй  адил чөлөөт хэвлэлүүд үнэнийг яаж ч, хэд ч мэдээлсэн чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг цагаандаа гарсан дампуурал энэ УИХ, хамтарсан Засгийн газрын үед бүр гаарлаа.  

Сэтгүүлчид эрхэм гишүүдээс “Вашингтон пост”-ын дайны хүндлэл хүсээгүй. Ердөө шударгаар, эрх ашгийн зөв эрэмбээр, сонгуулийн үеэр санал гуйж явахдаа ярьж байсныхаа ядаж 20 хувьд хүрч ажиллахыг хүсдэг. Энэ бол сэтгүүлчдээр л дамжиж байгаа болохоос эрхэм гишүүдийг сонгосон ард түмний хүлээлт билээ.  

Монголын сэтгүүлчдэд 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, үзэг хоёроос өөр зэвсэг, хамгаалалт байхгүй. Э.Бат-Үүл нарын санаачилсан 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөөний тухай хууль тухайн үеийн төрийн мэдлийн “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинуудын статусыг халах гол зорилго л гүйцэтгэснээс бус, мэдээлэл олж авах эрх чөлөө, эх сурвалжаа нууцлах гээд сэтгүүлзүйн амин чухал заалтуудыг огт хуульчлаагүй юм. Мэдээлэл олж авах эрх чөлөөг байг гэхэд, Испани, Португал шиг Үндсэн хуулиараа, Швед, Австритай адил Хэвлэлийн тухай хуулиар, францууд шиг Эрүүгийн болон Иргэний хуулиараа баталгаажуулсан эх сурвалжаа хамгаалах эрхзүйн зохицуулалт Монголын сэтгүүлчдэд байхгүй. Харин сүүлийн үед Мэдээлэл олж авах эрх чөлөөний хуулийг одоогийн Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй хэсэг гишүүд санаачилсан ч, хоёр парламент дамжин сураг алдарлаа. Сэтгүүлчдэд цонхны цаанаас чихэр долоолгож горьдоож явсан УИХ өнөөдөр мэдээлэл олж авах эрх чөлөөг харин ч боомилсон хууль журамд шилжих гэж байна. Энэ нь удахгүй УИХ-ын Байнгын хороодын хуралдааныг сэтгүүлчдэд хаалттай хуралдуулах тухай юм. Нэр бүхий гишүүд ийм төсөл санаачилж өргөн барьсан бөгөөд заавал хуульчлах уу, эсвэл журмаар зохицуулж болох үгүйгээ ярьж байгаа юм байна. Алинаар нь ч шийдсэн Байнгын хороог сэтгүүлчдэд хаалттай хуралдуулж, дараа нь тэндээс гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд нэгдсэн байдлаар мэдээлэх, ярилцлага өгөх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашлаад төслийн хүрээнд УИХ-ын нэгдсэн хуралдааны танхимд сэтгүүлчдийг оруулахгүй, тусгай өрөөнд суурилуулсан дэлгэцээр үзүүлэх санал ч явж байна. Өөрөөр хэлбэл, парламентын сэтгүүлчид Төрийн ордонд байрлуулсан мини кинотеатрт “тухалж”, дэлгэцээр зөвхөн операторын үзүүлснийг бичиж, телевизийн сэтгүүлчид нь зураглаачтайгаа амьд холбоогүйгээр авсан дүрсийг нь дахин дамжуулах хэлбэрт шилжих нь ээ. Хамгийн эхний ээлжинд Байнгын хороог л хаалттай болгох “галт тэрэг” Төрийн ордонд хөдөлж эхэлсэн байна.     

Намын бүлгүүд бол УИХ-ын бүтэц. Уг нь бүлгүүдийн хурал сэтгүүлчдэд нээлттэй болдог байв. 1996, 2004 он, бүр 2000 оны нэг намын парламентын үед ч бүлгийн хурал сэтгүүлчдэд нээлттэй болдог байлаа. Энэ УИХ-ын үед намын бүлгүүдийн хурал тас хаалттай болдог жишиг тогтов. Бүлгүүдээс улстөрийн шийдвэр гардаг учир хааяа хаалттай хуралдаж болохыг үгүйсгэмгүй. Харин Байнгын хороо бол өөр. Бүлэгтэй адил УИХ-ын бүтэц ч, тэндээс улстөрийн шийдвэр гардаггүй. Төрийн шийдвэр гардаг. Байнгын хороо бол хэлэлцэх асуудлаа хайрцаглан, саналын томъёололд оруулах хүртлээ маш сайн ярьдаг хамгийн чухал бүтэц. Нэгдсэн чуулган бол Байнгын хорооны оруулж ирсэн саналаар санал хурааж эцсийн шийдвэрийг л гаргадаг. Тийм учраас УИХ-ын шийдвэрийн ихэнх нь Байнгын хорооны төвшинд гардаг. Энэ чухал бүтцийн хуралдаан сэтгүүлчдэд хаалттай болно гэдэг нь УИХ бүхлээрээ хаалттай болж байгаа л хэрэг. Жоомоо алах гээд гэрээ нураав гэдгийн үлгэрээр гишүүдийн  камер хараад эх орончийн дүрд хувирдаг улстөржилтийг хязгаарлахын тулд Байнгын хороог хаалттай болгох нь парламентыг бүхлээр нь хаалттай болгож байгаатай л адил. Сэтгүүлчдэд хаалттай УИХ ард түмэнд ч хаалттай болно. Хаалттай хурлаас үнэн, бодитой мэдээлэл гарахгүй. Сөрөг хүчин нь засагт хамтарсан учраас олонхи нь хяналтгүй. Хамтарсан засагтай тул Засгийн газар нь УИХ-аас хяналтгүй. Байнгын хороо нь хаалттай учраас УИХ нь хэвлэлийн хяналтгүй.  

Байнгын хороог хаалттай хуралдуулахыг эсэргүүцэхгүй бол 20 жилийнхээ босгон дээр  байнгын ажиллагаатай парламент маань  байнгын хаалттай парламент болж өөрчлөгдөх нь ээ.     

Байнгын хороо нь хаалттай хуралддаг парламенттай улсууд бий л дээ. Манайх тэр төвшинд хүрээгүй. Монголын сэтгүүлзүйг “Вашингтон пост”-той зүйрлэх болоогүйтэй адил манай парламентын төлөвшлийг Англи, Америкийнхтай зэрэгцүүлэх болоогүй. Хамгийн наад зах нь одоо нээлттэй байгаа энэ үедээ ингэж улайм цайм хуйвалдаж хувааж байгаа юм чинь хаалттай болбол бүр цагаандаа гарна. Хаана байгаагаа, хэний төлөө юу хийхээ мэддэг хүмүүс сонгогдож, хуйвалдаанаар бус, гагцхүү хуулиар ажилладаг болсон цагт бол өөр. Харин намууд нь хуулийн, Засгийн газар нь УИХ-ын, парламент нь ард түмнийхээ хяналтаас гарчихсан энэ үед, эрхэм улстөрчдөд  чөлөөт хэвлэл л айхгүй ч гэсэн аягүйн дохио, даруулга болж байдгийг мартамгүй.      

Конгрессын гишүүд ч мөнгө авдаг гэж барьцаад 76 тэрбумыг хувааж байгаа нь харвал манай парламент холын Америкт тун ойртсон ч юмшиг. Парламентаа хаалттай болгож, чөлөөт сэтгүүлзүйд хандаж байгаа нь үзвэл холын Америк холоороо л  байна даа.  

Г.ОТГОНБАЯР