Юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ?
Сонгууль булхайтай болсон. Үүнийг сонгуулийн хорооны дарга хүртэл өөрөө зөвшөөрсөн.
Дахин тооллого явуулъя гэдэг ерөнхий зарчим дээр талууд тохирох шиг боллоо. Эхлээд таван тойрог гэж байснаа сүүлд нь Баттулга гэх том дарга гурав болгоод оруулаад ирлээ. Ардчилсан нам үүнийг ядахнаа 5 тойрог байх ёстой гэж маргаж байна. Зүгээр, надаас асуудагсан бол ээлж дараатайгаар маргаан гарсан бүх тойрог дээр дахин тооллого явуулчихмаар санагдаад байгаа юм. Гэхдээ би ийм шийдвэр гаргагчийг сонгогч болохоос шийдвэр гаргагч биш учраас саналаа л хэлж байна. Миний бодоход эхний ээлжинд тангараг өргөхдөө гол хоёр улс төрийн намын гишүүний тоо аль алиных нь 39-д хүрэхгүй байвал хоёр тал хэлэлцээ хийх тэнцүү боломжтой болно. Ийм саналыг З.Энхболд тавиад байгаа л даа. Би л лав дэмжиж байна. Үнэндээ луйвар орсон болохоор аль тал нь сонгуулийн дүнгээр ялсан нь тодорхой биш гэсэн үг шүү дээ.
Маргалдагч хоёр тал хүн томилоод хэлэлцээ хийх баг бүрдүүлжээ. Мал хөлөөрөө, хүн хэлээрээ, болж л байна. Хэлэлцээ хийх утга учир нь нэгэнт сонгуулийн явц луйвар гэхээ болъё гэхэд будилаантай болсон учир тэр асуудал дотроо л хэлцэж тэр л асуудлаа шийдэхэд чиглэмээр байдаг. Гэтэл хэлцэх асуудалд Үндсэн хууль өөрчлөх тухай яригдаад эхэлдэг байгаа. Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг хүчингүй болгоно гэж нэрлэж байна. 1999 оны нэмэлтээр буй болсон Үндсэн хууль чинь мөн л зүгээр л Үндсэн хууль шүү дээ. Одоо нэмэлт өөрчлөлт оруулбал бас л зүгээр Үндсэн хууль гэж нэрлэгдэнэ. Нэмэлт өөрчлөлт, түүнийг хүчингүй болгосон, дахин сэргээсэн гэх мэтийн асуудал бол хуулийн өөрийнх нь түүх юм, энэ утгаараа ач холбогдол ч бага.
Сая Ерөнхийлөгч Монгол улс 116 УИХ-ын гишүүнтэй болчоод байгааг зарлалаа. Тоглоомоор л хэлж байгаа байх л даа. Гэхдээ үнэндээ манайх хууль тогтоох эрх бүхий ганц ч хүнгүй болчоод байна. Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан дуудсан учраас түрүүний хурлын гишүүдийн эрх үлдсэн болохоос УИХ нь хууль тогтоох институцын хувьд бүрэн дуусгавар болсон. Юун Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай Нямдорж шиг сэм засах ч эрх байхгүй "хий тоологдсон" 116 хүн л байгаа байх. Тэд хууль өөрчлөх тухай ярьж байгаа бол долоон буудлын Должин эмээд ч бас тийм эрх бий. Тангараг өргөөгүй бол тэдний хэнд нь ч ямар ч эрх нээгдэхгүй.
Цаашлаад Үндсэн хуулийн 1999 оны өөрчлөлтийг МАХН, МҮАН, МСДН гэсэн тэр үед УИХ-д суудал эзэлж байсан гол гурван нам зөвшилцөн хэлэлцэж байж хийсэн юм. Худлаа гэвэл бүгдийнх нь гарын үсэг тэнд байгаа. Төрийн эрх барьж байсан, парламентад олонхи суудлыг эзэлж байсан Ардчилсан хүчнийхний зүгээс энэ өөрчлөлт нь улс орныхоо ирээдүйг бодсон том хүлцэл, сайн санааны илрэл байлаа. Тухайн үед суудлын 66 хувь нь ирц бүрдүүлдэг нормтой байсан нь цөөнхи МАХН-д хэт давуу тал олгож төрийн машиныг гацаах гол арга нь болж хувирсан билээ. Тэр жилүүдэд махновцууд 120 гаруй удаа хурлыг хаяж сүржигнэн төрийн машиныг ямар ч шийдвэр гаргахгүй болгон бах таваа хангаж байв. Зарим саналыг нууц өгч болдог тогтолцоо байлаа. Уул нь ард түмнээс сонгогдсон элчийн ямар асуудалд яаж санал өгч байгаа нь эргээд ард түмнийхээ өмнө ил тод байх зарчимтай л даа. Гэтэл энэ гажигтай тогтолцоо нь богино хугацаанд 4 Засгийн нүүр үзэх байдалд хүргэжээ. Урвагчид, увайгүй шаарууд, явцуу эрх ашгийн шинэ бүлэглэлүүдэд энэ нь сайхан боломж олгож байлаа. Үндсэн хуулийн зарчмаараа бид парламентийн засаглалтай боловч Ерөнхийлөгчийн тухай заалтууд нь тодорхой бусаас болоод түүнд логикоор олгогдоогүй эрхийг нь атгуулж байв. Мань Багабанди Засгийн газрыг хэнээр толгойлуулахыг шийддэг болж "зөвшилцөл" гэдэг үгийг мөн ч сайхан мушгин гуйвуулж байсан даа. Ганболдын нэрийг 7 буцааж байлаа. Ерөнхий сайд болохоор горилогчид өөрийн явцуу шаардлагаа ч тавьж "зөвшилцөх" гэж байлаа. Муутай ч сайтай ч Монголын төр, цааш ийм утга учиргүй механизмаар явах ёсгүй гэсэндээ Ардчилсан хүчин дараагийн парламентаас мөрдөгдөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал болгосон юм. Дараагийн парламент МАХН-ынх, Ерөнхий сайд нь Энхбаяр гэдэг нь тэр үед дэндүү тод болчихсон байсан хэрэг. Гэхдээ Энхбаяр мөнхийнх биш, ардчилсан зарчим, ардчилсан төр мөнхийнх гэсэн хүлцэл бүхий сайн санааг бид гаргаж байв.
2005 оноос хойш энэ өөрчлөлтийг хүчингүй болгох яриа их гарч эхэлсэн. Яриа гарч эхэлсэн цэг ч юмыг ялигүй логиктой харж чаддаг хүнд илэрхий байлаа. Харин энэ нь санал санаачлагыг гаргаж ирсэн улс төрийн хүчний албан ёсны шаардлага болоод босоод ирнэ чинээ санасангүй. Тэгээд тэрийгээ Монголын төр залгамжлан үргэлжлэх эсэх гэсэн маш хурц асуудлаар барьцаалагдан орж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ? Бүр болоогүй, сонгуулийн луйвар булхай ярьж байхад бидний амьдарч байгаа үндсэн зарчим, механизмтай холбогдуулж байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд? Эхний ээлжинд ганц хүнд л хэрэгтэй мэт харагдаад байна.
Монголд хууль тогтоох, өөрчлөх, орондоо болон жорлондоо засах эрхтэй ганц ч хүн өнөөдөртөө байхгүй байгаа шүү. Хоёр намын хэлэлцээ нь сонгуулийн булхай луйврыг засах, луйвраас үүдсэн хор холбогдлыг аль болох багасгах чиглэлээр л байх ёстой баймаар. Бусад асуудлаар ярих эрх хэлэлцээрт орж буй хэнд нь ч байхгүй. Яагаад гэвэл тэд тангаргаа өргөөгүй, яагаад гэвэл тэдэнд тэр эрх нь нээгдээгүй байгаа. Асуудал халина халина гэхэд арай ч дэндэнээ!
uoooooo