Сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга болон Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Ардчилсан намын дарга Цахиагийн Элбэгдорж, Монгол ардын хув
Сонгууль болон сонгуулиас үүдсэн үймээн самуунаас болоод Монгол орны нийгэм улс төрийн байдал хүнд гацаанд орлоо.
Үүссэн нөхцөл байдлыг дүгнэх, шүүмжлэх, маргах, яллахаас өмнө улс орны байдлыг тогтворжуулах, дараагийн гарч ирэх бэрхшээлээс урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болчихоод байна. Хэн ялснаас үл хамаарч сонгуулийн үр дүнгээр төрийн удирдлага менежмент сүбьектээ сольдог тогтолцоотой хуультай улс. Эрх барьж байсан хүчин ялалт байгуулсан байлаа ч удирдлагыг төлөөлж буй хүмүүс солигдон шинээр сонгогдож томилогддог. Энэ явах ёстой процесс гацаанд орсноос болж нийгэм удирдлагагүй болон, дараагийн магадгүй илүү ширүүн үймээн самуун үүсэх нөхцөл бүрдэж байна. Хууль тогтоох институци, түүнээс томилогддог гүйцэтгэх институцийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нэгэнт дууссан, дараагийн төлөөлөл үүргээ гүйцэтгэж чадахгүй саатах нөхцөл бүрдээд байна. Энэ байдал удаан үргэлжилбэл эсвэл хууль бус дур зоргын засаглал үүсэх, эсвэл хэн ч үл засаглаж эмх замбараагүй байдал ноёлно. Төрийн шүүх болон гүйцэтгэх засаглал ердийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэн бүрэн хүчгүйднэ.
Дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа өнөөгийн таагүй нөхцөл удирдлагагүй болсон манай орны хүчин мөхөсдсөн байдалд улам ташуур өгөх болно. Монголд хэн засагласнаас үл хамаарч шатахуун болон хүнсний үнэ улам нэмэгдэх ба оны эцсээр инфляци тэртэй тэргүй 50 хувиас давах болно. Эдийн засгийн энэ эмзэг байдал хэврэг болсон нийгмийн сэтгэхүйд хүчтэй үйлчлэн юунд ч хүрч болох юм. Төрийн машин хүчгүйдэхийн хэрээр түүнд төлөөлөн суугаа бие хүмүүс хариуцлагаас зугтах төдийгүй өөрснөө өдөөн турхирагч, асуудлыг улам хурцатгагч болон хувирна. Авилга хээл хахууль болон бусад бүх төрлийн гэмт хэрэг өдрийн цагаан гэгээнд ил тод гарч ирнэ. Өнөөгийн зарчмын том маргаан маргааш тун ч өчүүхэн шальгүй хэрэг болж хожим хаа хаанаа амаа барих дээрээ тулж болох юм. Тэр цагт асуудлыг зохицуулах, нааштайгаар эргүүлэх өртөг хэтэрхий өндөр болсон байж болох юм.
Сонгууль бүхний нүдэн дээр нуль будилаантай булхайтай болсон, үүнтэй маргах ч хүн үгүй биз. Гэхдээ нэр дэвшигчид болон сонгогч олон гэхээсээ сонгуулийн тогтолцоо хийгээд сонгуулийн хууль илүү маапаантай байсныг зөвшөөрөх хэрэгтэй. Сонгуулийн хууль зөрчөөгүй нэр дэвшигч бараг байгаагүй нь ерөөсөө хууль нь тодорхой бус, болох болохгүйн заагийг тогтоож өгсөн нь амьдралтай нийцэшгүй, авах арга хэмжээ нь ойлгомжгүй, хууль зөрчсөн эсэхийг хэдэн ч янзаар тайлбарлаж болохуйц байсантай холбоотой. Энэ байдал нь нэр дэвшигчид санаандгүйгээр хууль зөрчих энүүхэнд болж санаатайгаар зөрчих явдлыг хавтгайруулжээ. Одоо дүн гарсны дараа хуулиа эргээд яс барьвал бараг нэг ч хүн парламентэд орж чадахгүй. Энэ нь логикоор сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм.
Гэвч ийм бололцоо байхгүй. Сонгууль дахин явуулах гэж байгаа бол дор хаяж хоёр жил хэрэгтэй. Тэгээд ч одоо дахивал хуулиа сахьсан зөв сонгууль явах бололцоогүй. Учир нь тэртээ тэргүй тогтолцоо хийгээд хууль нь гажигтай, дараагийн шинэ хэрүүлийн эхлэл болно. Шинэ сонгууль явуулахын тулд бидэнд шинэ тогтолцоо, шинэ хууль хэрэгтэй.
Ингэхээр саяхи сонгуулийн явцыг бус, гарсан дүн дээр нь нягтлан шалгалт явуулсан нь дээр. Нийт тойргийн 20 хувиас хэтрэхгүй буюу 5-6 тойрог дээр дахин тооллого хийх нь хамгийн оптимал боломжит арга. 76 суудлын 70 хувиас багагүйг нь сонгуулийн дүнгээр хүлээн зөвшөөрч тангараг өргүүлээд шинэ парламентийг ажилд нь оруулж улмаар Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагатай. Гэхдээ дахин тооллого хийж буй тойргуудад эрс зөрчил гарах аваас гомдол гарсан дараагийн ноцтой тойргуудыг тоолно. Иймээс тангараг өргөж буй гишүүд дахин тооллогоор хасагдаж болохыгоо урьдчилан зөвшөөрөх ёстой. Онц ноцтой зөрчлүүд тооллогоор гарсаар байвал ийм маягаар бүх тойргийн саналыг ээлж дараалан дахин тоолж болох юм. Хэрэв дахин тооллогоор сонгуулийн дүнгийн харьцаанд өөрчлөлт гарвал Засгийн газрыг огцруулаад шинээр байгуулж болно.
Шинэ парламентийн энэ ондоо хийж дуусган батлах ажил бол сонгуулийн шинэ тогтолцоо ба түүнд тохирсон хууль юм. Сонгуулийн хороог зөвхөн шинэчлэх төдийгүй уул байгууллагатай холбоотой нарийвчилсан хууль гаргах хэрэгтэй. Сонгуулийн хороо нь зурвас үед улс орны хамгийн дээд эрх бүхий институци мөн.
Сонгуулийн дүн ба түүнээс улбаалж үүдсэн үймээн самуун нь шийдвэр гаргах үүрэгтэй дарга нарыг гүн цочролд оруулсан тул эс үйлдэх, үл дуугарах эсвэл хямрал руу улам татагдсан санал гаргах, эдгээр үйлдэл ба эс үйлдлээрээ улс орныг мухардалд оруулах тал руу түлхэж буй тул өчүүхэн миний бие энэ саналыг бие даан гаргаж зүрхлэв.
Эрхээ солилцож буй хоёр парламентийн гишүүд “хүчирхийллийн эсрэг” хамтарсан тунхаг гаргах хэрэгтэй санагдана. Мөн хуулийн байгууллагууд галдан шатаалт, дээрэм тонуул хийсэн болон санаатайгаар удирдсан хүмүүсийг илрүүлж хуульд заасны дагуу яаралтай цээрлүүлэх хэрэгтэй боловч үүнийг хувь хүний үзэл бодолтой огт холболгүйгээр зөвхөн цэвэр эрүүгийн үйлдэлд нь шийтгэх дээр анхаарах хэрэгтэй. Улс төрийн голлох хоёр намын дарга тус тус өөрийн намаас санкци эрхээ аваад биечлэн уулзаж улс орныхоо эрх ашгийн тулд тохиролцоонд хүрэх нь маш чухал асуудал юм. Ингэснээр ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ буй болгож чадна. Өнөөдөртөө Үндэсний эвлэрэл энэхүү улс төрийн хоёр намаас шууд хамааралтай.
Цаашид бидэнд цаг алга. Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь энэ ард түмний эв нэгдлийг хангаж байх үндсэн үүрэгтэй. Буй болсон хурцадмал нөхцөл байдлыг Ерөнхийлөгч буруугаар ашиглахгүй гэж найдаж байна. Улс орны өмнө сонгуулийн хорооны дарга ч, хоёр том намын дарга ч маш их хариуцлага хүлээж буй гэдгээ ухамсарлаж байгаа гэдэгт үнэнхүү итгэж энэ ил захидлыг бичив. Гол нь миний бие шийдвэр гаргах төвшингийнх биш, нөгөөтэйгүүр дээрх тулгамдсан бүх хэрэг явдалтай сонирхлын зөрчилгүй, хамааралгүй учир илүүтэй хөндлөнгийн этгээд тул асуудалд бодитой дүгнэлт өгч зөв гарц олохыг та бүхэнд уриалж байна..
Ёсолсон БААБАР