МАХН засагт орсон биш ашгүй Бурханы телевизээр ард түмэн биднийхээ амьдрал хэрхэн сүйрэн доройтож, ядууран мөхөж буй тухай гасалж суудаг нь арай гайгүй болоо юу даа. Гэхдээ “их ах”-ыг нарснаас гаргахгүй бол тэдний нүдээр буцаад л ард түмний амьдрал балраад сүйрээд ирэх байх л даа. Уул нь Бурхан багш “Ертөнцийг чи ямар нүдээр харна чамд тийм л харагдана” хэмээн сургажээ. Бурханыхаа үгэнд ордоггүй Бурханы телевиз ээ гэж...

Манай нийгэмд болж бүтэхгүй зүйл их байна. Бүүр маш их ч байж магадгүй. Мэдээж энэ байгаа хар бараан бүхнээ ярилгүй яахав, сануулалгүй ч яахав. Гэхдээ хар бараан зүйлс маань үнэхээр яадгаа алдтал, бүхнийг үгүйсгэтэл гаслах хэмжээнд их байна гэж үү? Яг энэ тухайд би Э.Бат-Үүлийн хэлсэн нэг зүйлтэйтун их санал нийлдэг юм. Түүний хэлсэн зүйл ньядуурал ихсээд байгаа биш, харин ч улам баян хүмүүс нь их болж байгаа буюу ерэн оноос өмнө бид бүгдээрээ л ядуу байсан гэсэн санаа л даа. Нээрээ л бодоход тэр үетэй харьцуулахад ядуучууд биш баячууд л нэмэгдсээр байгаа нь үнэн. Болж бүтэхгүй зүйлсийг энэ удаадаа түр хойш тавиад монголчуудын амьдралд бий болсон зарим нэг эерэг хандлагуудын талаар саналаа хуваалцъя гэсэн юм аа.

Тухайлбал, монголчуудын үндэсний үзэлүнэхээр сэргэн мандах боллоо. Өнгөрсөн цагаан сар, наадмаар хаа сайгүй л хоёр гараа алдлан ёсолсон, мэндчилсэн, уухай хашгирсан хүмүүс уулаар нэг, талбайгаар дүүрэн. Хэлбэрийн төдий гэж шүүмжилж болох ч улс үндэстнээрээ бахархан бардамнан байгаагийн маш сайхан хандлага юм. Цагаан сарыг зардал ихтэй, төвөг чирэгдэлтэй баяр гээд л шүүмжлээд байдаг, гэтэл хүмүүс улам л өргөн дэлгэр, улам л сайхан тэмдэглэсээр байна. “Монголоо алдмар” гээд л хөгшчүүд залуучуудыг шүүмжилдэг, харин ч залуучууд монголоо олох гээд л дээлээ ч өмсөөд л, хөөргөө ч бариад л, ёс заншлаа ч дагаад л сүрхий байнам биш үү.



Мөн одооны хүүхдүүд ном уншихаа байлаа, тархи өлсөх л хамгаас хэцүү, гэдэс өлсөх ч гайгүй гээд л сэхээтэн голдуу манай хөгшчүүд залуусаа их л шүүмжилдэг. Харин одоо залуучууд хэнээр ч хэлүүлэлтгүй ном уншдаг болсон байна. Зарим нэг залуучууд яг үнэндээ нөгөө цээжээ дэлддэг  сэхээтнүүдээс ч илүү уншиж байгаа байх. Ерөөсөө л ерэн оноос зах зээлд орлоо, юун ном манатай ганц бөөрөнхий талхны төлөө амиа өгч байсан үеийг бид туулж гарсан. Хүн эхлээд л хоол ундаа гэдэг, үүнийгээ шийдсэнээр л өөр олон юманд цаг сэтгэл гаргах боломжтой болдог аж. Гадаад хэлний хувьд ч гэсэн олон залуучуудын хувьд асуудалгүй болсон, одоо харин англи хэлийг биш буцаад монгол хэлээ л сайн сурах ажил гарч мэдэхээр болсон байна.

Сүүлийн үед монгол хүмүүс өөртөө тун итгэлтэй болцгоожээ. Энэ нь монголчуудын гадныханд хандах хандлагаас тун тод харагдана. Дээд түвшиндээ ч тэр, хувь хүмүүсийн хүрээнд ч тэр. Ерээд онд олон улсын байгууллагууд, элчин сайдууд гэж манай дарга нарыг бөхөлзүүлсэн хичнээн хүндтэй хүмүүс байв даа. Цахилгаан станц нь зогсоод хөлдөхийн ирмэгт байсан, идэж уух зүйл нь ховордоод турж үхэх гэж байсан бидэнд тэд үнэтэй хүмүүс байлгүй яахав. Социализмын үед Москвагийн, зах зээлд ороод гадынхны үгээр толгой дохидог байсан маань улам л багасч байна. Мэдээж энэ бол зарим нэгний хэлдгээр бидний хүч хөдөлмөр ороогүй байгалийн баялгийн буян байх л даа, гэсэн ч үүний л хүчээр бид сэргэн мандах цаг хугацаагаа улам наашлуулж чадлаа. Ядаж л мөнгө гуйх гэдэг бидний улигт үг хамтран ажиллах гэдэг үгээр солигджээ. Тэгээд ч гадынханд бөхөлзөөд байхааргүй олон сайхан баян хүмүүстэй ч болсон байна. За тэгээд цаашилвал бүр олон улсад ардчиллын хичээл ч зааж байх шиг, Монголыг судалж байгаа гадаадын эрдэмтдийг бид өөрсдөө хөрөнгө мөнгөөр дэмждэг болно ч гэх шиг. Монгол хүн алийн болгон харц доогуур явах вэ, нэг ийм сайн цаг ирэх болсон баймаар.

Нэг харахнээ бидний олон бэрхшээл зовлонгоос биш жаргалаас үүддэг болсон байна. Жишээ нь машины түгжрээ. Үнэндээ бид зовоод биш жаргаад түгжрээд байна шүү дээ. Амьдрал нь боломжтой болоод айл бүр л нэг машинтай болжээ. Энд юуны буруу байхав, харин хот төлөвлөлт, хүний амьдрах стандарт гэдгийг хөсөрт хаясан манай олон үеийн хулгайч дарга нарын маань л буруу шүү дээ. Мөн хүн амын амьжиргаа сайжрахын хэрээр төрөлт нэмэгдлээ,хотод цэцэрлэг сургуульдаа хүүхдүүд нь багтахаа байлаа. Хүн амын өсөлт их байгаа нь залуучууд маргаашаа өөдрөгөөр харж байгаагийн хамгийн тод илрэлшүү дээ. Махны үнэ нэмэгдлээ л гэнэ. Үнэтэй ч гэлээ байгаа юм гэдэг учиртай. Юу ч байхгүйн хэцүүг та бид хангалттай амссан.

“...1937 оны аллагаас өмнө монгол хүн бүр зоригтой, гудамжаар яваа хүнийг ажихад их сайхан зоримог харцтай, хийморь золбоо төгс харагддаг сан. 1940 он болоход бүх хүний хулхи нь бууж гөлөн гөлөн хийсэн харцтай болсон доо”. Ийм нэгэн зүйлийг алдарт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Чой.Лувсанжавтаа ярьсан байдаг юм. Та бүхэн гудамжаар гараад нэг харцгаа л даа, ядарсан зовсон уранхай ноорхой нь их байна уу, өөртөө итгэлтэй харц дээгүүр алхлах ганган монголчууд нь их байна уу? Хулхи нь буусан нь биш зоримог харцтай монголчууд нь их болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьдрал хүнд хэвээр байна, хулгайч нарын засаглал тогтож байна гэж ярьдаг. Санал нийлж байна. Ядуу хувь заяандаа гутран, түүнээсээ ичихээ ч байчихсан нэг хэсэг маань гудамжиндаа найркагаа уун улам л өсөж үржсээр байгаа нь үнэн л дээ. Эсвэл тэнгэрээс ч нэг төмөр ирж тархи хагалчих гээд л, тэнд ч нэг хоолонд нь хордчих гээд л, утаа шороо хоёртоо булуулан утуулан амьдарсан хэвээр байгаа минь ч үнэн. Гэмт хэрэг, нийгмийн стресс бухимдал, шударга бус байдал их байгаа нь ч бас үнэн л биз.

Гэхдээ бид нэг зүйлийг ойлгомоор байгаа юм. Миний хэлэх гээд байгаа санааг сэтгүүлч Г.Алтантүрүү телевизээр маш гоё томьёолж байгаа харагдана лээ. Байрандаа засвар хийж байгаа айл бохир л байдаг шүү дээ гэж. Үнэхээр бид байрандаа засвар хийж байгаа айлын адил өөртөө, гэртээ, хотдоо, улс эх орондоо “их засвар” хийж байна шүү дээ. Тиймээ, Улаанбаатар хотоор л жишээлэхэд бид замаа засаж байгаа юм чинь түгжрэлгүй яахав, анхнаасаа урсгах нүхийг нь “мартаад” хийчихсэн юм чинь борооны ус зам дээгүүр урсалгүй яахав, зүлэг ногоогүй юм чинь шороо босолгүй яахав, жорлон байхгүй юм чинь хүмүүс гудамжиндаа “юу яалгүй” яахав дээ ер нь. Аргагүй ш дээ, хот төлөвлөлт гэдгийг тоодог байсан биш, хөгжүүлэх гэж биш хулгай хийх гэж л дарга болдог байсан юм чинь.

Зассаар зассаар Улаанбаатар минь, Монгол улс маань сайхан болно. Унтсан монголчууд сэрсэн монголчууд болжээ. Монголчуудыг яг одоо юу юугүй үсэртэл хөгжих гээд байгаа гэдэгт биогтхон ч эргэлздэггүй. Гэхдээ манай бүхнийг мэдэгч суу зальтнуудын хэлснээр арван хоёр сард дэлхий сөнөчихгүй бол шүү дээ...