Анагаах ухаанд харилцан холбоотой, хам шинж тэмдгүүдийг синдром гэж нэрлэдэг. Энэ нь Грекийн “цуг өрнөх” гэсэн үгнээс гаралтай. Монгол улс маш их улс төржсөн учраас сонгуулийн үеэр иргэд хүчтэй талцан хуваагдаж, гэр бүл дотор хүртэл том маргаан болдог. Сонгууль ч болдгоороо болж хэн нэг нь л ялдаг.
Өмнөх сонгуулиудын үеэр ялагдсан талын дэмжигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, хар машин буруу тоолсон гэдэг байсан нь 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш өөр болов. Жилийн өмнө, сонгуулийн цаг дуусаад л үр дүнг нь, тойрог тойргоор дараалан зурагтаар шууд харж байгаа учир өмнөхүүдээс илүү итгэл үнэмшил төрж байлаа.

Итгэж, зүтгэж явсан нэр дэвшигч нь ялагдсаны дараа олон хүмүүс сэтгэл зүйн хямралд ордог бөгөөд түүнийг барууны судлаачид “сонгуулийн дараах синдром” гэж нэрлэжээ.

Уулын оргилоос цааш бол зөвхөн уруудах зам байдаг. Уруудах нь өгсөхөөс хэцүү тул, дийлэнх осол буухдаа гардаг. Бэлд буугаад зарим нь цаашаа дахиад нэг уул байгааг боддог бол, зарим нь уул өөд явж байснаа л бодсоор хямралд ордогтой адил юм.

Ямар ч гэсэн сонгууль иргэдийн амьдралтай ихээхэн холбоотой болохыг ардчилсан хувьсгалаас хойш манай түүх харуулж байна. Ялсан талын олон хүмүүсийн амьдрал хөлөө олж, ажил албан тушаал авдаг бол, ялагдсан талын олон хүн ажил төрлөөсөө халагдаж, улс төрийн дэмжлэггүй л бол хувь хүний хувьд яг хэн болохоо, ямар ч үнэ цэнэгүй болохоо мэдэрдэг. Үүрэггүй (ажилгүй) болохыг Монголд “лааз өшиглөх” гэдэг.

Монголын хөгжлийн саад бэрхшээлүүд


Хүний нийгмийн хөгжлийг тайлбарласан олон онол байдгаас ялган системийн онолыг Проф. Д.Бадарч "Системийн сэтгэлгээ” номондоо дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэхүү системийн онолоор нийгмийг баялаг (эдийн засаг), мэдлэг (шинжлэх ухаан), эрх мэдэл (улс төр), ёс заншил (ёс суртахуун) ба соёл урлаг (гоо үзэмж) гэсэн таван бүрэлдэхүүн хэсэгт хуваадаг. Эдгээрийн хоорондын уялдааг өсгөн нэмэгдүүлж чадвал зохион байгуулалтын үр өгөөж нэмэгддэг, харин аль нэг нь доголдож эхэлбэл хөгжилд саад бэрхшээл үүсдэг гэж үздэг ажээ.

Баялгийн буюу эдийн засгийн нэгдүгээр эрэмбийн саад бэрхшээлийг засаж залруулж, даван туулж чадахгүй бол хоёрдугаар эрэмбийн саад бэрхшээл үүсдэг. Нэгдүгээр эрэмбийн саад бэрхшээл болох баялгийн хомсдол нь нийгэмд ядуурлыг авчирдаг бол, баялгийн тэгш бус хуваарилалт нь баян ядуугийн ялгааг улам ихэсгэдэг. Тэгвэл баялгийн үнэ цэнэ цаашид байх эсэх нь тодорхойгүй болох нь бүгдээрээ ядуурахад хүргэдэг. Түүний дараа хоёрдугаар эрэмбийн саад бэрхшээл болох хөндийрэл үүсдэг.

Төгс нийгмийн системд нийгмийн гишүүд зорилготой, сайн дураараа нэгддэг бөгөөд тухайн системээс гарах нь эсэргүүцлээ илэрхийлж буй хамгийн дээд хэлбэр юм.

Энэ онолын зөвхөн баялгийн хэсгийг нь онцлон авч үзвэл Монгол улсын эдийн засгийн хөгжилд учирч буй саад бэрхшээл нь баялгийн тэгш бус хуваарилалт юм. Дэлхийн банкны судалгаагаар нийт хүн амын тавны нэг нь ядуу буюу хоногийн хоолоо олж чадахгүй түвшинд амьдарч байна. Нийт хүн амын тал хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ дөнгөж хангаж байна. Баялгийн дийлэнх нь хүн амын маш цөөхөн хэсэгт ноогдох болсноор нийгэмд тэгш бус байдал газар авсаар.

Иргэдэд олдож буй банкны зээлийн хүү 20 хувьтай байгаа учир хамгийн их эрсдэлтэй, жижиг бизнест л багахан орон зай байна гэсэн үг. Гэтэл 25-30 хувийн хүүтэй ББСБ-ын, түүнээс өндөр хүүтэй ломбардын бизнес хүчтэй хэвээрээ байсаар байна.

Зээлийн хүү ийм өндөр байгаа нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадахгүй, хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Мөн төрийн өмчийн нэртэй компаниуд улам олширч, бараг бүгд л ашиггүй ажилладаг учир төр засгийн хөнгөлөлттэй зээл авч байгаа нь эдийн засагт өрсөлдөөнийг бий болгоход саад учруулж буй. Цахилгаан эрчим хүч, түлш, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний үнийг төр хянан, хязгаарлаж байгаа нь эдийн засгийн өсөлтөнд чөдөр тушаа болж байгаа юм.

Цөхөрсөн иргэд эдийн засгийн хүндрэл хямралын гол гарц нь төр засаг гэж харах болсон учир улс төрийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч ирсэн боловч, сонгуулийн идэвх сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна. Ерөнхийлөгчийн анхны сонгуульд 1993 онд нийт сонгогчдын 93 хувь нь орж байсан бол хорин жилийн дараа 63 хувь нь оролцжээ. Тэгвэл энэ 2017 оны сонгуульд хэнийг сонгох нь ялгаагүй, ер нь сонгуульд оролцсон, үгүй нь хамаагүй гэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Яг хэдэн хувь оролцох нь тав хоногийн дараа тодорхой болно. Сонгогчдын оролцооны бууралтаас харахад манай улсад хүн ам нийгмээсээ хөндийрөх хандлага газар авч буйг харуулж байна.

Хөндийрлийн шалтгааныг дээрх системийн онолоор эрх мэдэлгүй байдалд орох буюу өөрийн оролцоо шаардлагагүйг мэдэрч, улс төрд оролцохоос зайлсхийх; үүрэггүй болох буюу хариуцлага хүлээхэд шаардлагатай мэдлэг чадамж дутагдсанаас урам хугарах; амьдралдаа сонирхол буурах, шинэлэг зүйлд мэдрэмжгүй болох, эсвэл амьдрал утга учиргүй санагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Сонгуульд оролцохгүй байгаа бүх иргэдэд энэ шинж тэмдэгт хамаарахгүй ч, тодорхой хэсэгт нь шууд ба шууд бусаар хамаардаг.

Ямар ч гэсэн нийгмийн хөгжилд тулгараад буй өнөөгийн саад бэрхшээлийг эдийн засгийн талаас нь багцалж харахад ийм маягийн дүр төрх харагдаж байна. Монголын нийгмийн бэрхшээлийг мэдлэг, эрх мэдэл, ёс заншил, соёл урлаг талаас нь харж мэдээлэлтэй, мэдлэгтэй хэлцлийг судлаачид өрнүүлнэ гэдэгт итгэж байна.

2017.06.21