Шинэ цагийн бөхийн өнгө
Цагаан сараар монголчууд садан төрөл дээрээ очиж золгохдоо оршил болгон хоёр зүйл дээр тогтож яриа эхэлдэг. Эхнийх нь цаг агаарын байдал.
Цагаан сараар монголчууд садан төрөл дээрээ очиж золгохдоо оршил болгон хоёр зүйл дээр тогтож яриа эхэлдэг. Эхнийх нь цаг агаарын байдал. Өвлийг өнтэй хэрхэн давсан эсэх, ирж буй хавар цагийг ерөөх бэлгэ дэмбэрэл бүхий “албаны” үгс хөвөрнө. Энэ бол мянга мянган жил ярьж тогтсон нүүдэлчин ард түмний амин чухал сэдэв билээ. Залгуулаад хөөрөлдөх бүхний мэдэх нэгэн сэдэв бол битүүний үдшийн бөхийн барилдаан амой.
Битүүний барилдааныг лавтайяа дөчин жил ярьж байгаа их гавьяа бол орчин цагийн зурагт, радио, сонин хэвлэл юм. Цагаан сараар эрийн нэг наадам болдог бөгөөд, хөхөө өвлийн хүйтэнд дулаан байр саванд зөвхөн бөхчүүд барилдаж аваргаа шалгаруулдаг. Монгол үндэстний өөр газар байдаггүй хамгийн их ёс уламжлал үндэсний бөхөд илүү шингэн үлдсэн байдаг болохоор энэ “арга хэмжээ” нийгмийн аль ч үед тасралгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Энэ жилийн барилдааны онцлог бол аймгийн арслан цолтой бөх түрүүллээ. Ч.Санжаадамба арслан өмнөх өдөр болсон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлээд залгуулаад битүүний барилдаанд хавтай сайхан барилдаж дахиад түрүүлэв. Монгол бөхийн түүхэнд ийм тохиолдол урьд өмнө бараг байгаагүй байх. Спортын өгсөл буурлын мөчлөгт яг хагас жилийн өмнө үзүүлж байсан амжилт давтагддаг гэж туршлагатай дасгалжуулагч нар номлодог. Тэр жишгээр бол зургаан сарын дараа Архангай аймгийн Хашаат сумын хүү Санжаадамба аймгийн биш улсын арслан болох бүрэн магадлал байна. Хэрэв долдугаар сард гойд хурд хүчтэй байх бол дахиад зургаан сарын дараа буюу туулай жилийн битүүний барилдаанд үзүүр түрүү булаалдах нь тодорхой. Энэ мэтчилэнгээр эгзэгтэй үед биоритм нь таараад байдаг тамирчныг хуучнаар бол төрөлхийн байгалиас заяасан аваргаараа төрсөн хүн гэлцдэг.
Бөхчүүдийн дунд гарсан яриагаар бол Санжаадамба хэдийнэ аваргын буурь суусан ба түүнтэй барилдаж өрсөлдөхөөс аль болох дөлөх болжээ. Саяын цагаан сарын барилдаанд ч тийм байдал илт анзаарагдаж байсан. Юутай ч цагаан сарын түрүү бөхийн байдал уяа хүлээ багатай их түргэн шуурхай барилдаантай залуу юм байна. Харин мэхний хувьд уран биш, бяр давамгайлсан болхидуу талдаа юм. Сайн багш дасгалжуулж байгаа болов уу. Арал бяраа зөв тохируулж бусдаас түрүүлж өөрийн сайн барьцаа төвөггүй олоод авч байгаа нь гойд ялгарч байв. Тэгээд үргэлж урагш давшиж барилдааныг санаачлахад бусад нь яаж ч чадахгүй ойчиж өглөө.
Бусад бөхчүүдийн хувьд гэвэл аймаг, цэргийн цолтнууд гэж бөхийн бөөн арангууд гараад иржээ. Тэд бараг өдөр шөнөгүй биеэ дасгалжуулж бөхөөс өөрөөр амьсгалахаа больчихсон улс гэлтэй. Орчин үеийн спорт мэдэхгүй хүнд бол мэл гайхмаар юм болж байна. Өвөлдөө хасах 40-өөс дээш ян хүйтэрдэг, хүн байтугай мал онд орж чадахгүй энэ хар зуд хийгээд, битүү шорвог утаа униар болсон Улаанбаатарт яаж, хэрхэн өөрийгөө бэлтгэхээрээ ийм дийлдэшгүй шидийг олдог байна аа гэмээр. Бөхийн ерөнхий хэлбэр, галбир даяаршиж Японы сумо бөхчүүдээс ялгарах юмгүй болчихож. 256 бөх гараад барилдсан нэг хоёрын давааг үзэж байхад баахан жирэмсэн авгай нар нэг дор усанд орж байгаа юм шиг цэрдийсэн нойтон, инээдтэй төрх харагдаж байв. Энэ спортлог биш гаж дүр төрх бөхчүүдийн эрүүл мэндэд эсрэгээр нөлөөлнө, эсвэл үндэсний бөхийг өөрийг нь мөхөөх вий дээ. Саяын барилдсан бөхчүүд дотроос Хөвсгөлийн Ц.Содномдорж, Булганы А.Отгонбаатар нарын ганц нэгхэн залуучууд л ёстой хуучны бөх шиг бие бялдартай харагдсан. Харамсалтай нь тийм бөхчүүдийг нөгөө махан мунанууд нь юу ч хийлгэхгүй няц дарчихдаг юм уу даа. Тэгэхээр авсаар ойчихгүйн тулд бэлтгэлийн хажуугаар тарга тэвээрэг хэрхэн базаах тухай проблем гараад ирдэг байх нь. Хэрэв улсын цол тэмдгийн үнэ хүнд ханш унавал олон сайхан залуучууд ашиг орлогогүй болж дампуурахаас гадна эрүүл мэндээрээ насан турш хохирч мэднэ. Монгол бөх жүдо шиг дэлхий нийтийн спорт биш тул хэн нэгэн эрхтэн дархтан үндэсний бөхийн хувь заяаг хааш нь ч эргүүлж мэдэх боломжтой.
Одоохондоо ч яахав, шинэ сайхан залуучууд гарч ирээд “Ёстой алж өгч байна аа” гэж байвч жил болгон л ёстой алж өгдөг залуус усны ундарга шиг төрөөд байх уу?
Бөхийн зарлалыг сонсож байхад Говь-Алтай аймаг, цагдаагийн байгууллага хоёр ямар олон бөхтэй юм бэ. Спортын мэргэжлийн байгууллагууд энэ хоёр газрын дэргэд ёстой юу ч биш юм аа. Бас л сонирхолтой сэдэв шүү.
Хичнээн бэлтгэл хийгээд хийгээд яагаад ч унагаж чаддаггүй жинхэнэ монгол бөх гэж бас байна. Үнэндээ Г.Өсөхбаяр, И.Доржсамбуу, Б.Ганбат нар хамаг ажил, амьдралаа хойш тавиад л зааланд өөрийгөө бэлдээд байсан нь юу л бол. Их л сайндаа ганц нэг өдөр сагс тоглож амьсгаагаа задалсан бол их юм. Тэгээд хүрч ирээд л бүгдийг нь шидчихэж байна.
Шинэ цагийн бөхийн өнгө төрх нэг иймэрхүү байлаа.
Ж.ГАНГАА
Ганаа
Batman
dahin Gangaad
zochin
Gangaad
Мичид
Зочин
баянаа
gangaad
jaamaa
erka.
Ролл
bayanaa
СОНИРХОГЧ
Dasgaljuulagch
Зочин
Зочин
spirten D
hahahah
Зочин
Агаа
Saruul
tuya
Зочин
Зочин