Жил хагасын өмнө болсон уулзалтаа би эргэж саналаа. NOMADS хэмээх сүлжээ зуушийн газрын ерөнхий захирал М.Есөнмөнх, JCI Junior Chamber гэх олон улсын байгууллагын гишүүн О.Дуламсүрэн нар намайг үдийн зоогт урьж найрсгаар ярилцаж билээ. Ярилцсан шалтгаан, зорилго нь тухайн цагийн БНМАУ-ын Тэргүүн хатагтай явсан А.И.Цэдэнбал-Филатовагийн талаар уран сайхны кино бүтээх ба би тэр кинонд нь болж өгвөл зохиогч, эс болж гэмээнэ зөвлөгчөөр оролцоно уу гэсэн урилгыг надад хүргэх явдал байлаа. Би уулзалт эхэлмэгц л шууд хэлсэн: юу гэхлээр хэрэв ийм кино хийх санаа байгаа бол Та бүхэн яг одоо хүн гүйлгээд “Интерном” номын дэлгүүрээс Л.ШинкаревынЦэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, УБ, 2006” гэсэн хоёр боть номыг авчруулаад үзэцгээ, сайтар уншчихаад кино бүтээх санаа сэдлээ эргэж ярилцъя гэлээ. Есөнмөнх маань тэр дор нь хүн гүйлгээд нөгөө хоёр номоо хэдхэн минутын дотор авчруулаад амтархан уншиж эхлэв. Өмнө нь огт уншаагүй явсан гэлээ.

Би хэллээ: хэрэв хатагтайн тухай “Авгай” гэж кино хийхээр Та бүхэн сэдэж байгаа бол наад номоо бүрэн гүйцэт уншаад, наад ном дээрээ тулгуурлан зохиолоо хэн нэгнээр бичүүл ээ, би зөвлөе гэв. Энэ номын агуулгаас хазайж кино хийвэл түүх гуйвуулсан болно гэдгээ ч хэллээ. Кинонд тоглох орос жүжигчин, зураг авах “Найрамдал” зуслан зэрэг газрууд бэлэн гэж Есөнмөнх хэлж байвч хэрэв киног Шинкаревын баримт дээр тулгуурлан хийвэл олигтой эерэг дүр бараг гарахгүй дээ гэдгийг би хэлж, Шинкаревоос гадна Цэдэнбалынхны дэргэд ажиллаж байсан туслах, хамгаалагч, нарийн бичгийн дарга нар гээд олон гэрч байна, тэднээс асуу, тухайлбал Цэдэнбалын нарийн бичгийн даргаар маш олон жил ажилласан Л.Батцэнгэл гуайгаас асуу гэж би хэлж байснаа тод санаж байна.

Тэр уулзалтаас хойш М.Есөнмөнх, О.Дуламсүрэн нар надтай уулзсангүй, арай ч нүүрээ буруулаад явчихаагүй байх, харин тэр Шинкаревын Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номыг сайтар нягтлан уншаад анхны төлөвлөгөөнөөсөө няцсан болов уу, эсвэл киноны гол баатрын үнэн түүхээс гутарч ичсэн байх хэмээн би бодлоо.

Эдүгээ Орост өмнөх СССР-ийн үеийн удирдагчдын тухай уран сайхны кино дэндүү их хийгдэж байгаа ба зурагтаар гаргаж байгааг нь үзэхэд СССР-ийн түүх гэж тэр чигтээ хар түүх нүднээ буух аж. Удирдагчид нь мөн ч хөөрхийлөлтэй амьтад байж дээ гэмээр. Хүмүүнд байдаг бүх муу чанарыг нэгэн биедээ тээчихсэн нь зөвлөлтийн коммунист лидерүүд байжээ. Хэрэв оросын ТВ-үүдээр гаргаад буй ийм кинонуудыг үзүүлсээр байх ахул СССР дэх коммунизмын тостой үеийг хэн санан дурсах юм бэ, гутарч үхнэ биз дээ?

Тэрчлэн А.И.Цэдэнбал-Филатовагийн тухай уран сайхны кино бүтээгээд үз л дээ. Нөгөө Цэдэнбалын академийн хөөрцөглөөд байдаг түүх чинь харлаж дуусна биз дээ? Ямар үлгэр дууриалыг өнөөгийн монголчуудад тулгах гээд байгаа хэрэг вэ?

Хэрэв М.Есөнмөнх, О.Дуламсүрэн нар Л.Батцэнгэл гуайтай уулзаж амжаагүй яваа бол би энд тэр Тэргүүн хатагтай явсан орос эхнэрийн үнэн түүхээс нь (Ном: Л.Батцэнгэл. Миний мэдэх Цэдэнбал, УБ, 2001) ганц нэгийг цухуйлгая. Зохиолч Шинкарев болон Цэдэнбалын академийнхны олж мэдээгүй хэсгүүдээс нь түүвэрлэе.


Цэдэнбал архинд нэвчсэн, Тэргүүн хатагтайн адтай түргэн ухаан тэсэрч ил болсон тэр түүх л яваад байх нь тэр. Энэ нь 1970-аад оноос юм болов уу гэтэл биш, бүр 1940-өөд оны сүүлчээс болж таарсныг Л.Батцэнгэл гуай олж мэджээ. Бүр тэр үед Цэдэнбал эхнэрийнхээ барьцаанд орсныг илчилжээ. Тэр тухай номын 246-247 дахь талд байна:

 -          Би авгайн тухай сэдвээр ярихаас түтгэлзэж Даргаас гарах зөвшөөрөл эрэхэд “Чи сууж бай. Би чамд нэг юм хэлье. Дайны дараа ч гэсэн бид оройн цагаар их сууж ажилладаг байлаа. Нэг орой Ширэндэв бид хоёр цуг сууж байгаад нэг юм хувааж уулаа. Тэр үед Анастасия Ивановна анхны хүүхдээ төрүүлээд эмнэлэгт байв.

-          Би жаахан халамцаж, авгай хүүхдээ эргэхээр төрөх тасаг руу очлоо. Тэр үед төрөх тасаг ойр, одоогийн энэ хэвлэх үйлдвэрээс холгүй байсан юм. Би эмнэлэг рүү ирж, гэнэт үүдий нь татаж, тасалгаа руу орох үед Авгай хүүхдээ хөхүүлж салхивч нь онгорхой байжээ.

-          Хаалга онгойлгосноос болж саяхан төрсөн охин маань салхинд цохиулж өвчлөөд хүн болоогүй юм. Би ингэж Авгайн өмнө насан турш гэмшээд барахгүй нүгэл хийсэн хүн. Тиймээс би гэмээ мэдэж Авгайн өмнө хүлцэнгүй байдгийг хэн ч мэдэхгүй. Би чамтай олон жил хамт ажиллаж, итгэдэгтээ сэтгэлийн энэ зовлонгоо чамд хэлье гэсэн юм” гэхэд нь надад тайтгаруулж хэлэх үг олдсонгүй.

-          Энэ бол Даргын чин сэтгэлийн үг байсан бөгөөд олон юмны тайлал болох биз хэмээн бодном.  

Нойр хоолгүй сууж ажилладаг Цэдэнбалын хөдөлмөрч чанарыг илчлэх мөрүүд 234-235 дахь талд бас байна. Авгайн халамж хэтрээд гэртээ харих нүүргүй болтол нь эр нөхрөө мохоосноос цаадхи нь төрийн ордонд юүхэн хээхэн оролдож нойргүй сууж байжээ.

-          НАХЯ-ны удаа дараагийн удирдлагын зүгээс нам, засгийн удирдагчийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, харуул хамгаалалтаа чангатгаж, худалч хүнд байшин дээгүүр нь бараг шувуу нисэхгүй шахуу байснаас гадаад ертөнцөөс тусгаарлаж хувийн амьдралы нь “Авгайд” даатгаснаас “Авгай”-гаас эмээж, эдний босгыг алхах хүнгүй болгосноос биш нөхөдтэй нь холбож, алжаалы нь тайлж, сэтгэлий нь сэргээж байсан бол энэ хүн бие сэтгэлийн олон жилийн хур ядаргаанд орж, цаагуураа “идүүлэхгүй” байсан болов уу.

-          Филатовагийн ханиа гэх санаа нь зөв ч, нэр төрий нь хамгаалах арга нь буруу байсан. Филатовад хүний, тухайлбал ханийнхаа ая эвийг олох эв дүй дутсан. Нам, засгийн удирдагчийн гэргий гэдэг нэр төрдөө дулдуйдаж бүхнийг ааш омгоор дарах мугуйд арга хэрэглэсэн нь сайн үйлд хүргээгүй.

-          Филатовагийн мугуйд ааш араншингаас болж ойр хавийнхан нь холдсон. Тэрээр юм л бол “Хөдөө цөлж, малчин болгоно, эсвэл хар гэрт хорино” гэх түүний энэ цэвдэг үгс Филатовад туслая гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг хөргөж хөндийрүүлсэн.

-          Ер нь даргын ойр хавийнхан болон ар гэрийнхэн аль алин нь үг хэлээ ололцож, гар нийлж ажиллахын оронд нэг нь эмээж, нөгөөх нь аагархаж хоорондоо нийлж нэгдэхгүй байснаас газар авахуулсан талтай.

-          Гэргийн халамжийн тухай дурдсаны учир бол Дарга сүүлийн үед, тодорхой хэлбэл 70-аад оны дунд үеэс ажил дээр ажилтай ч, ажилгүй ч байсан орой болтол сууж, заримдаа Авгайг унтсан эсэхийг гэрээсээ асуулгаж байж харих болсон. Авгайн зүгээс Даргыг аашилж загнах нь хэтэрсэн үү, тэрээр гэртээ харихаас халширч, авгайгаас илт зугтах болсон.

-          Нэг өдөр Дарга уулын аман дахь байрнаас надад ирүүлсэн зурваст: Манай гэрээс асуувал барилгын объект үзэхээр хотын гадна явсан гэх (3 цаг орчим ирнэ гэх) гэж бичсэнээс илэрхий.

-          Энэ үеэс даргын сэтгэл нь тавгүй байгаа шинж ажиглагдаж, ар гэрий нь ая тух алдагдсаных болов уу гэх сэтгэгдэл надад төрсөн.    

Ийнхүү улсын нэгдүгээр эрхэм Төрийн тэргүүн, Тэргүүн хатагтай нар эв түвжин хагарсан нь 1984 онд Москвад аваачиж цөлөхөөс аль эртний үзэгдэл байжээ. Түнжин хагарах шалтгаан нь мэдээж нөгөөх муу нэрт хар ус. Хар ус хэтрүүлсний гайгаар Цэдэнбал анхныхаа үрийг бараг өөрөө цааш нь харуулчихсан ба түүнд нь өширхсөн Авгайн бүх насны гомдол нь тэр харгис хатуу ааш омог, “хөдөө цөлөх, малчин болгох” заналхийллээр нь илэрч байна.

Цэдэнбалын архидан согтуурахын эсрэг Тэргүүн хатагтайн тэмцлийн драмыг Л.Батцэнгэл гуай нүдэнд харагдтал бичиж байна. 

-          Авгай нөхрийнхөө талаар авдаг арга хэмжээ нь нэг бол аашилж загнана, эсвэл гэрт нь хашина. Дарга нэг удаа гэртээ хоёр өдөр хашигдаад гурав дахь өдөр нь ажилдаа ирлээ. Дарга надад хэлсэн нь: “Авгай архи өгдөг хүмүүсийнхээ нэрсийг өг. Тэгвэл ажилд явуулна” гэлээ. Би Доржбат, Банзрагч, та гурвын нэрийг өгч байж гарч  ирлээ” гэв (номын 235 дахь талд)

-          Филатова гуайтай нүүр тулж учирсан анхны учрал нөгөөх сархадаас үүдэлтэй. Тэр өдөр Сайд нарын Зөвлөлийн хуралдаан нэлээд удаан үргэлжилж, орой тийш тарж, хурлын дараа СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан гуай Даргатай хамт ирж, түүний өрөөнд овоо удаан саатав.

-          Тэрээр Даргад балга юм өгсөн байжээ. Үүний нь би мэдсэнгүй. Гэтэл манай хамгаалалтын “сонор сэрэмжтэй” нөхдүүд мэдэж Филатова гуайд алтан хушуу өргөжээ. Нэг мэдэхнээ үүдний өрөөнд Филатова гуайн дуу хангинаж төдхөн миний өрөөнд орж ирлээ.

-          Би угтан босч мэндчилээд Даргын тасалгааны үүдийг нээх хооронд тэрээр надаас “Хар гэр гэж мэдэх үү?” хэмээн асуухад нь би сөргүүлэн “Эсгий гэр үү?” гэхэд Авгай “Нет тюрьма” гээд дотогш оров.

-          Филатова гуайн дуу хаалганы цаана хангинаж, бодвол эр нөхөртөө архи уулгалаа гэж Лувсан гуайг аашилсан байх.

-          Филатова гуай бид хоёрын энэхүү золгүй учралаас хойш “Дарга”, “Нанчид” хоёрыг нийлүүлж болохгүй гэдгийг би хатуу шийдэж, түүнийг энэ нүглээс хол явуулахыг хичээсэн (номын 240 дэх талд)


Л.Батцэнгэл гуайн “Миний мэдэх Цэдэнбал” номын гуравдугаар бүлгийн (“Зам салсан нь”) “Уршигт ундаа” гэх дэд бүлэгт бүр ч эвгүй мөрүүд дурайх аж.



-          Ю.Цэдэнбал даргын дэргэд ажиллаж байхад сэтгэл эмзэглүүлсэн ганц асуудал бол түүний нэр сархадтай холбогдсон явдал юм. Тэрээр идээний дээж сархадаас хэр хэмжээтэй зооглох дээдсийн сургаалаас хальсан нь үгүй боловч түүнд түлхүү хандсан талтай.

-          Тэрээр эр биеийг олж төрсөн хойно сархадаас хол явсангүй. “Дөч хүрээд дөнгөж уу. Тавь хүрээд тавьж уу. Жар хүрээд жаргаж уу” гэсэн мэргэдийн сургаал байдаг.

-          Гэтэл энэ хүн дөч хүрээд сархадыг түлхүү амсаж, тавь хүрээд тавьж уух тав тух нь олдсонгүй, жар хүрээд жаргаж уух нөхцөл нь бүрдсэнгүй, бүрдүүлсэн ч үгүй. Учир нь энэ хүнд хувийн амьдрал гэж байсангүй. Ажил амьдрал гэсээр байгаад хувийн амьдралаа огоорсон нэгэн байлаа.

-          Нөгөө талаар тухайн тухайн тогтолцооны үед НАХЯ-ны зүгээс төрийн тусгай хамгаалалт гэдэг нэрийн дор нэг харахад хүндэтгэл юм шиг, нөгөөтэйгүүр түүнийг хүний эрхшээлд оруулж, олон түмэн, олон нөхдөөс хөндийрүүлсэн, бас түүн дээр “Авгайн” ааш араншин нэрмээс болсноос эцсийн эцэст энэ хүн ажил, ном хоёроос өөр ханилгаагүй үлдэж ганцаардсан.

-          Иймээс ганцаардаж ганихарсан сэтгэлээ тайлах ганц зам нь түүнийг нанчид руу хандуулсан нь түүний хувийн амьдралын эмгэнэл гэлтэй гэжээ.  

“Авгай” уран сайхны кино бүтээгчдэд санаа сэдэл өгөх зорилгоор дээрхи номоос эшлэж байна. Ер нь аливаа уран бүтээлийг туурвиж олны хүртээл болгоход баримтлах зарчмаа эхлээд тогтоочих ёстой. Шүтэн бишрэгчид цаад хүнээ амьд бурхан болгож харуулна, үзэн ядагчид нь буг чөтгөр болгож харуулна. Голыг нь олох, дундыг барих, олон өнцөг бүгд хослохоос гадна сонирхолтой, уншууртай, үзүүштэй байх ёстой. Сонирхолтой байлгах тэр хэсгийг дээр номоос эшлэснийг болгоох буй заа!