Цас малгайлан будрах Дани орон
Европын газрын зураг дээр хойд хэсэгт нь давхиж байгаа бар шиг хэлбэртэй хойг бий.
Европын газрын зураг дээр хойд хэсэгт нь давхиж байгаа бар шиг хэлбэртэй хойг бий. Тэнд орших дөрвөн орныг Скандинавын хойгийнхон гэцгээдэг. Нутаг дэвсгэрээрээ илт бага (Манай Булган аймагтай ойролцоо хэмжээ бүхий) "барын аманд" байрлалтай энэ орныг Дани буюу Денмарк хэмээнэ. Тэнд ертөнцөөр нэг тарсан монголчууд харин ч тун цөөхөн ирж төвхнөсөн юм билээ. Харин нэлээн хэдэн дани айл Монголд ирж аж төрж байсан бөгөөд 37 оны хэлмэгдүүлэлт ид эхлэнгүүт амь насаа бодон буцсан гэдэг. Тэд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд байсан бөгөөд дорно зүгт тавьж байсан холбооны шугам хийх гэж анх Монголд орж ирээд үлдчихсэн гэдэг.
Өдгөө Дани улсын хатан хааны ордны маршал цолтой Хаслунд хэмээх эрхмийн өвөө нь Хөвсгөлд байгсдын нэг байжээ. Энэ тухай маш сонирхолтой уран зохиолын таван ч ном хэвлэгдсэн гэсэн. Даничууд ном зохиол, үлгэрт их дуртай ард түмэн. Нэрт хүүхдийн зохиолч Андерсны үлгэрүүдийг дэлхийн хүүхдүүд болгон уншиж хүн болцгоодог билээ.
Эрхэм Хаслунд одоо Монголын өргөмжит консул бөгөөд хатан хаан дээр дуртай цагтаа ордог эрх бүхий хүн юм. Тэрээр хаан болон хун тайж нарт Монгол орны тухай дандаа ярьж өгдөг гэсэн. Хунтайж Хенрих урьд залуудаа Францад байхдаа Монголд суух Элчин сайдаар томилогдсон гэсэн. Тэгээд явдгийн даваан дээр хааны охинтой суугаад Данид хүрээд иржээ. Одоо харин томилогдож байсан Монголоо очиж үзэх юмсан гэж хүсч явдгаа Ерөнхийлөгчид айлтгав.
Данийн Копенгаген хотын суурийг Тэмүжинг таван настай байх тэр үед анх тавьж, тэр цагаас хойш байшин барилга өргөжсөөр хот, улс, зарим зуунд хүчирхэг гүрэн ч болж байсан түүхтэй ажгуу. Одоо хотын төвд 800 гаран жилийн настай хоёр гурван давхар чулуун барилгууд зөндөө байх юм. Барилгад нэмэгдсэн юм гэвэл XIX зуунд чийдэн асааж, халаагуур тавьжээ. Даничуудын дээд удам угсааг далай тэнгисээр дээрэм хийж явдаг байсан эртний Викингүүд гэдэг юм байна. Викингүүд хурдан морины хүчээр уулгалан довтолдог Хүннү лугаа маш хурдан суман завь хөлөглөн хот балгад руу дайрдаг байсан аж. Нэгэн үе хөрш Швед, Норвегийг эрхшээлдээ аван колончилж байсныг бодоход бас чиг цөс ихтэй ард түмэн аж. Харин 1941 онд өмнөд хил залгаа Германы Гитлерийн фашистууд итгэлийг эвдэн довтолж эзэлжээ. Тэр жил маш хүйтэн өвөл болж анх удаа далай тас хөлдсөн бөгөөд арал дээр оршдог Копенгаген хот руу германчууд мөсөн дээгүүр явган алхаад ороод ирсэн байна.
Энэ орон ердөө таван сая гаранхан хүн амтай, ганц том хоттой. Копенгагенд 800 мянга орчим хүн амьдардаг. Гэвч Дани оронд байсгээд л дэлхийн хэмжээний том үйл явдлууд болж байдгаараа алдаршсан. Түүнээс гадна энэ үндэстэн байнга нэг шинэ үйл хэрэг бүтээж байдаг тул аялал жуулчлалынхан дахин дахин ирж буцдаг ажээ. Саяхан болж өнгөрсөн дэлхийн уур амьсгалын дулаарлын талаарх уулзалтад зориулж хотын төвөө дэлхийн бөмбөрцгөөр чимсэн байв. Мөн авхаалжтай нэг нөхөр Голланд явж монгол гэр худалдаж авчраад хот дотроо барьчихсан байсан. Бэржээнхгүй цагаан бүрээстэй уг гэр цас бороонд нэвтрээд чийгтэй эсгийний эвгүй үнэртэй боловч Монгол хүнд дотно харагдаж байлаа. Гэрийг барих гэж нэлээн тэвдсэн бололтой. Ханыг нь эрэг боолтоор боож гэрийн гадуурх гурван бүслүүрийг яах учиртайг нь ойлгож ядаад тойруулаад зүүсэн байдалтайгаар хөвөрдөөд оёчихсон байсан. Бүслүүр чангалаагүй гэр бага зэрэг яайжгий боссон боловч энэ оронд үс хийсгэх салхи гардаггүй нь сайхан юм даа.
Өнгөрсөн долоо хоногт Европ даяар их цас орж модны мөчрүүд нойтон цасаа даахгүй тасхийн хугарч байв. Цас будран будран орохоос бус ер шуурга тавихгүй яасан буян заяатай орон юм бэ дээ. Хааяа тэнгэр онгойхоор ясанд тулж янхийтэл нойтон жавар жиндүүлнэ. Далайн чийглэг агаар хүйтрэхээрээ Монголын хацар хайрдаг жавраас долоон дор, уушги царцтал амьсгалуулна. Дандаа цас ордог болохоор хүмүүс машинаа арчихаа бүр больчихсон бөмбийсөн цагаан юмнууд л явна. Ер нь дани хүмүүс хээ шаагүй, энгийн даруу байх сонирхолтой. Том компанийн эзэн, тэрбумтан энэ тэр байх дургүй. Байсан ч ажил гэрийн хооронд унадаг дугуй унаж, тааруухан хувцас өмсөж олны хар цагаан хэл амнаас өөрийгөө холдуулдаг. Нийтээрээ дунд зэргийн чинээлэг амьдралтай, ихэнх нь хөдөө хэдэн мал, жижиг тариалан, багавтар эдлэн газартай нам гүмхэн аж төрдөг. Хөгшин Европын бусад орныг бодвол хүүхэд их харагдах юм. Байнга бүрхэг байдаг болоод ч тэр юмуу, нар буцаж хамгийн богино өдрүүдэд очсон ч юм байгаа. Өдөр хоёр цаг өнгөрөөд харуй бүрий болж гурав өнгөрөөд л тас харанхуй шөнө болчихно. Дани нь умард туйлд ойрхон байдаг орнуудын нэг болохоор тийм байдаг байх. Харин зун үдшийн цагаан гэгээ тасрахгүй байсаар байгаад үүр залгадаг. Тийм болохоор цонхоо хааж гэрлээ унтрааж унтахгүй бол нойр хүрдэггүй гэсэн. Одоо тэгээд хийх ажил багатай эртээ орондоо ордог болохоор "хүүхэд үйлдвэрлэл" эрчимтэй явагддаг байхыг үгүйсгэхгүй. Айл болгон гэрт гадаагүй том, том лаанууд барьж асаах нь энэ орны бас нэг онцлог. Манайхан дуурайх юм бол гэрээ шатааж орхих байх даа гэж бодогдож байлаа. Хүмүүс нь үлгэр домог, хий үзэгдэл, сүнс чөтгөр ярих их дуртай. Тэр ч байшин гүйдэлтэй, энэ байшин юмтай гэцгээгээд нөгөө 800 настай харшнаасаа зугтаачихдаг шиг бололтой. Орой хотын төвийн хуучин байшингууд ихэвчлэн харанхуй харагдсан. Харин яг манай Улаанбаатар шиг энд тэндгүй орон сууцны барилгууд барьж байгаа юм билээ. Бүрсгэр саарал Копенгаген үдэш болмогц гудамж талбайд өнгө өнгийн гэрэл сацарч дуу хуур болоод явчихна. Тав дахийн орой залуус "Баасан ах"-ын өдрийг тэмдэглэн шөнөжин ууж, дуулж, орилон нойргүй хоноцгооно. Тэгээд хагас сайны өглөө нам унтацгаан гудамж талбай эв эзгүй. Дугуйг хятадуудаас илүү их унацгаадаг. Гэхдээ бүр гоё уралдааны араа соёотой сайн дугуйгаар гангарцгаана. Дээхнэ үед хулгай зэлгий байхгүй сайхан байсан гэсэн. Гэтэл ерээд оны ардчиллын үеэс эхлэн Польш, Чех гэсэн социалист орнуудын хорио тавигдаж Шенгений нэг визтэй болсноор хуруу хумс урттай хүмүүс их явдаг болжээ. Тэндхийн хар бор ажлуудад польшууд их зарагддаг юм билээ. "Гаднаас хоёр польш олж ирээд наадхаа ачуулчих" гэх жишээтэй. Биднийг социализмын материал техникийн баазаа базааж, коммунизм байгуулахаар зорьж байх үед капиталист Дани манай мөрөөдлийг аль хэдийнэ хийчихсэн байсан гэсэн. Тухайн үеийн социалист лагерийн орнуудын удирдлага үүнийг мэдээд ичиж ард түмнээсээ их нуудаг байжээ. Одоо хүмүүс нь маш өндөр цалинтай, гэхдээ цалингийнхаа далан хувийг татварт төлдөг, сургууль, эмнэлэг үнэ төлбөргүй улсаас даадаг. 67 хүрээд тэтгэвэртээ суудаг. Тэтгэвэр сайн. Ажилгүй хүн байхгүй. Үнээ нь сүү сайтай, будаа нь будлиангүй. Таван сая хүнтэй атлаа тавин сая хүний хоол бэлддэг. Сүү бяслаг цагаан идээгээр хойд Европыг бүрэн хангадаг. Цэвэр агаар, эрүүл хоол хүнсийг ихэд эрхэмлэдэг. Час улаан алим аваад хазахад гойд чихэр амттай. Эрээний яавлаг бол ёстой дуураймал л юм билээ.
2000 оноос Дани улс засаг захиргааныхаа нэгжийг цомхотгож томруулсан. Хүн ам өсөөд шинээр хороо хорин байгуулдаг байхад эднийх харин эсрэгээр цөөрүүлсэн байгаа юм. Хуучин 13 аймаг, 271 сумаа таван аймаг, 98 сумтай болгожээ. Энэ орны мэдэлд Хойд Америкт байдаг дэлхийн хамгийн том арал Гренланд бий. Уг мөсөн арал дэлхийн дулаарлаас болж хайлж эхэлж байгаа бөгөөд дороос нь манай Оюу толгой шиг олон арван уурхайнууд нээгдэх сурагтай байгаа. Тэнд хэд хэдэн загасчны гацаа суурин бий. Нутгийн цөөнх үндэстнүүдийг испаниуд шиг очингуутаа хүйс тэмтрээгүй. Дундад зууны үед хөлөг онгоцоор Гренландад очиж барьсан загаснуудаа хөлдөөж хадгалуулдаг байжээ. Одоо их хуралд нутгийн чукча нараас хоёр гишүүнийг шууд сонгодог гэсэн. Копенгаген нь орчин үеийн техник, технологийн анхдагч газруудын нэг болохоор анхны метро, машин, байшин доторх цахилгаан шат гэх мэт зүйлийн дурсгал ихтэй. Хотын төвд дундад зууны үеэс эхлэн үйл ажиллагаагаа явуулж одоо хэр нь хаагдаагүй нэгэн бааранд орж үзсэн юм. Бүх юм хуучнаараа. Ханандаа эртний гар зурагнуудтай, тэр нь тамхины утаанд шарлаад бүүдийсэн. Тооцоо хийгээд талон өгдөг дээр үеийн гараар манвилддэг машин нь одоо хүртэл ажиллаж байх жишээтэй. Жижигхэн умгар уушийн газар хүмүүс суух нь сууж, сандалгүй нь босоогоороо автобусанд явж байгаа юм шиг шахцалдан пиво ууж суух юм. Манайхан бол "Өө зай алга" гээд гараад явчихдаг. Эднийхэн болохоор бүр тийм байх тусмаа дуртай байдаг гэнэ. Хүмүүс нь ч эртний төрх бүхий хувцаслаж, залуухан хүүхэн охид буриад сөөхий гутал өмчихсөн ч байх шиг. Пивийг бол харин ч цөлөх шиг болох юм. Уугаад л стаканаа хажуудаа ярайтал эгнүүлээд хэр их ууснаа гайхуулан дуу нь чангарцгаана. Энэ нэг хурал хурдан дуусаасай. Дуу чимээнээс нь бүр залхаж гүйцлээ. Хүүхдүүд гэрт тогтохгүй гарч ууж идээд ирэхгүй юм гэж дани авгай ихэд төвөгшөөж байсан. Обама, Саркози, Медведев тэргүүтнүүдийг ирэх буцах тоолонд тэнгэрт царцаа шиг олон нисдэг тэрэгнүүд зогсож нүргэлсэн их чимээ гарч, гудамжаар аваарын дохио хангинуулсан цуваанууд зам гацаан бас чиг төвөгтэй байсан биз ээ. Бас дээр нь байгаль хамгаалах болон өөр янз бүрийн чиглэлийн хөдөлгөөн холбоонууд энд тэндээс ирж уриа лоозон болон орилж чарлан эсэргүүцлийн жагсаал тасраагүй. Хотоос нэлээн зайтай газар хүртэл баахан негр хүмүүс орилолдон байхыг хараад учрыг асуувал "Манай Этиофийн Ерөнхийлөгч энд ирчихсэн байна. Энэ нөхөр сөрөг хүчний нэг удирдагчийг маань барьж аваад шоронд хийчихсэн юм. Тэрнийг даруй чөлөөл" гэж жагсаал хийж явна гэв. Тиймэрхүү маягийн эсэргүүцлийн жагсаал зөндөө болж бүр хэтрээд давраад ирэхлээр нь шкаф шиг том цагдаа нар бариад авна. Тэгээд саатуулах газар зургаан цаг суулгаж уур хилэнг нь тайтгаруулж өгөөд гаргана. Дотор дэлхийн дулаарлын тухай гал асам халуун мэтгэлцээн өрнөж байхад гадаа Скандинавын хойгт намуухан цас чимээгүйхэн нэвсийтлээ дарж, далайн чийг үе үе сэвэлзэн хүйт даасан өдрүүд болж байлаа.
Ж.ГАНГАА Копенгаген хот.
Зочин
soli
Энхээ
Энээ
Мичид
Зочин
Зочин
gah gah gah
Зочин
Зочин
bishrev
Зочин
.............................
....................
.
Зочин
mai chi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mmm
Зочин
Зочин
Shagai
Neg gar
Зочин
Мичид
Zochin
Нямка
Зочин
Зочин
2
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мичид
irgen
irgen
irgen
shagie
Зочин
Зочин
Zaya
enkhjargal
bg
Michid