Шинэ оны босгон дээр өнөө үйлийн үртэй 76 гишүүнээс  37 ширхэг нь гунигтайхан сууж байгаад  хүн бүрт 120 000 мянган төгрөг өгнө гээд хууль болгоод баталчихлаа.  Тэхдээ  эхлээд хүүхдүүдэд ядуучуудад  өгөх юм байх. Их хурлын энэ  удаагийн хуралдаан  онцлог нь манай нам 1 сая 500 000 өгнө гэсэн танай нам  1саяыг өгнө гэж хэлсэн  хэлээгүй гэж муу сайнаа дуудаж, муудаж  хэрэлдсэнгүй, маргалдсангүй. Зарим гишүүд сая таван зууг амлаад 120 000 мянга болгосондоо ичиж байгаа юмуу  өрөөндөө байсан ч гэсэн хуралдаанд оролцсонгүй.Өвгөн спикер Дэмбэрэл алхаа дуртай дургүй сулхан тогшиж  эх орны “ эрдэнийн их далай”гаас бидэндээ дуслын төдийг анх удаа амсууллаа.  Олон хүн эсэргүүцэж байна. Чамлаж байгаа царай нь тэр. Бас олон хүн баярлаж байна. Голоо зогоох гэж ядаж байгаа нь энэ. Уг нь энэ шийдвэр парламентийн түүхэн шийдвэр  юмсан. Дэмбэрэл дарга алхаа хамгийн чанга бүх эх орны өнцөг булан бүрд сонсогдохоор бүүр чанга цохих байсан юм. Хууль батлагдав уу үгүй юу утас дууграад өнөө эсэргүүцэгчдээс над руу утасдаж байна. Цаад луйварчингуудаа харав уу. Үхсэний чинь 2 сая таван зуу, чи нэг бичээд өгөөч гэнэ. Ийм парламенттай байхаар байгаагүй нь дээр гээд л уурсах. Би ямар мэдэх биш бичихээс өөр юм чадах биш. Харин  өөр бодолтой байна.  Хүүхдийнхээ мөнгийг хасчихлаа гээд бухимдаж явсаныг хэлэх үү, манай гэр бүлд 120 000 мянган төгрөг ч хэрэгтэй байна.  Түүнээс гадна энэ мөнгө чинь Монголын их тал говийн ганцхан  жижиг толгойноос ирээдүйд гарах алт эрдэнэсийн урьдчилгаа юм.  Бид чинь зүгээр сууж байгаад энэ их газар нутаг доор байгаа нөөцөө ашиглаад цулайж болох юм байна шүү гэж бодох итгэл төрж байна. Монголд ганц оюу толгой ч биш хар мянган толгод байгаа. Бүгдээс нь хувь хүртэж болохнээ.Манай нутагт” Төв аймгийн Баян суман” сумын төвөөс зүүн тийш “Баржин” гээд нэг жижигхэн толгой байх. Өнгөрсөн  зун хоёр гэр барьж ухдаг, зөөдөг, гурван троктороор юу гэвээ 120 кг алт угаагаад аваад явчихсан юм. УИХ-ын гишүүн Жаргал гэдэг хүн том хар жиптэй ирж угаасан алтаа авдаг гэнэ лээ. Түрүүчийн парламентад байсан Жаргал-ийг хэлж байгаа бололтой Бас Үнэгэд толгойн жалгыг алттай гэж хэдэн хасаг хоёр жил ухав. Олз олсон нь мэдээж. Ганц ухдаг троктортой хүн л захын толгойн жалгыг ухаад зуу зуун кг алт олж болж байна. Харин энэ бүхнээс хөдөө сумдын иргэд хувь хүртсэнгүй. Их л удаж сумын засаг дарга бинзен гуйж,намын сонгуулийн мөнгө босгож, татварын байцаагч ганц шил юмаар эх орны хишиг эрдэнийн хувь хүртдэг юм. Улсын татварын дарга Оюунбаатарт ховлочихоё. Хувиа олж авна биз.Баржин толгойн ердөө ганц жалга 120 кг алт болж байхад Баржин уул шиг мянга мянган толгодын доорх  алт эрдэнэс барагдана гэж үү. Энэ их тал говийн мянга түмэн уул толгодын доор юу байгаа бол эрдэнийн хувь болгож хүртэх юмсан .  Баржингаас авсан 120 кг алт мэдээж улсад тушаагдаагүй. Улсад тушааж тэнэгтэх бизнесмен гэж байхгүй. Хэрвээ тушаавал гэнэтийн ашгийн татвараар тал хувийг нь аваад явчихна биздээ. Арай томоос нь нэрлэвэл Монголдоо алт олзворлолтоор тэргүүлдэг Мянганбаярыг баахан банкнаас зээл авсан хулгайч луйварчингаар нь дуудаж байна. Мянганбаяр дампуураагүй 68-д алуулаад хүлээгээд сууж байгаа бизнесмэн. Шинэ оноос алтны татварын өнөө 68 алга болно. Харж байгаарай бөөн алт тушаагдана. Бидэнд оногдох мөнгөний тоо  саяас эхлэнэ үү зуун мянгаас эхлэнэ үү хамаа алга.   Өөх өгсөн 76-гаа өөд уруугүй хараагаад сууж байх хувьтай л юм. Ер нь худлаа хэлдэггүй, амладаггүй, өөрийгөө магтдаггүй , өрөөлийг муулдаггүй улс төрч гэж байдаг юмуу. Миний эргэн тойрныхон мөнгө өглөө гэж бөөн хар уур болцгооно. Гэхдээ яг авахаа болохоор татгалзаж чадах хүн гарах боловуу. Мөнгө өглөө гэж юунд уурлаа вэ. Ямар тэгээд иргэн болгоноос 120 000 төгрөг авна гэж байгаа биш дээ. Хөрөнгийг нь хураана гэж байгаа биш дээ. Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалданаа гэж...

Г.Дашрэнцэн.