Төөрдөг байшин
Биднийг хүүхэд байх үед одооны Үндэсний соёл амралтын хүрээлэнг зүгээр л “Хүүхдийн парк” гэдэг байлаа.
Биднийг хүүхэд байх үед одооны Үндэсний соёл амралтын хүрээлэнг зүгээр л “Хүүхдийн парк” гэдэг байлаа. Хүүхэд бидний очиж тоглох дуртай газар нь чухам тэр Хүүхдийн парк., дотроо Төөрдөг байшинтай. Тэр нь хүүхдүүдийг төөрч тоглоход зориулсан, зүг чиггүй салаалж мушгиралдсан гудамтай, дээвэргүй байшин. Байрныхаа найз нарын хамт тэр байшинд ороод “манай тал”, “дайсны тал” гэсэн хоёр бүлэгт хуваагдан хөөцөлдөж гарна. Хөөцөлдөж эхлээд тун удалгүй нэг харахад манай тал, дайсны талтай нийлчихсэн манайханыг хөөгөөд, ахиад харахад дайсны тал манай талтай нийлчихсэн манайханыг хөөгөөд давхиж явна. Хөндлөнгөөс харсан хэнбугай ч “манай тал”, ”дайсны тал” хоёрыг ялгах аргагүй болоод будилж орхидогсон. Ийнхүү тоглоомд оролцогчийг ч, хөндлөнгийн үзэгчийг ч төөрүүлдэг лут байшин. Хөөцөлдөж хөөцөлдөж эцэж цуцсан бид арайхийн хаалгаа олоод гарахад нар хэдийн хэвийж уулын сүүдэр эргэчихсэн байдагсан.
Сүүлийн үед багын энэ дурсамж ухаан санаанд маань байн байн бууж ирээд байх болсон. Юу билээ гээд бодоод байтал, нээрээ л өнөөдрийн манай улс төрийн амьдрал төөрдөг байшин шиг болсон юм хуна.
2004 оны сонгуулиас хойш өнөө хүрсэн түүхийг хувьсгалт намын нэрлэснээр Зөвшилцлийн Засгийн газрын, Үндэсний эвлэрлийн Засгийн газрын хэмээн хоёр үед хувааж болох мэт. Зөвшилцлийн засгийн газрын үед Р.Гончигдорж тэргүүтэй Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий 25 гишүүн ардчилсан социалист үзэл санааг баримталж МАХН-ын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаа бичгээр нотлон, Хувьсгалт намын бүлэгт элсэн орсон. Тэр үед М.Энхсайхан, Ж.Наранцацралт тэргүүтэй бидний есөн гишүүн Ардчилсан Намын бие даасан байдал, ард түмний төлөө зүтгэх үүрэг ролийг төрд хадгалж үлдэхээр тангараг тавин, хаяж явсан нөхдөө “урвагч” хэмээн цоллон үлдэж билээ. Тэгээд зогсохгүй УИХ-д Ардчилсан Намын бүлэг байгуулчих санаатай хирэндээ зүтгэсэн.Үүнийг хувьсгалт намд дагаар орсон манай талын гишүүд хувьсгалт намынхантай үгсэн, Ардчилсан нам бүлэг байгуулах эрхгүй хэмээн дүвчигнөн эсэргүүцсэн юм. Ийнхүү “дайсны тал”,”манай тал”-тай нийлэн, Ардчилсан намыг үлдэн хөөж буланд шахаж дөнгөсөн. Энэ мэтээр буланд шахагдсан Ардчилсан Нам ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, 65 дугаар тойргийг алдаж хоцорсон билээ.
Хувьсгалт намынхан нэг даргаа ерөнхийлөгч, удаах даргаа УИХ-ын гишүүн болгосон. Хувьсгалт намын хэрэг зориг бүтэж, манай дагаар орсон гишүүдийн хэрэгцээ шаардлага үгүй болсон тул мөнөөх хөөрхий хэдийг маань бүлгээсээ хөөн шившиглэж, Зөвшилцлийн засгийн газрыг “манай тал”-ын дөрвөн гишүүнтэй хүч хавсран огцруулсан.
Хувьсгалт нам М.Энхсайхан, Ж.Наранцацралт М.Сономпил, Ж.Батхуяг нарыг, тоглоом наадгай нь болсоор хэрэгцээ нь өнгөрөхөд хөөгдсөн нөхдийнхөө оронд хэнэг ч үгүй урваж орно гэдгийг яаж ийм сайн мэдэж тооцсоныг би заримдаа бодоод үнэхээр гайхаж хачирхдаг юм.
Р.Гончигдорж дотроо зүүн үзлийг ойшоож үздэг байсан байх. Үнэндээ тэр бээр манай намын зүүн жигүүрийн удирдагч байсан. Харин М.Энхсайхан ардчилсан социалист үзэл санаанд дургүй нэгэн. Дургүй ч гэхэд багадна, бүр жигшин зэвүүцдэг. Ардчилсан социалист үзэл санааг ардчилал, хөгжил дэвшлийг хаан боогдуулах аюултай үзэл баримтлал гээд хөгийн, хогийн, явуургүй үзэл санаа гэх зэргээр элэглэн шоолж тас тас хөхөрдөг байсан юм. Ж.Наранцацралт бол хувьсгалт намыг хулгайч, дээрэмчдээс өөрцгүй, хууран мэхлэгч булай нам гээд шүдээ тачигнуулан зуудаг байсан нэгэн шүү дээ! М.Энхсайхан ч тэр, Ж.Наранцацралт ч тэр, Зөвшилцлийн Засгийн газрын үед урваж одсон нөхдөө зүхэж үлдэхдээ Ардчилсан намыг яав ч хувьсгалт намын хавсарга, улс төрийн бодлогын нь гар хөл болгох ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байсан юм даг. Гэтэл одоо тэд маань өмнөх нөхдийнхөө орыг эзэлчихсэн, хувьсгалт нам хийгээд ардчилсан социалист үзэл баримтлалд үнэнчээр зүтгэхээ илэрхийлээд таваргаж явна. Тэднийг ингэж намаасаа байтугай өөрөө өөрөөсөө урвана гэдгийг олон жил хамт тэмцэж явсан журмын нөхөр нь болох би таньж мэдээгүй байхад хувьсгалт нам нэвт шувт харсан нь гайхалтай. Ийнхүү “ манай тал” -ын дөрвөн нөхөр маань “дайсны тал”-тай нийлчихсэн манийгаа үлдэн хөөж байх шив дээ!
Өнөөдөр улс төрийн амьдралыг тэр тусмаа манай намын улс төрийг хөндлөнгөөс нь харсан хэн боловч төөрч будилж орхиод байна. Харин хувьсгалт нам төөрөөгүй. Тэд Ардчилсан намыг хааш нь элдэн хөөж байгаагаа мэдэж байгаа! М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг Ардчилсан намын хэнд ч хэрэггүй тасархай болж дуусахыг мэдэж байгаа! Хувьсгалт нам тоглоом дуусахад “Төөрдөг байшинг”-ийн аль хаалгаар гарахаа ч маш сайн мэдэж байгаа!
Эрдэнийн Бат-Үүл
2006-02-15